Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 287

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.К-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М төв /захирал И.Ж/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Б оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 1.Ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс болох 10695000 төгрөг, урамшуулал 300000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 696198 төгрөг нийт 11691198 төгрөг гаргуулах тухай.

2.Ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай.

Нэхэмжлэгч Х.К- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М төвд монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлаасаа халагдсан юм. Ажил олгогчийн ажлаас халах тухай шийдвэрийг хууль бус гэж үзэж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсанаар Улсын Дээд Шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/00072 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан монгол хэл уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоогдсон юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс болох 10695000 төгрөгийн цалингийн олговрыг гаргуулахыг хүсэж байна. Үүнээс гадна Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын дагуу нийт төсөв байгууллагад ажиллаж байгаа нийт төрийн албан хаагч нарт тус бүр 300000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнийг манай ажлын газрын бүх ажилчид авсан байна. Хэрэв би ажил олгогч намайг ажлаас хууль бусаар халаагүй байсан бол би энэ мөнгийг бас авах байлаа. Тийм учраас энэхүү 300000 төгрөгийг мөн хариуцагчаас нэмж нэхэмжилж байна. Түүнчлэн хуульд зааснаар ажил олгогч ажилтанд жил бүр ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно гэж зохицуулсан. Миний бие улсад 15 дахь жилдээ ажиллаж байгаа ба ажил олгогчоос буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж 2017 онд амралтаа биеэр эдэлж чадаагүй. Тийм учраас 2017 оны амралтын мөнгийг хариуцагчаас нэмж нэхэмжилж байна. 2017 оны амралтын мөнгийг тооцвол 696198 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 10995000 төгрөг, төрийн албан хаагчийн урамшуулал 300000 төгрөг, 2017 оны амралтын мөнгө 696198 төгрөгийг гаргуулан, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлст ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Х.К- шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд: Миний нэхэмжлэлтэй иргэний хэрэг урьд нь нэг удаа хойшлогдож байсан билээ. Миний хөлийн шөрмөс тасарч яаралтай хагалгаа хийлгүүлэхээр Улаанбаатар хотод ирээд байна. Эмч нарын урьдчилсан дүгнэлтээр 2018 оны 8 сар хүртэл эмчилгээ хийлгэх шаардлагатай юм байна. Нөгөө талаар миний сонгож авсан өмгөөлөгч С.Нургайып хүүхэд нь өвдөөд мөн эмчлүүлэхээр хотод ирсэн байна. Эдгээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр болох шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд шүүхээс хүсэх нь нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Хариуцагч М төвийн захирал И.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.К- нь 2017 оны 0№ дүгээр сарын 04-07-ны хооронд ажлын байраа дур мэдэн орхиж өөрийн хариуцлагагүй байдлаас болж ажлаас чөлөөлөгдсөн боловч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар 23-ны өдрийн 350 тоот дугаартай шийдвэр болон хяналтын шатны 2018 оны 01 дүгээр сарын  11-ний өдрийн 001/хт2018/00072тоот дугаартай шийдвэр нь илт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна. Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төв шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж Х.К-йг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр урд эрхэлж байсан Монгол хэл уран зохиолын багшийн эгүүлэн томилсон болно. Мөн нэхэмжлэгч Х.К- нь багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүргээ биелүүлж хичээл заах байтал ямар нэгэн зөвшөөрөлгүй ажил тасалж, өөрийн хариуцлагагүй байдлын улмаас ажлаас чөлөөлсөн байх тул Х.К-гийн нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин болон нэмэгдлүүдийг олгох боломжгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье  гэжээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг зохигчдод мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Х.К- өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул, мөн хариуцагч Баян-Өлгий аймаг дахь М төвийн захирал И.Ж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч өөрөө болон өмгөөлөгчийн эзгүйд, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-г үндэслэн хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан, мөн зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Шүүхээс зохигчдын  бичгээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Учир нь, М төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Х.К-йг Монгол хэл, уран зохиолын багшийн үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоож, нэхэмжлэгчийг М төвийн Монгол хэл, уран зохиолын багшаар эгүүлэн тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 23 өдрийн 350 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/00072 дугаар тогтоол тус тус хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Эдгээр шүүхийн хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн хариуцагч М төвийн захирлын 2018 оны 3 сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Х.К-йг тус төвийн монгол хэл, уран зохиолын багшийн үүрэгт ажилд эгүүлэн томилсон байна. 

Иймд 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Х.К-гийн 2017 оны 01 сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар “дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно” гэж заасан байх тул нэхэмжлэгч Х.К-гийн нэг сарын дундаж цалин хөлсийг 781525  төгрөг, мөн ажлын нэг өдрийн хөлсийг 36350 төгрөгөөр тус тус  тооцох нь зүйтэй байна.

/Хавтаст хэрэгт авагдсан НДД№А000164454 дугаартай Х.К-гийн Нийгмийн даатгалын дэвтрийн 2016 оны 10, 11, 12 саруудад төлсөн шимтгэлийн бичилтээр тооцоог гаргахад (2016 оны 10 сард 729125 төгрөг + 11 сард 796325 төгрөг + 12 сард 819125 төгрөг) : 3 сар = 781525 төгрөг нэг сарын дундаж цалин; нэг сарын дундаж цалин 781525 төгрөг : 21,5 ажлын өдөр = 36350 төгрөг нэг өдрийн хөлс/

Нэхэмжлэгч М.К- нь  2017 оны 01 сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаа буюу 13 сар 16 хоног ажилгүй байсан хугацааны олговор 10741425 төгрөгийг, мөн нэхэмжлэгч М.К- нь 2017 оны 01 сарын 09 өдрөөс 2018 оны 3 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан бол Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолд заасны дагуу авах ёстой 2017 оны төсвийн жилд төрийн албан хаагчид олгосон ажлын үр дүнгийн урамшуулал 300000 төгрөгийг тус тус авах ёстой болох нь нотлогдож байна. 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно” гэж зохицуулжээ. Ажилтанд олгох ээлжийн амралтын олговор нь ажиллаж байх үед авдаг цалин хөлстэй хамт олгогдохгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилсэн ажилтанд мөн энэ хугацаанд хамаарах ээлжийн амралтын олговрыг давхардуулан олгох үндэслэлгүй болно. 

Нэхэмжлэгч Х.К- нь 2017 оны тухайн ажлын жилд ээлжийн амралтаа эдлэх эрхтэй бөгөөд ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тухай нотлох баримт байхгүй байна. 

2.Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийг баримтлан нэхэмжлэгч Х.К-гийн 2017 оны 01 сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны  ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захиралд үүрэг болгох нь зүйтэй байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч М төвийн санхүүгээс 2017 оны 01 сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор 10741425 төгрөг, урамшуулал 300000 төгрөг, нийтдээ 11041425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.К-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 649773 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.К-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь М төв (захирал И.Жад)-д үүрэг болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Х.К-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ноогдох  улсын тэмдэгтийн хураамж 191613 төгрөгийг хариуцагч М төвийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Х.К-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11-ыг тус тус баримтлан хариуцагч М төвийн санхүүгээс 2017 оны 01 сарын 09 өдрөөс 2018 оны 3 сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор 10741425 төгрөг, урамшуулал 300000 төгрөг, нийтдээ 11041425 (арван нэгэн сая дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин таван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.К-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 649773 (зургаан зуун дөчин есөн мянга долоон зуун далан гурван) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.К-гийн 2017 оны 01 сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагч М төв (захирал И.Ж-д)-д үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.К-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202110 (хоёр зуун хоёр мянга нэг зуун арван)  төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М төвийн санхүүгээс 191613 (нэг зуун ерэн нэгэн мянга зургаан зуун арван гурван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.К-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Б.МАНГИЛИК