| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0227/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/249 |
| Огноо | 2022-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/249
2022 6 08 2022/ШЦТ/249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,
Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ө овгийн Б-н А-дхолбогдох эрүүгийн 2234001590169 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Өөлд Бямбаагийн А-, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн 5-2 тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НД84101570 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А- нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 5-2 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ч.Б тэй муудалцаж, улмаар Ч.Б г гэрээс гарах үед нь хүүхдийн тоглоомон машинаар нүүрэн тус газар нь цохиж хаалгаар хавсарч эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2234001590169 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Ч.Б гийн өгсөн: “Би Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2-р багийн 5-2 тоотод оршин суудаг бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 20-ны орой 18 цагийн орчим манай нөхөр Бямбаагийн А- нь гаднаас согтуу гэртээ орж ирээд том хүүхэд 9 настай Билгүүнээс тамхи нэхээд байхаар нь би хажуугаар нь ороод байхгүй юм чинь хаанаас олж ирэх юм гэсэн чинь том хүүхэд рүү сандал авч шидэх гэж байхаар нь би сандлыг нь авч цааш нь тавьчхаад байж байтал гэрээс гараад явчихсан. Тэгэхээр нь би араас нь бие засах гээд гартал үүдэнд байж байсан шиг байгаа юм тэгтэл хаалганы цаанаас нь цохиод миний нүүрний баруун хөмсөг хэсэгт хаалга цохигдсон. Тэгтэл манай нөхөр цаана миний араас үхсэнээ хийгээд гарч ирдэг юм гэж байсан. Тэгээд хартал гарт нь хүүхдийн тоглодог машин байсан. Одоогоос 4 жилийн өмнө байх яг хугацааг нь сайн санахгүй байна гэрт байж байхад согтуу орж ирээд намайг үсдэж аваад чирээд бас зодож байсан. Тухайн үед миний баруун гар хөхөрчихсөн, хуйх хөндүүрлэж байсан. Тухайн үед эмнэлэгт үзүүлж байгаагүй. 14 хоногийн баривчилгаанд явж байсан. Мөн 2021 оны зун буюу 6 сарын сүүлээр Улаанбаатар хотод барилга дээр хамт ажил хийж байхад хамт ажилладаг байсан хүнтэйгээ архи уугаад хэд хоног алга болчихсон бөгөөд араас нь хайж байгаад яваад очход намайг хэл амаар доромжлоод байсан. А- хамаатан буюу Лхаасүрэнгийнд байхад намайг өшиглөөд, янхан минь чи янханддаг биз дээ гээд гараараа цохиж зодсон. Тэр үед миний биед энд тэндгүй хөхөрч няцарсан байсан. Би цагдаа болон эмнэлэгт хандаагүй. Тэгээд бид хоёр нэг хэсэг хоёр тийшээ болоод сар гаруй болсон бөгөөд намар 9 сард ирээд уучлалт гуйгаад хамт амьдарсан. Архи уугаад намайг элдвээр хэлээд байдаг байсан. Надтай суухдаа л архи уудаг байсан. Тэгэхдээ гайгүй л байдаг байсан.
...Бид хоёр 8 жил гаруй нэг гэрт амьдарч байна. Бид хоёр дундаасаа 4-9 насны гурван хүүхэдтэй. Бид хоёр гэрлэлтээ батлуулсан. 2021 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод дүүгийндээ гар хөлөөрөө цохиж зодож эрүүл мэндэд гэмтэл учруулж байсан. Тухайн үед миний гар, дал, гуя, нуруу, хөл хэсэгт хөхөрч Цагдаагийн байгууллагаар мэдэгдэж шалгуулж байсан зүйл байхгүй. Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасагт 2022 оны 02 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 04-ний хооронд хэвтэн эмчлүүлсэн. Надад 238 000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан үүнийг Б.А- төлж барагдуулаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 16-17, 18-19/,
Гэрч Ч.Сугарын өгсөн: “Би Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2-р багийн 5-2 тоотод оршин суудаг бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 20-ны орой 19 цагийн орчим манай эхнэр Алтантуяа над руу утсаар залгаад Баасаа эгчийн хүүхэд Билгүүнээ орж ирээд ээжийн нүдийг аав цохиод гэмтээчихлээ гэж хэлсэн. Тэгээд би шууд ажил дээрээсээ яваад очиход манай хүргэн А- хашаан дотор эхнэрийн дүү Алтангэрэлтэй хамт зогсож байсан. Тэгээд юу болоод яагаад байна гэсэн чинь цагдаа дуудаад өгчих би маргааш гарч ирнээ яахав та нарыг гэх зэргээр хэлээд байсан. Тэгээд цагдаа нар ирээд бариад явсан. Тэгээд би эгчийгээ аваад эмнэлэг орж баруун нүдний хөмсөг дээр нь оёдол тавиулсан. Өмнө нь олон удаа ийм асуудал болж байсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын эхээр байсан байх Билгүүнээг гадаа шуурганд гаргаад зогсоочихсон тамхи нэхчихсэн байж байсан. Тэгээд Билгүүнээс манайд орж хонож байсан. Гэх зэргээр олон удаа янз бүрийн авир гаргадаг. Согтохоороо ална хядна гээд хутга шөвөг авдаг гэсэн мөн хүүхдүүдээ байнга л айлган сүрдүүлж дарамталдаг мөн зуухаа өшиглөж унагаж байсан гээд байнга шахуу буюу архи уух болгондоо л эгчийг болон гурван хүүхдээ дарамталдаг. Өөр хүн бол байгаагүй гурван хүүхэдтэйгээ л хамт байсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх 20/,
Гэрч Б.Алтангэрэлийн өгсөн: “Би Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2-р багийн 5-2 тоотод Сугар ахынд байж байхад орой 19 цагийн орчим байсан байх тэгтэл гаднаас А-ийн том хүү болох Билгүүнээ уйлсаар аав ээжийн нүдийг сохолчихлоо гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гараад гэрт нь ороход А- гэрийнхээ зүүн талын орон дээр суучихсан эхнэр нь зуухныхаа зүүн талд нь уйлаад зогсож байсан. Тэгэхээр нь би А- ахад яаж байгаа юм бэ та гэж хэлсэн чинь хаалга руу хүүхдийн машин шидсэн чинь оногдчихлоо гэж байсан. Тэгэхээр нь би гаръяа та чинь одоо мэдрэл муутай юм уу гэж хэлээд гаргасан чинь Билгүүнээ уйлаад байсан чинь хүүхэд рүүгээ хараад пизда чинь жүжиглээд байгаа юм уу гээд дайрч байсан. Тэгээд би аваад гэрээс гараад зогсож байтал гаднаас Сугар ах орж ирээд би эргээд гэртээ орсон. Б эгч бол манай хамаатан харин А- нөхөр нь байгаа юм. Амнаас нь их архи үнэртэж байсан биеэ авч явах чадвартай болсон асуудлыг бол бүрэн мэдэж байсан. Миний хувьд байнга хамт байдаггүй болохоор мэдэхгүй байна мэр сэр агсам согтуу тавилаа гээд сонсогдож л байсан. Харин Билгүүнээг бол байнга л тамхинд явуулдаг байсан. Намайг гэрт нь орох үед хөмсөг нь ярагдчихсан цус нь гарчихсан уйлчихсан байж байсан.” гэх мэдүүлэг /хх 21-22/,
Насанд хүрээгүй гэрч А.Билгүүний өгсөн: “Миний хувьд яг хэзээг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ ээж хоёр дүүгийн хамт байж байтал орой аав согтуу орж ирээд надаас тамхи нэхээд байсан. Тэгээд би байхгүй гэсэн чинь аав над руу сандал аваад шидэх гэхээр нь ээж сандлыг нь авсан тэгээд гараад явсан. Тэгээд ээж араас нь гарсан чинь машинаар хаалгатай хавсраад ээжийн нүүрийг цохчихсон тэгээд ээжийн нүүрнээс нь цус гараад би хойд талд байдаг агаагийнх руу орсон. Тэгж байтал цагдаа ирсэн. Өмнө нь ээжийг зөндөө л зодож байсан яг хэд гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг аав хоёр удаа зодож байсан бөгөөд 2021 оны зун байсан байх яг хугацааг нь сайн санахгүй байна. Над руу зурагтын удирдлага авч шидээд байсан. Дараа нь 2021 оны 12 дугаар сард байсан гадаа машины дугуйгаар тоглож байгаад гэрээ мөргүүлчихсэн чинь уурлаад намайг гадаа нимгэн фудболктай тавчиктай удаан зогсоосон байгаа. Дандаа согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх 25-26/,
Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний хувьд 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дэнжид найз нарын хамт 3 шил архи 4-үүлээ уучхаад 17 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэрт манай эхнэр Б гурван хүүхдийнхээ хамт байж байсан тэгээд гэртээ байж байгаад эргээд гарах гэсэн чинь намайг гаргахгүй маргааш ажилтай гээд хоорондоо маргалдсан. Тэгээд хүүхдийн жижиг тоглоомон машин булаацалдаж байгаад нүүр хэсэгт нь оночихсон. Эхнэр дүүдээ хэлээд цагдаад хэлсэн байх. Миний хувьд гайгүй болсон асуудлыг санаж байна. Миний хувь хичээлээ хийхгүй болохоор нь загнасан чинь өөрөө гарч гүйгээд Сугарынд ороод хоночихсон байсан. Өмнө нь нэг удаа дал руу нь нэг алгадаад цагдаад баривчилгаанд ирж байсан. Өөрөөр зодож цохиж байсан зүйл байхгүй. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би эхнэрийгээ өөр хүнтэй явж байхыг нь хараагүй магадгүй гэж бодоод л маргалдаад байдаг. Миний хувьд 4-5 жилийн өмнөөс архи ууж эхэлсэн. Би архи уусан үедээ биеэ удирдах хянах чадвартай байсан. Миний хувьд хутга авч байсан зүйл байгаа гэхдээ эхнэр, хүүхэд рүүгээ дайрч байсан зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх 28-29, 44-45/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шүүх эмнэлгийн №140 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ч.Б гийн биед баруун хөмсөгт шарх, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, хамарт зулгаралт, эрүүнд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, баруун хацар, эрүү, духанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх 32/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-8/, аюулын зэргийн үнэлгээгээр 8 буюу өндөр гарсан тухай тэмдэглэл /хх 47-48/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.А- нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны орой Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 5-2 тоотод байх өөрийн гэртээ хүү А.Билгүүнийг тамхинд явуулах гэснээс үүдэн эхнэр Ч.Б тэй муудалцаж, улмаар Ч.Б г гэрээс гарах үед нь хаалгаар хавсарч, хүүхдийн тоглоомон машинаар нүүрэн хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан "баруун хөмсөгт шарх, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, хамарт зулгаралт, эрүүнд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, баруун хацар, эрүү, духанд зөөлөн эдийн няцралт" бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.А-, Ч.Б нар нь хууль ёсны гэр бүл болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдсон, шүүгдэгч Б.А- урьд нь гэр бүлдээ бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж байсан болох нь хохирогч Ч.Б , хүү А.Билгүүн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн дээрх мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул,
улсын яллагчийн шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.А-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Шүүгдэгч Б.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас бусад ял оногдуулж өгөөч гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хувийн байдалтай холбоотой баримт хэрэг ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, согтууруулах ундааны зүйл хэрэлэсэн үедээ гэр бүлдээ байнга бие махбодын болоод сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг зэрэг түүний хувийн байдалд дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хяналтын прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Хохирогч Ч.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: "Эмчилгээний зардалд 238 000 төгрөг гарсан. Үүнийг Б.А- төлж барагдуулаагүй." гэсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.А- нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйн улмаас түүнийг өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзэн түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан эхлэх хүртэл цагдан хорьсон байх тул түүний цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг найман цагаар тооцож 48 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялаас хасаж тооцохыг дурдав.
Эрүүгийн 2234001590169 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө овгийн Б-н А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг 8 цагаар тооцож 48 хоногийг түүнд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээс хасаж түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг 352 /гурван зуун тавин хоёр/ цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн эдэлбэл зохих 352 /гурван зуун тавин хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Зуунмод сумын Засаг даргын дэргэдэх Хот тохижуулах газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Б.А-ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд нь хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
7.Хохирогч Ч.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 238 000 /хоёр зуун гучин найман мянга/ төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн 2234001590169 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А- бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ