Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/194

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,

  Хохирогч А.О ,

  Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч У овгийн Н-н Н-д холбогдох эрүүгийн 2234000520101 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Н.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Н.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв  аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2-р багийн нутаг Бургалтай гэх газарт 2021 оны 12 дугаар сарын 17-ны шөнө гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр А.О тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж түүний эрүүл мэндэд зүүн даланд зулгаралт, дух, зүүн чихний ар, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хөхөнд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол  учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2234000520101 дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч А.О ийн өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн үед нөхөр Н.Наятайн хамт өөрсдийнхөө машинаар Бургалтайд байх найз 3 Мөнгөнбалтын хүүхдийнх нь төрсөн өдөрт очсон. Тэгээд тэндээ наргиж би нялх хүүхэдтэйгээ явж байсан болохоор бага уусан. Нэг мэдсэн чинь би ширээ түшээд унтчихсан намайг Мөнгөнбалтын авгайн дүү Мөөгий нь согтуу намайг татаж сэрээхээр нь цочоод Мөнгөнбалтыг чи энэ дүүгээ унтуулаач ээ гэж хэлсэн. Тэгсэн Мөнгөнбалт дүүгээ унтуулах гэж байгаа нь гээд тэр хоёр хоорондоо зодолдоод байсан. Би дундуур нь ороод салгах гэж ороод юу болсон мэдэхгүй миний нүүр хавдсан хоёр нүд тагларсан байсан. Хэсэг хугацааны дараа сэргэж Мөнгөнбалтын утсаар дүү Номинбэлэг рүү залгаж намайг ирээд аваач Н Мөнгөнбалт нар зодчихлоо гэсэн. Тэгээд дүү Номинбилэг машин асахгүй байна цагдаа дуудчихъя гэсэн. Тэгээд шөнө 4 цаг болж байхад сумын эмнэлэгт үзүүлээд гэртээ харьсан. Маргааш нь нөхөр Н Мөнгөнбалт эхнэртэйгээ ирээд мөн ээжийнхээ хамт хот руу явж эмнэлэгт үзүүлсэн. Нүүр лүү нөхөр Н.Н гараараа цохисон гэсэн хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй. Хамт байсан Мөнгөнбалтын эхнэрийн эгчийнх нь хүүхэд байсан тэр сүүлд нь хэлсэн. Таныг нөхөр чинь цохиод байсан гэж хэлсэн. Хоёр нүд болон шанаа руу цохисноос болж хөхөрч хавдсан. Өөр бэртэл гэмтэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тогтоол авдаг гэдгийг мэдэхгүй учраас явсан. Бэртэл гэмтлээ Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн зөөлөн эдийн гэмтэл байна гэхээр нь гэртээ ирсэн. Тархины хаван буулгах тариа хийсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 5/,

Насанд хүрээгүй гэрч Э.Анхбаярын өгсөн: “2021 оны 12-р сарын 16-ны 16 цаг өнгөрч байхад Мөнгөнбалт ахынд найз Н болон түүний эхнэр Оюунаа эгч нар машинтай хүүхдийнх нь төрсөн өдөрт ирсэн. Хүүхдийнх нь төрсөн өдрийг тэмдэглэж байна гээд архи ууцгаасан. Шөнө хүн орилоод байхаар нь сэрсэн чинь Н ах согтуу эхнэрээ цохиод байхаар нь Оюунаа эгчийг аваад хажуу өрөөд орсон. Нөгөөдүүл нь өрөөнд хоорондоо чанга чанга яриад үлдсэн. Өөр зүйл болоогүй нөгөө өрөөнд байхад Н ах эхнэр Оюунаа эгчийг орон дээр 2-3 удаа цохисон Малчин ахтай О  эгч унтаагүй байсан. Тэгээд чи унтаач гээд нөгөө малчин ах Мөөгий нь унтахгүй согтуу О  эгчийг татаж сэрээгээд тэгээд өөрөө орилоод Н ах Мөнгөнбалт ах Номио эгч нар унтчихсан байсан. Тэгээд Н ах сэрээд эхнэрээ унт гээд нөгөөх нь гэр лүүгээ явна гээд хоорондоо маргалдаж байгаад тэгээд цохисон. Өөр юм болоогүй. Би тэгээд хажуу айлд нь орж унтсан. Тэрнээс хойш болсон зүйлийг би мэдэхгүй. Нүд рүү цохисон байсан. нэг нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Мөнгөнбалт ах Номио эгч хоёр сэрээд чи эхнэрийгээ цохиж зодож байгаа юм бэ гээд байсан. Мөнгөнбалт ах цохиж зодоогүй унтаж байгаад сэрсэн согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх 6/,

Гэрч Г.Номиндарийн өгсөн: “Тэр өдөр бага охин М.Энэрэлийн төрсөн өдөр болж бид хоёр найз Н эхнэр О  нарыг урьсан байсан. 16 цаг өнгөрч байхад ирж хоол цай идэж уугаад охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж найз нарынхаа хамт архи ууцгаасан. Шөнө болж унтацгаасан. Манайд дүү Анхбаяр манай төрсөн дүү Мөнхболд бид нар байсан. Согтуу унтсан болохоор юу болсныг мэдээгүй. Маргааш нь Наянтайгийн гэрт нь очсон чинь О ийн нүүр нүд нь хавдчихсан яасан юм бэ гэсэн чинь өчигдөр шөнө Н танайд байхад намайг цохисон юм шиг байна лээ гэсэн. Тэгээд л мэдсэн.” гэх мэдүүлэг /хх 8/,

Шүүгдэгч Н.Наянтайн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн орой эхнэр О  охин Маралын хамтаар Бургалтайд байх найз Мөнгөнбалтын гэрт очоод 2 шил 0,75 граммын Хараа нэртэй архи уугаад хэсэг юм ярьж байгаад унтахаар хэвтсэн шөнө эхнэр намайг дуудаад "гэртээ харья" гээд байсан би согтуу байсан болохоор "Одоо яваад дэмий би төөрчих байх унтаж байгаад өглөө эрт явъя" гэж хэлснээс болоод маргаан үүсэн яг тэр үед Мөнгөнбалт дүүтэйгээ маргалдаад эхэлсэн нэг мэдсэн манай эхнэр дунд нь ороод хэрүүл болж байсан. Би эхнэрээ салгаад 2-3 удаа цохиод авсан удалгүй маргаан дуусаад бид нар амарсан. Би тэр цохисон үйлдлийг мэдэхгүй байна. Намайг цохих үед Мөнгөнбалт аваад гарсан. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Асууж тодруулах зүйл байхгүй байна. Би эхнэр А.О тэй гэрлэлт батлуулсан байгаа. Би тухайн үед нь маргааш нь эхнэр А.О ийг авч яваад зардал мөнгийг нь гаргаж эмнэлэгт үзүүлсэн байгаа” гэх мэдүүлэг /хх 24-25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн 10 дугаартай дүгнэлт: “1.А.О ийн биед зүүн даланд зулгаралт, дух, зүүн чихний ар, баруун, зүүн нүдний дээд зовхи, зүүн хөхөнд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд байна. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 12/,

Шүүгдэгчээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдаж,

шүүгдэгч Н.Н гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Н-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж,

Шүүгдэгч Н.Н ямар нэг санал хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Н-дэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний хувийн байдалтай баримт хэрэг ирээгүй болохыг дурдаж, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирлын асуудал байхгүй зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

   Шүүх хуралдаанд хохирогч А.О  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн 2234000520101 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч У овгийн Н-н Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Н.Наянтайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 

 

 
 

 

 

 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 2234000520101 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ