Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/246

 

 

 

 

 

 

 

 

 

     2022             6                  06                                                       2022/ШЦТ/246

 

                                          

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,  

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,

  Шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Ц-н М-т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "Т З Х" нөхөрлөлд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034005690550 дугаартай, 2 хавтаст хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Боржигон Цэгмидийн М , 1986 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ашигт малтмалын баяжуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг Заамар сум 4-р баг төвийн 4-р хэсгийн 1-р гудамжны 8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НН86052579 регистрийн дугаартай.

 

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, "Т З Х" нөхөрлөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Ц.М  нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр  багийн нутаг “Баянгол” гэх орон нутгийн тусгай хэрэгцээний 956 м2 /1га/ газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 4 913 316 төгрөгийн хохирол учруулсан,

 Хуулийн этгээд "Т З Х" нөхөрлөл нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр  багийн нутаг “Баянгол” гэх орон нутгийн тусгай хэрэгцээний 956 м2 /1га/ газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 4 913 316 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Энэ нь эрүүгийн 2034005690550 дугаартай хэрэгт авагдсан  

  Шүүгдэгч Ц.М ийн яллагдагчаар өгсөн: “Би гэрээнд заагдсан солбицол дээр ухаж үзээд ухаад алт гарахгүй болохоор нь өөр газар ухсан. Тэгээд мөн ухсан газраас алт гарахгүй болохоор хамаг техник хэрэгслээ зогсоож хүмүүсээ  амраасан. Би 20-30 машин шороо татсан, яг хэдэн тонн татсанаа мэдэхгүй байна.” гэх /хх 29/,

 “2018 онд нөхөрлөл байгуулж уул уурхайн чиглэлээр ажиллах санаатай "Тосон заамарын хишиг" нөхөрлөлийг анх байгуулж байсан. Би өөрөө байгуулсан учраас гүйцэтгэх удирдлага дээр нь байдаг. Нөхөрлөл байгуулахад тус сумын иргэд дандаа байх ёстой гэсэн шаардлага тавьж байсан учраас тухайн үед сумандаа харьяалал бүхий 8 иргэний бичиг баримтыг олж Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж байсан. Тэр үед иргэдээс бичиг баримтыг нь авахдаа нөхөрлөл байгуулна гэдэг талаар хэлсэн болохоос үйл ажиллагаа явуулна гэж хэлээгүй. 2018, 2019 онуудад үйл ажиллагаа явуулаагүй учраас манай нөхөрлөлийн гишүүд бараг ийм нөхөрлөлд байдаг гэдгээ ч мэдэхгүй байгаа. Анх би Баянгол гэх газарт очиж үйл ажиллагаа явуулахаас эхлээд бүх үйл ажиллагааг нөхөрлөлийн гишүүд мэдэхгүй байгаа. Би нөхөрлөл байгуулах үедээ сумын иргэн гэсэн утгаар хүнээс асууж байгаад дам дамандаа хүмүүсийн бичиг баримтыг авчирч өгч бүртгүүлсэн. Тэдгээр хүмүүс ихэнх нь хөдөө мал маллаж амьдардаг иргэд байгаа. Зарим нь ч манай хамаатнууд байдаг. Би гэрээ хийсэн газраа 5-6 хоног ухаж үзээд дараа нь энэхүү хууль бус гээд байгаа газраас 2 хоног зөөх гэж үзсэн. Эхний өдөр зөөх гэсэн боловч ковш нь эвдрээд ухаж чадаагүй дараагийн өдөр сайн ухаж чадаагүй учраас тэгээд орхисон байсан. Би ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бүх зүйл зогсчихсон зогсонги байдалтай байхад цагдаагийн алба хаагч нар ирээд энэ газрыг хэн ухсан гэхээр нь би ухсан гээд үнэнээ хэлсэн. Тухайн үед ажиллаж байсан техникүүдэд миний эзэмшлийн юм байхгүй. .. УНМ улсын дугаартай Хова маркийн тээврийн хэрэгслийг цагийн 25 000-30 000 төгрөгний хооронд 3.Мөнхтулга гэдэг залуугаас түрээсээр авчирч ажиллуулж байсан. Авчраад ажиллах гэсэн боловч ажиллаж чадахгүй зогсож байсан. ..УБ улсын дугаартай Ковш маркийн тээврийн хэрэгслийг цагийн 25 000 төгрөгөөр түрээслэх гэж авчирсан боловч ажилд гардаг өдрийн өглөө моторыг нь зууруулчихсан. Энэ машин ажилд ерөөсөө гарч чадаагүй эвдэрхий ковш байгаа. 60-11 УБХ улсын дугаартай машиныг шалгалт ирлээ гэхээр нь урьд өдөр нь манай гэрийн хажууд манайхтай гэрээ хийсэн Хованы эзэн Мөнхтулга авчраад тавьсан юм байна лээ. Уг машин манай дээр ажиллагаагүй. Харин 60-64 УНТ улсын дугаартай Маяти машиныг эвдэрсэн 32-38 УБ улсын дугаартай Ковшны эзэн мотор болон бусад сэлбэгийг ачиж авчраад машинаа янзалж байсан юм уг машиныг өөрөө унадаг юм байна лээ. Ямар ч алт гараагүй. Би цагдаад баригдах үед үйл ажиллагаа явуулж байгаагүй зогсчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх 4-7/,

  Шүүхийн хэлэлцүүлэгт: "Нөхөрлөлийн нэрийн өмнөөс бус би өөрөө хувиараа явж байгаад баригдсан. Нөхөрлөлийн хүмүүс ямар ч хамаагүй." гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б.Буяннэмэхийн өгсөн: “Экологийн цагдаагийн алба нь хяналт шалгалт хийх төлөвлөгөөний дагуу 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар суманд бичил уурхайгаар ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд болон нөхөрлөл, хувь хүмүүсийн үйл ажиллагааг шалгаж ажилласан. Ингээд Заамар сумын Баянгол гэх газарт үйл ажиллагаа явуулж байгаа М  гэж хүний нөхөрлөл буюу кемп дээр ирж нөхөрлөлийн ахлагч М-г  “та өөрийн үйл ажиллагаа явуулахаар гэрээ хийсэн бичиг баримтаа үзүүлнэ үү” гэхэд ямар нэгэн зөрчил байгаагүй. Yүний дараа "та өөрийн ашигт малтмал олборлосон талбайгаа зааж өгнө үү” гэхэд 1 газар аваачсанаа "би энэ газраас олборлоогүй ил гаргасан шороо угаасан" гэхээр нь солбицол цэг оруулж үзэхэд өөрийнх нь гэрээ хийсэн газар биш байхаар нь таны газар биш байна гэхэд "за за үнэнээ хэлье”, "манай сумаас зааж өгсөн солилцлын цэгтэй талбай нь гуу жалгатай, уснаас хол тэндээс зөөвөрлөхөд хэцүү зардал их гарахаар байсан учраас эндээс зөөвөрлөсөн юм аа” гээд хууль бус ашигт малтмал олборлосон өөрийн газраа зааж өгсөн. Тухайн газар солбицол оруулж үзэхэд хууль бус газар байсан бөгөөд би хэргийн үзлэг хийж 8 цэг авсан. Үзлэг хийсэн газрыг тухайн үед М  энэ миний шороо авсан газар гээд өөрөө зааж өгч байсан. Бид нар шалгалтаар очиход тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан бүх нөхөрлөл компаниуд шалгалт ирсэн гэдгийг сонсоод үйл ажиллагаагаа зогсоосон байдалтай байсан. Түмэнбаяр гэдэг мөрдөгч мэдүүлэг авч байсан тэр хүнд хэлсэн байх надад яг энэ талаар хэлээгүй, миний тухайд үзлэг хийсэн. Хойноос урагш чиглэлтэй газрын хөрсийг налуу ухсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх 47/,

            Гэрч Э.Түмэнбаярын өгсөн: “Би Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн II тасагт эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байгаад 10 дугаар сарын 15-ны өдрөөс Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт мөрдөгчөөр ажиллаж байна. 2020 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг Баянгол гэх газарт "Тосон заамрын хишиг" нөхөрлөлийн 20 хувийн хувьцааг эзэмшигч Ц.М  нь хууль бусаар ашигт малтмал олборлож байсан газар очиж шалгалтын ажиллагааг явуулсан байдаг. Тухайн үед манай албанаас Төв аймгийн Заамар суманд ажиллах болоод  3 хэсэг ажлын бүрэлдэхүүн гараад би нэг ажлын хэсгийг ахалж Заамар сумын Баянгол гэх газарт хэд хэдэн газруудад хууль бусаар алт малтмал олборлож байгаад иргэн болон аж ахуйн нэгжүүдийг шалгасан. Тэр дунд "Тосон заамрын хишиг" гэх нэртэй компани байсан түүний захирал М  гэж хүн байсан. Тухайн газар нь хэргийн газрын үзлэгийг манай мөрдөгч ахмад Буяа хийсэн. Би хүмүүсээс нь гэрчийн мэдүүлэг авсан, гэрчийн мэдүүлэг авахад гэрчийн эрх, үүрэг тайлбарлаж өгсөн. М  гэх залуу өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэж байсан. Тухайн үед М  гэх залуу үйл ажиллагаа явуулж байсан газраа манай зөвшөөрөлтэй газар биш бид нар өөр газраас шороо авчирч усан буун дээр угааж байна гэж хэлээд манай цуг явсан мөрдөгчид ухаж байсан газраа зааж өгч хэргийн газрын үзлэг хийлгэсэн. М  хэлэхдээ орон нутгаас өгсөн газраас алтны гаралт муу болоод өөр газраас ухаж шороогоо зөвшөөрөлтэй талбай дээрээ угааж байна гэж ярьж байсан. Би хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд М   гэх хүнийг дарамталж эрүү шүүлт тулгаж мэдүүлэг авах шаардлага байхгүй. М  гэх хүний техник хэрэгслүүд ажиллаж байсан болохоор шалгасан, өөрийнх нь ярьсан зүйлийг л мэдүүлэгт тусгасан өөрт нь уншуулж, өөрөө гарын үсэг зурсан, миний зүгээс дарамталж эрүү шүүлт тулгасан асуудал байхгүй. Мөн гэрийнх нь гадаа экскаватор том оврын тээврийн хэрэгслүүд байсан. Эвдэрсэн гээд хүмүүс янзалж байсан. Хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газрыг М  өөрөө явж зааж өгсөн надтай хамт явсан мөрдөгч заалгаж хэргийн газрын үзлэг хийсэн.” гэх мэдүүлэг /хх 50- 51/,

  Иргэний нэхэмжлэгч Г.Ган-Очирын өгсөн: “2017 оны 10-р сарын 02-ноос одоог хүртэл Заамар сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Би Ц.М-г  2019 оноос эхэлж танина. Нэг суманд байдаг болохоор таньдаг. Тосон хишиг нөхөрлөл нь 2020 оны 5 сарын эхээр Заамар сумын засаг даргатай бичил уурхай эрхлэх гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тосон хишиг нөхөрлөлийг Заамар сумын засаг даргатай гэрээ байгуулахад бичил уурхай эрхлэх боломжтой буюу ашигт малтмал газрын тосны газраас ирсэн дүгнэлтэд заасан газар дээр сумын засаг даргатай байгуулсан гэрээнд заасан солбицол бүхий газрыг зааж өгсөн. Тухайн газраас өөр газар бичил уурхай явуулах зөвшөөрөл олгоогүй. Гэрээнд заасан хугацаанд  тийм зөвшөөрөл олгоогүй. Гэрээнд заагдсан газар үйл ажиллагаа явуулахыг сануулсан. Тэгээд би 6 дугаар сарын 07-ны өдөр очиход үйл ажиллагаа явуулаагүй байсан. 8-р сарын эхээр шалгалтаар очиж шалгахад Т З Х нөхөрлөл нь 3 гэр, 1 экскаватор, 1 хово, 1 ковш тус тус авчирчихсан үйл ажиллагаагаа эрхлэх гээд байж байсан. Тухайн хууль бусаар малтмал эрхэлсэн нөхөрлөлд хуулийн дагуу арга хэмжээ авч учирсан хохирлыг төлүүлж өгнө үү. ” гэх мэдүүлэг /хх 27-28/, 

  Гэрч Г.Ганзоригийн өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс одоог хүртэл Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Өмнө нь Заамар сумын Хаан банканд ахлах теллер ажил хийж байсан. Миний хариуцан ажиллаж байгаа газар нутаг нь Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэр байгаа. Ажлын чиглэл гэвэл байгаль орчны багц хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор ан амьтан, ой, мод бэлчээр, хөдөө аж ахуй уул уурхай, гол ус, газрын хэвлий зэрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй компани, нөхөрлөл, иргэдийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаад хяналт тавина, эдгээртэй холбоотой мэдээ судалгааг нэгтгэж гаргадаг. Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг Баянгол гэх газар нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа “Тосон заамарын хишиг” 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газраас 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 7/5981 дугаар дүгнэлттэй талбайд бичил уурхайн гэрээ байгуулсан. Тэрнээс хойш 2020 оны 6 дугаар сарын 29-ны өдөр уг нөхөрлөлийн үйл ажиллагааг шалгахад 3 гэр, 1 ковш, 2 Хово, 1 экскаватор, 1 усан буу авчирсан байсан. Тэгээд гэрээнд заасан талбайдаа үйл ажиллагаа явуулна гээд усан буугаа угсарч байсан. Дараа 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хяналт шалгалтаар явахдаа шалгахад усан буу нь ажилласан гэрээтэй талбайгаасаа шороо зөөж буудсан байдалтай байсан боловч нөхөн сэргээлтээ хийгээгүй байсан учир нөхөн сэргээлтийг хийх талаар албан шаардлага өгсөн. Анх гэрээ байгуулахад Тосон Заамарын нөхөрлөлийн ахлагч М  нь усан буугаа байрлуулах газраа олоогүй байсан учир нь гэрээнд дараа оруулахаар зайг нь хоосон орхисон юм. Тосон заамарын хишиг нөхөрлөлийн ахлагч Ц.М т уг газрыг нь Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн албан тоотын дагуу газарт нь очиж зааж өгсөн. Уг солбицолд заасан газрыг Тосон Заамарын нөхөрлөлд зааж өгөөгүй. Надад гэрээнд заасан газраас өөр газар үйл ажиллагаа явуулж байгаа талаараа мэдэгдээгүй. Мөн дахин гэрээ хийгээгүй. Ер нь бол гэрээнд заасан.” гэх мэдүүлэг /хх 34-35/,

  Гэрч Б.Гарамрагчаагийн өгсөн: “Би 2020 оны 8 дугаар сарын 12-нд ирсэн. Экскаватор бариад газар шорооны ажил хийхээсээ өмнө амралтын байдалтай байна. Хойд талаас угаагдсан баяжмал шороог хова маркийн машинуудад ачиж өгсөн. Нийт 10 машин шороо ачиж өгсөн.” гэх мэдүүлэг /хх 30/,

  Гэрч Э.Төрболдын өгсөн: “Би уг газар ковш барьдаг. Мөн 2 хоногийн өмнөөс эхэлж энд ажиллаж эхэлсэн. Ирснээсээ хойш ажил хийгээгүй манай ковш эвдрээд гарч чадаагүй.” гэх мэдүүлэг /хх 31/,

  Гэрч З.Баасанбатын өгсөн: “Би найз дээрээ алт ухалцаж ажиллах гэж ирээд 1 сар болж байна. Би ирснээсээ хойш 3 удаа усан буу ажиллуулж 30 гаран машин шороо угааж 10 гаран грамм алт олборлосон. Кемп байгаагийн хойд талын овгор шорооноос татсан. Манай найз М ийн гэрээ хийж авсан газар гэсэн. Зөвшөөрөлгүй талбайгаас шороо татсан талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 32/,

            Гэрч З.М-нөгсөн: “6011 УБХ улсын дугаартай Хова буюу Синторик машиныг 2016 оны орчим, .. УНМ маркийн Хова буюу Синотрак машиныг 2019 онд хүнээс худалдаж авсан. Ингээд уг хоёр машиныг түрээсийн буюу цагийн зарчмаар түрээсээр авъя гэсэн иргэдэд түрээсэлдэг. Заамар сумын Баянгол гэх газарт бид нарын нэрлэдгээр горьдлого буюу цагийн ажил хийхээр тээврийн хэрэгслүүд эгнээд зогсдог. Ингээд зогсож байхад бичил уурхай эрхлэгч нар хүрч ирээд машинаа ажилд явуулаач цагийн 25 000 төгрөг 10 цаг явахад 50 литр түлш өгнө гээд авч явдаг. Он сар өдрийг нь сайн санахгүй байна. 2020 оны 8 дугаар сарын 10-д гарч байхад М  /өндөр Зоригоо хочтой/ хүрч ирээд надтай уулзсан. Уулзахдаа цагийн ажилд 2 машинаа явуулаад өгөөч ханшаар нь авъя гэхээр нь надад 2 жолооч байхгүй 1 жолооч байна гэхэд за за тэгвэл 1 машинаараа явъя гэхээр нь би өөрөө .. УНМ улсын дугаартай Синотрак Хова машинаа М ийн бичил уурхай дээр аваачиж тавьсан. Би .. УНМ улсын дугаартай машинтай ажилдаа гармаар байна хэзээ гарах вэ гэсэн чинь Ковшо янзалчхаад зөөврөө хийнэ гэхээр нь сул зогсолтын мөнгө яах юм вэ би цагийн 25 000 төгрөгөөр бодож мөнгө авмаар байна гэхэд эхний хоёр хоногтоо өгнө гэж байснаа 3 дахь хоног дээр ковшо янзлаад болоогүй юм шиг байхаар нь Ар уртын бригад руу будааны ажилд явах гээд машинаа янзалж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн. Урд талын уурхай гээд байгаа нь хоорондоо 100 орчим метр зайтай л байсан. Тэнд бас хүмүүс үйл ажиллагаа хүмүүс явуулж байсан. Би урд талын уурхайд 6011 УБХ улсын дугаартай машинаа явуулна гэж ярьж байсан боловч жолооч тухайн үед олдоогүй. М ийн уурхайд .. УНМ Синотрак явах байсан учраас нэг машинаа харах зорилгоор М ийн уурхайд авчраад харж байсан. Би тэнд 3 хоног л сул зогссон гэдгээ мэдэж байна. Би .. УНМ улсын дугаартай машинаар зам засах зорилгоор нэг машин шороог машин зогсож байсны яг ард талаас ачаад кемпийн яг ард талд нь буюу ус тогтоод байсан газар асгасан. Би таны харуулж байгаа газраас машинаар шороо зөөгөөrүй ээ. Би .. УНМ улсын дугаартай машинтай 3 хоног сул зогссон. Цагаар ажиллах гэрээ бичгээр үйлдээгүй амаар яриад л тохирсон. Ер нь уул уурхай ажиллуулж байгаа юм чинь зөвшөөрөлтэй байлгүй дээ л гэж бодсон. Анх машинаа түрээсээр явуулахаар тохирч байхдаа 20 000 билүү 25 000 төгрөгийг тамхи, ус ундааны мөнгө хэрэгтэй байна гээд авсан өөр мөнгө аваагүй.” гэх мэдүүлэг /хх 36-37/,

            Гэрч Ж.Нарандашийн өгсөн:Ц.М  нь хүмүүстэй нийлээд хувиараа юм хийгээд явдаг. 2019 онд М  нь Төв аймаг орж бичиг баримт авна гээд байхаар нь ямар учиртай талаар асуухад нөхөрлөл байгуулж байгаа гэсэн зүйл ярьж  байсан. 2020 оны зун М  нь байгуулсан нөхөрлөлөөрөө Төв аймгийн Заамар суманд нөхөн сэргээлтийн ажил хийж байгаа гэж байсан. Яг хэзээнээс эхэлсэн болон ямар газарт хийж байгаа талаар мэдэхгүй байна. М т өөрийн гэсэн хөрөнгө байхгүй. Одоо Төв аймгийн Заамар суманд манай төрсөн ахын хашаанд монгол гэрт амьдардаг.” гэх мэдүүлэг /1 хх 45/,

            Гэрч Ц.Мөнхбаатарын өгсөн: “Найзууд их олонтой юм шиг байна лээ. Төв аймгийн Заамар сумын залуучууд бүгд нэг нэг нөхөрлөл байгуулаад нөхөн сэргээлт болон нөхөрлөлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж сонсож байсан. М  яг хэзээнээс гэдэг талаар мэдэхгүй байна хувиараа нөхөрлөл байгуулаад ажиллаж байгаа гэдгийг сонсож байсан. Би 2000 оноос Заамраас гарснаас хойш тийшээ нэг их холбоотой байдаггүй.” гэх мэдүүлэг /хх 46/,

           Гэрч Ш.Эрдэнэчулууны өгсөн: “Би Лонкинг маркийн Ковш машиныг Монгол улсаас 2011 онд шинээр нь худалдаж авсан. Ингээд бүртгүүлээд ..УБ улсын дугаар авсан. 2011 оноос хойш түрээсээр ойр зуурын ажил хийж байгаад 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр М  гэдэг Төв аймгийн залууд 42 000 000 төгрөгөөр худалдсан. Зараад өөрийнхөө мөнгийг Хаан банкны 5024273259 дугаарын дансаар 42 000 000 төгрөгийг шилжүүлж авсан. Надаас машин худалдаж авсан хүмүүс мөнгө шилжүүлчхээд дараа нь хүрч ирж нэрээ шилжүүлж авна гээд явсан. Тухайн үед гap утас руу нь залгахад гэрчилгээ нь хөдөө байгаа гэрчилгээг нь авчраад нэрээ шилжүүлж авна гэж хэлээд өдийг хүрч байна.” гэх мэдүүлэг /хх 38/,

          Гэрч Н.М ийн өгсөн: “2016 оноос Ковш худалдан авч түрээсээр иргэдтэй тохиролцож ажил хийлгэх болсон. ..УБ улсын дугаартай Лонкинг маркийн Ковш машиныг Эрдэнэчулуун гэдэг хүнээс 2017 оны 7 дугаар сард 42.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед надад мөнгө байгаагүй учраас ахаасаа зээлээд өгч байсан. Tүүнээс хойш хувь хүмүүстэй тохирч энэ Ковшоор ажил хийлгэдэг байсан. ..УБ улсын дугаартай Лонкинг маркийн Ковш машиныг өөрийн Төв аймгийн Заамар сумын Шижир алт тосгонд ахынхаа хашаанд янзалж байхад манай нутгийн М  гэдэг залуу хүрч ирээд Ковшо ажиллуулаад өгөөч гэхээр нь энэ машин эвдрээд удаж байгаа одоо янзалж байна чи ажиллуулаад үз болж байвал үнэ хөлсөө дараа нь тохиръё гэж хэлсэн. 2020 оны наадмын дараа 8 дугаар сард машиныг аваад явсан. Миний машиныг авч явсны дараа маргааш өглөө нь над руу залгаад ажилд гарах гэсэн боловч машин чинь болохоо байлаа ирж үз гэхээр нь очиж үзсэн чинь мотор нь зуурчихсан байсан. Ингээд би моторыг нь болон бусад зүйлийг нь үзээд хэд хоносон. Ингээд би 9 дүгээр сард очиж машинаа авсан чинь өөдөөс чиний ковш нэг ч ажиллаагүй цагдаа нар ирээд асуудалд орсон гэдэг зүйлийг л хэлж байсан. Миний ковшний мотор нь зуурчихаар тос масло, сэлбэг зэргийг нь зөөх зорилгоор ахынхаа машиныг унаад явж байсан юм. Уг машинаас эвдэрсэн ковшоо янзлах зорилгоор л унаж байсан болохоос уул уурхайд ашигласан зүйл байхгүй. Миний машин очоод өглөө нь мотор нь зуурчихсан. Тэнд очоод ажилд гарч чадаагүй, жолооч нь ч тэр талаар хэлсэн байх. Би М оос мөнгө аваагүй бас гэрээ байгуулахаар ажил хийх чадаагүй. Би 2017 оны 7 дугаар сард 42 000 000 төгрөгөөр худалдаж авсан боловч нэрээ шилжүүлж аваагүй. Одоо хүртэл уг хүний нэр дээр байгаа. Гэхдээ би машиныг өөрөө албан ёсоор худалдаж авч эзэмшиж байгаа.” гэх мэдүүлэг  /хх 40-41/,

             Гэрч С.Баасанбатын өгсөн: Одоогоос 3 жилийн өмнө миний танил М  иргэний үнэмлэхээ өгөөч нөхөрлөл байгуулах талаараа хэлсэн. Тэгээд би элдэв зүйл бодолгүй иргэний үнэмлэхээ өгөөд явуулсан. Миний иргэний үнэмлэхийг М  удалгүй авчирч өгсөн. Гэтэл өчигдөр буюу 2020 оны 10-р сарын 08-ны өдөр цагдаагаас над руу ярьсан. Би нөхцөл байдлыг ойлгоогүй учраас М оос болсон асуудлыг тодруулан, намайг нөхөрлөлд хувь эзэмшдэг, мөнгө хувь ашиг авсан талаар асуухад М  чи ямар ч мөнгө төгрөг аваагүй гэдгээ цагдаа дээр очоод үнэнээ хэлээрэй гэсэн. Миний хувьд М т итгээд иргэний үнэмлэхээ өгч явуулсан болохоос ямар нэг нөхөрлөлд хувь эзэмшдэг, ашиг орлого олсон зүйл байхгүй. Ер нь Заамар суманд тухайн үед нэлээн олон хүн нөхөрлөл байгуулна гээд хүмүүсийн бичиг баримтыг асуугаад яваад байгаа харагддаг байсан. М ийн хувьд бид 2 нэг нутгийн хүмүүс бөгөөд 10 жилийн сургуульд байхад манай дээд ангийн хүүхэд байсан. Надад М  ашиг, хувь гэж мөнгө төгрөг өгсөн ямар ч асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 43/,

          Гэрч Н.Хишигжаргалын өгсөн: “Би Заамар суманд амьдардаг. Одоогоос 2-3 жилийн өмнө манай сумын иргэд нөхөрлөл байгуулаад байсан. Тухайн үед М  нь нөхөрлөл байгуулах гэсэн юм гээд миний бичиг баримтыг хуулбарлаад авч байсан. Тэгээд нөхөрлөлд орсон юм шиг байгаа юм. Гэхдээ М-г  нөхөрлөлийн үйл ажиллагааг явуулж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Би М-г  ямар үйл ажиллагаа явуулж байсан талаар мэдэхгүй байна. М  нь нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа гээд л байдаг байсан. Би М ийн нөхөрлөлийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй. Тийм болохоор ашиг хүртсэн болон хөрөнгө оруулалт оруулсан зүйл байхгүй. Миний бичиг баримтыг М  хуулбарлаж авч явсан.” гэх мэдүүлэг /хх 44/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18/, Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2020.9.04-ний өдрийн №1/72 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 55-83/, Тод үнэлгээ ХХК-ийн №1/451 дугаартай үнэлгээний тайлан /хх 89/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг шүүх хуралдаанд: "Хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийгдээгүй тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэн хэргийг прокурорт буцаалгах. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 87 дугаартай Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн магадлалаар нотолбол зохих нөхцөл байдлыг нотолж чадаагүй гэдэг үндэслэлээр буцаасан. Энэ хугацаанаас ямар ч  ажиллагаа хийгдээгүй. Өмгөөлөгч миний хүсэлтийг хүлээж авч шийдвэрлээгүй, хүсэлт нь хэрэгт байхгүй болчихсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хуулийн этгээдийг төлөөлөх хүн нь тухайн хэргийн яллагдагч бол төлөөлж болохгүй, гэтэл энэ хүнийг төлөөлүүлээд оруулаад ирсэн ганцхан 100% хувьцаа эзэмшигчтэй бол өөр. Цаана нь дахиад 8 хүн байна. Тэд нараас асууж тодруулах мөрдөн шалгах ажиллагаа хийх ёстой байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүйд гомдолтой." гэж маргасан.

 

Өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч Ц.М  шүүхийн хэлэлцүүлэгт "Т З Х” нөхөрлөлийн гишүүдэд энэ асуудал ямар ч хамаагүй би өөрөө хувиараа ашигт малтмал олборлож байгаад баригдсан." гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Ц.М  уг нөхөрлөлийг үүсгэн байгуулж уг нөхөрлөлийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг болох нь гэрч Ж.Нарандашийн өгсөн:Ц.М  нь хүмүүстэй нийлээд хувиараа юм хийгээд явдаг. 2019 онд М  нь Төв аймаг орж бичиг баримт авна гээд байхаар нь ямар учиртай талаар асуухад нөхөрлөл байгуулж байгаа гэсэн зүйл ярьж  байсан. 2020 оны зун М  нь байгуулсан нөхөрлөлөөрөө Төв аймгийн Заамар суманд нөхөн сэргээлтийн ажил хийж байгаа гэж байсан.” гэх мэдүүлэг /1 хх 45/, гэрч Ц.Мөнхбаатарын өгсөн: “Найзууд их олонтой юм шиг байна лээ. Төв аймгийн Заамар сумын залуучууд бүгд нэг нэг нөхөрлөл байгуулаад нөхөн сэргээлт болон нөхөрлөлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж сонсож байсан. М  яг хэзээнээс гэдэг талаар мэдэхгүй байна хувиараа нөхөрлөл байгуулаад ажиллаж байгаа гэдгийг сонсож байсан.” гэх мэдүүлэг /хх 46/, гэрч С.Баасанбатын өгсөн: "Одоогоос 3 жилийн өмнө миний танил М  иргэний үнэмлэхээ өгөөч нөхөрлөл байгуулах талаараа хэлсэн. Тэгээд би элдэв зүйл бодолгүй иргэний үнэмлэхээ өгөөд явуулсан. Миний иргэний үнэмлэхийг М  удалгүй авчирч өгсөн. Надад М  ашиг, хувь гэж мөнгө төгрөг өгсөн ямар ч асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 43/, гэрч Н.Хишигжаргалын өгсөн: “Би Заамар суманд амьдардаг. Одоогоос 2-3 жилийн өмнө манай сумын иргэд нөхөрлөл байгуулаад байсан. Тухайн үед М  нь нөхөрлөл байгуулах гэсэн юм гээд миний бичиг баримтыг хуулбарлаад авч байсан. М  нь нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа гээд л байдаг байсан. Би М ийн нөхөрлөлийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй. Тийм болохоор ашиг хүртсэн болон хөрөнгө оруулалт оруулсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 44/, Иргэний нэхэмжлэгч Г.Ган-Очирын өгсөн: “2017 оны 10-р сарын 02-ноос одоог хүртэл Заамар сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Би Ц.М-г  2019 оноос эхэлж танина. Нэг суманд байдаг болохоор таньдаг. Тосон хишиг нөхөрлөл нь 2020 оны 5 сарын эхээр Заамар сумын засаг даргатай бичил уурхай эрхлэх гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тосон хишиг нөхөрлөлийг Заамар сумын засаг даргатай гэрээ байгуулахад бичил уурхай эрхлэх боломжтой буюу ашигт малтмал газрын тосны газраас ирсэн дүгнэлтэд заасан газар дээр сумын засаг даргатай байгуулсан гэрээнд заасан солбицол бүхий газрыг зааж өгсөн. Тухайн газраас өөр газар бичил уурхай явуулах зөвшөөрөл олгоогүй. Гэрээнд заасан хугацаанд  тийм зөвшөөрөл олгоогүй. Гэрээнд заагдсан газар үйл ажиллагаа явуулахыг сануулсан. Тэгээд би 6 дугаар сарын 07-ны өдөр очход үйл ажиллагаа явуулаагүй байсан. 8-р сарын эхээр шалгалтаар очиж шалгахад Т З Х нөхөрлөл нь 3 гэр, 1 экскаватор, 1 хова, 1 ковш тус тус авчирчихсан үйл ажиллагаагаа эрхлэх гээд байж байсан. Тухайн хууль бусаар малтмал эрхэлсэн нөхөрлөлд хуулийн дагуу арга хэмжээ авч учирсан хохирлыг төлүүлж өгнө үү. ” гэх мэдүүлэг /хх 27-28/-үүдээр тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ц.М , хуулийн этгээд "Т З Х" нөхөрлөлд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ц.М-г  тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, хуулийн этгээд  "Т З Х" нөхөрлөлийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолтыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.М  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч хуулийн этгээд "Т З Х" нөхөрлөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ашигт малтмал явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг шинжээчийн дүгнэлтэд дурдсан хэмжээгээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тооцож шүүгдэгч Ц.М оос гаргуулах үндэслэлтэй гэж үзэн,

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-т зааснаар газрын хэвлийд учруулсан 2 241 833 төгрөгийн хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж 4 483 666 төгрөг, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-т зааснаар газарт учирсан 928 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2 784 төгрөгөөр, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4-т зааснаар усанд учирсан 2 670 555 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8 011 665 төгрөгөөр тооцож нийт 12 498 115 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төрсөн 5 000 000 төгрөгийг хасаж 7 498 115 төгрөг, үүн дээр нөхөн сэргээлтийн зардал 2 499 484 төгрөг нийт 9 997 599 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан болохыг дурдав.

 

 Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан З.М-нэзэмшлийн Sintorik маркийн .. УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 12 312 000 төгрөг, Ш.Эрдэнэчулууны эзэмшлийн Loking маркийн ..УБ улсын дугаартай чиргүүлийн үнэ 3 500 000 төгрөгийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв. 

 

Эрүүгийн 2034005690550 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Б овгийн Ц-н М-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн,

хуулийн этгээд  "Т З Х" нөхөрлөлийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолтыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М т 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд "Т З Х" нөхөрлөлийг ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хуулийн этгээд "Т З Х" нөхөрлөлд оногдуулсан 20 000 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ жилийн хугацаанд, шүүгдэгч Ц.М т оногдуулсан 5 400 000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хуулийн этгээд "Т З Х" нөхөрлөлийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн  тоолсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Sinotruk маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12 312 000 төгрөг, чиргүүлийн үнэ 3 500 000 төгрөг, нийт 15 812 000 /арван таван сая найман зуун арван хоёр мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.М оос гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

8.Эрүүгийн 2034005690550 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ