Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/193

 

 

 

 

 

 

 

 

 

    2022            5                02                                                 2022/ШЦТ/193 

 

 

                                 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б ,

Шүүгдэгч М.П , түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ш овгийн М-н П т холбогдох эрүүгийн 2234000750109 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.П  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруу талаар:   

 

Шүүгдэгч М.П  нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг "Ширээгийн булаг" гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр согтуугаар "Хьюундэй Портер" маркийн 45-17 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а. "Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно." 11.14. "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна." гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас М.Баттөрийн жолоодож явсан "Shanshi" маркийн 60-49 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн "13-00 АЧ" чиргүүлийн араас мөргөж зам тээврийн осол гарган "Хьюундэй Портер" маркийн 45-17 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд явсан зорчигч М.Г-намь нас хохирсон үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2234000750109 дугаартай хэрэгт авагдсан 

 

Шүүгдэгч М.П ын өгсөн: “Манай Төв аймгийн Сэргэлэн сумын Довын гуанзны ард отроор мал маллаж амьдарч байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө би малаа гаргаж бэлчээгээд 11 цагийн орчим машинаа өөрийн эзэмшлийн Хюундай Портер маркийн 45-17 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дор нь гал түлж халаагаад тэгээд машинаа асаагаад 13 цагийн орчим талийгаач Ганболдын усны сав, Цэцэгмаагийн усны сав, Багаагийн усны сав Егоогийн усны сав, өөриинхөө усны савыг тавиад ус авахаар Довын гуанзнаас баруун тийш 500 метр орчим явж гүний худгаас ус авахаар хүүхдүүдтэй хамт явсан. Ус аваад 30 минутын дараа эргэж гэртээ ирсэн Довын гуанзанд байх өөрийн гэртээ талийгаач Ганболд, Оюунтуяа, Нямдорж, Хулцага ах би бид нар 0.75 граммтай Хараа нэртэй архийг хувааж уусан. Уг архинаас Оюунтуяа эгч уугаагүй. Бид нар архиа хувааж уугаад дуусаад байж байхад Ганболд ах надад хандан миний машин хатангийн бойн дээр байгаа аваад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд миний эзэмшлийн Хюндэй портер маркийн 45-17 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй талийгаач Ганболд, Хулцага ах, би бид гурав хамт явсан. Бид гурав 14 цаг 30-40 минутын үед Довын гуанзнаас Хатангийн бой орохоор явсан. Би машинаа жолоодоод миний хажууд Хулцага ах, буруу талын захад талийгаач Ганболд ах сууж явсан. Бид нар Довын гуанзнаас 15 километр орчим явж байхад миний урд талд том оврын ачааны машин явж байгаад хурдаа хасаад зөөлөрч байсан. Тэгэхээр нь би хажуугаар нь багтах гэж бодоод жолооны хүрдийг зүүн гар тийш нь ханатал дараад гарах гэтэл багталгүй миний машины буруу талын урд талаараа мөргөөд зогссон. Тэгээд би түрүүлж гараад Хулцага ах гарсан. Ганболд ахыг гаргах гэсэн боловч болохгүй байхаар нь том машиныг урагш нь тохой хэрээний хөдөлгөөд Ганболдыг гаргаж авсан Ганболд ахыг гаргаж ирээд бие нь яаж байна гэхэд гайгүй гэж хэлээд тамхи байна уу гэж асуусан тэгэхээр нь тамхи өгсөн. Тэгээд зам дээр явж байсан жийп машин байхаар нь зогсооход Ганзориг гэдэг таньдаг байхаар нь Ганболд ахыг машиндаа түр суулгаж байгаач гэхэд тэгье гээд машинаа асаагаад суулгасан. Ганзоригийн машинд сууж байхад түргэний машин ирээд Ганболд ахад 2 ширхэг тариа хийж аваад тэгээд Төв аймаг руу эмнэлэг явахаар явсан. Уг түргэний машинд Оюунаа эгч хамт явсан. Түргэний машин явсны дараа цагдаагийн машин ирсэн. Ийм зүйл болсон. Бямбажав гэж хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Бямбажав нь нас бараад тэдний гэр бүл эхнэр хүүхдүүд нь надад өгсөн. Би аваад 3 жил гаран болж байна. Би 60 км/цагийн хурдтай явж байсан. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Талийгаач Ганболд нь Хатангийн бойны орчмоос машинаа авмаар байна чи машинаараа яваад өг гэж надаас гуйсан. Тийм болохоор нь би явсан. Ганболд, Төмөрхуяг би бид нар явсан. Би баримтаар гарсан зардлыг төлнө” гэх мэдүүлэг /хх 34-35/,

Гэрч М.Баттөрийн өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Энержи ресурс ХХК-ний уурхайгаас Shanshi маркийн 60-49 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нүүрс ачаад Төв аймгийн Баян суманд аваачиж буулгахаар 11 цагт ганцаараа гарсан. Манай найз Дэлгэрдалай өөрийн жижиг тэргээр араас дагаж явсан. Би замдаа 2022 оны 01 дүгээр сарын 10-ны шөнийн 02 цагийн үед Дундговь аймагт хоносон. Тэгээд маргааш өглөө 10 цагийн орчим машинаа асаагаад явсан. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг колонктой гуанзны орчим машин сонин дуугараад байхаар нь зам шахаад зогсох газар хайгаад замаас гарах гээд явж байсан чинь араас түс чимээ гарсан. Тэгэхээр нь толиндоо харсан ард цагаан машин наалдсан байсан. Тэгэхээр нь би машинаа зогсоосон. Тэгээд би машинаасаа буугаад очтол миний машины чиргүүлийн араас цагаан өнгийн портер маркийн машин ирээд мөргөсөн дотор нь 3 эрэгтэй хүн гарч чадахгүй байсан. Би уг портер маркийн машины жолооч талын хаалгыг нь онгойлгоод жолоочийг нь гаргаж авсан. Тэгсэн түүгээр явж байсан 2-3 машинтай хүмүүс зогсоод тэр хүмүүстэй нийлээд үлдсэн 2 хүнийг нь гаргаж авсан. Тэгээд хот руу явж байсан машинд түргэн дуудаад өгөөрэй гэж хэлсэн. Түргэний машин ирээд тэнд байсан жолоочийн эсрэг талд сууж явсан настай, улаан дээлтэй ахыг аваад явсан. Тэгээд цагдаа ирэхийг хүлээж байхад цагдаа нар ирсэн. Би ганцаараа явж байсан. Би өөрөө машинаа жолоодоод явж байсан. Намайг аваараа татаад явж байсныг миний машины ард явж байсан Дэлгэрдалай харсан  байгаа. Урд талаараа чиргүүлийн арын арагш түрэх зориулалттай төмөр лүү орж мөргөсөн, урд талын салхины шил нь хагарсан, кабин нь урдаасаа чихэгдэж хойшоо болсон, буруу талын урд талын хаалганы багана нь дотогшоо чихэгдэж орсон байсан. Тэр хамгийн баруун талд сууж байсан улаан дээлтэй, хөгшин хүний уруулаас цус гарсан байсан өөр гэмтэл харагдаагүй. Жолооч болон голд нь сууж явсан хүнд ямар ч гэмтэл байгаагүй. Бүгдээрээ ухаангүй согтуу байсан. Юу болоод байгааг ч мэдэхгүй шахуу байсан. Миний машинд гэмтэл учраагүй. Миний машины чиргүүлийн зөв талын дохионы утас тасарсан байсан” гэх мэдүүлэг /хх 37-38/,

Гэрч С.Дэлгэрдалайн өгсөн: “Баттөр нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн нүүрсний уурхайгаас Shanshi маркийн 60 49 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нүүрс ачуулаад тэгээд түлшээ аваад Улаанбаатар хотын чиглэлд явсан. Би араас нь өөрийн эзэмшлийн Тоёота SA маркийн 81-73 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй дагаж явсан. Бид нар шороон замаар явж байгаад засмал зам дээр гарахад дугуйны балансер нь эвдрээд засуулаад 2022 оны 01 дүгээр сарын 09-ний орой ахин Улаанбаатар хот руу явж эхэлсэн. Баттөр нь 60-49 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад би араас нь өөрийн жижиг машинтай дагаж явсан. Бид нар явсаар байгаад шөнө Дундговь аймаг өнгөрөөд машины том шороон зогсоол байсан тэр зогсол дээр машинаа байрлуулаад хоносон. Маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өглөө 10 цагийн орчим Баттөр нь Shanshi маркийн 60-49 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би араас нь өөрийн жижиг тэрэгтэй дагаад явсан. Төв аймгийн нутагт явж байгаад Довын гуанзны цаана би машинаа зогсоогоод бие зассан. Би бие засчхаад машинаа асаагаад хөдлөөд Баттөрийн араас нь явсан. Би Баттөрийн жолоодож явсан машины ард дөхөж ирэхэд Баттөрийн машины хурд удааширч байхаар нь би гүйцэж түрүүлээд гарахаар Баттөрийн машины хажуу талаар ороход Баттөрийн жолоодож явсан машины ард пид гэх чимээ гарсан тэгэхээр нь толиндоо цагаан машин Баттөрийн машины чирч явсан чиргүүлийн араас мөргөсөн байхаар нь Баттөрийг зогсоорой гэж орилоод машинаа гүйцэж түрүүлээд Баттөрийн машины урд талд нэлээн зайтай зогсоод машинаасаа буугаад эргээд Баттөрийн машины араас мөргөсөн цагаан өнгийн машин руу гүйсэн. Намайг тойроод очиход Баттөр уг машин дээр очсон байсан. Намайг очиход цагаан өнгийн машин Баттөрийн жолоодож байсан машинч чиргүүлийн араас нь мөргөөд зогссон дотор нь 2 эрэгтэй хун шал согтуу байсан Тэр цагаан машины хаалгыг нь онгойлгох гэхэд онгойхгүй байсан. Тэгэхээр нь жолооч талын хаалга нь гажиж эвдэрсэн байхаар нь уг хаалгыг татаж онгойлгоод жолоочийг гаргасан. Нөгөө 2 хүнийг нь гаргах гэсэн гаргаж чадахгүй байсан. Тэгээд замаар явж байсан машинуудыг гуйгаад тусламж хүсээд туслаарай гэж гуйсан. Цагаан өнгийн машин дотор байсан хүн гарахгүй байхаар нь Баттөрийн машиныг жаахан урагшлуулаад тэгээд нөгөө цагаан өнгийн машин дотор буруу талд нь сууж байсан 2 эрэгтэйг гаргаж авсан Тэр хүмүүсийг гаргаж аваад уг машины буруу талын захөд сууж явсан хүнд би өөрийн уудаг зүрхний эм Валидол 1 ширхгийг өгсөн. Түргэн дуудаад хүлээж байсан ба тэр үед уг хүний бие өвдөж байж магадгүй гэж бодоод цаашаа буцан Довын гуанз ороод дэлгүүртэй зоогийн газарт ороход 1 жаахан банди байхаар нь өвчин амдаах эм байна уу гээд гуйгаад Ибопропан аваад 2 ширхэг ус аваад буцаад нөгөө газраа ирж нөгөө бие нь өвдөж байсан хүнд өгсөн. Тэгсэн удалгүй эхнэр нь ирэхээр нь эхнэртэй нь уулзчихаад би өөрийнхөө машинд ороод суусан. Миний машинд даралт хэмждэг багаж байсан тэргээр даралтаа үзэхэд өндөр байхаар нь фульс буулгах эм уусан. Тэр үед түргэний машин ирээд хүнээ аваад явсан Тэгээд намайг машиндаа сууж байхад цагаан машины жолооч, Баттөр хоёр хамт Баттөрийн машинд ороод суусан байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Баттөр нэлээн удаан явж байсан ба аваарын дохио татсан байсан. Уг машин 40-50 метр орчим зайтай явж байсан байх. Жолооч талаас очиход жолооч нь очиход жолооч нь зүгээр, түүний цаана нь суусан хүн нь зүгээр, буру талын захад суусан хүний уруулаас нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх 40-41/,

Гэрч Т.Оюунтуяагийн өгсөн: “Бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Эцэг, эхээсээ есүүлээ. Талийгаач өөрийн насанд хүрсэн 5 хүүхэдтэй. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Довын гуанз гэх газарт П ын гэрт 1 шил архи задлаад ууж байсан. Орчхоод гараад явсан. Ямар архи байсныг мэдэхгүй байна. Манай машин Хатан нэртэй түүхий эдийн цэгийн орчимд эвдрээд орхисон байсан. Манай нөхөр Ганболд нь П ыг гуйгаад машинаар нь өөрийнхөө машиныг чирч авчрахаар явсан. П  жолоодоод Төмөрхуяг голд нь суугаад баруун талын захад талийгаач нөхөр Ганболд маань суугаад явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 43/,

Гэрч Б.Төмөрхуягийн өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт байх Довын гуанз гэх газарт өөрийн хүү Зандраасүрэнгийн очсон. Тэнд сууж байгаад гарч П ын гэрт орсон П ын гэрт П , талийгаач Ганхуяг, түүний эхнэр Оюунаа нар байсан. Намайг ороход тэнд 1 шил 0 75 граммын архи байсан. Тэр архинаас би нэг татсан. Уг архийг хэн, хэн хувааж уусныг мэдэхгүй байна. Талийгаач Ганхуяг нь хойно миний машин эвдэрсэн байгаа хамт яваад чирээд ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд талийгаач Ганхуяг, П , бид гурав П ын цагаан өнгийн машинтай явсан. Уг машиныг П  жолоодож явсан. Тэгээд би тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд гэртээ ирсэн байсан. Би урд талын суудлын голд сууж явсан. Суудлын бүс хэрэглэсэн үгүй талаар би мэдэхгүй байна. Пүүжээ жолоодож явсан. Хэдэн км/цагийн хурдтай явсан талаар би мэдэхгүй унтаж явсан. Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 45-46/,

 Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б ын өгсөн: “Аав маань 6 хүүхэдтэй. 4 хүүхэд нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд ажиллаж амьдарч байна. 1 хүүхэд нь Дундговь аймагт ажиллаж амьдардаг, бага нь Төв аймагт сурдаг 5 дугаар бангийн хүүхэд байгаа. Манай ах дүү нар бүгд ярилцаад намайг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар болсон байгаа. Эрүүл саруул байсан аав маань байхгүй болчихсонд бид нарын зүгээс хэцүү байсан. Хуулийн байгууллага шийдэх биз дээ. Буяны ажилд гарсан зардлыг баримтаар нэхэмжилнэ. Нийт 11.600.000 төгрөг болсон байгаа. 7 000 000 төгрөг өгсөн, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Бид нарын зүгээс харамсалтай байна. Талийгаач аав маань гуйгаад аваад явсан болохоор П т гомдоход хэцүү байна. Хуулийн дагуу шийдүүлье дээ.” гэх мэдүүлэг /хх 32/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №32 дугаартай шинжээчийн: “Амь хохирогч М.Г нь цээж хэвлийн хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 2.Амь хохирогч М.Г-нцогцост хийсэн задлан шинжилгээгээр баруун 3-8-р хавирга, зүүн 5, 8-12-р хавирганы шууд хугарал, орчны эдэд цус хуралт, цээж, хэвлийн хөндий дэх шингэн агууламж /1 литр/, өрц, үнхэлцэг хальс, гол судасны цоорол, элэгний язрал, уушгины уг, үнхэлцэг хальс, өрцөнд цус хуралт, эрүүнд шарх, доод уруул, баруун шуу, баруун сарвууны чигчий хурууны 2,3-р үенд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 5.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8. 3.1.10, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 51-59/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “4517 ДУА улсын дугаартай HYUNDAI PORTER маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 2022 оны 01-р сарын 10-ны байдлаар 1 802 500 /нэг сая найман зуун хоёр мянга таван зуу/ төгрөг” гэх дүгнэлт /хх 65-80/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “6049 УАР улсын дугаартай Shanshi маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 2022 оны 01-р сарын 10-ны байдлаар 15 000 /арван таван мянга/  төгрөг, 52-20 улсын дугаартай Land cruiser 100 маркийн тээврийн хэрэгсэл, Samsung S10 маркийн гар утасны хохирлын үнэлгээ нь 15 000 /арван таван мянга/ төгрөг” гэх дүгнэлт /хх 83-98/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн шинжээчийн №569 дугаартай шинжээчийн: “1.Шинжилгээнд ирүүлсэн “П ын 50 эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн “П  50 эр” гэж хаягласан цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байна. 3.Цусанд илэрсэн 1.6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 100-102/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтай Ш.Анхбаярын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №03 дугаартай шинжээчийн: “1.Shanshi маркийн 60-49, 13-00 АЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Баттөр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 2.Хюундай портер маркийн 45-17 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.П  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 3.Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж 4. Хюундэй Портер маркийн, 45-17 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.П  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 11.14. "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэв.”  гэх дүгнэлт /хх 122/,

Хэргийн газрын үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-12/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-18/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 47-49/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

            Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул эрүүгийн 2234000750109 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэв.  

   

            Шүүгдэгч М.П  нь  гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

         Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

         Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч М. П т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргадаггүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргав.

 

Шүүгдэгч М.П д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно." гэж заасан байх тул мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч М.П ын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгуулллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг дурдав.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас М.Г-намь нас хохирсон байх бөгөөд хохирогч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгчээс хохирол төлбөр 11 600 000 төгрөгийн нэхэмжилсэн бөгөөд хавтаст  хэрэгт 4 216 253 төгрөгийн хохирлын баримт ирүүлж, шүүгдэгч хохирогч талд 7 000 000 төгрөг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийн тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн 2234000750109 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

шүүгдэгчийн №... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Дундговь аймгийн Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш овгийн П-ыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хэсэгт журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч М.П т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил хорих ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.П т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т  зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

   5.Шүүгдэгч М.П ын №435339 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Дундговь аймгийн Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

  6.Эрүүгийн 2234000750109 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ