Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/309

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранчимэг,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М холбогдох 2034000000451 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... оршин суух, урьд ял шийтгэлгүй, НМ92112757 дугаарын регистртэй, Балган овогт Бат-Эрдэнийн Мөнхбат гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр баг “Мойлтын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 4.0 метр урттай 59 ширхэг 3.0145 м3 бөөрөнхий хуурай эгэл нарс мод бэлтгэж, уг модоо гарал үүслийн гэрчилгээгүйгээр иргэн В.С эзэмшлийн портер маркийн 43-62 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 2.675.199 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв.

 

2034000000451 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

 

Иргэний нэхэмжлэгч С.Н өгсөн: “Манайхаас нэхэмжилж байгаа мөнгө бол Мөнхбатын тээвэрлэж явсан модны экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан 1,316,957 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 3 дахин өсгөж 3,950,871 төгрөг, мөн П тээвэрлэж явсан модны экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан 1.358,242 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 3 дахин өсгөж 4,074,726 төгрөг нийт 8.025,597 төгрөгийг Төв аймгийн Жаргалант сумын Ойн орлогын данс болох 100141200945 гэсэн дансанд хуримтлуулах мөн уг хэргээс болж би өөрийн зардлаар одоогийн байдлаар Төв аймаг дахь Цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгч дүгнэлт танилцах зэргээр нийт 2 дахь удаа ирж байгаа тул нэг удаагийн зардалд 40,000 төгрөг хувиасаа зарцуулсан тул одоогийн байдлаар 80,000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэх мэдүүлэг /хх-н 33-34 тал/,

 

            Гэрч О.Ц өгсөн: “Б.М бол найз нөхдийн холбоотой морь уяж байгаад л танилцсан хүн бөгөөд ямар нэгэн садан төрлийн холбоо бол байхгүй. Уг машин бол миний өөрийн эзэмшлийн машин бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 8 сая төгрөгөөр Б.Маас худалдан авч байсан бөгөөд мөнгө төгрөгөө бүгдийг нь өгөөд дуусчихсан машин байгаа юмаа. Нэрээ тэгж байгаад дараа шилжүүлэхээр болоод тухайн үедээ ажилтай хөдөө байсан учраас тэгж байгаад нэрээ шилжүүлнэ гэж бодоод л шилжүүлээгүй юм.Тухайн үед надаас гуйгаад ойр зуурын түлш бэлдээд ирье гэж хэлээд надаас гуйхаар нь хүний машин аваад удаагүй байсан мөн би нэг их хэрэглэхгүй байсан учир зөвшөөрөөд өгөөд явуулчихсан чинь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн байсан миний хувьд машинаа өгч явуулахдаа гоожин болон зөвшөөрөлтэй л гэж бодож байсан юм” гэх мэдүүлэг /хх-н 37 тал/,

 

   Яллагдагчаар Б.Мын өгсөн: Би 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчим таньдаг дүү болох Пүрэвдоржтой Төв аймгийн Жаргалант сумын Төв дээр уулзаад хашааны дай хийх мод хэрэгтэй байна яваад өг гэж гуйхад Пүрэвдорж зөвшөөрөөд тэр өдөр хамт Пүрэвдоржийн мазда маркийн тээврийн хэрэгсэлтэй би 48-45 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Мойлтын ам гэх газар луу модонд явсан. Тэгээд бид хоёр Мойлтын ам гэх газарт ууланд унасан байсан хуурай модыг 4 метрээр нь тайрч машиндаа ачаад орой 20 цаг өнгөрч байхад уулнаас Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багт байх авын дүү Ванягийн хашаанд буулгаад орхисон ба маргааш өглөө нь буюу 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр цагдаа нар ирж барьж авч явсан..., би түлээний мод бэлтгэх гоожин авсан байсан ба хугацаа нь дууссан байсан гэх мэдүүлэг /хх-н 89-91 тал/,

 

Шүүгдэгч Б.Мын яллагдагчаар дахин өгсөн: “Тухайн үед миний жолоодож явсан 48-45 ТӨА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл явахгүй байсан тэгэхээр нь Пүрэвдорж машинтайгаа ирээд модыг зөөгөөд өг гэж гуйсан юм. Пүрэвдорж хууль бусаар мод бэлтгэсэн талаар мэдээгүй байсан юм. Би хохирлыг бэлнээр болон дансаар гурав хувааж төлж барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-н 213 тал/,

 

Экологи эдийн засгийн үнэлгээний 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2-р багийн нутаг “Мойлт” гэх газраас тус сумын иргэн Б.М нь хууль бусаар мод бэлтгэсэн гэх гомдол мэдээллийг холбогдох байгууллагуудтай хамтран шалгаад дараах дүгнэлтийг хийлээ. 1.Иргэн Б.М нь зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн. 2.Иргэн нь Б.М эгэл хуурай нарс мод бэлтгэсэн байна. 3.Тус бэлтгэсэн мод нь хуурай мод болно” гэх дүгнэлт /хх-н 73 тал/,

 

Эй жэй жэй эм ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-н 58-65 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 01 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-6 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 22-23 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-н 24 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-н 25-26 тал/, тээврийн хэрэгсэл эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-14 тал/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 100 тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдсан болон шүүхээс тогтоосон үйлд баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй,  мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамж төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийг бичиг авсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Б.М нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж “Мойлт” гэх нэртэй газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 3.0145 м.куб мод бэлтгэж, тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр уг газраас хэрэгцээний мод бэлтгэх эрхийн бичиг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй болох нь нотлогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Мын гэмт үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Мад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Мын үйлдлийн улмаас ойн санд 2.675.199 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч С.Нямдоржийн мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Мыг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 2.675.199 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 8.025.597 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй гар цахилгаан хөрөө нь гэмт хэргийг явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд ойн санд учруулсан хохирлын 2.675.199 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 8.025.597 төгрөгийг төлсөн байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.Мыг “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Б.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

   Хавтас хэргийн 36 дугаар талд 43-62 ТӨА улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн В.Сүхбаатарын эзэмшлийнх гэж мэдүүлж байх ба гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь /хх-ийн 52 дугаар тал/ тээврийн хэрэгслийн лавлагаагаар иргэн Ванший овогтой Сүхбаатарын эзэмшлийн болох нь тогтоогдож байна гэж үзсэн болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Б.Мад холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн шөр өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багт байрлах Цагдаагийн хашаанд битүүмжлэгдсэн 3.0145 м3 буюу 59 ширхэг хуурай нарс мод, 43-62 ТӨА улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2.675.199 төгрөгийг хурааж шүүгдэгчээс гаргуулан тус тус улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн олсон хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял, оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  мөрдөгчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгохоор тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.М “зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

 5.Шүүгдэгч Б.М шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Б.Мад холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн шар өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багт байрлах Цагдаагийн хашаанд битүүмжлэгдсэн 3.0145 м3 буюу 59 ширхэг хуурай нарс модыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 43-62 ТӨА улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2.675.199 төгрөгийг хурааж шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.  

 

7.Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  мөрдөгчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосныг тус тус дурдсугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай. 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН