Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/775

 

 

 

 

 

 

 

 

     2022          06            16                                        2022/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Дд холбогдох эрүүгийн 2108 03032 0690 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр  төрсөн, 35 настай, эмэгтэй

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Ц.Рд түүний эзэмшлийн компанийн данснаасаа авч чадахгүй байгаа мөнгийг гаргуулж өгнө гэж хуурч, 3 удаагийн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.740.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.518.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 5.258.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 649 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан баримтууд, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Э.Д.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлэн, хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.Д нь хохирогч Ц.Ртэй урдын танил, зээлийн харилцаатай байсан. Улмаар шүүгдэгч нь хохирогч Ц.Ргийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүнийг хуурч хохирогчийн нэр дээрх компанийн данснаас мөнгөө гаргуулж өгнө гэж 3 удаагийн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.740.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.518.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 5.258.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5519019042 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн “... Би 2018 онд ажлаа хийж байхад Э.Д гэх эмэгтэй над дээр ирж эмчилгээ хийлгэж байгаад танилцаж байсан. Тухайн үед Э.Д өөрийгөө танилцуулаад цэргийн ангид ажилладаг гэж хэлж байсан ба тэр үеэс хойш Э.Д над дээр ирж бариа засал хийлгэдэг болсон юм. Би 1989 онд Гурван булаг нэртэй аж ахуй нэгжийг эхнэрийн хамт үүсгэж байгуулж байсан ба тухайн компанийн дансандаа мөнгө хийж хадгалуулдаг байсан юм. Тэгээд би Э.Дд тэр үедээ өөрийн компанийн талаар хэлээд мөнгөө авч чадахгүй байгаа гэдгийг хэлж байсан юм. ... хамгийн сүүлд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Э.Д надад хандаж таны компанийн мөнгийг гаргаж өгч чадна гэхээр нь итгээд 5.457.000 төгрөгийг өгсөн чинь надад худлаа хэлсэн байсан учир цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Э.Д нь надад зээлсэн мөнгөнөөс огт мөнгө өгөөгүй, мөн сүүлд худлаа хэлж 5.457.000 төгрөг авсан болохоор нь бүх мөнгөө авахаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. ...Зээлсэн мөнгө бол 57.533.000 төгрөг байсан, харин сүүлд Э.Д надаас мөнгө зээлэх үү гэхээр нь зөвшөөрөөгүй. Дараа нь надад худлаа хэлж 5.457.000 төгрөгийг авсан. Надад худлаа хэлж авсан мөнгө 5.457.000 төгрөг байсан ба 57.533.000 төгрөг бол миний Э.Дд зээлсэн мөнгө юм. Би Э.Дгээс бүх мөнгөө авах гээд цагдаад болон өмгөөлөгчдөө буруу ойлгуулсан. Энэ асуудлыг ингэж хүндэрнэ гэж бодоогүй мэдүүлэг өгсөн юм. Би цагдаад өргөдөл өгөх юм бол бүх мөнгөө олж авна гэсэн ойлголттой байсан. Мөн өмгөөлөгчдөө зээлийн гэрээ байгуулж байсан талаар огт хэлээгүй. Э.Д надад худлаа хэлж авсан мөнгө буюу 5.457.000 төгрөгийг өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хороо 17-1 тоотод байхдаа мобайл банк ашиглаж Э.Дгийн данс руу шилжүүлсэн. Би энэ асуудлыг ингэж хүндэрнэ гэж мэдээгүй цагдаад өргөдөл гаргахаар бүх мөнгөө Э.Дгээс авчих байх гэж бодсон юм...” гэсэн мэдүүлэг /хх27-31/,

Э.Дгийн яллагдагчаар өгсөн “...Р ах өмнө нь “Гурван булаг” компанийнхаа дансанд байгаа мөнгийг авмаар байна гэж ярьсан болохоор нь Р ахтай уулзаж таны “Гурван булаг” компанийн чинь дансанд байгаа мөнгийг хүнээр тодруулж асуусан чинь тэр мөнгийг авч болно гэж байна. Та чинь баян хүн байна шүү дээ дансандаа 57.570.000 төгрөгтэй юм байна гэж хэлээд 5.457.000 төгрөг өгчих, энэ мөнгийг би гаргаж өгч чадна миний найз Мөнхзаяа гэдэг хүн байгаа гэж хэлээд өөрийнхөө данс руу 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 5.457.000 төгрөгийг шилжүүлж авсан юм. Би 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Р ахтай 6 сарын хугацаагаар зээлсэн 57.533.000 төгрөгийг Өмнөд Судан улс руу энхийг дэмжих ажиллагаанд яваад төлнө гэсэн зорилготой байсан. Би уул нь Өмнөд Судан улс руу явах байсан боловч тухайн үед эмэгтэй хүн ажиллагаанд явах орон тоо цөөхөн ирээд би явж чадаагүй юм. Ингээд би 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээл төлөх хугацаа болоход ямар ч мөнгө өгч чадаагүй учир 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээлийн төлбөр барагдуулах тухай эвлэрлийн гэрээг Р ахтай 2 сарын хугацаатай байгуулсан. Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Р ахад зээлсэн мөнгөө өгөх ёстой байсан боловч өгч чадаагүй, надад ямар ч боломж байгаагүй. Би 2021 оны 10 дугаар сард цэргийн хээрийн бэлтгэлд гараад Р ахтай холбогдож чадахгүй байхад Р ах 2021 оны 11 дүгээр сард цагдаад өргөдөл гаргасан байсан. Үүнээс хойш Р ах зээлсэн мөнгөө авъя гэж байнга шаардаж байгаа юм. 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Р ахаас 57.533.000 төгрөгийг зээлж авсан ба Р ахаас мөнгө зээлэхдээ цахим тоглоом тоглож  baagii1222, Duuya0922, Кimi гэх мэт нэрээр цахим покер буюу металл, хаан покер гэх мэт нэртэй олон цахим покер тоглоомд мөнгө тавьж алдсан. Зарим цахим покер тоглоомын сайтыг санахгүй байна. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр надад маш их мөнгөний хэрэг гараад Р ахад худлаа хэлж 5.457.000 төгрөгийг Гурван булаг ХХК-ны дансанд байгаа мөнгийг нь авч өгнө гэж хэлээд авсан юм. Тухайн үед би анх удаа цагдаагийн газар дуудагдаж ирээд айж сандрахдаа цагдаа надаас Р гэх хүнээс 62.976.390 төгрөг авсан уу гэж асуухад нь би Р ахаас мөнгө авсан нь үнэн юм чинь гээд мэдүүлгээ Р ахын мэдүүлгийн дагуу өгсөн. Яг бодит үнэндээ бол 57.533.000 төгрөгийг зээлсэн 5.457.000 төгрөг Р ахаас залилж авсан нь үнэн. Би уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн ба Р ах надад урьд өмнө нь итгээд мөнгө зээлдэг байсан боловч өмнөх мөнгөө төлөхөөс нааш дахин надад мөнгө зээлэхгүй гэхээр нь зохиогоод Мөнхзаяа гэдэг худлаа нэр хэлээд Р ахаас мөнгө залилж авсан. Р ахаас худлаа хэлж 5.457.000 төгрөгийг өөрийнхөө дансаар аваад хүнээс зээлсэн хүүтэй мөнгөндөө бэлнээр өгсөн. Заримаар нь цахим покер тоглоом тоглосон...” гэсэн мэдүүлэг /хх89-90/, хаан банкин дахь Э.Дгийн эзэмшлийн 5519019042 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.740.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.518.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 5.258.000 төгрөг хохирогчоос шилжиж орсон зэргээр тус тус нотлогдож байна.

3. Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх замаар хуурч эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч хохирол учруулсан байх шинжтэй байдаг. 

4. Шүүгдэгчийн хувьд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийг хуурч залилсан энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч “хохирлоо бүрэн хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

5. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

6. Иймд шүүгдэгч Э.Дгийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийг хуурч бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчтай тохиролцсон ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ. 

8. Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт заасан “... учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

10. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Э.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Энхжаргалын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР