Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 393

 

 

 

 

 

 

 

 2019          4             30                                            2019/ДШМ/393                                                           

     

           Ч.Н- , Э.З- нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч Ч.Н- ын өмгөөлөгч С.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Н- ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Н- , Э.З- нарт холбогдох 1808000001501 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. А овгийн Ч-ын Н, .................сууж байсан, ял шийтгэлгүй, /РД:................/;

 

2. Т овгийн Э-ын З, .....................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД................./;

 

Ч.Н-  нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 08-09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хаан бууз” хоолны газарт унтаж байсан иргэн Н.Отгонбаатарын 96,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг S-3” загварын гар утсыг хулгайлсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр Э.З-тэй бүлэглэж, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 08-09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хаан бууз” хоолны газарт унтаж байсан иргэн Н.Отгонбаатарын халааснаас бэлэн 1,200,000 төгрөгийг хулгайлсан,

Э.З- нь Ч.Н- тай бүлэглэж, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 08-09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хаан бууз” хоолны газарт унтаж байсан иргэн Н.Отгонбаатарын халааснаас бэлэн 1,200,000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ч.Н- , Э.З- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Н- , Э.З- нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н- ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Э.Золзаяаг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н- , Э.З- нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хэрэг үйлдэгдэх үеийн бичлэг бүхий Сиди 1 ширхэг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн бичлэг бүхий Сиди 1 ширхгийг тус тус хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Н- , Э.З- нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, урьдчилан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Н- , Э.З- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Н-  давж заалдах гомдолдоо: “...Миний хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Анхан шатны шүүх хурал дээр тулгамдаад “утсыг нь авсан” гэж хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Тухайн үед З- бид 2 хохирогчоос мөнгийг нь авч, тэнцүү хувааж авахаар тохиролцож авсан нь үнэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Ээж, аав, төрсөн охины хамт ам бүл 4 амьдардаг, хотод ажил хийх гэж орж ирсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 8 дугаар баг, Рашаантын 10 дугаар гудамжны 101 тоотод оршин суудаг.

Миний бие Улаанбаатар хотод “Коулд Гоулд Монгол” ХХК-д кэмпийн туслах ажилтнаар ажилладаг бөгөөд уг ажлаар Төв аймгийн Заамар суманд 2018 оны 8 дугаар сарын 25-наас 2019 оны 11 дүгээр сарын 25-ныг хүртэл ажиллахаар болсон. Манай аав, ээж тэтгэвэрт байдаг. Би ажилд орж гэрээсээ ганцаараа ажил хийж, гэр бүлээ тэжээдэг. Анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биеэр эдлэхэд ажилгүй болж амьдралаа авч явдаг ажлаасаа гарахад хүрээд байна. Иймд миний хувийн байдал болон ажил хийдэг нөхцөл байдал, гэрээсээ ганцаараа ажил хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, надад нэг удаа боломж олгож өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Ч.Н- ын өмгөөлөгч С.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбратаа: “...Ч.Н- ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд /хх 9/ 1,200,000 төгрөг Э.Золзаяагийн биенээс гарч ирсэн. 96,000 төгрөгийн үнэ бүхий гар утас авсан нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болохгүй. Учир нь, хавтас хэрэгт бодит үнэлгээ нь 96,000 төгрөгөөр үнэлэгдсэн. ...” гэв.

 

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ч.Н-  эхлээд хохирогчийн гар утсыг нь хулгайлж, дараа нь Э.Золзаяатай бүлэглэн, хохирогч Н.Отгонбаатарын халааснаас 1,200,000 төгрөгийг нь хулгайлсан болох нь хавтас хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгээр тодорхой харагддаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Н- ыг гэм буруутайд тооцох хүртэл, гэм буруугийн асуудалд маргаж байсан. Ийнхүү түүний хувийн байдлыг харгалзан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ч.Н- ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 08-09 цагийн үед Ч.Н- , Э.З- нар бүлэглэж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хаан бууз” хоолны газарт унтаж байсан иргэн Н.Отгонбаатарын халааснаас бэлэн 1,200,000 төгрөгийг хулгайлсан болох нь:

 

хохирогч Н.Отгонбаатарын: “...хотод цуглуулсан мөнгө болох 1,200,000 төгрөг бэлнээр аваад нутаг буцахаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон автовокзал дээр унаанд суухаар ирж “Хаан бууз” нэртэй хоолны газар хоол идчихээд сууж байгаад түр зуур ширээ дэрлээд унтсан. Удалгүй босоод ирсэн чинь миний “Samsung S-3” загварын гар утас болон 1,200,000 төгрөг алга болчихсон байсан. Би тус хоолны газрын касснаас хоол авахдаа мөнгөө гаргаж ирж тоолоод буцаагаад баруун халаасандаа хийгээд гар утсаа гартаа барьж унтсан. ...” /хх 22-23/,

гэрч Ц.Алтансүхийн “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 07 цагийн үед, тэр орчим таксинд явдаг жолооч нартайгаа хамт хоолонд орж байсан. Бид нарын сууж байсан ширээний ард талын ширээнд сууж байсан 170 см орчим өндөртэй, ногоон өвлийн куртиктэй, хар өмд, хар пүүзтэй залуу Золоог “нааш ир” гэж дуудахаар нь Золоо очоод хамт юм ярьж сууцгаасан. Удалгүй “автобус ирлээ” гэхээр нь Золоогоос бусад жолооч гадагшаа гарцгаасан. Аагий гарах хаалганы баруун талын ширээний доор гар утас хэвтэж байсныг аваад “би гар утас оллоо” гэж хэлтэл Золоотой юм яриад сууж байсан ногоон өвлийн куртиктэй залуу гүйж ирээд “наадах чинь манай найзын утас, энд суугаад унтаж байгаа хүн чинь манай найз байгаа юм” гэж хэлээд цагаан өнгийн “Samsung S-3” загварын гар утсыг аваад явсан. ..Орсон чинь нөгөө унтаж байсан залуу ганцаараа сэрчихсэн байсан. Золоо, ногоон өвлийн куртиктэй залуу хоёр байхгүй байсан. Би очоод “яасан чиний нөгөө найз чинь гар утсыг чинь өгсөн үү” гэж асуутал нөгөө унтаж байсан залуу халаасаа нэгжиж байснаа “миний гар утас болон халаасанд байсан сая гаруй төгрөг алга болчихсон байна” гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгүүлээд удалгүй цагдаа нар ирсэн. ...” /хх 30-31/,

гэрч Д.Алтанхуягийн “...Алтансүх бид хоёр хаалга руу явж байтал хаалганы баруун талын ширээний доор цагаан өнгийн, мэдрэгчтэй ухаалаг утас байхаар нь тэр ширээн дээр унтаж байсан залуугийн утас гэж бодоод өгөх гэж байтал Золоог дуудаад хамт юм яриад сууж байсан ногоон куртиктай залуу цаанаас босож ирээд “Хөөе наад утсыг нь аваад ир, наадах чинь манай найзын утас” гэж хэлээд утсыг надаас авсан. Тэгснээ “хөөе” гэж зөөлөн дуудах шиг болсон. Буцаад орсон чинь Золоо, ногоон куртиктай залуу хоёр байхгүй. Унтаж байсан залуу босож байсан. “Найз чинь яасан бэ, гар утсыг чинь өгсөн үү” гэсэн чинь халаасаа ухаж байснаа гар утас, сая гаруй төгрөг алга болчихсон байна” гэж бөөн юм болсон. ...Хоолны газарт болсон асуудлын дараа ойролцоогоор нэг цагийн дараа Золоо, нөгөө үл таних өндөр залуутайгаа явж байгаад ирээд миний машинд суучихсан. Би тэр хоёрт “Та хоёр хүний мөнгө аваад хаашаа явчихдаг юм, цагдаа нар хайгаад бөөн юм болж байна” гэсэн чинь Золоотой хамт явж байсан залуу нь “бид хоёр мөнгийг нь тэнцүү хуваагаад авчихсан” гэж хэлсэн. “Одоо очиж мөнгийг нь өг” гэхэд тэр хоёр гараад явсан. ...” /32-34, 103/,

гэрч А.Эрхэсийн “...Би тус өдөр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнээр ажиллаж байсан. 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хаан бууз” нэртэй хоолны газарт “гар утас болон сая гаруй төгрөг хулгайд алдагдлаа” гэсэн дуудлага ирээд бүрэлдэхүүний хамт очиж хэргийн газарт үзлэг хийгээд, камерын бичлэгийг шүүхэд хар малгайтай, цагаан судалтай хар куртиктэй, хар өмд, улбар бараан шар гуталтай, 160 см орчим өндөртэй, 40 орчим насны эрэгтэй, хоёр дахь нь ногоон өвлийн куртиктэй, хар өмд, хар пүүзтэй, 170см орчим өндөртэй, 40 орчим насны эрэгтэй хоёр хүн тус хоолны газарт унтаж байсан эрэгтэйн гар утас, бэлэн мөнгийг авсныг илрүүлээд тухайн газраар холбогдогч этгээдүүдийг эрэн сурвалжилж, гүйцэтгэх ажиллагаа хийж нэг холбогдогч этгээдийн машиныг олоод машиных нь гадаа ойролцоогоор нэг цаг хүлээсний дараа ирж явааг хараад барьж авч, биед нь үзлэг хийхэд хар куртиктэй эрэгтэйгээс 1,200,000 төгрөг, ногоон куртиктэй эрэгтэйгээс “Samsung S-3” загварын гар утас гарч ирэхээр нь цагдаагийн хэлтэс рүү хүргэж ирсэн. ...Хоёул хоёулаа гар утас авсан, мөн мөнгөө хувааж авсан талаараа бүх зүйлээ ярьж хэргээ хүлээн зөвшөөрч байсан. ...” /хх 104-105/,

шүүгдэгч Э.Золзаяагийн “...30 орчим насны эрэгтэй хүн гараа дэрлээд ширээн дээр унтаж байсан. ...Жолооч нарын нэг нь нөгөө гараа дэрлээд унтаж байсан залуугийн хажуухнаас нь “утсаа энд орхичихож” гэж хэлээд цагаан өнгийн “Samsung S-3” загварын гар утсыг гартаа барьсан чинь Ч.Н-  очоод “наад залуутай чинь би хамт явж байгаа юм, алив надад гар утсыг нь өгчих” гэж хэлээд авсан. ...Н-  намайг “тэр харагдаж байгаа мөнгийг нь авчих” гэхээр нь би халаас руу нь гараа хийсэн чинь багц зузаан мөнгө гарт баригдсан. ...Би мөнгийг аваад халаасандаа хийгээд Н-  бид хоёр хоолны газраасаа гарцгаагаад булан тойрч гүйгээд нэг буланд очиж зогсоод мөнгийг нь тоолоход 1,200,000 төгрөг байсан. Н-  бид хоёр мөнгийг нь тэнцүү хувааж авсан. ...” /хх-46-47/,

шүүгдэгч Ч.Н- ын “...Тэр дундаас өмнө нь хамт архи уугаад танилцаж байсан ах болох Золзаяаг хараад би дуудаж, бид хоёр юм ярьж суусан. Ширээ дэрлээд унтаж байсан 30 орчим насны эрэгтэйн хөлд нэг цагаан өнгийн гар утас уначихсан байхыг хараад байж байтал, жолооч ах нарын нэг нь утсыг тонгойж аваад “Энд нэг утас уначихсан байна” гэхээр нь би очоод “манай найзын гар утас” гэж хэлээд халаасандаа хийчихсэн. Жолооч ах нар бөөнөөрөө гарахаар нь би З- ахыг дуудаж үлдээгээд бид хоёр юм ярьж байгаад гарахаар болоод босоцгоосон. З- ах нөгөө унтаж байсан залуу дээр очоод халааснаас нь мөнгө авчихсан. Бид хоёр хамт гараад булан тойрч гүйгээд ард талынх нь байрны мухарт очоод тоолтол 1,200,000 төгрөг байсан. Бид хоёр мөнгөө тэнцүү хувааж аваад тэр хавийн нэг буудалд тухлангаа ганц хоёр шил архи ууя гэж бодоод нэг буудалд ороод хоорондоо ярилцаж мөнгөө буцааж нийлүүлээд эргүүлж өгөхөөр Драгонд ирсэн. Тэгээд цагдаад баригдсан. ...” /хх 56-58/ гэх мэдүүлгүүд,

 

“Дамно” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн СХЗ-18-646 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө /“Samsung S-3” загварын гар утас/ нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 96,000 төгрөгөөр үнэлэгдэв. ...” гэсэн тайлан /хх 37-38/,

“...Ч.Н-  гэж өөрийгөө танилцуулсан эрэгтэйн халааснаас Samsung S-3 загварын гар утас, өөрийгөө Э.З- гэж танилцуулсан хүний халааснаас 1.200.000 төгрөг тус тус гарч ирснийг хураан авав...” гэсэн хүний биед нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх 9/,

“Samsung S-3” загварын цагаан өнгийн гар утас, бэлнээр 1,200,000 төгрөгийг Н.Отгонбаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхийн Ч.Н- , Э.З- нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.  

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Ч.Н- , Э.З- нарын ширээ дэрлэн унтаж байсан иргэн Н.Отгонбаатарын халааснаас бэлэн 1,200,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Харин шүүгдэгч Ч.Н- ын Н.Отгонбаатарын 96,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung S-3” загварын гар утсыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “...“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг...” гэсэн хэмжээнд буюу бага бус хэмжээ болох 300,000 төгрөгт хүрэхгүй байгаа буюу Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцох хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэ талаар зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Н-  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэсэн ялын төрлөөс анхан шатны шүүх Ч.Н- , Э.З- нарт сонгон оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, түүний хэмжээ нь шүүгдэгч Ч.Н- , Э.З- нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруу, тэдний хувийн байдалд тохирсон байгаагаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх...”  зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд Ч.Н- ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч Ч.Н- ын хохирогч Н.Отгонбаатарын “Самсунг S-3” загварын гар утсыг хулгайлж, 96,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Н- ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ