Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/214

 

 

 

 

 

 

 

 

 

    2022             5                11                                             2022/ШЦТ/214

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл,

  Хохирогч Д.Ц , түүний өмгөөлөгч Т.Батцэцэг,

  Шүүгдэгч А.Б , түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овгийн А-н Б д холбогдох эрүүгийн 2134004110029 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч А.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч А.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д.Ц-гТөв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг “Баянгол” гэх газар иргэн Г.Хатанбаатарын гэрийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн хананы хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эвэрлэг цус хурсан бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2134004110029 дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Д.Цэндлхагвын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн Гэчгинэ гэх газарт би адуугаа хайж яваад Мэндээ гэх айлд 14 цагийн орчим очсон. Тэднийд очиход гадна Мэндээ, эхнэр Тогосоо, Тулга нар өвс буулгаж байсан. Би тэд нартай уулзаад тэдний гэрт нь юм ярьж сууж байгаад 3 шил 0.75 граммтай Акуа болон нөгөө хоёр архины нэрийг нь санахгүй байна. Уг архийг Мэндээ ах, Тулга, бид нар хуваагаад ууж байхад гаднаас Дээгий гэх залуу орж ирсэн. Тэг залуутай бид дөрөв хувааж уусан. Мэндээгийн гэрт байхад Тулга надад хандан танай мал манай өвөлжөөг идээд байна гэж хэлэхээр нь би Тулгад хандан чамайг нүүж ирэхээс өмнө би энд байсан шүү гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэнд зодолдсон зүйл байхгүй. Би гэгээ тасраагүй байхад Мэндээгийн гэрээс гарсан. Цагийг нь санахгүй байна. Би мотоциклоо унаад Хатнаа гэх айлд орсон. Хатнаагийн гэрт ороход Хатнаа, эхнэрийнхээ хамт байсан. Хатнаагийн гэрт сууж байхад гаднаас Тулга орж ирсэн ба цагийг нь санахгүй байна. Тулга орж ирээд миний дээлний захаас барьж аваад чирээд Хатнаагийн гэрээс гаргаад гэрийнх нь гадна гараараа миний нүүр хэсэгт цохиж зодоод байсан. Би согтуу байсан болохоор биеэ хамгаалж чадахгүй байсан учир болъё гэж хэлэхэд болихгүй зодсоор байсан. Би ухаан алдсан байсан ба намайг манай эхнэр Ичинхорол сэрээсэн. Би ухаан ороход гэртээ ирсэн байсан. Намайг хэн гэрт авчирсан талаар би мэдээгүй. Тулгаа гэж дууддаг юм нэрийг нь сайн мэдэхгүй байна. Миний нүүрний зүүн талын нүд рүү 3 удаа цохисон байгаа. Миний хамрын яс хугарсан, зүүн талын нүдний ухархайн яс цөмөрсөн мэс засалд орох шаардлагатай байгаа. Мөн үүдэн 2 шүд хөдөлсөн байгаа. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх 9/,

Гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн: “Б  ахыг Цэндлхагва ах гараараа хоёр мөрнийх нь тэндээс барьчихсан хоёр гарынхаа голоор толгойгоороо Б  ахын цээж рүү хоёр, гурван удаа мөргөөд зогсож байсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ буцаж ороод Цэндлхагва ахын эхнэр лүү нь залгатал утсаа авахгүй байхаар нь би эхнэр лүү нь "Цэндлхагва ах Б  ахтай муудалцаад байна" гэж мессеж биччихээд гараад иртэл Цэндлхагва ах, Б  ах хоёулаа газар дээр, доороо оролцоод бөндгөнөөд байхаар нь би Дээгий ахыг сэрээж хамт гарахад тэр хоёр гадаа хэвтээгээрээ заамдалцчихсан хоёулангийнх нь нүднүүд нь хавдчихсан байсан. Тэгээд Дээгий ах бид хоёр салгаж Б  ах Дээгий ахыг машинд нь суулгаж явуулаад Дээгий ах өөрөө мотоциклоо унаад хөдөлцгөөсөн. Тэр хоёрыг явснаас хойш 20 орчим минутын дараа Цэндлхагва ахын эхнэр Баяа гэх залуутай хамт ирж машиндаа суулгаад аваад явсан. Манай нөхөр Хатнаа, Лхагвабат хоёр энэ хүмүүсийг явснаас нь хойш ирцгээсэн. Цэндлхагва ах, Б  ах хоёрыг гадаа байхад нь гэрт Дээгий ах унтаж байсан. Харин Лхагвабатын эхнэр Уянга бид хоёр юм оёж байсан. Намайг харахад Цэндлхагва, Б  ахын цээжин хэсэг рүү нь түг түг хийтэл 2-3 удаа мөргөсөн. Ер нь бол санаа нь Цэндлхагва ах Б  ахын нүүр лүү нь толгойгоороо мөргөх гээд Б  ахыг арагшаа гэдийчихээр нь чадахгүй цээж рүү мөргөөд байсан. Цэндлхагва ахын зүүн талынх нүд нэлээн хавдаж хамраас нь цус гарчихсан байсан. Б  ахын бас зүүн талынх нь нүд нь нэлээн хавдчихсан мөн нүүрэндээ хэсэг, хэсэг газар шалбарчихсан байсан. Б  ах манараад явж ядан машиндаа суугаад хөдлөөд явсан. Цэндлхагва ах манай гэрийн баруун урд талын хаяанд хөлөө жийгээд суугаад байсан. Гэр лүү ор гэхэд дотор муухайраад бөөлжих гээд байна гээд суугаад байсан. Ямар ч байсан ухаан санаагаа алдаагүй. Тэгээд эхнэрийгээ ирэхэд харин нөгөө сууж байсан газраа хажуугаараа харчихсан хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх 11-12/,

Гэрч Г.Хатанбаатарын өгсөн: “Би Төв аймгийн Эрдэнэсант суманд эхнэр Бямбасүрэн болон гурван хүүхдийнхээ хамтаар хөдөө мал маллан амьдардаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Даваа гарагт намайг хөдөө гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ байж байхад гаднаас Цэндлхагва ах 17 цагийн орчимд ганцаараа мотоциклтой халамцуу орж ирсэн. Тэгэхээр нь би 0.5 литрийн нэг шил Хараа гаргаж өгөхөд өөрөө задлаад уусан. Тэгээд араас нь төд удалгүй Б  ах машинтайгаа харин Дээгий ах мотоциклтой ирцгээсэн. Тэгээд тэр гурав хоорондоо юм яриад нөгөө шилтэй архиа уугаад сууцгааж байхад нь үүднээс манай найз Лхагвабат эхнэр Уянгатайгаа манай юм оёхоор ирсэн. Тэгтэл Дээгий ах Лхагвабат бид хоёрыг хонь хураачих гэхээр нь би Лхагвабат бид хоёр миний мотоциклтой Дээгий ахын хонийг хураачхаад дараа нь Б  ахын хонийг нь хураачхаад иртэл нөгөө Цэндлхагва, Дээгий ах, Б  ах гурав явчихсан харин манай эхнэр, Уянга хоёр хүүхдүүдтэйгээ юм оёцгоогоод сууцгааж байсан. Тэр хоёр Цэндлхагва ах, Б  ах хоёрыг хоорондоо зодолдчихоод яваад өгсөн гэж хэлсэн. Би байгаагүй болохоор хэн нь хэнийгээ зодсон болохыг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 14/,

Гэрч Н.Дэлгэрсайханы өгсөн: “Би адууны эрэлд явж байгаад саахалтынхаа Мэндээ гэдэг ахынд мотоциклтой ганцаараа 13-14 цагийн орчим очиход тэднийд Мэндээ ах, эхнэр Тогосоо нь мөн Цэндлхагва, Б  нар 0.5 литрийн нэг шил Экс архи ууцгаагаад сууж байсан. Тэр архийг нь дууссаны дараа Б  машинаасаа 0.75 литрийн нэг шил архи гаргаж тэр архийг нь Мэндээ ах, Б , Цэндлхагва бид хувааж уучхаад тэднийхээс Цэндлхагва мотоциклтойгоо, Б  машинтайгаа, би мотоциклтойгоо тус тусдаа Мэндээ ахынхаас хөдөлж сумынхаа Хатнаа гэдэг залуугийнд 17 цагийн орчим очиход гэрт нь Хатнаа эхнэр, хүүхэдтэйгээ бас Цэндлхагва түрүүлээд оччихсон байсан. Тэгтэл Цэндлхагва өврөөсөө 0.5 литрийн талаасаа дээгүүр Хараа архи гаргаж ирээд тэр архийг нь Б , Цэндлхагва бид гурав хувааж уугаад байж байтал Лхагвабат гаднаас мотоциклтойгоо эхнэртэйгээ ирсэн. Тэгэхээр Лхагвабат Хатнаа хоёрыг мотоциклтой яваад хонь хураачхаад ир гээд явуулсан. Тэгээд би Хатнаагийн баруун талынх нь орыг нь түшээд унтаад өгсөн. Тэгтэл намайг Хатнаагийн эхнэр дуудаж сэрээгээд "Цэндлхагва, Тулга ах хоёрыг гэрийн гадаа муудалцаад зодолдоод байна, хоёулаа гаръя" гэхээр нь Бямбасүрэн бид хоёр гарахад гэрийнх нь урд талд Цэндлхагва, Б  хоёр хоёулаа заамдалцчихсан хэвтэж байхаар нь тэр хоёрыг салгасан. Б  машинаа унаад гэр лүүгээ харилаа гээд яваад өгсөн. Тэгээд би ч гэсэн мотоциклоо унаад гэр лүүгээ харьсан. Тэр хоёр хоёулангийнх нь нүүр нь хавдчихсан бас цус болцгоосон байсан.” гэх мэдүүлэг /хх 19-20/,

Шүүгдэгч А.Баттулгын өгсөн: “Би Төв аймгийн Эрдэнэсант суманд өөрийнхөө ээжтэй хоёулхнаа ходоо мал маллаж амьдардаг юм. Манайх сумын төвөөс баруун урд зүгт 26 км зайд нутагладаг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манайхаас баруун урд зүгт 5-6 орчим км зайд байдаг Мэндээ гэдэг ах эхнэртэйгээ өвсөнд явж байгаад машин нь эвдэрсэн гээд хөдөө хээр зам дээр байсан тухайн үед цаг өдрийн 11 болж байсан. Тэгэхээр нь би Мэндээ ах Тогосоо эгч хоёрыг машинаараа гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд Мэндээ ахынд Тогосоо эгч, Мэндээ ах бид гурав байхад 12 цагийн орчимд гаднаас Цэндлхагва, Дээгий гэх нутгийн залуутай орж ирсэн. Тэгэхэд мэндээ ах бид хэдэд 0.5 литрийн 1 шил Экс архи гаргаж өгөөд тэр архийг нь Мэндээ ах, Цэндлхагва, Дээгий бид дөрөв хувааж уугаад дуусахаар нь би өөрийнхөө машинд байсан 0.75 литрийн Гэрэгэ гэдэг нэг шил архи гаргаж тэр архийг бас бид 4 хувааж уучхаад би түрүүлээд гарч Хатнаа гэдэг залуугийнх руу очихоор явж байтал Цэндлхагва миний хажуугаар намайг гүйцэж түрүүлээд явсан тэгтэл Хатнаагийнд очиход Цэндлхагва ганцаараа оччихсон байсан надтай зэрэг шахуу Дээгий бас Хатнаагийнд очсон Хатанаагийнх 0.5 литрийн нэг хугас шил Хараа архи гаргаж өгсөн тэрнээс нь Хатанаа бид хэдэд хундагаар нэг, нэг хийж өгсөн тэгтэл Цэндлхагва над руу уг хаяж, намайг өдөж эхэлсэн хэлэхдээ намайг чи ер нь миний дургүйг хүргээд байгаа шүү" гэхээр нь би өөдөөс нь за ахын дүү хоёулаа ах, дүү хоёр муудалцаад яах вэ дэмий биз дээ" гэж хэлсэн тэгээд би гадагшаа шээхээр гартал миний араас Цэндлхагва ганцаараа гарч ирсэн тэгээд намайг шээж дуустал үг дуугүй миний өөдөөс харж байгаад гараараа миний зуун нүдний доод хэсэгт нэг удаа цохихоор би газар унасан тэгтэл миний намайг газар хэвтэж байхад миний дээрээс мордож ирээд миний толгой хэсэг рүү цохихоор нь би хоёр гарынхаа шуу хэсгээр нүүрээ хамгаалсан. Тэгээд би хоёр гартай нь ноцож байгаад газраас босож иртэл гэр дотроос хүн гарч ирсэн. Тэгээд бид хоёрыг ахиад зууралдах гэтэл Дээгий салгасан. Тэгээд ахиад бид хоорондоо маргалдаж хэрэлдэж байгаад ахиж зууралдаж аваад би гараараа Цэндлхагвын толгой нүүрэн хэсэг рүү нь хоёроос гурван удаа алгадсан. Тэр үед Цэндлхагва ч мөн адил миний толгой хэсэг рүү гурван удаа цохисон. Тэгээд би больё гээд бид хоёр салцгаасан. Би баруун гараараа Цэндлхагвын нүүр, шанаа хэсэгт нь хоёроос гурван удаа алгадсан. Гараа зангидаж бол цохиогүй. Би урд шөнө нойргүй хоносон болохоор нэлээн согтсон. Цэндлхагва намайг бодвол гайгүй байсан. Би нэлээн согтуу байсан. Гэхдээ болсон асуудлыг санаж байна. Баруун талын хөмсөгний дээд хэсэгт жижигхэн хоёр хэсэг газар шалбарсан. Одоо эдгэрч байна. Зүүн талын нүд бүрэлзээд байгаа. Толгой бас хаяа өвдөж байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Цэндлхагватай маргалдаж цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болно. Би баруун гараараа нүүр лүү нь 2-3 удаа алгадсан. Бид 2 харилцан л зодолдсон болно. Ер нь Цэндлхагва намайг эхэлж өдөж хоргоогоод намайг шээж байхад араас цохиж унагаасан. Тэгээд болиорой ахын дүү гээд байхад л болихгүй байсан. Миний нүүр ам нэлээд л юм болсон. Тэгээд би сүүлд нь нэлээн хэд хоногийн дараа Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Надад одоогоор хохирол төлсөн зүйл байхгүй байна. Гэхдээ надад хохирол төлж барагдуулах боломж байгаа болно. Би өнгөрсөн жилийн мал тооллогоор 600 гаруй тооны мал тоолуулсан, хувьдаа машин, тэрэг, мотоцикл унаатай. Би өөрийнхөө гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 16-17, 37-38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх эмнэлгийн №482 дугаартай шинжээчийн: “1.Д.Цэндлхагвын биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эвэрлэг цус хурсан гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх 24/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Б , хохирогч Д.Ц  нар нь малын бэлчээрээс болон муудалцаж шүүгдэгч А.Б  баруун гараараа хохирогч Д.Цэндлхагвын нүүрэн хэсэгт алгадаж эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан нүдний ухархайн хананы хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан нь дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байх тул шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг,

Шүүгдэгч А.Б  болон түүний өмгөөлөгчөөс нь улсын яллагчийн ялын саналыг дэмжиж санал гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ц  унааны болон эмчилгээний зардалд 6 992 682 төгрөгийн хохирлын баримт ирүүлснээс хавтаст хэрэгт авагдсан унааны болон ухархайн хугарлын мэс засалд орсон төлбөр 3 075 350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн шаардлага хангасан гэж үзнэ хангаж, үлдэх хамрын хагалгаанд ороход зарцуулагдах төлбөр болон шинжилгээний төлбөр гэх 3 917 332 төгрөгийн баримтаар ирүүлсэн /хх 82-86/ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь ирээдүйд гарах эмчилгээний зардлыг урьдчилж гаргах хуулийн зохицуулалт байхгүй болно.

 

Харин хохирогч Д.Ц  нь хамрын хагалгаанд орсны дараа нотлох баримтаа бүрдүүлэн дээрх нэхэмжлэлийн шаардлагаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн 2134004110029 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч У овгийн А-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б ас 3 075 350 /гурван сая далан таван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж, Төв аймаг Өндөрширээт сумын 2 дугаар багийн Хангинахын бууц гэх газарт оршин суух хохирогч М овгийн Д-н Ц-д /РД: /-д олгосугай.

 

6.Хохирогч Д.Ц  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн 2134004110029 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  9.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ