Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/788

 

 

 

 

 

 

 

 

      2022           6         20                                          2022/ШЦТ/

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ууганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шагдарсүрэнгийн Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01250 0935 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Ж нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өн цаг” төвд хамгаалагчаар ажиллаж байхдаа тус төвөөр үйлчлүүлсэн Э.Гд шаардлага тавьж улмаар маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 671 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд, хохирол төлсөн баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ш.Ж.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ш.Ж нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өн цаг” төвд хамгаалагчаар ажилласан. Улмаар тус төвөөр үйлчлүүлсэн иргэн Э.Гд шаардлага тавьсан, улмаар түүнтэй маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Э.Г “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ...хадам ах Э, түүний найз Ганбаяр нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өн цаг" нэртэй төвд 18 цагийн үед орж, караокены өрөөнд 2 цаг дуулж, 0.75 литрийн Соёрхол нэртэй архинаас 1 шилийг хувааж уусан юм. Би нэлээн согтоод ...хүмүүс бүжиглээд байж байхаар нь дунд орж хэсэг бүжиглэж байгаад гараад иртэл ...“Өн цаг”-ийн ажилтан улаан футболктой залуу “Чи аятайхан үйлчлүүлээч” гэж хэлээд бид хоёрын дунд маргаан үүстэл хажуугаас хамгаалагч нь гээд ногоон эрээн өнгийн хувцастай залуу хүрч ирээд намайг гар гэж хэлсэн. Би тэр хоёр залуутай зууралдаж, барилцаж байтал ногоон эрээн хувцастай залуу миний зүүн нүдний дээд хэсэгт нэг удаа хүчтэй цохиод авахаар нь тухайн залуутай заамдалцаж, зууралдахад миний хүзүү хоолойг боож, нүүр толгой, шанаа хэсэгт маань 4-5 удаа цохисон. ...Намайг камергүй газар, шатны хажууд коридорт зодсон. ...Миний биед учирсан гэмтлийг ногоон эрээн хувцастай хамгаалагч залуу учруулсан. Надтай заамдалцаж байхдаа нүүр хэсэгт маань нэлээн хэдэн удаа цохисон. ...Улаан футболктой залуу хажуугаас зууралцаж салгах гээд ноцолдож, над руу дайрсан. Гэмтэл шарх учруулахаар цохисон асуудал байхгүй. ...Миний биед эрээн хувцастай залуугаас өөр хэн нэгэн хүн халдаж гэмтэл шарх учруулаагүй. ...Би эмчилгээний зардалд 300.000 төгрөгөөр сорвины сайн тос болон дархлааны эм авч хэрэглэсэн. Тухайн мөнгөө нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг /хх9/,

            - гэрч Т.М “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байж байхад найз Г “ирээд машин бариад өгөөч, согтуу байна” гэж хэлэхээр нь ...“Өн цаг” караокед ирээд Гтай гадаа нь уулзсан. ...Бид хоёр хамт караоке орж ирээд зогсож байтал гаднаас танихгүй 2 залуу орж ирээд ресепшнээс “сул цаг байна уу” гэж асуухаар нь найз Г “Цаг байхгүй. Та нар гарцгаа” гэж хэлсэн чинь ресепшн хийж байсан залуу “Та нар аятайхан үйлчлүүлээч” гэж хэлээд маргаан болоод байж байснаа ресепшн залуу манай найзыг үүдний коридор хэсэгт түлхээд гаргасан чинь хамгаалагч гэж ногоон эрээн хувцастай залуу Гтай маргалдаж, муудалцаад байсан. Салаад буцаад караокены өрөө рүү орж хэсэг сууж байгаад ариун цэврийн өрөө орчхоод караокены өрөө рүү яваад орсон чинь найз Г нүүр нь бага зэрэг хавдчихсан харагдаж байсан. ...Миний харснаар хоолой хэсэг нь бага зэрэг улайчихсан, амнаас нь бага зэрэг цус гарчихсан байсан...” гэсэн  мэдүүлэг /хх16-17/,

            - гэрч Н.Ж: “...тухайн залууг гаргах гээд хамгаалагчид өгтөл тухайн залуу манай хамгаалагчтай зууралдаад эхэлсэн бөгөөд манай хамгаалагч Ж тухайн хүнд та өрөөндөө ор эсвэл гарах шаардлага тавьсан бөгөөд тэр үед манай хамгаалагчтай зууралдаж толгойн урд хэсгээрээ хамар руу нь мөргөөд байсан бөгөөд үүдний шалан дээр зууралдаад хэвтэхэд би болон тухайн залуугийн ах, найз нь салгасан. Тухайн монгол хувцастай залуутай манай хамгаалагч Ж барилцаж аваад, хоорондоо нэг нэгнийхээ нүүр, ам, хамар, шанаа хэсэгт цохиж зууралдаад дээр доороо орохоор нь би болон түүнтэй хамт явсан хүмүүс салгаж болиулаад цагдаа дуудсан юм. ...Ж монгол хувцастай залуутай коридорт болон шатны хажууд зодолдсон. ...Ж болон монгол хувцастай залуу хоёр өөр хүмүүстэй маргалдаж муудалцаж зодолдоогүй, хоорондоо л зодолдсон. ...Тухайн үед би улаан өнгийн футволктой, Ж ногоон эрээн өнгийн хувцастай байж байсан юм...” гэсэн  мэдүүлэг /хх28, 30/,

- гэрч Н.Дын “...тэр дөрвийн нэг нь зааланд бүжиглэж байхдаа орилоод, орж ирсэн залуутай маргалдаад зүгээр байлгахгүй байсан. Тэгсэн манай зохион байгуулагч залуу тухайн залуу дээр очоод шаардлага тавьсан боловч агсраад байсан. Тэгэхээр нь зохицуулагч хамгаалагч залууд энэ залууг гарга гэсэн. Тэгээд зохион байгуулагч маань тухайн залууг миний ажлын фудболкыг урчихлаа гэж байсан. Хамгаалагч залуу тухайн залууд шаардлага тавьсан боловч агсраад үгэнд орохгүй орилж, хашхираад байсан. Бас найзуудынхаа үгэнд орохгүй найзуудтайгаа муудалцаад байсан. Мөн манай хамгаалагчийг юм мөргүүлээд унагааж, тэр хоёр дээр доороо орсон...” гэсэн  мэдүүлэг /хх33/,

- гэрч Х.Эн “...Г бие засах гэж гарч яваад орж ирэхгүй удаад байхаар нь би гартал манай дүү Г коридорт намхан нуруутай, ногоон эрээн өнгийн хувцастай залуу дээр нь гарчихсан, хоолойг нь заамдаад боосон, хоорондоо зууралдаж, нэг нэгнийхээ нүүр хэсэгт цохиж байгаа харагдахаар нь би очиж салгасан. Г дунд зэргийн согтолттой, хамгаалагч залуу эрүүл харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх37/,

- шүүгдэгч Ш.Жы яллагдагчаар өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ...“Өн цаг” төвд хамгаалагчийн ажлаа хийгээд байж байтал ...монгол цамцтай 30 орчим насны халамцуу залуу манай зохион байгуулагч Жтай хэрэлдэж, маргалдаад зууралдсан байдалтай байхаар нь дундуур нь орж салгаж болиулаад, тухайн залууг тэвэрч өргөөд коридорт шатны хажууд гаргаад “одоо яв” гэж хэлтэл над руу агсарч миний хамар хэсэгт цохиод авахаар нь миний уур хүрээд баруун гараараа тухайн залуугийн зүүн нүд хэсэгт нэг удаа цохиж ...зууралдаж ноцолдоод дээр доороо орж нэгнийхээ нүүр, толгой, бие хэсэгт хэд хэдэн удаа цохилцоод автал хажуугаас хүмүүс салгаж болиулсан. ...Тухайн монгол хувцастай залууд “яв, гар” гэж шаардлага тавьтал өөдөөс агсарч над руу уурлаж хамар хэсэгт цохиод авахаар нь уур хүрээд зөрүүлж нүүр хэсэгт нь цохиж хоорондоо зодолдож дээр доороо орсон юм. ...Бид хоёроос өөр хүмүүс хоорондоо зодолдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх99/ зэргээр нотлогдож байна. 

            3.1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4508 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Э.Г биед баруун чамархайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх46/,

3.2. Мөн шинжээчийн 4610 дугаар дүгнэлтэд “Ш.Жы биед духанд, хамрын нуруунд цус хуралт, эрүү, зүүн мөр, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэжээ. 

4. Дээр дурдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс хохирогч Э.Г болон шүүгдэгч Ш.Ж нар нь харилцан зодолдсон хэн хэнийхээ эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Улмаар тэдгээрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шинжээч дүгнэн үзэхэд хохирогч Э.Г биед учирсан гэмтэл хөнгөн зэрэгт хамаарах, шүүгдэгч Ш.Жы биед учирсан гэмтлийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй гэмтэл гэж тодорхойлжээ.

5. Мөн дээр нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд хохирогч Э.Г зүй бус үйлдлээс шалтгаалан маргаан үүссэн байх боловч шүүгдэгч Ш.Жыг бусдын довтолгооноос өөрийгөө хамгаалж, хохирогчид халдсан буюу аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээс тэдгээрийг хоорондоо зууралдан харилцан зодолдсон, мөн хохирогч Э.Г газарт унагаан дээрээс нь цохиж зодож байхад салгасан талаар мэдүүлсэн байх тул аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзээгүй болно.   

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ш.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Хохирогч Э.Г нь мөрдөн байцаалтын шатанд “эмчилгээний зардалд 300.000 төгрөгөөр сорвины тос болон дархлааны эм авч хэрэглэсэн. Энэ 300.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтыг гаргаагүй байна.

8. Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын “...хохирогч Э.Г нь 2022 оны 3 сард Эрүүл мэндийн даатгалын сангаас 15.000 төгрөгийн зардал гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ш.Жгаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэжээ. /хх11/  

9. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Ш.Ж нь эрүүл мэндийн даатгалын сангийн холбогдох дансанд 15.000 төгрөгийг төлсөн байх тул энэхүү зардлыг сайн дураар төлсөн гэж дүгнэв.

10. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах талаар заасан бөгөөд хохирогч нь өөрт учирсан хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

10. Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

11. Шүүгдэгч нь торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэжээ.

12. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Ш.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогчийн архи ууж согтуурсан үедээ зүй бусаар биеэ авч явсан байдал нөлөөлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

13. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

14. Шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн эрүүл мэндийн байдлын хувьд унаж татдаг гэсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зөв байна.

15. Иймд шүүгдэгч Ш.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

16. Шүүхээс зорчих  эрхийг хязгаарлах үүрэг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргүүд дотроос эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй зорчих үүргийг сонгон үүрэг хүлээлгэв.

17. Иймд шүүгдэгч нь 1 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зөвшөөрсний үндсэн дээр зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Тодруулбал, хуульд заасан “оршин суух газраас явахыг хориглох” үүрэг нь тухайн этгээдийн оршин суугаа газар болох гэрээсээ эсвэл баг, хороо, сум, дүүргээс явахыг хориглох гэдэг утгаар, харин “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих” гэдгийг оршин суугаа засаг захиргааны үндсэн нэгж болох аймаг, нийслэлийн хүрээгээр зорчих буюу тухайн засаг захиргааны үндсэн нэгжийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл заавал авна гэсэн өргөн утга агуулгын хэрэглэх нь зөв байна.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

18. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шагдарсүрэнгийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Жыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй зорчих буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР