| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0150/Э/223/2022/0035 |
| Дугаар | 2022/ШЦТ/209 |
| Огноо | 2022-05-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/209
2022 5 09 2022/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгон,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,
Хохирогч Н.О ,
Шүүгдэгч Ц.А , түүний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Я овгийн Ц-н А т холбогдох эрүүгийн 2034001930412 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн иргэн Н.О ээс Япон улсаас Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл захиалж авчирч өгнө гэж 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3 сая төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр 7 сая төгрөг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч тээврийн хэрэгслийг өгөлгүй 10 сая төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2034001930412 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Н.О-н өгсөн: "А гэдэг хүн манай эмнэлэг дээр хүүхдээ үзүүлнэ гэж ирсэн. Тэр үед Япон улсаас машин оруулж ирж зардаг гэж сонсоод дугаарыг нь аваад үлдсэн. Тэгээд би А гэх хүнтэй утсаар ярьж надад машин хэрэгтэй байна худалдаж авах машин байна уу гэж асуусан. Тэгтэл А Япон улсаас машин ирж байгаа чамд гайгүй сайн машин олж өгье гэж хэлж байсан. Тэгээд надад Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл захиалж өгөхөөр болоод эрх авахад эхлээд 3 сая төгрөг хэрэгтэй гэхээр нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь А над руу залгаад машинаа ачуулахаар болсон 7 сая төгрөг шилжүүлээрэй гэхээр нь нөхөр Ганцогт цалингийн зээл аваад 2018 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр 7 сая төгрөг түүний Хаан банкны 5027591564 дугаарын данс руу шилжүүлсэн. А өнөөдрийг хүртэл надад машин авчирч өгөөгүй, машин ачих гэж байна, машин замдаа явж байна, хил дээр ирчихлээ, гаалийн хашаанд байна гэх зэргээр худал хэлж, зохиомол байдал бий болгож хэлсээр 1 жилийн хугацаа өнгөрсөн. А ээс машинаа авахаар тухайн гаалийн хашаанд очоод залгахаар утсаа авахгүй алга болчихдог. Утсаа залгаж байгаад ярингуут машин чинь ирнэ гэж худал хэлсээр өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд А надад түр унаж бай гээд 8028 СЭА улсын дугаартай Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгслийг өгөөд байж байтал нөгөө машиных нь эзэн гэж Сэлэнгэ аймагт оршин суух Оюунсүх гэх хүн ирээд машинаа аваад явсан. Дараа нь надад 5812 УНЕ улсын дугаартай Пруис 30 маркийн тээврийн хэрэгслийг хэсэг хугацаанд унуулсан. Боловч Нэт капитал ХХК-аас нөхрийнхөө нэр дээр лизингээр авсан байсан гээд Нэт капиталаас ирээд аваад явсан. Би А т машин авахаар 10 сая төгрөг өгөх гэж банкнаас нөхрөөрөө зээл авхуулахад одоо жил гаран зээл, зээлийн хүү төлөөд дээрээс нь худалдаж авсан машингүй, мөнгө ч үгүй хохирсон." гэх мэдүүлэг /хх 81-82/,
"Эхлээд А надад Приүс 30 маркийн 58-12 УНЕ маркийн тээврийн хэрэгслийг өөрийнхөө автомашиныг орж иртэл түр унаж бай гээд 2019 оны цагаан сарын өмнө өгсөн. Тэгээд би тэр автомашиныг нь унаж байтал цагаан сарын дараа А над руу залгаад нөхөр бид хоёр Хятад улс руу явахаар боллоо. Бага иддэг машин хэрэгтэй боллоо энийг унаж бай гээд 80-28 СЭА улсын дугаартай Х-трайл маркийн тээврийн хэрэгслийг үлдээгээд Приүс 30 маркийн автомашинаа аваад явсан. Тэгээд би Х-трайл маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь харсан чинь Оюунсүх гэдэг хүний нэр дээр байсан. Тэгэхээр нь би Оюунсүх рүү залгаад асуусан чинь “А манай автомашиныг зарна гээд авсан, мөнгийг нь одоо болтол өгөхгүй байгаа, би ер нь очиж автомашинаа авна шүү” гэж хэлсэн. Тэгээд би А тэй хамт уулзаж байгаад учраа олсныхоо дараа автомашиныг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Оюунсүх ирээд А тэй уулзаад автомашинаа аваад явсан. Би тэр автомашиныг 8 cap унаж хэрэглэсэн. Тэгээд би мөнгө ч үгүй, машин ч үгүй болох юм байна гэж айгаад 2019 оны 10 сарын 27-ны өдөр А , Төрмөнх нараар баталгаа дээр гарын үсэг зуруулаад 58-12 УНЕ улсын дугаартай Приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг авсан. Уг тээврийн хэрэгсэл нь Нэт капиталын нэр дээр байсан бөгөөд тэр автомашины зээлийн төлбөрийг төлөхгүй байна гээд Нэт капиталын Одбаатар гэдэг хүн ирээд “А мөнгөө өгөхгүй болохоор манай компани хураачихсан байсан автомашиныг манай ээж нас барчихлаа гэж уйлаад автомашинаа аваад явчихсан юм. Бид нар хайгаад явж байгаад оллоо” гэж хэлээд 58-12 УНЕ маркийн тээврийн хэрэгслийг аваад явсан.
80-28 СЭА улсын дугаартай Х-трайл маркийн тээврийн хэрэгслийг А түр унуулж байсан юм. Харин 58-12 УНЕ улсын дугаартай Приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг Нэт капитал ББСБ-ын нэр дээр байхаар нь зээлийг нь А ээр бүрэн гүйцэт төлж дуусгуулаад өөрийн нэр дээр авах санаатай гарын үсэг зуруулж бичиг хийлгэсэн юм. Би ер нь сүүлдээ мөнгө ч үгүй, машин ч үгүй үлдэх нь гэж айгаад л бичиг хийлгэсэн юм. Би тэр А ийн хэлээд байгаа гаалиар орж ирсэн Приүс 30 маркийн автомашиныг нь бодитоор хараагүй. Харин 2018 оны 12 сарын 15-ны өдөр А ийн хүүхдээс ZVW30-0331684 арлын дугаартай усан цэнхэр өнгийн Приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн зургийг явуулсан. Би А т өгсөн 10 сая төгрөгөөсөө 2 500 000 төгрөгийг дансаар авсан. Үүний дараагаар 2 хувааж төлнө гээд нотариатчаар ороод 2020 оны 5 сарын 30-ны өдөр 3 750 000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч одоог хүртэл төлөөгүй. Сүүлд нэг удаа мөнгөө төлөх хугацаа чинь өнгөрчихлөө гээд залгасан чинь чи тэр цагдаатайгаа ярь, надтай ярих эрхгүй, шийддэг газраараа шийдүүлье гэж хэлсэн. Би гомдолтой байна 7 500 000 төгрөгөө авмаар байна." гэх мэдүүлэг /хх 83-84/,
"А ZVW30-0331684 арлын дугаартай автомашиныг өгч унуулах нь битгий хэл харуулаагүй. А надад шинэ автомашин нэг ч өгөөгүй. Унаж байсан хуучин автомашинуудаа түр унаж бай гээд өгөөд байсан. Би автомашиныг нь авахгүй гэж болсон асуудал огт байхгүй. А намайг Цагдаагийн байгууллагад хандсанаас хойш одоог хүртэл цувуулж 5 сая төгрөг өгсөн." гэх мэдүүлэг /хх 86/,
Шүүгдэгч Ц.А ийн өгсөн: "Миний бие 1996, 1997 онуудад Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт сувилагчаар ажилладаг байсан. Тэр үед Отгончимэг эмч хийдэг байсан. Отгончимэг бид хоёр 10 жилийн нэг үеийн хүн байгаа юм. 2018 оны 9 дүгээр сард Отгончимэг над руу залгаад “Тоёота Приүс 30 маркийн 10-12 сая төгрөгийн үнээр захиалъя гэхээр нь би чи эхлээд урьдчилаад 3 сая төгрөг над руу шилжүүл гэсэн чинь шилжүүлсэн. Ер нь Япон дахь үнэ нь 10-12 төгрөгтэй байдаг. Монголд орж ирсэн гаалийн татварыг Отгончимэг өөрөө өгөх ёстой байдаг. Тэрнээс хэд хоногийн дараа миний данс руу Отгончимэг 7 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Япон улсаас ZW30-0331684 арлын дугаартай усан цэнхэр өнгөтэй Приүс 30 маркийн автомашин захиалаад Монгол улсад орж ирсэн. Тэр үед 2013 оны хар өнгийн Х-трайл маркийн автомашин намайг унаад явж байхад Отгончимэг би наад Х.трайлыг чинь авъя гэсэн. Тэгэхээр нь би Отгончимэгт Х-трайл маркийн автомашиныг нь унуулсан. Тэгээд би өөрөөсөө Х-трайлын эзэн рүү 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 3 сая төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. 2019 оны 9 сарын 11-ний өдөр 1 500 000 төгрөгийг АТМ-ээр шилжүүлсэн. Дээрх мөнгөнүүдийг Х-трайлын эзэн Оюунсүх рүү шилжүүлсэн. Тэгээд Оюунсүхэд Отгончимэг өөрөө автомашинаа өгчихсөн. Тэрний дараагаар миний унаж байсан Приүс-30 маркийн автомашиныг авахаар болсон чинь Отгончимэг Нэт капитал руу залгаад надаас авсан Приүс-30 маркийн автомашиныг Нэт капитал руу хураалгачихсан. Би 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Отгончимэг рүү 2 500 000 төгрөг шилжүүлж өгсөн. Би Х-трайлын мөнгө болох 7 500 000 төгрөгийг өгчихсөн, 12 500 000 төгрөгийг өгөөгүй байсан юм. Тэгээд тээврийн хэрэгслийн нэр шилжээгүй. Харин Приүс 30 автомашины хувьд Нэт капиталын нэр дээр байсан. Эдгээрийн талаар Отгончимэг бүгдийг нь мэдэж байсан. Би өөрийн Хаан банкны 5026965690 дугаарын данс руу 3 сая төгрөг 1 удаа, 7 сая төгрөг 1 удаа нийт 10 сая төгрөг шилжүүлэн авсан үнэн. Дээрх мөнгөнүүдийг машин авахад нь зарцуулсан." гэх мэдүүлэг /хх 91-93, 90/,
"2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: "Отгончимэг нь Япон улсаас Приус-30 маркийн цэнхэр өнгийн машин 10 сая төгрөгт намайг гуйж байгаад надаар дамжуулан захиалсан. Би ямар ч ашиг нэмэхгүйгээр Япон улсаас 10 сая төгрөгт машиныг нь оруулж ирээд гааль дээр авчирсан. Гааль тээврийн зардлыг Отгончимэг төлж авахаар тохирсон байсан. Тэгээд гааль дээр машин нь ирэхээр нь би гаалийн бичгийг нь Отгончимэгт өгсөн. Тэгсэн хэд хоногийн дараа Отгончимэг нь надтай уулзаад Оюунсүх гэх хүний намайг зараад өг гэж үлдээсэн байсан Х-трейл маркийн машиныг авъя энэ машинаа зарчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг машиныг Отгончимэгт 10 сая төгрөгт нь бодож өгсөн. Уг машиныг Отгончимэг нь 10 cap унасан. Би уг машиныг заруулсан Оюунсүхэд 7 500 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Отгончимэг нь Ниссан Х-трайл маркийн машиныг 10 cap унаж байгаад эзэн Оюунсүх нь авахаа болилоо гэж хэлээд аваачаад өгсөн байсан. Би Отгончимэгт 2 500 000 төгрөгийг нь өгсөн байсан. Сүүлд нь 7 500 000 төгрөгийг зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулж төлсөн." гэх мэдүүлэг /хх 134/,
Гэрч С.Оюунсүхийн өгсөн: "Өнгөрсөн оны 2019 оны 3 дугаар сард Ц.А тэй Улаанбаатарт хотод тааралдаж машинаа зарах гэж байгаа талаар ярилцсан. Тухайн үед Ц.А би таны машиныг авъя надаа үлдээчих гэж хэлсэн. Машиныг аваад 6 дугаар сараас өмнө мөнгийг чинь бэлэн болгоод өгнө гэж хэлсэн. Ингээд 2019 оны 6 cap болох үед Ц.А тэй утсаар холбогдож ярилцах үед манай эхнэрийн данс руу 7 500 000 төгрөг цувраад орсон. Би 8 дугаар сард амралтаа аваад хотод явж байхад миний машин Төв аймагт явж байсан сураг гарсан. Тэгэхээр нь би Төв аймаг орж машинаа хайж олоод жолоочтой нь уулзсан. Тухайн үед бичиг баримтыг нь үзсэн чинь миний нэр дээр гэрчилгээ нь хэвээрээ байсан. Миний машиныг Н.О гэгч эмэгтэй нөхөртэйгөө унаад явж байсан. Эдгээр хүмүүстэй уулзах үед Ц.А т 10 сая төгрөг егч машин захисан байсан тэгээд машинаа нэхсэн чинь Ц.А энэ машиныг өгсөн гэж хэлсэн. Ц.А , Н.О нарын дунд ярилцсан зүйл байсан юм байна лээ. Н.О гэгч хүнд ямар учраас машин энд ирсэн талаар тайлбарлаж хэлээд явсан. Машин Н.О т үлдсэн. Энэ явдлаас хойш Ц.А тэй утсаар холбогдож ярилцаж байгаад 2019 оны 11 сард Төв аймаг орж Ц.А , Н Отгончимэг бид нар бүгд уулзсан. Тухайн үед Ц.А надад хэлэхдээ та машинаа аваад яв, мөнгийг чинь өгч чадалгүй удаасан учраас машинаа зараад мөнгөө олж ав, би өөрөө Н.О тэй тооцоо, учраа олчихно гэж ярилцаад өнгөрсөн. Н Отгончимэг, Ц.А нар өөрсдөө ямар ч байсан учраа олцгоо гэж хэлээд явсан. Би автомашинаа Улаанбаатар хотод 13 сая төгрөгт хувь хүнд утсаар холбогдож ярилцаж байгаад зарсан." гэх мэдүүлэг /хх 96-98/,
Гэрч М.Одбаатарын өгсөн: "А ийн нөхөр Төрмөнх болон түүний хадам эгч Буянжаргалын Тунгалаг нар нь манай байгууллагын харилцагч нар байсан юм. Эдгээр хүмүүс анх нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 8 250 000 төгрөгийг 36 сарын хугацаатай 2.9 %-ийн хүүтэй зээл авч байсан бөгөөд энэ зээл 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хаасан байдаг. Зээл авснаас хойш зээлээ төлөх хугацаандаа зээл төлөөгүй 4 сарын хугацаа өнгөрсөн. Тэгээд яагаад төлөхгүй байгаа шалтгааныг тодруулахаар барьцаа хөрөнгийг шалгахад барьцаа хөрөнгийг өрөндөө өгч бусдад шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул манай байгууллагаас барьцаа хөрөнгийг Төв аймагт А т 10 сая төгрөг зээлдүүлсэн байсан эхнэр, нөхөр хоёроос хурааж авсан. Төрмөнх, А нар нь энэ эхнэр, нөхөр хоёроос Япон улсаас тээврийн хэрэгсэл оруулж ирж өгнө гэж хэлээд 10 сая төгрөг авсан байсан. Энэ мөнгөө өгч чадахгүй болохоороо өөрсдийн нэр дээр авсан 5812 УНЕ улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг өгсөн байсан. Иймд байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг зөрчсөн байсан үндэслэлээр зээл төлөгдөх хүртэл хугацаанд барьцаа хөрөнгийг Н.О , Ш.Ганцогт гэх хүмүүсээс би өөрөө хурааж авсан. Нэт Капитал ББСБ-ын барьцаанд 5812 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай байгууллагаар дамжуулж Тунгалаг, Төрмөнх нар нь лизингээр авсан байдаг. Шинэ машин байсан юм. Ингээд зээлийн гэрээний хугацаанд зээлээ төлөхгүй байсан тул зээл төлөгдөх хугацаа хүртэл барьцаа хөрөнгийг хураасан. Төлөгдөөгүй байх хугацаанд манай байгууллагын нэр дээр байсан боловч 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр чөлөөлөгдсөн. 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зээл авсан. Үүнээс хойш алдаг оног төлөөд явж байсан ч 2019 оны 5 дугаар сараас эхлээд ямар ч төлөлт хийгдээгүй. Н.О гэх хүнээс ямар шалтгааны улмаас 5812 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж авсан юм бэ гэхээр Бид анх Төрмөнх, Тунгалаг нэртэй 2 хүнтэй фидуцын гэрээг байгуулж тээврийг хэрэгслийг унах нөхцөлтэйгөөр зээлээр олгосон. Зээлийн төлөлт oгт хийгдэхгүй байсан тул зээлийн гэрээний дагуу барьцааг хурааж авахаар болоод Төрмөнхийг эхнэр А ийн хамт тус машинтай Төв аймагт явж байхад нь тээврийн хэрэгслийг хураах гэсэн боловч А ийн ээжийнх нь бие муу эмнэлэгт байгаа гэсэн тул 14 хоногийн хугацаа олгож зээлээ төл гэдгийг хэлсэн. Тухайн үед машиныг нь хурааж аваагүй. 14 хоногийн дараа гэхэд зээл төлөгдөөгүй байсан төдийгүй зээлийн барьцаа хөрөнгийг Н.О гэх өөр хүнд шилжүүлж өгсөн байсан. Манай банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан энэ хөрөнгийг өөр хүн эзэмшээд явж болохгүй учраас Н.О гэх хүнээс тээврийн хэрэгслийг хурааж авсан. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 07-ын өдөр Төрмөнх нь эхнэр А ийн хамт зээлийн төлөлтийг хийж дуусгаад тээврийн хэрэгслээ манай байгууллагаас өөрсдөө ирж тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр шилжүүлж аваад явсан." гэх мэдүүлэг /хх 104-106/,
Гэрч Б.Хаш-Эрдэнийн өгсөн: "Би өөрөө автомашин оруулж ирдэггүй. Харин миний ажилладаг газар нь автомашин зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд би уг газарт 2015 онд ажилд орсон юм. Яг хэдэн автомашин оруулж ирснийг мэдэхгүй маш олон автомашин Япон улсаас оруулж ирдэг. 2019 онд Япон улсаас багцаагаар 1000 орчим автомашин оруулж ирсэн. ZYW30-0331684 арлын дугаартай Приус 30 маркийн автомашиныг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Япон улсаас дуудлага худалдаагаар худалдаж аваад 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Монгол улс руу ачуулсан байна. ZYW30-0331684 арлын дугаартай Приус 30 маркийн автомашиныг Мөнхтайвангийн Одгэрэл гэх хүн анх худалдаж авсан боловч тухайн хүн нь худалдаж авахаа больсон учир хүнд зарсан бөгөөд яг хэн гэдэг хүнд зарсныг санахгүй байна улсын дугаар авсан эсэхийг мэдэхгүй байна. Мөнхтайвангийн Одгэрэл гэх хүний захиалгаар анх орж ирсэн. Ц.А нь захиалсан бөгөөд Одгэрэл гэх хүний нэрээр оруулж ирээрэй гэсэн юм. Би Ц.А ийг 2012 оноос хойш ажлын шугамаар таних болсон бөгөөд садан төрлийн холбоо байхгүй. 2018 оны 11 дүгээр сард автомашин захиалаад 30-35 хоногийн дотор Монгол улсад орж ирэх боломжтой. Энэ шилжүүлсэн 465.000 иен бол зөвхөн Япон улс дахь автомашины үнэ." гэх мэдүүлэг /хх 108-109, 110-111-112/,
Гэрч М.Одгэрэлийн өгсөн: "ZYW30-0331684 арлын дугаартай арлын дугаартай Приус 30 маркийн машиныг А захиалсан юм шиг байна лээ. Миний нэр дээр гаалийн бүрдүүлэлтийг хийлгээд би гаалийн хашаанаас аваад манай гэрийн гаднаас А аваад явсан. Тэр машиныг хааш нь хэнд зарсныг мэдэхгүй." гэх мэдүүлэг /хх 116-117/, хохирогч Н.О ийн Хаан банкны данснаас 2018.4.10-нд 3 сая төгрөг, 2018.7.11-нд 7 сая гарсан талаарх хуулга /хх 8-9/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Ц.А нь шүүхийн хэлэлцүүлэгт "Миний бие Н.О т Приус 30 маркийн усан цэнхэр өнгөтэй автомашиныг Япон улсаас авчирч өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр машин Японоос гараад 3 сард орж ирсэн. Гаалийн бүх бичиг баримтыг Отгончимэгт канондож явуулсан. Отгончимэг Х-трайл маркийн автомашиныг авна. Приус авахгүй. Наадхаа зарчих гэж хэлсэн. Надад Отгончимэгийг залилан мэхлэх хуурч мэхлэх санаа зорилго байгаагүй." гэж маргасан боловч хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.О ийн өгсөн: "А ZVW30-0331684 арлын дугаартай автомашиныг өгч унуулах нь битгий хэл харуулаагүй. А надад шинэ автомашин нэг ч өгөөгүй. Унаж байсан хуучин автомашинуудаа түр унаж бай гээд өгөөд байсан. Би Приус 30 автомашиныг нь авахгүй гэсэн асуудал огт байхгүй. Би тэр А ийн хэлээд байгаа гаалиар орж ирсэн Приүс 30 маркийн автомашиныг нь бодитоор хараагүй. Харин 2018 оны 12 сарын 15-ны өдөр А ийн хүүхдээс ZVW30-0331684 арлын дугаартай усан цэнхэр өнгийн Приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн зургийг явуулсан." гэх мэдүүлэг, гэрч Б.Хаш-Эрдэнийн өгсөн: "ZYW30-0331684 арлын дугаартай Приус 30 маркийн автомашиныг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Япон улсаас дуудлага худалдаагаар худалдаж аваад 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Монгол улс руу ачуулсан байна. ZYW30-0331684 арлын дугаартай Приус 30 маркийн автомашиныг Мөнхтайвангийн Одгэрэл гэх хүн анх худалдаж авсан боловч тухайн хүн нь худалдаж авахаа больсон учир хүнд зарсан бөгөөд яг хэн гэдэг хүнд зарсныг санахгүй байна. Улсын дугаар авсан эсэхийг мэдэхгүй байна. Мөнхтайвангийн Одгэрэл гэх хүний захиалгаар анх орж ирсэн. Ц.А нь захиалсан бөгөөд Одгэрэл гэх хүний нэрээр оруулж ирээрэй гэсэн юм. 2018 оны 11 дүгээр сард автомашин захиалаад 30-35 хоногийн дотор Монгол улсад орж ирэх боломжтой." гэх мэдүүлэг /хх 108-109, 111-112/, гэрч М.Одгэрэлийн өгсөн: "ZYW30-0331684 арлын дугаартай арлын дугаартай Приус 30 маркийн машиныг А захиалсан юм шиг байна лээ. Миний нэр дээр гаалийн бүрдүүлэлтийг хийлгээд би гаалийн хашаанаас аваад манай гэрийн гаднаас А аваад явсан. Тэр машиныг хааш нь хэнд зарсаныг мэдэхгүй." /хх 116-117/ зэрэг мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэн.
Шүүгдэгч Ц.А нь ZVW30-0331684 арлын дугаартай автомашин оруулж ирсэн болох нь тогтоогддог гэхдээ уг автомашиныг Н.О ийн нэр дээр бус Одгэрэл гэх хүний нэр дээр оруулж ирснийг Одгэрэл гааль дээрээс авч А т өгсөн болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл уг автомашиныг Н.О т биет байдлаар үзүүлсэн, өгсөн талаар баримт хэрэгт авагдаагүй. Харин шүүгдэгч Ц.А Н.О т бусдын эзэмшлийн автомашиныг машин чинь ирээгүй байгаа иртэл түр унаж бай гэж хуурч мэхлэн эзэмшүүлж байсныг өмчлөгч нар нь ирж тээврийн хэрэгслээ авсан талаарх гэрч С.Оюунсүх /хх 96-98/, хохирогч Н.О , гэрч М.Одбаатар /хх 104-106/ нарын мэдүүлгээр тогтоогддог.
Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.
Залилан мэхлэх гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг. Идэвхгүй хууран мэхлэлт нь хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийг бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт хэрэгтэн хэдийгээр мэдэж байгаа атал зориудаар үл мэдээлэх, нуун дарагдуулсан эс үйлдлээр илэрхийлэгдэнэ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул хохирогч Н.О ийн "Ц.А надад Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл Япон улсаас авчирч өгнө гэж хэлж байсан. Би Ц.А ийн оруулж ирсэн автомашинуудыг харж байгаагүй. А нь манайд хуучин сувилагч ирсэн. Тэгээд А надад өөрөө автомашин оруулж ирж зардаг гэж хэлж байсан." шүүгдэгч Ц.А ийг Япон улсаас автомашин оруулж ирдэг гэх итгэл үнэмшилд тулгуурлан түүнээс Приус 30 маркийн автомашин оруулж өгнө гэж хуурч мэхлэн 10 сая төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал оруулав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болно.
Шүүгдэгч Ц.А ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Хохирогч Н.О ийн "Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан." гэх мэдүүлгээр /хх 89/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 2034001930412 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Я овгийн Ц-н А-ийг хуурч, бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А ийг 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 2034001930412 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ