Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0204/Э |
Дугаар | 2022/ШЦТ/213 |
Огноо | 2022-05-11 |
Зүйл хэсэг | 27.10.3., |
Улсын яллагч | Д.Нэргүй |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/213
2022 5 11 2022/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Норжинпил,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нэргүй,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Б овгийн М-н Б-д холбогдох эрүүгийн 2234001440183 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг “Өвөрхангинах” гэх газарт “Carry” маркийн 27-58 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а./Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй, 10 дугаар зүйлийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 1 нас 8 сартай, эмэгтэй С.Ш-намь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2234001440183 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С ын өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ байж байхад Б усанд явах гээд машинаа асааж байсан. Тэр үед манай хүүхэд гадаа чаргаар гулгаж байсан. Тэгтэл гэнэт түг гэх чимээ гарсан бөгөөд гаднаас Б манай хүүхдийг тэврээд орж ирсэн. Орж ирэхдээ би хүүхэд дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд шууд эмнэлэг рүү явсан. Б бол манай ээжийн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Манайх болон Б-нхтой нэг саахалт амьдарч байгаа. Миний хувьд болсон зүйлийг нүдээрээ харсан зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 32-33/,
Гэрч Н.Жаргалын өгсөн: “Би Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2-р баг Өвөрхангинах гэх газарт мал маллаж амьдардаг бөгөөд өдөр 12 цагийн орчим морьтой хониндоо явчхаад 15 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн намайг ирэх үед Б усанд явна гэж байсан бөгөөд би гэртээ ороод цай уугаад сууж байхад талийгаач гэрээс гараад явсан. Тэгээд гарч явснаас нь хойш нэг их удаагүй байж байтал Б талийгаачийг тэврээд хүүхэд дайрчихлаа гээд л ороод ирсэн. Тэгээд шууд сумын эмнэлэг руу явсан. Би Б-н эгчийнх нөхөр байгаа юм. Нэг их юм яриагүй ах аа хүүхэд дайрчихлаа гээд л ороод ирсэн. Талийгаач урд дээрээсээ гулгаж л байдаг юм.” гэх мэдүүлэг /хх 41-42/,
Гэрч Б.Даваагийн өгсөн: “Би Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2-р баг Өвөрхангинах гэх газарт мал маллаж амьдардаг бөгөөд манай дүүгийн хүүхэд болох Б усанд явна гээд манай бага бандийг аваад гарсан. Тэгээд манай охин болох С ын ганц охин нь гэрт байж байгаад манай нөхөр хониноосоо ирчхээд цай уугаад сууж байхад талийгаач гараад гүйсэн. Тэгээд би Цэнд-Аюушаас дүү нь хаана байна гэсэн чинь гадаа гулгаад тоглож байна гэж хэлсэн. Тэгээд нэг их удалгүй байж байтал гадаа нэг юм дуугарах шиг болохоор нь гараад хартал талийгаач машиных нь доогуур орчихсон байсан. Тэгээд л бид нар шууд эмнэлэг рүү аваад явсан. Б манай дүүгийн хүүхэд нь байгаа юм. Миний хувьд яг дайрч байхыг нь хараагүй. Манай бага хүүгийн хэлснээр талийгаач гулгаж байсан. Тэгээд л тэрийг харалгүйгээр дайрсан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх 43-44/,
Гэрч А.Нандин-Эрдэнийн өгсөн: “Би нөхөр Б-н хамт Б-н хамаатантай айлсаад Төв аймгийн Батсүмбэр сумын 2-р баг Өвөр хангинах гэх газар мал маллаж амьдардаг. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай нөхөр хонинд өгөх ус дууссан байсан тул усанд явна гэж байсан. Тэгээд миний нуруу өвдөөд гэртээ хэвтэж байхад өдөр 15 цаг өнгөрч байхад гадаа гэнэт хүмүүс орилоод уйлаад байхаар нь юу болсон юм бол гэж бодоод гараад иртэл С ын хүүхдийг манай нөхөр мөргөчихсөн сумын эмнэлэг рүү авч явах гэж байсан тэгээд шууд аваад явчихсан. Тэгээд юу болсон талаар тэнд байсан хүмүүсээс асуухад Б Шүрээг мөргөчихлөө л гэж байсан. Миний хувьд яг дайрч байхыг нь хараагүй.” гэх мэдүүлэг /хх 45-46/,
Насанд хүрээгүй гэрч Ж.Цэнд-Аюушийн өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэрт ээж аав С анги хөзөр тоглож байхаар нь тэрийг нь хараад байж байтал Б ах гаднаас орж ирээд хоёулаа усанд явах уу гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэрээс хамт гарсан. Бид хоёрыг гарах үед машины эргэн тойронд юу ч байгаагүй харин дүү урд дэнж дээр зогсож байсан. Тэгээд Б ах машинаа асаасан. Тэгээд Б ах машиндаа суугаад хөдлөх гэж байхад дүү урд дээрээс гулгах гээд байж байсан. Тэгээд л машин хөдөлсөн тэгтэл машины ард талд түг гэх дуу гарсан. Тэгээд хүүхэд уйлсан. Тэгтэл Б ах буугаад дүүг өргөж гэрт оруулаад хүүхдээ харахад яадаг юм бэ гэж хэлээд С аа хоёулаа Мандал оръё гээд шууд суулгаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх 48-49/,
Иргэний нэхэмжлэгч Б.Лхагвадоржийн өгсөн: “Миний хувьд уг хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Уг машиныг 2020 онд Улаанбаатар хотоос хүнээс худалдан авч байсан машин бөгөөд нэрээ шилжүүлээгүй байж байгаад саяхан шилжүүлж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 37-38/,
Шүүгдэгч М.Б-н өгсөн: “Би Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-өндөр 2-р баг Өвөр хангинах гэх газар эхнэр мөн нагац ах Жаргалынхтай айл мал маллаж амьдардаг. Н.Жаргал ах маань эхнэр Б.Даваа, хүү Ж.Цэнд-аюуш, охин Д.С , түүний 1 нас 8 сартай С.Ш охины хамт мал маллаж амьдардаг. Өнөөдөр 15 цаг өнгөрч байхад амьжиргаа цагаан буюу 27-58 УНЕ улсын дугаартай бага оврын ачааны машинаа асааж усанд явах санаатай дүү Цэнд-Аюушийн хамт Жаргал ахын гэрийн гадна зүүнээс баруун тийш харсан байдалтай байхад нь асааж хөдөлсөн. Намайг машинд суухад гэрийн гадна хүүхэд харагдаагүй. Өөдөөс нар туссан гэрээс машинд суухдаа уг нь ойр орчмыг хараад суусан. Тэгээд машинаа асаагаад эргэж буугаад машиныхаа эргэн тойрныг хараад Цэнд-Аюуш машинд суухаар нь машинаа хөдөлгөөд хий эргээд байхаар нь мостод нь залгаж өөд газар хүчтэй хөдлөөд эргэх гэтэл ард нэг юм туг хийх шиг чимээ гараад юм дайрагдах шиг болохоор нь зогсоод машинаас буугаад арагшаа харсан чинь дүү маань машины ард хэвтээд уйлаад байхаар нь тэвэрч аваад гэр лүү авч орсон. Дүүгийн чихнээс нь цус гарчихсан нэг сонин байгаад байхаар ээж С ынх хамт дүүгээ аваад сумын эмнэлэг рүү шууд явсан. Замд унтаад байгаа бололтой ээж нь тэврээд сумын эмнэлэгт хүргэж ирсэн. Тэгээд цагдаа дуудсан. Дүү маань тухайн өндөр хэсгээс доош канистр энээ тэрээ тавиад гулгадаг. Намайг гэрээс гарахад талийгаач гэртээ бууз идээд байж байсан. Тэгээд би гараад 3-5 орчим минут машинаа халаагаад хөдлөхөд бэлдэж байсан. Тэгж байгаад л хөдөлсөн энэ хооронд талийгаач гарч ирсэн эсэхийг би хараагүй. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Өөдөөс нар гялбачихсан байсан учраас харагдах боломжгүй байсан. Миний бодлоор бол хоол идэж байсан учир гэртээ байгаа байх гэж бодож байсан. Миний машин мостдоо хийхээр дуу гараад байдаг юм. Би тэр дууг л байх гэж бодож байсан. Тэгтэл ард хүүхэд уйлах шиг болсон юм. Уг машиныг надад манай өвөө Бадраа гэх хүнээс худалдаж авч өгч байсан. Нэрийг нь бол шилжүүлээгүй байгаа. Уг осол миний буруугаас болсон би маш их харамсаж байгаа. Би хайртай дүүгээ алдчихсан болохоор үнэхээр харамсаж байна. Анх 2019 оны машин аваад машин барьж сурсан. Тэгээд ойр зуурдаа барьж байгаад машины мотор нь болохгүй болсон тул нэг хэсэг машинаа унаж чадахгүй 2021 оны намар янзлаад тэрнээс хойш жолоодож байна. Гэрийн гадаа нэг ч хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 55-56, 123-124/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Цогцост хийсэн шүүх шинжилгээний шинжээчийн №51 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Амь хохирогч С.Ш-нцогцост хийсэн задлан шинжилгээгээр Гавлын орой яс баруун чамархайгаас баруун, зүүн зулайгаар хөндлөн дайрч зүүн чамархай хүрсэн хагас дугуй хэлбэрийн хөдлөн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай, дух, зүүн тал бөмбөлгийн зулай, дух хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун зүүн чамархай, дух, зулайн хуйхны дотор хэсэг, баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт, баруун шанаа, дух, дагз, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун шанаа, нүдний дээд зовхи, чих, дагз зулайд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр тухай хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Амь хохирогч С.Ш-нцогцост задлан шинжилгээ хийхэд архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Амь хохирогч С.Ш нь гавал, тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.” гэх /хх 89-90/,
Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад албан тушаалтай О.Өлзийжаргалын 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №02 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Carry маркийн 27-58 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. М.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна а/тухай тээврийн хэрэгслийг жолоодож эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, 10 дугаар зүйлийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. 2.2 Явган зорчигч С.Ш нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэв. 2.3.Тухайн зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзнэ. 2.4.Тухайн зам тээврийн осол нь жолооч М.Батболдтой замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс болж гарсан гэж үзнэ.” гэх /хх 96-97/,
Төв аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бүртгэлийн 598 дугаартай гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх 9/, Хэргийн газрын үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-17/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 18-20/, цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-24/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул эрүүгийн 2234001440183 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч М.Б-г гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч М.Б-дэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч М.Б-дял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч М.Б-дэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэх саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 3 жил тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг дурдав.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 25-78 улсын дугаартай Carry маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2234001440183 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн М-н Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч М.Б-н тэнссэн 3 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-н үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 25-78 улсын дугаартай Carry маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8.Эрүүгийн 2234001440183 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М. урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ