| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2022/0291/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/308 |
| Огноо | 2022-07-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Уранчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,
Шүүгдэгч З.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.М холбогдох эрүүгийн 2134002220236 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ....төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..... оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд .... тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, .... регистрийн дугаартай, ....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.М нь 2021 оны 8 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг “Ногоон дов” гэх газар Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлийн хатуу хучилттай замд 05-98 БУА улсын дугаартай Даевоо маркийн чиргүүлтэй тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 9.3в, 9.4б, 9.5 дахь заалтуудыг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөлгүй зогсож улмаар анхааруулах дохио, ослын зогсолтын тэмдгийг тавиагүйгээс 09-18 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл 05-98 улсын дугаартай Даевоо маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн араас мөргөж, 09-18 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Төмөрхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр, бусдын эд хөрөнгөд 3.361.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч З.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.М нь “2021 оны 8 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг “Ногоон дов” гэх газар Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлийн хатуу хучилттай замд 05-98 БУА улсын дугаартай Даевоо маркийн чиргүүлтэй тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 9.3в, 9.4б, 9.5 дахь заалтуудыг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөлгүй зогсож улмаар анхааруулах дохио, ослын зогсолтын тэмдгийг тавиагүйгээс 09-18 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл 05-98 улсын дугаартай Даевоо маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн араас мөргөж, 09-18 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Төмөрхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр, бусдын эд хөрөнгөд 3.361.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн 2134002220236 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Б.Т өгсөн: “Тухайн осол болж миний эрүүний сэртэн яс хугарсан мөн хавирга цуурсан гэмтэл учирсан би Улаанбаатар хот Гэмтлийн эмнэлэгт анхан шатны эмчилгээ хийлгээд тэгээд гадуур гэрээр эмчилгээ хийлгэсэн одоо хааяа шарх сорви таталдаж өвдөж байна. Гэрээ 300.000 гаруй төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн надад хохирол мөнгө барагдуулаагүй байна. Эм тариа авсан гаргаж өгөх баримт одоо байхгүй байна..хохирлоо бүрэн авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-20 тал/,
Иргэний нэхэмжлэгч П.У өгсөн: “Би тухайн үед 05-98 БУА улсын дугаартай Даевоо маркийн тээврийн хэрэгслийг Мөнхсүлд гэх залуугаар жолоодуулж цалин өгдөг байсан юм. Тухайн өдөр би өөрийнхөө 78-47 БУЛ улсын дугаартай Даевоо маркийн тээврийн хэрэгсэлтэй 05-98 БУА улсын дугаартай Даевоо маркийн тээврийн хэрэгслийг дагуулаад Өмнөговь аймгийн Таван толгой уурхайгаас нүүрс ачаад явж байсан юм. Би тухайн орой 05-98 БУА улсын дугаартай Даевоо маркийн тээврийн хэрэгслийн урд нь явж байсан бөгөөд Өндөр дов гэх газарт миний дагуулж явсан 05-98 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлш нь тасалдаад зогссон юм шиг байна лээ. Тухайн газраас 10 км зайд л бид хоёрын нүүрс буулгах цэг байсан бөгөөд би түрүүлээд цэг дээрээ иртэл ард явсан 05-98 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл маань ирэхгүй удаад байхаар нь би замын машинд суугаад явж байтал Өндөр дов гэх газарт манай тээврийн хэрэгслийн араас жижиг тэрэг мөргөөд осол гаргасан байсан. Миний нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл юм. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга. Би энэ жил байшингийн засварын ажил гээд их ажилтай, бас мал ахуй гээд үнэхээр завгүй байгаа бөгөөд Төв аймгийн Цагдаагийн газарт үнэхээр очих боломжгүй байгаад байна. Миний хувьд ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй." гэх мэдүүлэг/хх-25-27 тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Б өгсөн: “...Соната 6 маркийн 09-18 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч 2021 оны 5 дугаар сард өөрийн хүү Б.Төмөрхуягт уг тээврийн хэрэгслийг бэлэглэсэн, эзэмшигчийг нь шилжүүлээгүй байсан юм. ...миний зүгээс учирсан эвдрэлд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-30-31 тал/,
Гэрч В.Э өгсөн: “Би хамт ажилладаг хүмүүстэй Өмнөговь аймаг, Цогтцэцийн сумаас 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн орчимд Улаанбаатар хот чиглэлтэй Соната 6 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Замдаа асуудалгүй явж байгаад шөнө 01 цагийн орчимд Төв аймгийн нутагт орж ирээд нэг даваа өгсөж явахад зам дээр гэрэл дохио байхгүй цацруулагчгүй, зорчих хэсгийн чөлөөлөөгүй байсныг манай жолоо барьж явсан Сэр-Од гэх залуу зөрж явсан гэрэлд цохиулаад харалгүй мөргөж аваар болсон. Жолооч Сэр-Од, жолоочийн хажууд Төмөрхуяг, Төмөрхуягийн ард суудал дээр би, миний хажууд Анхбаяр түүний хажууд Энхтүвшин нийт 5 хүн зорчин явсан.” гэх мэдүүлэг /хх-54-55 тал/,
Шүүгдэгч З.Мийн гэрчээр өгсөн: “Би Булган аймгийн Булган суманд эхнэр Энхтуяа, том хүү Мөнх-Ертөнц, охин Энх-Орчлон нарын хамт оршин суудаг юм. 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 21 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг Энержи ресус ХХК-иас манай нутгийн ах Ууганбаярын эзэмшлийн 05-98 БУА улсын дугаартай Диво маркийн чиргүүлтэй тээврийн хэрэгсэл дээр 43.500 тонн нүүрс ачуулаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Таван толгойн дундын бүсэд буулгахаар хөдөлсөн. Уурхайгаас хөдлөөд 20 орчим километр яваад машин дотроо дүү Жамъянсүрэнгийн хамт амарцгаасан. Маргааш нь буюу 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 06 цагийн үед хөдлөөд замд хоёр удаа дугуй хагараад, нэг шаварт суусан. Тэгээд явсаар байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Ногоон даваа гэх газар руу дөхөөд явж байтал машины түлш тасалдаад өөд газар явж болохгүй унтарсан. Асаах гэж оролдсон боловч хий сороод асахгүй байсан. Тэгээд дүү Жамъянсүрэнд ослын тэмдгээ тавьчхаарай гэж хэлээд түлш олж ирэх гээд Таван толгойн дундын бүс рүү явсан. Намайг түлш авах гээд явах замд Жамъянсүрэнгийн аав Ууганбаяр ах урдаас тосох гээд унаанд суугаад надтай зөрсөн байсан. Би түлшээ савалчхаад буцаад явах зам дээр гар өргөөд зогстол унаа авахгүй болохоор нь Ууганбаяр ахын шаланзад ороод унтаад байж байтал цагдаа нар ирээд чиний машины араас машин мөргөсөн байна. Яаралтай машин дээрээ оч гэж хэлсэн. Тээврийн хэрэгслээ асфалтан замын дунд шугамаас 2 метр зайд байрлуулсан. Түлш тасалдаад арагшаа алдах гээд байсан учраас бүрэн зам чөлөөлж зогсож чадаагүй. Намайг түлш авах гээд явах үед аваарын дохио асаалттай байсан. Би ослын тэмдэг байрлуулаагүй яваад өгсөн. Намайг явснаас хойш аккумлятор цэнэггүй болоод аваарын дохио унтарсан байж магадгүй” гэх мэдүүлэг/хх-32-35 тал/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаартай “1.Б.Төмөрхуягийн биед баруун 3, 4-р хавирга, эрүүний баруун зах ирмэгт сэлтэрсэн хугаралтай, баруун хацар, эрүүнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-68/,
2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлт: 5.1 Daewoo маркийн 05-98 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Зоригт овогтой Мөнхсүлд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна. 5.2 Daewoo маркийн 05-98 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Зоригт овогтой Мөнхсүлд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрхи заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэв. 5.3 Уг осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэж үзэв. /хх-77-79 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 161 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-60 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч З.М гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Төмөрхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, бусдын эд хөрөнгөд 3.361.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч З.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 800 нэгжээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч З.М нь хувиараа хөдөлмөр эрхэлж, Булган аймагт ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, одоо 43 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 800 нэгжээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Иргэний нэхэмжлэгч П.У, Д.Б нар нь гомдол саналгүй гэж мэдүүлсэн/хх-25-31 тал/, шүүгдэгч З.М нь хохирогч Б.Төмөрхуягт 1.861.000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 1.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Т олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2134002220236 дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч З.М автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мийг 800/найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000/найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мэд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч З.М шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мээс 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 52-9-15 тоотод оршин суух Б.Т/-д олгосугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Мэд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН