Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/253

 

 

 

 

 

 

 

 

 

     2022              6                   13                                                       2022/ШЦТ/253           

                          

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,  

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,

  Шүүгдэгч Р.Н  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Р-н Нид холбогдох эрүүгийн 2134000000453 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Н  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Р.Н  нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн нутаг Баяндаваа гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 71 ширхэг буюу 6.0752 м3 хэрэглээний модыг мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэж бусдын өмчлөлийн ... БРА улсын дугаартай HYUNDAI Mighty маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, экологи эдийн засагт 1 844 303 /нэг сая найман зуун дөчин дөрвөн мянга гурван зуун гурав/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2134000000453 дугаартай хэрэгт авагдсан  

 

   Иргэний нэхэмжлэгч Ц.Ганбаярын өгсөн: “Би Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 05/439 тоот албан бичигт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би хэргийн материалтай танилцсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай дүгнэлтээр гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлэх саналтай байна.” гэх мэдүүлэг /хх 40/,

  Гэрч Ц.Очирхуягийн өгсөн: “Би 33-36 БРА улсын дугаартай Маятий маркийн тээврийн хэрэгслийг 2017 онд Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг найз Р.Н ид 2 000 000 төгрөгөөр зарсан. Тэгээд тухайн машинаа Н  нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа би том машин бариад завгүй яваад байгаа. Тэгээд ч тэр машин нь нээх яваад байхгүй болохоор Н  бид хоёр шилжүүлнэ гэж яриад л амжихгүй яваад байгаа. Бид хоёр төлбөр тооцоогоо бүрэн хийсэн байгаа. Нэрээ шилжүүлж авах л дутуу байгаа.” гэх мэдүүлэг /хх 44-45/,

  Гэрч Ш.Гэрэлт-Одын өгсөн: “Р.Н  гэдэг хүн надаас гоожин авах гэсэн юм аа. Ах нь хашаа барих гэсэн юм гэхээр нь одоогоор гоожин дуусчихсан байгаа та талбай тусгаарлалттай байгаа албан ёсны газраас нь очоод модоо авчих би дараа нь нөхөөд гоожин бичээд өгнө гэж хэлээд зөвхөн тээвэрлэх ёстой гэсэн бичиг хийж өгсөн чинь тухайн байгууллагаас авалгүй гэрийнхээ хажуу талаас зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаад баригдсан байна лээ. Тухайн бичиг дээр гарын үсэг минийх. Миний хувьд бичиг хийж өгсөн учир нь Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Элстэй гэх газар аж ахуй нэгж мод бэлтгэж байгаа юм аа тэгээд тэр газраас нь очоод миний энэ бичгийг үзүүлээд модоо авчих гэж хэлээд тээвэрлэх зөвшөөрөл л бичиж өгсөн. Тэгтэл миний хэлснээс өөр газраас мод бэлдсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 149/,

  Шүүгдэгч Р.Н ийн өгсөн: “Би Төв аймгийн Эрдэнэ сумын унаган хүүхэд. Одоо Төв аймгийн Эрдэнэ сум Хушинга 4-р баг Худгын хоолой гэх газар эхнэр Б.Гэрэлмаагийн хамт 10 гаран адуу, 300 гаран ямаа, 30 гаран үхэр маллаж амьдарч байна. Эхнэр бид хоёр гурван хүүхэдтэй гурвуулаа тусдаа гарсан. Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4-р баг Баяндаваа гэх газрын ард талын хуурайшсан модон дотроос 3 метр гаран урттай 47 гаран ширхэг шургааг мод бэлтгэн өөрийн өвөлжөө болох Эрдэнэ сумын 4-р баг Худгын хоолой гэх газарт ... БРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөж аваачаад эхнээс нь буулгаад 24 ширхэг шургааг модоор хашаа бариад байж байхад цагдаа нар ирээд машины тэвшин дээр байсан 23 ширхэг шургааг модыг авч журамласан. Би зөвшөөрөл аваагүй. Би цэнхэр өнгийн мотортой хөрөөгөөр мод бэлтгэсэн.

  ...гоожин авах гээд Гэрэлт-Одтой очиж уулзсан чинь гоожин дууссан Мөнгөнморьт сумаас ирхээр нь бичиж өгнө гээд нэг бичиг хийж өгсөн байгаа тэрний дагуу модоо Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Баяндаваа гэх газраас бэлтгэсэн. Тэгээд цагдаад баригдсан байгаа. Миний хувьд албан ёсоор зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Миний хувьд ганцаараа л мод бэлдсэн. Миний өөрийн эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, мөн өөрийн эзэмшлийн тэгэхдээ гэрчилгээ нь Очирхуяг гэдэг хүний нэр дээр байдаг ... БРА улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслээр модоо бэлтгэж зөөвөрлөсөн. Миний хувьд үнэлгээтэй танилцсан ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх 93-94/,   

  Төв аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын ойн нэгжийн мэргэжилтэн М.Батмагнайн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №19 дугаартай “Хууль бусаар бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээг БОАЖСайдыг 2020 оны 3 дугаар сарын 16-ны А/176-р тушаалын нэгдүгээр хавсралт "Ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ"-ний дагуу, экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 6,0752 м³ * 168655 * 1,8 = 1 844 303 төгрөг хэрэглээний мод экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 844 303 төгрөг болж байна.” гэх дүгнэлт /хх 50-51/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №07/358 дугаартай “Ц.Очирхуягийн өмчлөлийн ... БРА улсын дугаартай Хюуньдай Маяти маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний өдөр болох 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэ цэн нь 2 900 000 /хоёр сая есөн зуун мянга/, төгрөг болно.” гэх дүгнэлт /хх 57-64/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №07/357 дугаартай “Иргэн Р.Н ийн өмчлөлийн бензин хөрөө, модон иштэй төмөр сүхний зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 153 900 /нэг зуун тавин гурван мянга есөн зуу/ төгрөг болно” гэх дүгнэлт /хх 74-85/,

Гэмт хэргийн талаарх №3695 дугаартай гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл /хх 6/,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-14/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-21/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэй тооцох тухай 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн прокурорын тогтоол /хх 32-33/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Эрүүгийн хуульд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох”,

мөн “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Р.Н  нь байгаль хамгаалагч Гэрэлт-Одын зөвшөөрсөн газраас өөр газарт буюу нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн нутаг Баяндаваа гэх газраас мод бэлтгэсэн болох нь

  Гэрч Ш.Гэрэлт-Одын өгсөн: “Р.Н  гэдэг хүн надаас гоожин авах гэсэн юм ах нь хашаа барих гэсэн юм гэхээр нь одоогоор гоожин дуусчихсан байгаа та талбай тусгаарлалттай байгаа албан ёсны газраас нь очоод модоо авчих би дараа нь нөхөөд гоожин бичээд өгнө гэж хэлээд зөвхөн тээвэрлэх ёстой гэсэн бичиг хийж өгсөн чинь тухайн байгууллагаас авалгүй гэрийнхээ хажуу талаас зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаад баригдсан байна лээ.” гэх мэдүүлэг /хх 149/,

  Шүүгдэгч Р.Н ийн өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4-р баг Баяндаваа гэх газрын ард талын хуурайшсан модон дотроос 3 метр гаран урттай 47 гаран ширхэг шургааг мод бэлтгэн өөрийн өвөлжөө болох Эрдэнэ сумын 4-р баг Худгын хоолой гэх газарт ... БРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөж аваачаад эхнээс нь буулгаад 24 ширхэг шургааг модоор хашаа бариад байж байхад цагдаа нар ирээд машины тэвшин дээр байсан 23 ширхэг шургааг модыг авч журамласан. Би зөвшөөрөл аваагүй." гэх мэдүүлэг,

  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-14/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-21/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 71 ширхэг буюу 6.0752 м3 хэрэглээний модыг мод бэлтгэхдээ өөрийн өмчлөлийн ... БРА улсын дугаартай HYUNDAI Mighty маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь:

гэрч Ц.Очирхуягийн өгсөн: “Би 33-36 БРА улсын дугаартай Маятий маркийн тээврийн хэрэгслийг 2017 онд Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг найз Р.Н ид 2 000 000 төгрөгөөр зарсан. Тэгээд тухайн машинаа Н  нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа би том машин бариад завгүй яваад байгаа. Тэгээд ч тэр машин нь нээх яваад байхгүй болохоор Н  бид хоёр шилжүүлнэ гэж яриад л амжихгүй яваад байгаа. Бид хоёр төлбөр тооцоогоо бүрэн хийсэн байгаа. Нэрээ шилжүүлж авах л дутуу байгаа.” гэх мэдүүлэг /хх 44-45/-ээр тогтоогдсон.

 

Шүүгдэгч Р.Н ийн байгаль хамгаалагчийн зөвшөөрснөөс бусад газар буюу Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн нутаг Баяндаваа гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 71 ширхэг буюу 6.0752 м3 хэрэглээний модыг мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэж өөрийн өмчлөлийн ... БРА улсын дугаартай HYUNDAI Mighty маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, экологи эдийн засагт 1 844 303 хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэсэн “Зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 1 844 303 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон гэж үзэн шүүгдэгч Р.Н ийг зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Р.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж,

шүүгдэгч Р.Н  ямар нэг санал гаргаагүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Р.Н ийн хувийн байдалтай холбоотой:

Урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 95/, Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р багт засаг захиргааны харъяалалтай талаархи оршин суух газрын лавлагаа /хх 102/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 112/, Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р багийн Өгөөмөр Шаварт цэнбэл 34-р гудамжны 3405 тоотод гэр бүлийн хэрэгцээний 700 м2 газартай талаархи лавлагаа /хх 113/, Газ 53, Кенбо маркийн тээврийн хэрэгсэлтэй талаарх лавлагаа /хх 111/, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын Хушгана 4-р багийн Худгийн хоолой гэх газарт засаг захиргааны бүртгэлтэй оршин суудаг зэрэг баримтууд авагджээ.

 

Шүүгдэгч Р.Н  нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд Төв аймгийн шүүхийн 1993 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон ч энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.  

 

Шүүгдэгч Р.Н ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан,    

улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүхээс үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

  Улсын яллагч шүүгдэгч Р.Н ийг гэмт хэрэг үйлдэхдээ бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг хэрэглэсэн гэж дүгнэснийг буруу гэж үзэв.

 

Учир нь: Шүүгдэгч Р.Н  нь мод тээвэрлэсэн ... БРА улсын дугаартай HYUNDAI Mighty маркийн тээврийн хэрэгслийг иргэн Ц.Очирхуягаас 2 сая төгрөгөөр худалдаж авч, нэрээ шилжүүлээгүй болох нь Ц.Очирхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 33-36 БРА улсын дугаартай Маятий маркийн тээврийн хэрэгслийг 2017 онд Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг найз Р.Н ид 2 000 000 төгрөгөөр зарсан. Тэгээд тухайн машинаа Н  нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа би том машин бариад завгүй яваад байгаа. Тэгээд ч тэр машин нь нээх яваад байхгүй болохоор Н  бид хоёр шилжүүлнэ гэж яриад л амжихгүй яваад байгаа. Бид хоёр төлбөр тооцоогоо бүрэн хийсэн байгаа. Нэрээ шилжүүлж авах л дутуу байгаа.” гэх /хх 44-45/ мэдүүлгээр тогтоогдсон.

 

  Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийн үнийг өмчлөгчид шилжүүлж худалдан авсан хүн өөрийн эзэмшилд авч ашиглаж байгаа бол тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлснээс үл шалтгаалан тухайн өмчлөгчийн мэдлээс гарч худалдан авсан хүний өмчлөлд шилжсэн гэж үзнэ.

 

 Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ... БРА улсын дугаартай HYUNDAI Mighty маркийн тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлийнх бус шүүгдэгчийн өмчлөлийн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ..зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа бол албадан гаргуулахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 146 200 төгрөгийн үнэ бүхий бензин хөрөө, 7 700 төгрөгийн үнэ бүхий модон иштэй төмөр сүх, 2 900 000 төгрөгийн үнэ бүхий ... БРА улсын дугаартай HYUNDAI Mighty маркийн тээврийн хэрэгслийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар хурааж,

           гэмт хэрэг үйлдэж олсон 6,0752м3 71 ширхэг шинэс модны үнэ 1 844 303 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсгийн 1-т зааснаар  гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 5 532 909 төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 6,0752м71 ширхэг шинэс модыг зарж борлуулсны үнийг тус тус Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн 2134000000453 дугаартай хэрэгт 6,0752м71 ширхэг шинэс мод, ... БРА Хюуньдай Маяти маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол /хх 24, 29/, гар хөрөө болон модон иштэй сүхийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 22/-ыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Р-н Н ийг зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Р.Н ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р багийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н оос байгаль орчинд учруулсан гэм хорын хохирол 5 532 909 /таван сая таван зуун гучин хоёр мянга есөн зуун ес/ төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7 700 /долоон сая долоон зуу/ төгрөгийн үнэ бүхий модон иштэй сүх 1 ширхэг, 146 200 /нэг зуун дөчин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийн үнэ бүхий бензин хөрөө, 2 900 000 /хоёр сая есөн зуу/ төгрөгийн үнэ бүхий ... БРА улсын дугаартай HYUNDAI Mighty маркийн тээврийн хэрэгслийг тус тус хурааж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар,

гэмт хэрэг үйлдэж олсон 1 844 303 төгрөгийн үнэ бүхий 6,0752м71 ширхэг шинэс модыг хурааж, зарж борлуулсан орлогыг Засгийн газрын сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

 

7.Эрүүгийн 2134000000453 дугаартай хэрэгт 6,0752м71 ширхэг шинэс мод,  ... БРА Хюуньдай Маяти маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоол, гар хөрөө, модон иштэй сүхийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг тогтоолуудыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж

            шүүгдэгч Р.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

 

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Н ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.БАТЖАРГАЛ