| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0274/Э/223/2022/0036 |
| Дугаар | 2022/ШЦТ/210 |
| Огноо | 2022-05-09 |
| Зүйл хэсэг | 263.2., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/210
2022 5 09 2022/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгон,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,
Шүүгдэгч Р.Б , түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Р-н Б д холбогдох эрүүгийн 1834000780003 дугаартай, 4 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.Б нь Төв аймгийн Сүмбэр сумын засаг даргаар ажиллаж байхдаа 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх үнэлгээний хороог байгуулахдаа “А-3 сертификатгүй" хүмүүсийг томилж, улмаар тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг хангахгүй материал ирүүлсэн аж ахуй нэгжийг тендерт шалгаруул гэж Үнэлгээний хороонд хууль бус үүрэг өгч, албаны эрх мэдэл буюу тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнд онц их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 1834000780003 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б-гийн өгсөн: Миний бие сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад 2017 оны 11 сараас одоог хүртэл сумын Засаг даргын орлогч даргаар ажиллаж байна. 2014 онд Сүмбэр сумын төвд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер Сүмбэр суманд зарлагдаж уг тендерт Буминвест ХХК нь шалгарч барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Миний санаж байгаагаар 2015-2016 онуудад барилгын ажил зогсонги байдалд орсон ба ямар учраас энэ барилгын ажил зогсонги байдалд орчхов оо гээд сураглаж үзтэл гүйцэтгэгч компани нь барилга барих зөвшөөрөлгүй байж уг барилгыг барьж эхлүүлж зургийн дагуу бариагүйгээс болж 2-3 удаа буцааж нураан ахин бариулсан байдаг. Гүйцэтгэгч Бум инвест ХХК нь санхүүжилтийг 100 хувь аваагүй ч 70 орчим хувийн санхүүжилтийг авсан боловч санхүүжилтийн хэмжээний барилга угсралтыг хийж гүйцэтгээгүй орхисон. Ингээд дутуу үлдээсэн балгасыг босгохоор 2018 онд дахин тендер зарлаж Их даян бүүвэй ХХК барилгыг ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 204-209/,
Гэрч Ч.Уртнасангийн өгсөн: “...ийм байдлаар тендерийн ажил явуулж болохгүй талаар засаг дарга Б д хэлэхэд наад компаниа заавал оруул би өөрөө дараа нь зохицуулна, болно гээд байсан. Битүүмжилсэн баримт материал байгаагүй. Б нь ингэж хурлын протокол бичих үүрэг өгсний дагуу ийм ажил хийсэн, энэ барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах “Үнэлгээний хороо”-г сумын засаг дарга Р.Б захирамж гаргаж намайг үнэлгээний хорооны даргаар томилж байсан. Харин нарийн бичгийн даргаар М.Оюунчимэг /сумын НИК ШТС-ын эрхлэгчээр ажиллаж байсан/, гишүүд Ч.Буджав /сумын Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн ажилтан/, Д.Орхонтуяа /сумын Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн, Б.Бямбацогт /сумын Засаг даргын Тамгын газрын интернэт мэдээллийн ажилтан/ зэрэг хүмүүсийг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга, гишүүдээр томилж албажуулж байсан. Ингээд намайг үнэлгээний хорооны даргаар томилсон шийдвэр гарсныг мэдээд сумын засаг дарга Р.Б д би хэлэхдээ ”...намайг яагаад Үнэлгээний хорооны даргаар томилж байна вэ би A3 сертификатгүй шүү дээ болох юм уу гэхэд худалдан авах тухай хуулиараа сумын Засаг даргын орлогч дарга Үнэлгээний хорооны дарга байдаг юм тийм учраас чи Үнэлгээний хорооны даргаар томилогдож байгаа, би нарийн бичгийн даргаар М.Оюунчимэгийг томилсон байгаа энэ хүн А-3 сертификаттай туршлагатай хүн учраас чамд зааварлаад чиглүүлээд явчихна гэж хэлж байсан. Одоогийн байдлаар “Бум инвест” ХХК 512 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байтал хийгдсэн барилгын ажил нь мөнгөн дүндээ яагаад ч хүрэхээргүй дутуу орхисон байгаа. Бум инвест ХХК нь үүнийгээ тайлбарлахдаа санхүүжилт цаг хугацаандаа олгоогүйгээс болж барилгын ажил зогсоод байгаа гэж тайлбарладаг. Харин бидний зүгээс хариуд нь та нар авах ёстой санхүүжилтээ авчхаад барьчихсан байгаа барилга чинь энэ мөнгөн дүндээ хүрэхээргүй шүү дээ ямар ч хүний нүдээр харсан хүрэхээргүй байна гэхэд та нар яаж мэдэх вэ дээ би холоос тээврийн зардал хийж олон хүний цалин хөлс, хоол хүнсийг олгож байна гэх зэргээр шалтаг тоочдог, засаг дарга Р.Б Бум инвест ХХК-г өөрөө олж ирээд энэ компанийг тендерт шалгаруул хамгийн сайн тендерийн баримт бичиг ирүүлсэн нь Бум инвест ХХК байна Нэрст трэйвэл ХХК болон Хангай констракшн ХХК-ууд материалаа ирүүлсэн боловч шаардлага хангахааргүй материал ирүүлсэн байна гэж хэлж байсан. Сүүлд сонсоход Нэрст трэйвэл ХХК нь Бум инвэст ХХК-ний захирал С.Болормаагийн аав Самбалхүндэвийн төрсөн хүү нь болох С.Баттөрийн компани гэдгийг мэдсэн. Үнэлгээний хорооны гишүүд бид ч гэсэн хуулийн дагуу тендерийг зохион байгуулаагүй гэж үзэж байгаа. Учир нь хууль эрх зүйн мэдлэг дутуу, урьд өмнө нь ийм төрлийн тендерт оролцсон туршлага байхгүйгээс болж барим! материалын шаардлага хангаагүй компанийг шалгаруулах зөвлөмж хүргүүлж ажилласан нь бидний буруутай зүйлээс боллоо. Мөн засаг дарга Р.Б ы зүгээс хэлэхдээ энэ компанийг л шалгаруул, та нар юугаа мэддэг юм, миний олоод ирсэн мөнгийг та нар шийд гэж тушаасан. Тендерийг хүчингүй болгож дахин зарлах гэхээр хугацаа байхгүй санхүүжилт буцаан татагдах учраас аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байгаа.” гэх мэдүүлэг /1 хх 17-18, 26-27/,
”Тиймээ би танд энэ мэдүүлгийг өгч байсан. Миний хэлж мэдүүлсэн зүйл үнэн зөв. Шүүхийн хэлэлцүүлэгт тендерийн хорооны үйл ажиллагаа явагдаж байхад юм уу аль эсвэл Бум инвест ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэх гэж байхад юм уу гэж асууж байсан. Тэр үед бол Р.Б дарга тендер зарлагдахаас өмнө надтай өөрийнхөө албан өрөөнд уулзахдаа тендер сонгон шалгаруулалтад Бум инвест гэх компани материал ирүүлнэ, үүнийг л сонгон шалгаруулаарай гэж хэлсэн. Тэр үедээ Б гадаад улс руу явах гэж байсан учраас надад урьдчилж хэлж байгаа шүү гэдгийг хэлж байсан. Ингээд тендерийн материал хүлээж авах үед Самбалхүндэв Бум инвест ХХК болон Нэрст трейвел ХХК-ийн материалыг хамт өгч байсан. Нэрст трэйвел ХХК нт Самбалхүндэвийн хүү Баттөрийн компани юм байна лээ. Түүнээс тендерийн материал задалж байх үед бол Бум инвест ХХК-г шалгаруул гэж бол хэлээгүй шүү. Урьдчилж Бум инвест ХХК-г шалгаруулна шүү гэдгийг хэлсэн байсан. Ингээд л тендер зарлаад тендерийн баримт бичиг хүлээж авах үеэр Бум инвест ХХК нь материал ирүүлсэн байсан. Намайг дарамталсан зүйл бол байхгүй ээ. Манайд архи уухдаа болон архи уухаасаа өмнө нь чи л ганцаараа миний эсрэг мэдүүлэг өгчээ, би сум орон нутгийг өөд нь татах гэж л хичээсэн, чи бид 2 идээд уусан зүйл байхгүй гэж хэлж байсан. Харин архи уухдаа надаар өргөдөл гэх зүйлийг бичүүлж авсан нь ятгалгадаа орох уу үгүй юу мэдэхгүй байна." гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бямбацогтын өгсөн: "...би энэ барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Би ТБОНӨХБАҮ худалдан авах тухай хуулийн талаар огт ойлголт байхгүй ээ. Мөн А-3 сертификат гэж ямар ч зүйл байдаг талаар мэдэхгүй. Тухайн үед сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Саранцэцэг дарга хэлэхдээ чи Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж байгаа зураг авах чиглэлийн зүйлээ л хариуц гэсний дагуу тендерт материал ирүүлсэн компанийн зургийг бэхжүүлэн авч байсан.” гэх мэдүүлэг /1 хх 30-31/,
Гэрч Ч.Тунгалагийн өгсөн: “...барилгын зургийг манай компани хийж гүйцэтгэсэн. 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тухайн үеийн Төв аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Хүрэлбаатар, мөн аймгийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн улсын байцаагч Батхуяг, Засаг даргын тамгын газраас нэг хүн явсан нэрийг нь санахгүй байна. Эдгээр хүмүүстэй хамт барилгын ажлын гүйцэтгэлийг шалгах комисст орж ажилласан. Ингээд Сүмбэр суманд баригдан байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын угсралтын ажилтай танилцаж зургийн дагуу баригдаж байгаа эсэхийг нь шалгахад технологи зөрчиж буюу зургийг дур мэдэн өөрчилж 1 дүгээр давхрын угсармал хучилтыг дур мэдэн цутгамлаар солихдоо технологийн алдаа гаргаж хучилт нь нурахад бэлэн хотойлт өгсөн байсан болохоор комиссоос хучилтыг буулгаж зургийн дагуу болгож өөрчлөх шийдвэр гаргасан.” гэх мэдүүлэг /1 хх 103/,
Гэрч Ц.Батхуягийн өгсөн: “...ажлын хэсэг Сүмбэр суманд баригдаж байсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын явцтай танилцахад уг барилгыг гүйцэтгэгч компани болох Бум инвест ХХК нь зохиогчийн зөвшөөрөлгүйгээр зураг төслийн зарим хийцийг өөрчлөн стандартын шаардлагад нийцүүлээгүй гүйцэтгэсэн байсан учир Улсын байцаагчийн угсралтын ажлыг түр зогсоох, зөрчлийг арилгах тухай акт тогтоосон. Угсралтын явцад хучилтын хавтан нь зураг төсөл дээрээ угсармал бетон хавтан гэж төлөвлөсөн байсан. Газар дээрээ цутгамлаар гүйцэтгэсэн байсан. Барилгын тулаасыг технологийн дагуу хийгээгүйгээс нийт цутгасан хучилт доош хотойсон байсан учраас технологийн дагуу барилгын ажлыг хийлгүүлэхээр 1-2 давхрын хоорондох хучилтын хавтанг буулгах шаардлага тавьж актадаа зургийн дагуу гүйцэтгэх гэсэн актыг тавьж Бум инвест ХХК-ний захирал Самбалхүндэв гэх хүнд өгч өөрийнх гарын үсгээр баталгаажуулсан.” гэх мэдүүлэг /1 хх 104/,
Гэрч А.Зоригоогийн өгсөн: "...ажлын хэсгийн удирдамжийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүмбэр суманд очиж ажиллахад гүйцэтгэгч компани нь хийх 220 гаруй сая төгрөгийн ажлыг хийсэн байсан. Энэ талаар ажлын хэсэгт хамт ажилласан мэргэшсэн төсөвчин Б.Болормаа, Д.Цогтсайхан мэргэжлийн хяналтын барилга техник улсын байцаагч Ц.Батхуяг нар газар дээр нь тооцон бодит үнэлгээг гаргаж ирсэн. Миний зүгээс худалдан авах ажиллагаа нь хууль журмынхаа дагуу явагдсан уу үгүй юу гэдэгт хянан шалгах чиглэлээр ажиллахад шалгаруулалт хууль журмынхаа дагуу явагдаагүй гэсэн дүгнэлтийг нь гаргаж тухайн үед засаг даргаар нь ажиллаж байсан Б болон Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулан гарын үсэг зуруулсан байгаа. Ингээд 2018 онд тухайн барилыг ашиглалтад оруулах зорилгоор Төв аймгийн ИТХ-ын 2018 оны 8 дугаар хуралдааны 4 дүгээр тогтоолоор Сүмбэр сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх хөрөнгө оруулалтыг баталж өгсөн. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/319 дугаар захирамжаар тус цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 5 гишүүнтэйгээр байгуулсан байдаг. Үнэлгээний хорооны даргаар ажилласан Ч.Уртнасан гэх хүн надад хэлэхдээ Сумын засаг дарга Б захирамж гаргаж томилсон байгаа. Надад А-3 сертификат байхгүй, худалдан авах ажиллагааны талаар хууль мэдэхгүй байхад томилсон гэдгийг л хэлсэн. Дээрх илэрхий зүйлүүдээс Р.Б нь Үнэлгээний хороог байгуулахдаа хууль журмын дагуу байгуулагдаагүй.” гэх мэдүүлэг /2 хх 143-144/,
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтоос ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6/6735 дугаартай албан бичигт: Тендер шалгаруулалтын ажиллагаанд шалгарч, гэрээ байгуулсан Бум инвест ХХК нь захиалагчаас шаардсан ТОӨЗ-ны 5.2-т заасан жилийн эцсийн санхүүгийн тайлан болон уг жилийн эцсийн тайланд аудит хийсэн. Мөн ТОӨЗ-ын 5.3-д заасан ерөнхий инженерийн талаарх мэдээллийг тус тус ирүүлээгүй байна. Иймд ирүүлсэн баримт, материалын хүрээнд үзэхэд Төв аймгийн Сүмбэр сумын засаг дарга болон Бум инвест ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан "Сүмбэр сумын цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г байгуулах үндэслэлгүй байна.” гэх зөвлөмж /2 хх 135/,
Гэрч М.Оюунчимэгийн өгсөн: “...Би энэ хуулийн талаар огт мэдлэггүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Намайг яагаад нарийн бичгийн даргаар томилсон талаар мэдэхгүй байна. Би бодохдоо намайг урд өмнө нь тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагчаар ажиллаж байсан болохоор мэдлэг чадвартай гэж бодож нарийн бичгийн даргаар томилсныг үгүйсгэхгүй. Тухайн үедээ би Засаг даргын орлогчид зав чөлөөгүй ажилтай, бие муутай, тэглээ ч энэ хуулийн чинь талаар мэдэх зүйл байхгүй шүү дээ гэдгийг хэлж байсан хэдий ч намайг нарийн бичгийн даргаар томилсон захирамж нь гарсан байсан. Би тендерт үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон л болохоос биш ямар эрх, үүрэгтэй юу хийх талаараа мэдээгүй л оролцсон. Тэгээд ч энэ тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд огт оролцоогүй. Ирүүлсэн гэх материалыг задалж үзээд байгаа зүйлсийг нь тэмдэглэл болгож л бичиж байсан. Мөн тендерийн бичиг баримтыг боловсруулах үед нь байгаагүй ямар ч тендерийн баримт бичиг боловсруулсан талаар бол би ч өөрөө мэдэхгүй байна. Би тендерийн бичиг баримтыг боловсруулахад оролцоогүй ээ. Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Ч.Уртнасан л мэдэх байх. Юуг нь үнэлж шалгаруулсан талаар надад мэдэх зүйл алга байна. Үнэнийг хэлэхэд би энэ талаар мэдэх зүйл байхгүй байна. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга л гэсэн нэртэй болохоос биш энэ тендер сонгон шалгаруулалтад оролцоогүй гэж ойлгож болно. Би үнэлгээний хорооны гишүүдийн боловсруулсан тендерийн баримт материалтай танилцсан удаа байхгүй. Ямар материал боловсруулж ямар шаардлага хангаж ирүүлэх ёстой гэдгийг нь мэдээгүй.” гэх мэдүүлэг /1 хх 28-29/,
Гэрч Ч.Цэдэнбалын өгсөн: “...Тухайн үед аймгийн засаг даргаар ажиллаж байсан Д.Баярбат нь ТБОНӨХБАҮ худалдан авах тухай хуульд заасны дагуу Сүмбэр суманд 100 хүүхдийн ортой барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг манай сумын засаг даргад шилжүүлсний дагуу сумын засаг дарга Р.Б үнэлгээний хороо байгуулан тендер шалгаруулалтыг зохион байгуулж байсан. Тендерт 3 компани оролцсон гэдгийг мэдэж байгаа боловч ямар компани оролцсон талаар мэдэхгүй байна. Энэ 3 компаниас хамгийн сайн үнэлэгдсэн “Бум инвест” ХХК нь шалгарч барилгын ажлыг эхлүүлээд нэлээд хурдтай явж байснаа 2016 ондоо барилгын ажил удааширч явагдахгүй байхаар нь ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд 1 дүгээрт гүйцэтгэл нь зургийнхаа дагуу явагдаж байна уу, ямар үе шатандаа явж байгаа талаар хяналт шалгалт хийлгүүлье гэсэн шийдвэрт хүрсэн. Үүний дагуу Төв аймгийн мэргэжлийн хяналтын газраас Батхуяг гэх залуу болон өөр нэг хүнтэй ирж шалгаж үзээд барилгын ажил зургийн дагуу явагдаагүй учраас суулт өгсөн байна гээд 2 дугаар давхрын тааз хэсгийг нураалгахаар болж гүйцэтгэгч компани нураагаад шинээр даацын нуруу тавьж зургийнх нь дагуу болгосон. Үүний дараагаар сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн зүгээс Төв аймгийн засаг даргад хандан уг компанийн санхүүжилтийг зогсоолгох тухай хүсэлт гаргаж байсан боловч аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж дахин санхүүжилт олгож цааш нь барилгыг үргэлжлүүлэхээр болгосон. Энэ барилгын ажлыг Бум инвест ХХК нь нийтдээ 710 орчим сая төгрөгөөр хийж гүйцэтгэж ашиглалтад оруулж өгнө гэж гэрээ байгуулж байсан боловч дээрх мөнгөн дүнгийнхээ ихэнх хувийг нь санхүүжилтээр авчхаад одоог хүртэл барилгынхаа ажлыг дуусгаагүй орхиж төсвийн мөнгийг шамшигдуулсан асуудал гарсан.Гэхдээ энэ барилгатай ижилхэн барилга Төв аймгийн төвд 2015 онд ашиглалтад орж байсан ба тухайн барилгыг гүйцэтгэгч компани нь 1.1 тэрбум орчим төгрөгөөр хийж гүйцэтгэж байсан гэдэг." гэх мэдүүлэг /1 хх 109-110/,
Гэрч Г.Амарбаясгалангийн өгсөн: “...Би тухайн үед сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлийг хөтөлж байсан. Тэр үед сумын ИТХ-аас манай суманд баригдаж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил ямар шатандаа явж байгаа талаар Тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцье гээд энэ хуралдаан зохион байгуулагдаж байсан. ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явц байдал болон хэзээ дуусгаж байнгын ашиглалтад оруулах талаар хэлэлцэж байсан. Одоо миний санаж байгаагаар “Бум инвест” ХХК-ийн захирал С.Самбалхүндэв нь хуралдааны үеэр хэлэхдээ 2016 оны 8 дугаар сард ашиглалтад оруулахаар ажлыг шуурхайлж байна гэдгийг хэлж байсан. Мөн хуралдааны үеэр үлдэгдэл санхүүжилтийг олгоход татгалзах зүйлгүй гэсэн бичгийг сумын удирдлагын зүгээс аймаг руу хандаад өгөөч ээ, үлдэгдэл санхүүжилтийг авсан тохиолдолд ажлыг маш хурдан хийж гүйцэтгэх болно гэдгийг хэлж байсан. “Бум инвест” ХХК 2015 онд барилгын ажлыг эхлүүлээд 2016 онд буюу он дамжин хийгдэж барилгынхаа ажлыг дуусгаагүй орхиод явсан. Харин “Бум инвест” ХХК-ын дутуу орхиод явсан барилгын ажил дээр 2018 оны 06 дугаар сард аймгийн Орон нутгийн өмчийн газраас дахин тендер зарлаж “Их даян бүүвэй” ХХК нь тендерт шалгарч барилгын ажлыг эхлүүлчихсэн гүйцэтгэл хийгдээд явж байгаа.” гэх мэдүүлэг /1 хх 111-112/,
Гэрч Д.Орхонтуяагийн “...2015 онд Төв аймгийн Сүмбэр сумын засаг даргаар Р.Б гэх хүн ажиллаж байсан ба миний бие тухайн үед сумын засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Одоо миний санаж байгаагаар 2015 оны хавар шиг санагдаж байна, сумын Засаг даргын Тамгын газрын ажилчин, албан хаагч нарын хурал болж энэ хурлын үеэр засаг дарга Р.Б хэлэхдээ аймгаас хөрөнгө оруулалт хийж манай суманд 100 хүүхдийн ортой цэцэрлэг бариулахаар төсөв мөнгийг нь шийдвэрлэсэн байна, үүний тендер сонгон шалгаруулалтыг манай сум өөрсдөө хариуцаж хийхээр эрхийг нь шилжүүлсэн байна. Тийм учраас яаралтай тендер шалгаруулалтыг зохион байгуулах шаардлагатай байна гэдгийг хэлж байсан. Ямар ч байсан Бум инвест ХХК нь хамгийн бага үнийн санал ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллага гэдгээр нь шалгаруулж Үнэлгээний хорооны зүгээс уг компанитай гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэж байсан юм. Гэхдээ миний зүгээс Бум инвест ХХК-ийн ирүүлсэн материалыг аймгийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж хянуулж үзэх нь зүйтэй байх гэх саналыг гаргахад үнэлгээний хорооны гишүүд дэмжиж үнэхээр тийм юм байна шүү, зохих газраар нь үзүүлчихэд буруутаад байх зүйл байхгүй ээ гэж ч хүртэл үнэлгээний хорооны гишүүд дэмжиж байсан юм. Харин Бум инвест ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг аймгийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн эсэх, хүргүүлээгүй эсэх талаар мэдэж байгаа зүйл байхгүй байна. Ямар ч байсан Үнэлгээний хорооноос шалтгаалах зүйл дууссан учраас энэ асуудал шийдвэрлэгдсэн юм байна лээ. Гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлсэн Бум инвест ХХК нь барилгын ажлыг эхлүүлээд л явж байсан юм. Миний санаж байгаагаар үнэлгээний хороо 1 л удаа хуралдсан.” гэх мэдүүлэг /2 хх 238-239/,
Гэрч Р.Б ы өгсөн: “..2015 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр тухайн үед Төв аймгийн засаг даргаар ажиллаж байсан Д.Баярбат нь хэд хэдэн төсөл арга хэмжээний эрхийг сумдын засаг даргад шилжүүлсний нэг нь манай суманд баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил байсан. Тухайн үед хэчнээн төгрөгийн санхүүжилттэй төсөл арга хэмжээ байсан талаар бол сайн санахгүй байна. Энэ эрх шилжигдэж орж ирсний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр өөрийн А/50 дугаар захирамжаар Үнэлгээний хороог байгуулж Үнэлгээний хорооны даргаар засаг даргын орлогч Ч.Уртнасанг, нарийн бичгийн даргаар төрийн бус байгууллагын гишүүн М.Оюунчимэгийг, гишүүдээр Ч.Буджав, Д.Орхонтуяа, Б.Бямбацогт нарыг томилж байсан юм. Би Самбалхүндэвийг мэднэ. 1970-аад оны үед Самбалхүндэвийн аав болон миний аавууд хоорондоо Төв аймгийн Угтаалцайдам суманд хөрш айлууд байсан. Тэр утгаараа Самбалхүндэвийг танина.” гэх мэдүүлэг /1 хх 24-25/,
Гэрч Ч.Мөнхтуяагийн өгсөн. “...би үнэлгээг 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн юм. Төсвийн аргаар л үнэлгээг хийсэн. Төсвийн аргат он, оны нэг ширхэг тоосгоны үнэ гэх мэт барилгын ажилд хэрэглэгдэж байгаа бараа материалуудын үнэ зэргийг нарийвчлан тусгасан байдаг болохоор төсвийн аргаар үнэлгээг хийж гүйцэтгэсэн.” гэх мэдүүлэг /1 хх 107-108, 3 хх 41/,
Гэрч С.Гал-Эрдэнийн өгсөн: “...2014 оны 8 дугаар сараас 2015 оны 01 дүгээр cap хүртэл хугацаанд манай компани Сүмбэр сумын төвд Ахуй үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг тус сумын ЗДТГ-тай гэрээ байгуулан хийж дууссаны дараа Цэцэрлэгийн барилгын ажлын тендер сонгон шалгаруулалт явагдана энэ тендерт оролцоорой гэж тухай үеийн засаг дарга Б хэлж байсан, манай компанийн зүгээс албан ёсны хүсэлт, материал бүрдүүлэн өгч оролцоогүй. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд манай компанийг тендерт албан ёсоор оролцсон мэтээр тусгасан байгаа нь энэ тендерийг хууль бусаар явагдсан байгааг нотолж байна. Миний гарын үсэгтэй үнийн санал хүргүүлсэн албан бичиг нь тухайн тендерт албан ёсоор оролцож байгаа хэрэг биш, үнийн саналаас гадна тендерт аж ахуйн нэгжийн хүсэлт, тухайн тендерийн материалыг худалдаж авсан санхүүгийн баримт зэрэг баримт материал бүрдүүлсний үндсэн дээр сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй. 2015 оны 05 дугаар сард Засаг даргаар ажиллаж байсан Б дарга 350 сая төгрөгийн үнийн санал хийгээд өгөөч гэж байн байн утасдаж байгаад авсан." гэх мэдүүлэг /1 хх 19-20/,
“...манай компаниар бариулахыг хүссэн бол арай өөрөөр ярилцаж болохоор байсан. Харин над руу утсаар ярихдаа манай суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалт зарлагдах гэж байна энэ тендер шалгаруулалтад орооч үнийн саналаа өгөөч гэдгийг л надаас гуйгаад байсан. Цаад санаа зорилго нь юу вэ гэхээр уг ажлын гүйцэтгэгч нь тодорсон учраас цаашид тендерийн баримт материалд үнэхээр компаниуд оролцсон юм байна гэдгийг л харуулах зорилгоор үнийн санал авч байгаа юм байна гэж бодсон.” гэх мэдүүлэг /3 хх 117-118/,
Гэрч С.Самбалхүндэвийн өгсөн: “...одоо нийт 514 сая төгрөгийн ажил хийгдээд байгаа. 2 давхрыг нь барьж эхэлж байгаад хотойлт өгсний улмаас хотойлтыг арилгах зорилгоор нэг давхрын таазыг нурааж дахин шинээр барьсан, дахин ажил хийсний улмаас их мөнгө орсон. Би материалаа дутуу өгөөд дараа нь нөхөж өгсөн юм. "Бум инвест” ХХК нь барилгын засвар үйлчилгээ эрхэлдэг компани юм. Түүнээс барилга барих зөвшөөрөлтэй компани биш. Тухайн үедээ ч, одоо ч ялгаагүй барилга барих тусгай зөвшөөрлийг холбогдох газруудаас гаргаж аваагүй. "Болор цайз" ХХК-г туслан гүйцэтгэгчээр авч гэрээ байгуулан ажиллана гэсэн болохоор тендерт шалгарсан байх гэж үзэж байна. Болор цайз ХХК нь барилга барих тусгай зөвшөөрөлтэй компани юм. Барилга барих тусгай зөвшөөрөлгүй байхад яагаад тендерт шалгаруулсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан тендерийн материалыг бүрдүүлж өгсөн. Би урд өмнө нь ЭХТА-н 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан ба ингэж шийтгүүлэхээсээ өмнө “Баян-Өндөр инвест" ХХК гэж барилга барих зөвшөөрөлтэй компанитай байсан. Дээрх тендерт оролцохдоо Баян-Өндөр ХХК- ийн хийж гүйцэтгэж байсан ажлын туршлагын талаарх мэдээллийг тендерт оролцохдоо өгсөн юм.” гэх мэдүүлэг /1 хх 22-23, 2 хх 150-151/,
“...Үүнийг би хийлгээгүй хийсэн талийгаач охин С.Болормаа надад тухайн үед хэлэхдээ би хүнээс төсөв материалын хуулбар аудитын баримт, татварын тайлан зэргийг олчихлоо тендерийн баримтдаа хавсаргаад өгчихье гэж хэлж байсан." гэх мэдүүлэг /хх 191-192/,
Гэрч Б.Дагважамцын өгсөн: “...100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхлэх үеэр засаг даргаар ажиллаж байсан Р.Б нь өөрийнхөө амьдардаг хуучны нэрээр талхны газар нэртэй байшингийнхаа засварыг хийж эхэлсэн. Нэг давхар ашиглагдахааргүй балгас болсон барилгыг өргөтгөөд 2 давхар болгоод одоогоор тэр байрандаа амьдарч байгаа Самбалхүндэвийн барилгын ажил дээр ажиллаж байсан ажилчид Р.Б ы байшин дээр ажиллаж байна гэсэн сураг л сонсож байсан болохоос биш өөрийн нүдээр харсан зүйл байхгүй. Мөн сумын засаг даргын эзэмшилд байдаг ковш, хогны машин 2 Б ы байшин дээр ажиллаад байна гэсэн хэл ам гарч байсан.” гэх мэдүүлэг /2 хх 141-142/,
Гэрч Ч.Буджавын өгсөн: “Би 2010 онд Төв аймгийн Засаг даргын тамгын газарт архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж эхэлсэн юм. Би 2018 оны 7 дугаар сард ажлаасаа гарсан. Би А-3 сертификаттай байсан учраас тус тендерт орж байсан. Бид үнэлгээний хороонд тавуулаа ажиллаж байсан бид үнэлгээний хорооны хурлаар тендерт ирүүлсэн материалыг шалгаж үнийн саналаар бусдаасаа бага байсан учраас л миний хувьд тус компанийг сонгосон.” гэх мэдүүлэг /3 хх 11-13/,
“Эрх шилжүүлэх тухай” 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/152 дугаартай Төв аймгийн Засаг даргын захирамж /1 хх 60/,
2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хангай констракшн ХХК-ний манай компани нь 2015 онд Төв аймгийн Сүмбэр суманд цэцэрлэгийн барилга барих тендерт албан ёсоор тендерийн бичиг баримт авах хүсэлт гаргаж оролцоогүй нь үнэн болно.” гэх албан бичиг /1 хх 33/,
2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тоот хурлын тэмдэглэл 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Төв аймгийн Сүмбэр сумын засаг дарга Р.Б ы “Үнэлгээний хороо байгуулах тухай" А/50 дугаартай захирамж /1 хх 61-64/,
"Ажлын хэсэг томилох тухай” 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/558 дугаартай Төв аймгийн засаг даргын захирамж, ажлын хэсгийн дүгнэлт /2 хх 146-149/,
"Гэрээ байгуулах эрх олгох тухай" зөвлөмж /1 хх 66/,
"Бум инвест" ХХК-ний албан бичиг /1 хх 68/,
“Сүмбэр сумын цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ” /1 хх 71-74/,
2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Уваа Уул аудит ХХК-ний “...тооцоолсон үнэ цэнэ 267.747.969 /хоёр зуун жаран долоон сая долоон зуун дөчин долоон мянга есөн зуун жаран есөн төгрөг" гэх үнэлгээний тайлан /1 хх 35-57/,
Тендерийн баримт бичигт үзлэг хийсэн, хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1 хх 127, 2 хх 119/,
Гэрч Я.Бат-Ундралын өгсөн: “...Манайх хувийн байшингийнхаа өргөтгөлийн засвар үйлчилгээний ажлыг хийхдээ 2014, 2015 оны газар тариалангийн орлогоос хийж гүйцэтгэсэн байгаа. ...санаж байгаагаар 30-аад сая төгрөг болсон байх. Тухайн үедээ 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил дээр ажиллаж байсан хүмүүсийн нэг нь надтай ирж уулзаад бид энд ажиллах гэж ирсэн. Гэтэл мөнгө санхүүжилт орж ирээгүй ажил байхгүй, хоол ундны мөнгө байхгүй хэцүү байна үнэ хөлсөө тохироод хийх ажил байвал хийлгүүлээч танай дээврийн ажлыг хийж өгье гэхээр нь хүлээн зөвшөөрөөд үнэ хөлсөө тохироод хийлгүүлсэн.” гэх мэдүүлэг /3 хх 94-95/,
Гэрч К.Касираны өгсөн: “...Миний бие Төв аймгийн Сүмбэр суманд баригдаж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн зураг төсөл болон төсвийг боловсруулж байсан удаа байхгүй. ...нүүр хэсэгт нь болон гарын үсэг нь миний гарын үсэг биш байна харин тамга нь миний хэрэглэж байсан тамга мөн боловч хугацаа нь дуусч хүчингүй болсон тамга байна аа. Тэгэхээр төсөв зохиосон К.Касиран гэх нэрийн өмнө зурагдсан гарын үсэг ч миний гарын үсэг биш байна.” гэх мэдүүлэг /3 хх 119-120/,
Гэрч Ж. Азжаргалын өгсөн. “...намайг Актас ХХК-д ажиллаж байх хугацаанд Төв аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 100 хүүхдийн барилгын ажлын төсвийг манай Актас ХХК хийж байсан удаа байхгүй." гэх мэдүүлэг /3 хх 126-127/,
Төв аймгийн Сүмбэр сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын тендер зохион байгуулалтын арга хэмжээнд хийсэн дүгнэлт /3 хх 139-142/,
Төв аймгийн Сүмбэр сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлд гаргасан дүгнэлт ” /3 хх 143-144/,
Төв аймгийн Сүмбэр сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, угсралтын ажилд хийсэн дүгнэлт /3-р хх 147-148/,
Зууны мэдээ сонины хуулбар /3 хх 153/,
Баян өндөр инвест ХХК-ний улсын бүртгэлийн лавлагаа /3 хх 158/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Баярмагнайгийн өгсөн: "...Танай байгууллагаас 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 06/5405 дугаар албан бичгээр дээрх хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгийг томилж ирүүлэх тухай дурдсан байсан. Үүний дагуу Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Магнайбаяраас намайг энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилж ирүүлсэн. Ямар хэрэгт би хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилогдож байгаагаа мэдэхээр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Сүмбэр сумын төвд баригдсан 100 хүүхдийн барилгын ажлын материалуудтай танилцахад аймгийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр А/558 дугаар захирамжаар ажлын хэсэг томилогдож байсан юм байна гэдгийг мэдэж авсан. Энэ ажлын хэсгийн газар дээр нь ажилласан тухай дүгнэлтээс уншиж үзэхэд гүйцэтгэгч Бум Инвест ХХК нь 701.1 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, 7 удаагийн гүйцэтгэлээр 225.2 сая төгрөгийн санхүүжилтийг авсан, үүнийг ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллан авсан санхүүжилт, хийсэн ажлыг нь тулгаж дүгнэлт гаргаж ажиллахад нийтдээ 225.2 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, 289.5 сая төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлт гаргаж ажилласан байдаг. Үүнээс үзэхэд төрд 289.5 сая төгрөгийн хохирол учирсан юм байна. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилнэ, хохирол барагдуулсан тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр орж байгаагийн хувьд ямар нэгэн гомдол саналгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Р.Б ы зүгээс би гэм буруугүй, тендерийн үйл ажиллагаанд би оролцоогүй, доод албан тушаалтнуудын буруутай үйлдлийн улмаас гэм буруутайд тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын мэдүүлэг зэргээр үгүйсгэгдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Р.Б ы дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Нийтийн албан тушаалтан гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-т "төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан"; 4.1.7-т "бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгч"-ийг ойлгохоор заасан бөгөөд, төрийн улс төрийн албан тушаалтан гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт зааснаар бүх шатны шатны засаг дарга хамаарахаар заасан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-т “нийтийн ашиг сонирхол” гэдгийг нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг; 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал"-ыг ойлгоно гэж тодорхойлжээ.
Авлигын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.3-т "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; 3.1.4-т "давуу байдал" гэдгийг нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ гэжээ.
Иймд шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Р.Б ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд 247 000 203 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Р.Б д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 65 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа миний үйлчлүүлэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, 2015 оны үйлдэл тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдав.
Шүүгдэгч Р.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Хохирол хор уршиг бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Р.Б ы буруутай үйл ажиллагааны улмаас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд учирсан 247 000 203 төгрөгийн хохирлыг түүнээс гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн 1834000780003 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдаж, Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо Дилав хутагт Жамсранжавын гудмын 37А-62 тоотод байрлах Y-2202044102 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах, өөрчлөхийг хориглох хяналтын прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж,
шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овгийн Р-н Б ыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд 247 000 203 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Р.Б ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б д оногдуулсан 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолохыг дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-аас 247 000 203 /хоёр зуун дөчин долоон сая хоёр зуун гурван мянга/ төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
6.Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо Д Ж гудмын 37А-62 тоотод байрлах Y дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах, өөрчлөхийг хориглох хяналтын прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн 1834000780003 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ