Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/259

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022             6                13                                             2022/ШЦТ/259                      

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

   Шүүгдэгч Д.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Н овгийн Д-н А од холбогдох эрүүгийн 2234000000238  дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Д.А  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Д.А  нь согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 22-ны шөнө 23 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзий 4 дүгээр баг нутагт гудамжинд үл ялих зүйлээр шалтаглан өөрийн эхнэр Л.Х-г зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234000000238  дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Л.Хгийн өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр Д.А  нь 16 цагийн үед найз Эрдэнэбаатарын гэрт очиж өвс авна гээд явсан байсан. Тухайн орой 22 цагийн үед Эрдэнэбаатарын эхнэр Бүжинлхам нь над руу утсаар ярьж танай нөхөр Д.А  нь манайд байна архи уусан одоо удахгүй харих байх гэж ярихаар нь би тэгвэл очоод авъя гэж хэлээд өөрийн 86-26 ТӨН улсын дугаартай карина машинаа унаад Заамар сумын төвд Эрдэнэбаатарын гэрт очиход гэрийнхээ гадаа Бүжинлхам нь байсан мөн манай нөхөр Д.А  нь өөрийнхөө портер машинд сууж байсан. Тэгэхээр нь би нөхөр Д.А оос чи машинаа бариад явж чадах уу гэж асуухад би өөрөө машинаа бариад явж чадна гэж хэлээд портертойгоо хөдлөөд явсан гэтэл Бүжинлхам нь надаас намайг Учралын гэрт хүргээд өгөөч гэж гуйхаар нь чи Д.А ын портерт нь суугаад хамт явчих гэхэд Бүжинлхам нь портерт суусан тэгээд бид урд хойноо гараад манай гэрт очоод нөхөр Д.А  нь өөрийн портер машинаа хашаанд үлдээгээд миний карина машинд тэр хоёр суугаад би машинаа бариад Заамар сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн урд байдаг гэр бүлийн найз болох учралын гэрийн гадаа очиход миний машины дугуй хагарсан тэгээд би Учралын гэр лүү Бүжинлхамын хамтаар орж Учралыг дугуй солиод өгөөч гэж гуйсан учрал дугуй солих гээд гараад явсан би тэдний гэрт Бүжинлхам Учралын эхнэр Дэлгэрмаа нартай 5-10 минут юм ярьж суусан гэтэл гаднаас Учрал дугуйг чинь сольчихлоо гээд ороод ирсэн араас нь 5 минутын дараа манай нөхөр Д.А  нь орж ирсэн тэгээд над руу хүүр чин ямар их уддаг юм бэ гэж хэлэхээр нь юун сүртэй юм бэ одоо гарахын хооронд гэж би хэлээд Д.А той хамт гараад би машиныхаа жолоонд суусан нөхөр Д.А  нь миний хажууд суугаад тэгээд би машинаа асаагаад хөдлөх гэтэл гараараа миний толгойны зүүн хэсэг хоёроос гурван удаа цохиод чи айлд яасан их уддаг юм бэ? гэж хэлэхэд нь би машинаа унтраагаад машинаасаа гарсан. Гэтэл гэрийнхээ гадаа Учрал гараад ирсэн байсан. Тэгэхээр нь би утсаараа Бүжинлхамыг дуудаж гаргаж ирээд чи намайг дуудсан биз дээ мөн Учралынд хүргэж өг гэж чи надаас гуйсан биз дээ гэхэд Бүжинлхам нь нөхөр Д.А од би танай эхнэрийг гуйсан юм гэж хэлсэн. Мөн дугуй солих зуур юунд нь уурладаг юм бэ гэж хэлсэн. Тэр үед нөхөр А  нь миний үснээс татаж газар унгаагаад миний цээж хэсэг рүү хөлөөрөө нэгээс хоёр удаа өшиглөсөн гэтэл Бүжинлхам нь Учралын гэр лүү яваад орсон Учрал А ыг боль гээд салгах гэхэд үгэнд нь орохгүй байсан. Тэгээд намайг машиндаа ороод суу гэхээр нь би машины арын суудал дээрээ суутал гарынхаа ар хэсгээр зүүн шанаад нэг удаа, шүд хэсэгт нэг удаа, толгой хэсэг рүү нэгээс хоёр удаа цохихоор нь би өөрийн гараараа нүүрээ хаатал миний зүүн гарын эрхий хуруунаас хазаад тавихгүй байхаар нь би орилж байгаад тавиулсан миний толгой тархи маш ихээр өвдсөн. Гэтэл А  нь Учралаас нэг ширхэг тамхи өгөөч гээд тамхи аваад татаж байх хооронд би машинаас гараад зугтаасан миний араас машин унаад Учралын хамтаар намайг хайсан би дахиад зодуулна гэж бодоод жалганд нуугдаж байгаад ангийн найз Янжинлхамын гэрт очиход найз Янжинлхам нь гэртээ байгаагүй түүний эмэгтэй дүү Думаа нь өөрийн хүүхдүүдийн хамтаар унтаж байхаар нь тэдний гэрт очиж амраад маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан. Мөнх-Учрал харсан байх мөн Бүжинлхам зарим хэсгийг харсан байж магадгүй. Айлд удсан гэх шалтгаанаар намайг зодсон өөр ямар нэгэн зодох шалтгаан байгаагүй. Бид хоёр 2009 оноос хойш гэр бүл болон хамтран амьдарч байна. Энэ хугацаанд намайг ганц нэг удаа алгадаж байсан. Надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй тул цагдаад ханддаггүй байсан. Бид хоёр 2009 онд гэрлэлтээ батлуулан айл гэр болсон дундаасаа 4—13 настай гурван хүүхэдтэй. Би согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Нөхөр А  согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний зүүн шанаа хавдсан, үүдэн хоёр шүд хөдөлсөн, уруул дотор талаараа язарсан, хавирга хэсэг амьсгал авахад өвдөж байна, зүүн гарын эрхий хуруунаас хазсанаас болж хавдсан өвчин ихтэй байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би өөрийн нөхөртөө зодуулсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага тооцуулах хүсэлтэй байна. Эмчилгээнээс гарсан зардал мөнгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх 9-10/,

Гэрч Б.Бүжинлхамын өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Заамар сумын төвд гэртээ байж байхад манай гэрт 17 цагийн үед Д.А  нь ирээд ногоон тэжээл худалдан аваад явсан удалгүй 21 цагийн үед гаднаас манай гэрт согтуу ороод ирэхээр нь би хоол хийж өгөхөд дотор муухай оргиод байна манай эхнэр Л.Х-г дуудаад өгөөч гэхээр нь би өөрийн утсаар Л.Х рүү залгаж танай нөхөр А  харьж унтъя гэнээ чамайг ирээд авчих гэж байна гэж хэлэхэд за би яваад очъё гаргаж явуулахгүй байлгаж байгаарай гэж хэлээд удалгүй карина машинтай яваад ирсэн. Тэгээд А  нь өөрийн портер машинаа бариад явна гэж хэлээд машинтайгаа хөдлөхөд нь би Л.Хд намайг замаараа Мөнх-Учралын гэрт намайг буулгаад өгөөч гээд гуйхад А ын машинд суугаад хамт явчих найдвартай нь дээр гэж хэлэхээр нь би Д.А ын машинд суугаад Заамар сумын баруун дэнжинд байх хашаанд нь очиж портерыг нь тавиад Л.Хгийн машинд суугаад Мөнх-Учралын гэр лүү явах гэтэл Д.А  нь гурвуулаа хамт явъя гээд машинд суугаад Мөнх-Учралын гэрийн гадаа очоод зогсоход Л.Хгийн барьж явсан карина машины дугуй нь хагараад хийгүй болохоор нь Л.Х бид хоёр багажаас нь дугуй хийлэгч гаргаж залгаад хийлэх гэхэд болохгүй дугуй нь xaгapcaн байсан тэр хооронд  Д.А  нь машин дотроо унтаж байсан. Тэгээд Л.Х бид хоёр Мөнх-Учралын гэр лүү орж Мөнх-Учралыг дугуй янзлаад өгөөч хагарчих шиг боллоо хий орохгүй байна гэж хэлэхэд Мөнх-Учрал гарч дугуйг нь нөхөж янзлаад хийлчхээд орж ирлээ гээд ороод ирсэн тэр хооронд Мөнх-Учралын эхнэр Дэлгэрмаа, Л.Х, бид гурав 20 орчим минут юм ярьж сууж байтал Д.А  нь орж ирээд чи одоо ямар уддаг юм бэ гээд эхнэр Л.Хгээ дагуулаад гараад явсан удалгүй над руу Л.Х нь залгаад гараад ир гэхээр нь би гараад очтол чи энэ А од хүргүүлж ирсэн гэдгээ тайлбарлаад хэлээд өгөөч намайг загнаад зодоод байна гэхээр нь би А од чи одоо яагаад байгаа юм бэ манайхаас гараад танай хашаанд очиж чиний портерыг чин тавиад чи бид хоёртой хамт энд Мөнх-Учралын гэрт хүргэж ирсэн шүү дээ машины чин дугуй хагараад сая Мөнх-учрал нөхөж өгөөд одоо явах гэж байна гээд хэлэхэд Д.А  нь за за ойлголоо одоо харъя гээд эхнэр Л.Хгийн хамтаар машиндаа суухаар нь би Мөнх-Учралын гэр рүү буцаад ороод байж байтал 1-2 минутын дараа хаалга цохихоор нь Мөнх-Учрал гэрээсээ гарсан түүний цаанаас Л.Х нь Бүжээ гараад ир гээд орилохоор нь би хөл нүцгэн гараад очтол Д.А ыг Мөнх-Учрал гараас нь бариад битгий эхнэрээ зодоод байгаач гээд зогсож байсан Л.Х нь А  намайг зодоод байна би явахгүй гээд хэлэхээр нь юу болоод яагаад байгаа юм бэ гээд А оос асуухад А  нь Л.Х-г гэр лүүгээ одоо харьяа гээд цамцны ар зах шилэн хүзүү хавиас нь татаад газар унгаагаад чирээд байгаа харагдсан Л.Хгийн гар утас газар хэвтэж байхаар нь би аваад Д.А од өгөхөд Л.Х нь манай нөхөр Д.А  нь намайг Мөнхжаргал гэх залуутай хардаад энд үлдэх гээд байна гээд машинд суухаар зодоод байна гэж надад хэлэхээр нь би гэр бүлийн маргаан байдаг юм бол гэртээ харьж учраа олцгоо гэж хэлээд Мөнх-учралын гэр лүү орсон удалгүй миний араас Мөнх-Учрал нь тэр хоёр учраа олоод явчих шиг боллоо гэж надад хэлсэн би удалгүй өөрийн гэртээ харьсан. Намайг дуудахаар нь гараад очтол Д.А  нь эхнэр Л.Х-г шилэн хүзүү хавиас нь гараараа татаад гэр лүүгээ харъя гээд чирээд байсан. Үс юм уу цамц хоёрын аль нэгээс нь татсан байх би яг ялгаж хараагүй би голоор нь орж салгасан. Д.А  нь эхнэр Л.Х-г гар хөлөөрөө цохиж байхыг нь би хараагүй. Л.Х нь надад хэлэхдээ машинд суухаар нь намайг цохиж зодоод байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 12-13/,”

Иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйн өгсөн: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасан. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр болоод нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Иргэн Д.А  нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө 23 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзий 4 дүгээр баг нутагт гудамжинд ул ялих зүйлээр шалтаглан өөрийн эхнэр Л.Х-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Л.Х нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Гэмтэл согог сэргээх үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.А оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Аймгийн Прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, Даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай гэж үзвэл хуульд зааснаар эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа болно.” гэх мэдүүлэг /хх 53-54/,

Шүүгдэгч Д.А ын өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр найз Эрдэнэбаатарын гэрт очиж ногоон тэжээл худалдаж авах гэж очоод 50 боодол ногоон тэжээл машиндаа ачаад Эрдэнэбаатарын хамтаар 2 шил 0,75 литрийн архи хувааж уугаад орой гэртээ харих гээд байж байтал манай эхнэр Хандсүрэн нь өөрийн карина машинаа унаад яваад ирсэн тэгээд гэртээ харих гээд би өөрийн портер машинаа бариад манай эхнэр өөрийн машинаа унаад явах гэтэл Бүжинлхам миний машинд суугаад намайг Мөнх-Учралын гэрт хүргээд өг гэхээр нь хамт манай гэрт очоод миний машиныг хашаанд хийгээд би эхнэр Хандсүрэнгийн карина машинд Бүжинлхамын хамтаар суугаад Заамар сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн урд байдаг найз Мөнх-Учралын гэрт очихоор явсан очих замдаа би унтаад өгсөн нэг сэрсэн машиндаа ганцаараа Мөнх-Учралын гэрийн гадаа унтаж байхаар нь би түүний гэр лүү ороход Мөнх-Учрал эхнэр Дэлгэрмаагийн хамт мөн Бүжинлхам, манай эхнэр Хандсүрэн мөн Мөнхжаргал гэх хүмүүс пиво уугаад сууж байх шиг байхаар өөрийн эхнэр Хандсүрэнг гэртээ харья гэж хэлэхэд миний өмнөөс байж бай явахгүй гэж хэлэхээр нь куртикний захнаас нь чирээд гэрээс гаргаад машиндаа суу гэтэл суухгүй байсан. Тэгэхээр нь би нүүр хэсэгт нь нэг удаа алагдаад хөлөөрөө баруун хавирга хэсэг нэг удаа өшиглөсөн мөн үснээс нь зулгаахад газар унахаар нь хөлөөрөө цээж хэсэг рүү нь нэгээс хоёр удаа өшиглөсөн санагдаж байна тэр үед Мөнх-Учрал нь голоор орж больцгоо гээд салгасан тэгээд хэрүүл зодооноо болиод би Мөнх-Учралаас тамхи аваад татаж байх хооронд манай эхнэр явган зугтаагаад алга болсон байсан. Би тэр хавиар машинтай хайгаад олдоогүй тул хариад гэртээ унтсан. Би нэлээн согтуу байсан. Зарим гаргасан үйлдлээ бүдэг бадаг санаж байгаа. Хаяа хэрүүл маргаан хийдэг байсан. Ингэж зодож цохиж байсан удаа байхгүй.

...Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэгийн надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан 2234000000238 дугаартай тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн нутаг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Хандсүрэнг хүнтэй хардсаны улмаас маргалдаж байгаад машин дотор зэрэгцэж сууж байгаад баруун гарынхаа ар хэсгээр нүүр рүү нь 2 удаа цохиод, Хандсүрэн гэртээ харихгүй гээд зугтаахаар нь хувцаснаас нь чирээд машин руу оруулж байхдаа өшиглөсөн байна лээ би тухайн үед маш их согтолттой байсан учир зарим зүйлийг нарийн санахгүй байгаа. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эхнэр Хандсүрэнгээс уучлалт гуйж эвлэрч эхнэрээ эмчлүүлсэн одоо хамт амьдарч байгаа.  Миний бие 1987 онд Төв аймгийн Заамар суманд төрсөн. 8 хүүхэдтэй айлын хамгийн отгон хүүхэд нь бөгөөд дээрээ 4 эгч. 3 ахтай. Бага насаа Заамар суманд аав, ээжийн гар дээр мал маллаж өсөж, Заамар сумын Ерөнхий боловсролын сургуульд 1994-1999 оны хооронд суралцаж 5 дугаар анги төгссөн. Тэгээд сургуулиас гарч мал маллан амьдарч байгаад 2001 оноос 2003 он хүртэл эчнээгээр суралцаж 8 дугаар анги төгссөн. Түүнээс хойш Төв аймгийн Заамар сумын нутагт мал маллан амьдарч байна. 2009 онд эхнэр Хандсүрэнтэй танилцаж нэг гэрт орж хамт амьдарч байгаа би 2010 онд малчин залуутайгаа муудалцаад толгойг нь ташуураар цохиод Төв аймгийн Сум дундын шүүхээс 3 жил 6 сарын хорих ял аваад 124 дүгээр хорих ангид биеэр 3 жил хорих ял эдэлж байгаад 2011 онд суллагдаж эхнэр Хандсүрэнтэй буцаж нийлээн нэг гэртээ орж Заамар сумандаа мал маллан амьдарч байна. Бид дундаасаа 3 хүүхэдтэй том нь 12 настай Ариунбат, дундах нь 8 настай Дашням, бага нь 4 настай Ариунбаатар нар байгаа. Намайг хэрэгт холбогдсоны өөр хүн мэдэхгүй байгаа болохоор би найз, нөхөд ах дүү нараараа өөрийнхөө хувийн байдлын талаар гэрчээр мэдүүлэг өгүүлмээргүй байна.” гэх мэдүүлэг /хх 9-10, 30-31/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 249 дугаартай дүгнэлт: “1.Хандсүрэнгийн биед өвчүү ясны хугарал, баруун 6-р хавирганы хугарал, доод урууланд язарсан шарх, баруун, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, цээж, нуруу, зүүн өгзөг, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн өгзөг, баруун шилбэ, зүүн чихэнд зулгаралт, толгойд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Дээрх өвчүү ясны хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун 6-р хавирганы хугарал, доод уруулын язарсан шарх нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Биед үүссэн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Дээрх гэмтлүүд нь шинэ байна. 5.Дээрх гэмтлүүд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6.Дээрх гэмтлүүд 11, 12 шүдний хагас мултралын гэмтлийн зэрэгт хамааруулахгүй. Учир нь шүд бүхлээрээ булгарч унасан тохиолдолд гэмтлийн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 20-21/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч Д.А ыг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

   Шүүх шүүгдэгч Д.А од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.А  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Д.А од ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Г.Анхбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Хохирогч Л.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаа гаргаж өгөөгүй учраас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

 

Мөн хохирогч Л.Х нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Гэмтэл согог сэргээх үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 161 000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг шүүгдэгч Д.А  нь төлсөн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн 2234000000238  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1.Шүүгдэгч Н овгийн Д-н А ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А ыг 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А од оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5.Хохирогч Л.Х нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн 2234000000238  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ