Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: С.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ТХ овогт С-ын П-д холбогдох 2235000000092  дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 17-нд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын 2 дугаар багт оршин суух, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 111 дугаартай шийтгэм тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, одоо хорих ялыг биечлэн эдэлж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй ТХ овогт С-ын П /РД:ое................/.  

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч С.П нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг Их голын 134 тоот хашаанд байрлах иргэн Л.Т-ын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цоожийг эвдэж 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нууцаар хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн мөнгөн тоногтой хазаарыг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 

- 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Зүүнхангай суманд ялаа эдэлж байх хугацаандаа Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өмчлөлийн цахим бугуйвчийг хайчаар таслан устгаж, 782.100 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч С.П-г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

А. Шүүгдэгч С.П нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг Их голын 134 тоот хашаанд байрлах иргэн Л.Т-ын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цоожийг эвдэж 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нууцаар хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн мөнгөн тоногтой хазаарыг хулгайлж авсан болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дахь тал),

2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

2. Хохирогч Л.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 03-р сарын 17-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын 4-р багийн нутагт байрлах сээрийн өвөр гэх нэртэй газраас үхэр тууж сумын төвд ..ирээд Т-ын гэрээс 4 боодол өвч аваад Б-ийн машинд асуулаад манай гэр очиж бай гэж хэлчхээд Б бид хоёр хойноос нь мотоциклтой хамт явсан. Тэгээд бид гурав хашаанд ороод өвс тарааж байгаад би манай байшингийн цоож байхгүй байхыг хараад Б-т “манай байшингийн цоожийг хүн эвдэж орсон байна” гэж хэлээд зогсож байтал манай байшингаас П гараад ирсэн. Би П-г чи яагаад манай байшингийн цоожийг эвдэж орж байгаа юм гэхэд юм ярилгүй манай хашааны хаалгаар гараад явсан. Тэгж байтал П-гийн хойноос манай сумын Б согтуу гарч ирсэн. Тэгэхээр нь би та нар яагаад манай гэрт орж байгаа юм би ямар архичдын гэр бэлдсэн юм уу гэхэд Б П орсон юм гэж хэлсэн. ...цүү янзалж байснаа авдарт байсан мөнгөн хазаараа үзэхэд байхгүй байсан юм. ...Би хөдөө гэртээ малаа маллаж байдаг, сумын төвийн байшинд хүн байхгүй гадна хаалга нь цоожтой байдаг. Би 2022 оны 01-р сарын 27-ны өдөр байшинд эд зүйл янзалж байхад авдарт байж байсан. Түүнээс хойш 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байхгүй байсан... хазаараа 2 сая төгрөг гэж бодож үнэлнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 21 дэх тал),

3. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Т мотоциклтой ирээд манай байшингийн хаалганы цоожийг П, Б нар эвдэж орчихсон байж байна. Хоёулаа очиж цоож цуургыг янзалъя гэж хэлээд алх хадаас аваад замаасаа дэлгүүр орж цоож аваад Тын хашаанд очиход хүн байхгүй байсан. Байшингийн цүүг янзлаад гэрт ороод сууж байсан аа, Т авдар аа нээж үзээд авдарт байсан мөнгөн хазаар байхгүй байна гэж хэлсэн ээ нөгөө хоёр авчээ гэж хэлж байсан... хэд хоногийн дараа Т согтуу гэрт орж ирээд нөгөө миний мөнгөн хазаарыг Б авчихсан дэлгүүрт тавих гээд явж байна гэнэ гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

4. Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өвс буулгаад Т-ын хашаан дотор үхэрт тарааж тавьж өгөөд явж байтал Т манай байшингийн цоож эвдэж манай гэрт хүн орж гэж хэлээд зогсож байтал Т-ын гэрээс П эхэлж гарч ирээд удалгүй араас Б согтуу гарч ирсэн. ...хэд хоногийн дараа Т-тай уулзахад авдарт байсан мөнгөн хазаар алга болсон байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

5. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... П, Б нар Т-ын гэрээс гарч ирсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй байсан. Тэр хоёр хашааны хаалгаар гарахдаа нэлээн согтуу шинжтэй найгаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

6. Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 03-р сарын 17-ны өдөр Зүүнхангай сумын 4-р багийн нутагт Их голын 6-1 тоотод Эрдэнэ-Арвижих нэртэй дэлгүүртээ худалдаа үйлчилгээ хийж байтал манай сумын иргэн Б ганцаараа өглөө 11:00 цагийн орчим манай дэлгүүрт орж ирээд надад нэг шил архи зээл өгөөдөх гэхэд би архи зээл өгөхгүй гэсэн. Тэгтэл би чамайг зээл өгөхгүйг чинь мэдээд өөрийн мөнгөн хазаарыг авч ирлээ гэж хэлээд өврөөсөө мөнгөн хазаар гаргаж ирээд үүнийг чамд тавьчихъя би маргааш авна чи надад нэг шил архи өгөөдөх гэж хэлэхээр нь та маргааш аваарай гэж хэлээд 1 шил 0,75л-ийн Соёрхол нэртэй архи, нэг том 2 литрийн савтай кола ундаатай аваад 25,000 төгрөгт тавиад гарч явсан. Маргааш өдөр нь буюу 2022 оны 03-р сарын 18-ны өдөр Б хажуудаа манай сумын Б гэх залуутай 14 цагийн орчим манай дэлгүүрт орж ирээд нөгөө мөнгөн хазаараа авъя гэж хэлээд надад карт уншуулж 25000 төгрөг төлөөд хазаараа аваад дэлгүүрээс гарч явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

7. Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б ах надаас чамд 20.000 төгрөг байвал өгөөч гэхэд би та мөнгөөр яаж гэж байгаа юм гэхэд би дэлгүүрт хазаар тавиад юм авчихсан юмаа түүнийгээ авах гээд гэсэн. Би ахаар хөрөө болон мотоциклоо хааяа засуулдаг болохоор дэлгүүр орж карт уншуулаад хазаарыг нь авч өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

8. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “хэдний өдрийг санахгүй байна өглөө 10,00 цагийн орчим сумын төвд архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн явж байтал гудамжинд манай сумын С.П хоч нэр нь К П гэдэг залуу надтай таарч бид хоёр уулзаад сууж байгаад би ах нь өчигдөр архи уучихсан дотор муу байна гэхэд дүү нь бас дотор муу байна гэж хэлсэн. Би надад мөнгө төгрөг байхгүй байна гэхэд П дээлийн өврөөсөө нэг ширхэг мөнгөн хазаар гаргаж ирээд та энэ хазаарыг дэлгүүрт тавиад 2 шил архи авчих гэхэд би энэ ямар учиртай хазаар юм бэ гэхэд миний хазаар гэж хэлсэн. Тэгээд бид хоёр сургуулийн урд талын дэлгүүр рүү явж байгаад П та дэлгүүр ороод тавьчих, Би Э-гийн дэлгүүрт өртэй юм. Би Т-ын хашааны үүдэнд хүлээгээд байж байя гэж хэлээд хоцорсон. ...дэлгүүрээс 1 шил 0,75л-ийн Соёрхол нэртэй архи, 2л савлагаатай кола нэртэй ундаа аваад Т-ын гадна очиход С.П хүлээгээд зогсож байсан. Тэгээд бид хоёр Т-д миний урд гараад хашаа руу ороод байшинд нь орсон чинь хүн байгаагүй хашаа болон байшингийн хаалга нь цоожгүй онгорхой байсан. Тэгээд би С.П-д чи яагаад эзгүй айлд шууд орж байгаа юм бэ? гэсэн чинь хамаагүй би мэдэж байна гэж хэлээд би авсан шил архиа задлаад ...дахиад аягалах гэж байтал П задалсан архиа шууд миний гараас булааж аваад өвөртлөөд байшингаас гараад гүйсэн. Би юу болсон юм бол гэж бодоод араас нь гарсан чинь байшингийн үүдэнд гэрийн эзэн Т таарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

9. Увс Финанс Аудит ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 151 дугаартай “2022 оны 4 дүгээр сарын байдлаар Зүүнхангай суманд хар мөнгөн хазаарын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 42 дахь тал),

10. Шүүгдэгч С.П-гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 16-нд Т ахынд ирэхэд гэр нь цоожтой байсан тул малын хашаанд хоносон. Өглөөгүүр даараад байсан тул хаалганы цоожийг онгойлгох гээд таттал өөрөө доошоо шууд онгойчихсон. Тэгэхээр нь ороод хэсэг унтаж байгаад бодоод хартал орны толгойд мөнгөн хазаар байсан. Түүнийг нь аваад гартал гудамжинд Б ахтай таарсан. Тэр согтуу байсан. Бид хоёр хамт архи уухаар тохироод би нөгөө хазаараа өгөөд дэлгүүр явуулахад нэг шил архи, нэг кола ундаатай авч ирсэн. Бид хоёр Т ахынд ороод архиа уугаад сууж байтал гэнэт Т ах гадаа ирээд өвс буулгаад зогсож байсан. Тэгэхээр нь би гараад явчихсан. Маргааш нь хазаар чинь дэлгүүрт байгаа шүү гэж хэлээд мал руугаа явсан. Сүүлд цагдаад саатуулагдаад байж байтал Б хазаарыг авч ирж өгч, эзэнд нь буцаан өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал)-үүдээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.П нь хохирогчийн байсан зөвшөөрөлгүй орж 1.500.000 төгрөгийн үнэтэй мөнгөн хазаарыг нууцаар буюу өмчлөгчийн нүднээс далдуур, хүч хэрэглэхгүйгээр авч явсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл 2 дахь хэсгийн 2.1-т “хулгайлах гэмт хэрэг”-ийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж тодорхойлсон байна.

Шүүгдэгч С.П нь хохирогч Л.Т-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч энэ гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд хазаараа буцааж авсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Т-д хазаар хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал)-ийг үнэлээд шүүгдэгч С.П-гээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

Б. Шүүгдэгч С.П-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч С.П нь Увс аймгийн Зүүнхангай суманд зорчих эрх хязгаарлах ялаа эдэлж байх хугацаандаа Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өмчлөлийн цахим бугуйвчийг хайчаар тасалж устгасан болох нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 03-р сарын 18-ны өглөө Зүүнхангай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б..У нь манай байгууллага руу утасдаж зорчих эрх хязгаарлах ял шийтгэгдсэн С.П нь согтуу байх үедээ цахим бугуйвчаа тасалж устгасан байна. Бугуйвч нь гарт нь байхгүй байна” гэж мэдэгдсэн. Уг мэдээллийн дагуу миний бие 2022 оны 03-р сарын 19-ний өдөр Зүүнхангай суманд очиж П-тэй уулзах гэсэн боловч уг этгээд гэртээ болон аавындаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан. Тиймээс уг этгээдийг хайж 2022 оны 03-р сарын 22-ны өдөр сумын төвд айлд байхад нь олсон. Тухайн үед П-ээс бугуйвчаа яасан талаар асуухад аавынхаа хашаанд согтуу байх үедээ хайчаар хайчилж тасалж өвөртөлсөн өө санаж байна. Түүнээс хойш хаагуур явсан, хаана унагаж гээсэн ээ мэдэхгүй, нэг мэдэхэд алга болчихсон байсан гэж хэлсэн. Мөн ямар айлуудаар орж гарсан аа санахгүй маргааш нь эрүүлдээ цахим бугуйвч аа хайсан боловч олоогүй. С.П-г Улаангом суманд авч ирж прокурорт санал хүргүүлж эдлээгүй үлдсэн хугацаа болох 2 жил 11 сар 15 хоногийн хорих ялаар солиулсан. С.П нь одоо цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа... манай байгууллагын данс бүртгэлд бүртгэлтэй байдаг “Цахим бугуйвч” нь 2021 оны 07-р сарын 01-ний өдрөөс Өршөөлийн хуультай холбоотойгоор ял өөрчлөгдсөн хүмүүст анх хэрэглэж эхэлсэн бөгөөд С.П-д зүүлгэсэн цахим бугуйвч нь урьд нь ашиглаагүй, шинэ техник хэрэгсэл байсан. Орлогод авахдаа данс бүртгэлд нэг бүрийн 782100 төгрөгийн үнэлгээтэй бүртгэлд орсон. ...тухайн үед заавар, анхааруулга, санамж, бүх зүйлийг тайлбарлан өгч устгасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх мөн хорих ялаар солих, төлбөрийг төлүүлэх талаар бүгдийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79, 81 дэх тал),

2. гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Уг цахим бугуйвч нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бараа материалын дансны тусгай зориулалтын хэрэгсэлд бүртгэлтэй манай байгууллагын хөрөнгө юм.  2021 оны 11-р сарын 08-ны өдрөөс бүртгэлд авч ашигласан бөгөөд нэг бүрийн үнэ нь 782100 төгрөгийн үнэтэй төхөөрөмж байгаа юм. Уг төхөөрөмжид ашиглалтын хугацаа гэж тогтоосон хугацаа байхгүй бөгөөд эвдрэх хүртэл хугацаагүй ашиглах ёстой, эвдэрсэн тохиолдолд актлах ёстой эргэлтийн хөрөнгөд бүртгэлтэй төхөөрөмж байгаа юм. П-д олгосон цахим бугуйвч нь шинэ төхөөрөмж байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),

3. гэрч Д.Га-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “П нь Улаангом яваад бугуйвчтай болоод ирснээсээ хойш цэргийн баярын өмнө манайхаар хэд хэдэн удаа ирсэн. Заримдаа бугуйвчны цэнэг дуусчихлаа гараас салгаж болдоггүй юм гэж хэлээд цэнэглээд явж байсан. Мөн 2 удаа Согтуу ирээд архи уугаад явсан. Хаана, хэзээ тасалсан талаар надад яриагүй. Сүүлд сумын төвд худаг дээр П-тэй тааралдахад нөгөө бугуйвчаа согтуудаа таслаад хаячихсан байна. 800,000 төгрөг гэдэг гэсэн Улаангом орж худалдаж авахаас гэж хэлээд явж байсан. Тэр хооронд хэнийд хэзээ бугуйвч аа тасалсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дахь тал),

4. гэрч Б.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 3 сарын дундуур П нь манайхаар хэд хэд ирээд бугуйвчаа цэнэглээд явсан. Сүүлд бугуйвчаа гээчихлээ, танайд байна уу гэж асуугаад явж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал),

5. гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “П-тэй цэргийн баярын өмнөхөн буюу 2022 оны 03-р сарын 15, 16-ны орчимд Г-ын гэрт тааралдсан. Намайг очиход тэд согтуу байсан бөгөөд П бидэнд бугуйвч зүүж өгснийг нь таслаад хаячихлаа гэж хэлж байсан. Түүний маргааш нь П манайд ирээд хоол хийлгэж идээд явсан. Тэр үед П бугуйвчаа надад үзүүлээгүй. Хаана, хэзээ тасалсан талаар надад яриагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал),

6. гэрч Х.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Надад цаг шиг бугуйвч зүүсэн байгаагаа харуулж байсан. Цахимаар намайг байнга хянаж байдаг, сумын төвөөс гарч болохгүй, малаа яаж хариулах болж байна, гайтай юм байна гэж дуу тавьж байсан. Мөн цэнэглэгчийг нь хаана хаяснаа мэдэхгүй байна. Чи дэлгүүр хоршоогоор яваад цэнэглэгч олохыг бодоорой гэж хэлж байсан. Бугуйвчиндаа дургүй, гайтай юм байна гэж байсан. Сүүлд гэрт согтуу ирэхэд бугуйвч нь байгаагүй. Би яасан талаар нь асуугаагүй. Нөхөр маань гэрт ер нь хоноогүй өдрийн цагаар 2-3 удаа ирээд л явж байсан. Ирэхдээ аавынд байгаа гэж хэлж байсан. Бугуйвчаа хаана хэзээ тасалсан талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал),

7. гэрч М.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “П аймгийн Төв яваад асуудал аа шийдүүлээд ирэхэд эхнэр хүүхэд нь Ковид вирус авсан гэртээ тусгаарлагдсан байсан тул хүү маань манайхаар байрлаж, манайд амьдарч байгаад 2022 оны 03-р сарын 15-ны орчмоос хойш гэрт ирэхгүй архи уугаад алга болчихсон юм. Энэ хугацаанд манайд байсан бөгөөд Улаангом сумаас ирэхдээ гартаа цаг мэт зүйл зүүчихсэн ирсэн бөгөөд сүлжээтэй газар байхгүй бол болдоггүй, дээрээс хянаж байдаг гэж хэлж байсан. Манайд байхдаа тэр зүйлээ цэнэглээд байдаг байсан бөгөөд заримдаа цэнэглэхгүй үед аймгийн төвөөс хүн утасдаад цэнэглэхийг шаардаад байдаг байсан. Хүү маань 3-р сарын дунд хүртэл архи уухгүй гэрээс гарахгүй томоотой гэр зуурын ажил хийгээд хөдөөнөөс мал аа авч ирээд эргүүлж тойруулаад аятайхан байсан. Би архинаас гарсан байна гэж их баярлаж байтал нэг удаа намайг үхэрт яваад ирэхэд П гараад явчихсан байсан. Түүгээрээ сумын төвөөр архидаад яваа сураг гарсан бөгөөд манайд ер ирэхгүй байсан... Надад ийм юм зүүж өглөө, сүлжээтэй газар байх ёстой, 3 жилийн турш зүүх ёстой юм гэнэ, намайг хаа ч явсан үүгээр харж байдаг юм гэнэ гэж анх надад тайлбарлаж байсан. Надад уурлаж уцаарласан зүйл ажиглагдаагүй. Миний хүү ер нь архи уучхаад байдаг хүн бөгөөд нэг уухаараа олон хоногоор тасралтгүй уугаад явчихдаг, архи уусан согтуу үедээ хүний үгэнд ордоггүй, хаана, юу хийж байгаагаа мэдэх тэнхэлгүй болтлоо уучихдаг, хөнгөн зантай, хүний үг дагаад явчихдаг хүн байгаа юм. Би архи уулгахгүй гэж янз бүрээр үзээд бараагүй юм. Сумын аль л болохгүй бүтэхгүй архи уудаг хүмүүстэй хэн гэж ялгахгүй нийлээд уугаад явчихдаг юм. Архи уухаар болох оо байчихдаг болохоос эрүүлдээ хүүхэд шиг цайлган зантай, элдэв бодолгүй хүн байгаа юм. Одоо 40 нас хүрч байж өөрийн гэсэн ухаантай бай гэж хэлэхэд хүүхэд шиг хүний үгэнд орж уруу татагдаад яваад байдаг юм. Бугуйвчаа согтуу явж байхдаа л хаясан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дахь тал),

8. гэрч Б.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 03-р сарын 16-ны орчимд санагдаж байна сумын засаг даргын тамгын газарт суманд архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэдэг иргэдэд сургалт зохион байгуулах зорилгоор хүмүүсийг цуглуулсан. Тэр үед П нь аймгийн төвөөс хэрэг нь шийдэгдэж суманд ирчихсэн байсан. Би түүнтэй уулзаж хэрэг чинь хэрхэн шийдэгдсэн талаар асуухад ийм цаг шиг юм зүүж өгсөн гэж хэлж цахим бугуйвч үзүүлсэн. Тэгэхэд анх зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлснийг мэдсэн. Түүнээс хойш П-тэй уулзалдаагүй байтал хэд хоногийн дараа П-гийн эхнэр нь над руу утасдаад П гэртээ согтуу ирчихсэн хаалга үүд татаад байна гэж хэлсэн. Би түүнд гэртээ амрахгүй наад хүн чинь хаана амрах юм бэ? Эсвэл зодож цохиод байгаа юм уу? гэхэд зодож цохиогүй, согтуу ирчихээрээ хүн унтуулдаггүй юм аа. Тэр аав ээжид нь хүргэж өгөхгүй юу гэж хэлсэн. Би тэднийд очиход П гэртээ орон дээрээ хувцастай унтаж байсан. Би түүнийг авч цагдаагийн хэсэг дээр ирэхэд цахим бугуйвч гарт нь байгаагүй. Би түүнээс бугуйвч яасан талаар асуухад цэнэг нь дуусаад салгаад аавынд цэнэглэж байгаа гэж хэлсэн. Яаж салдаг юм гэхэд хажуудаа боолттой байдаг, түүнийг нь тайлаад цэнэглэж байгаа гэж хэлсэн. Би тухайн үед П-г асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн. Тухайн үед шөнө болчихсон байсан тул маргааш өглөө нь ШШГГ-ын ажилтан П-тай холбогдож цахим бугуйвч нь байхгүй байна гэдгийг хэлсэн. Түүний дагуу ШШГГ-аас хүн ирсэн бөгөөд П-г хайгаад олоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100 дахь тал),

9. Шүүгдэгч С.П-гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр сумын төвд орж хүмүүстэй архи уугаад цахим гаваа цэнэглэж чадахгүй унтраагаад түүгээрээ олон хоног архи ууж яваад 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр аавын хашаан дотор хайчаар таслаад өвөртөө хийсэн. Тэгээд үргэлжлүүлээд архидаад явсан. Сүүлд үзэхэд өвөрт байхгүй байсан. Тэгээд айлуудаар яваад хайж сурсан боловч олоогүй. Би хохирлыг өөрийн биеэр төлж барагдуулж чадахгүй. Хоригдож байгаа болохоор. Харин ар гэрийнхнээрээ төлүүлнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал)-үүдээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.П нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс зорчих эрх хязгаарлах эд эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих зориулалттай цахим бугуйвчийг зүүж, ялыг эдэлж эхэлсэн байх бөгөөд ялаа эдлэх хугацаандаа 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Зүүнхангай суманд уг цахим бугуйвчийг хайчаар таслан устгасан үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч С.П-гийн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өмчлөлийн зорчих эрх хязгаарлах ялтай этгээдийг хянах зориулалт бүхий цахим бугуйвчийг хайчаар тасалж устгасан үйлдэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх зорилгогүй байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч С.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...цахим бугуйвч 782100 төгрөгийн үнэлгээтэй бүртгэлд орсон. ...С.П-г хайсан зардалд 100.000 төгрөгийн зардал гарсан. Нийт 898.100 төгрөгийн хохирол нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79, 81 дэх тал), Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орлогын баримтад цахим бугуйвчийг 782.100 төгрөгөөр үнэлэн бүртгэлд авсан баримт (хавтаст хэргийн 112 тал), 40 литр АИ-92 бензин /үнэ 40х2900 төгрөг= 116.000 төгрөг/-ий зарлагын баримт (хавтаст хэргийн 113 тал)-уудаар  Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ гэмт хэргийн улмаас 898.100 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байгаа шүүгдэгч С.П-гээс 898.100 төгрөгийг гаргуулан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч С.П нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч С.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч С.П нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэм хэрэг үйлдсэн болох нь тус тус тогтоогдсон тул уг зүйл заалтуудад заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.П нь урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 111 дугаартай шийтгэм тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, одоо хорих ялыг биечлэн эдэлж байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 148, 151-152, 153-154, 155-156, 158-164, 176-179 дэх тал)-аар нотлогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээтэй тэнцүү буюу 2 /хоёр/ жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт нь  320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах  нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т  заасныг баримтлан шүүгдэгч С.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцон 40 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар 2 /хоёр/ жил хорих ялд нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногоор тогтоов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр заасан тул уг гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг тусад нь эдлүүлэх боломжтой боловч шүүгдэгч С.П нь урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт 450 цагийн албадан ажил хийлгэх ялыг биелэхээс зайлсхийсэн тул баривчлах ялаар сольж байсан үйл баримт тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т  заасныг баримтлан 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцон 40 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар 2 /хоёр/ жил хорих ялд нэмж нэгтгэв.

Мөн шүүгдэгч С.П нь Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлэхээс зайлсхийсэн тул Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ХМШЗ/04 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 15 /арван тав/  хоногийн ялыг 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 15 /арван тав/  хоногийн хорих ялаар сольж биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ХМШЗ/04 дугаартай шүүгчийн захирамжаар сольсон  2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 15 /арван тав/  хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 8 /найм/ сар 9 /ес/ хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтэн түүний биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 9  /ес/ сар 19 /арван ес/ хоног хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрхий цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П-д энэ өдрөөс эхлэн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ТХ овогт С-ын П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Шүүгдэгч С.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,

            - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т  заасныг баримтлан шүүгдэгч С.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцон 40 /дөч/ хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар 2 /хоёр/ жил хорих ялд нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ХМШЗ/04 дугаартай шүүгчийн захирамжаар өөрчлөн оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 8 /найм/ сар 9 /ес/ хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 9 /ес/ сар 19 /арван ес/ хоног хорих ялаар тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.П-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Пгээс 898.100 /найман зуун ерэн найман мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олгосугай.

            7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрхий цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.П-д энэ өдрөөс эхлэн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ГАНСҮХ

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: С.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ТХ овогт Сын Пд холбогдох 2235000000092  äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 17-нд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын 2 дугаар багт оршин суух, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 111 дугаартай шийтгэм тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, одоо хорих ялыг биечлэн эдэлж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй ТХ овогт С-ын П /РД:ое84051735/.  

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч С.П нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг Их голын 134 тоот хашаанд байрлах иргэн Л.Т-ын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цоожийг эвдэж 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нууцаар хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн мөнгөн тоногтой хазаарыг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 

- 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Зүүнхангай суманд ялаа эдэлж байх хугацаандаа Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өмчлөлийн цахим бугуйвчийг хайчаар таслан устгаж, 782.100 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч С.П-г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

А. Шүүгдэгч С.П нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг Их голын 134 тоот хашаанд байрлах иргэн Л.Т-ын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цоожийг эвдэж 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нууцаар хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн мөнгөн тоногтой хазаарыг хулгайлж авсан болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дахь тал),

2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

2. Хохирогч Л.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 03-р сарын 17-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын 4-р багийн нутагт байрлах сээрийн өвөр гэх нэртэй газраас үхэр тууж сумын төвд ..ирээд Т-ын гэрээс 4 боодол өвч аваад Б-ийн машинд асуулаад манай гэр очиж бай гэж хэлчхээд Б бид хоёр хойноос нь мотоциклтой хамт явсан. Тэгээд бид гурав хашаанд ороод өвс тарааж байгаад би манай байшингийн цоож байхгүй байхыг хараад Б-т “манай байшингийн цоожийг хүн эвдэж орсон байна” гэж хэлээд зогсож байтал манай байшингаас П гараад ирсэн. Би П-г чи яагаад манай байшингийн цоожийг эвдэж орж байгаа юм гэхэд юм ярилгүй манай хашааны хаалгаар гараад явсан. Тэгж байтал П-гийн хойноос манай сумын Б согтуу гарч ирсэн. Тэгэхээр нь би та нар яагаад манай гэрт орж байгаа юм би ямар архичдын гэр бэлдсэн юм уу гэхэд Б П орсон юм гэж хэлсэн. ...цүү янзалж байснаа авдарт байсан мөнгөн хазаараа үзэхэд байхгүй байсан юм. ...Би хөдөө гэртээ малаа маллаж байдаг, сумын төвийн байшинд хүн байхгүй гадна хаалга нь цоожтой байдаг. Би 2022 оны 01-р сарын 27-ны өдөр байшинд эд зүйл янзалж байхад авдарт байж байсан. Түүнээс хойш 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байхгүй байсан... хазаараа 2 сая төгрөг гэж бодож үнэлнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 21 дэх тал),

3. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Т мотоциклтой ирээд манай байшингийн хаалганы цоожийг П, Б нар эвдэж орчихсон байж байна. Хоёулаа очиж цоож цуургыг янзалъя гэж хэлээд алх хадаас аваад замаасаа дэлгүүр орж цоож аваад Тын хашаанд очиход хүн байхгүй байсан. Байшингийн цүүг янзлаад гэрт ороод сууж байсан аа, Т авдар аа нээж үзээд авдарт байсан мөнгөн хазаар байхгүй байна гэж хэлсэн ээ нөгөө хоёр авчээ гэж хэлж байсан... хэд хоногийн дараа Т согтуу гэрт орж ирээд нөгөө миний мөнгөн хазаарыг Б авчихсан дэлгүүрт тавих гээд явж байна гэнэ гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

4. Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өвс буулгаад Тын хашаан дотор үхэрт тарааж тавьж өгөөд явж байтал Т манай байшингийн цоож эвдэж манай гэрт хүн орж гэж хэлээд зогсож байтал Т-ын гэрээс П эхэлж гарч ирээд удалгүй араас Б согтуу гарч ирсэн. ...хэд хоногийн дараа Т-тай уулзахад авдарт байсан мөнгөн хазаар алга болсон байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

5. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... П, Б нар Т-ын гэрээс гарч ирсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй байсан. Тэр хоёр хашааны хаалгаар гарахдаа нэлээн согтуу шинжтэй найгаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

6. Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 03-р сарын 17-ны өдөр Зүүнхангай сумын 4-р багийн нутагт Их голын 6-1 тоотод Эрдэнэ-Арвижих нэртэй дэлгүүртээ худалдаа үйлчилгээ хийж байтал манай сумын иргэн Б ганцаараа өглөө 11:00 цагийн орчим манай дэлгүүрт орж ирээд надад нэг шил архи зээл өгөөдөх гэхэд би архи зээл өгөхгүй гэсэн. Тэгтэл би чамайг зээл өгөхгүйг чинь мэдээд өөрийн мөнгөн хазаарыг авч ирлээ гэж хэлээд өврөөсөө мөнгөн хазаар гаргаж ирээд үүнийг чамд тавьчихъя би маргааш авна чи надад нэг шил архи өгөөдөх гэж хэлэхээр нь та маргааш аваарай гэж хэлээд 1 шил 0,75л-ийн Соёрхол нэртэй архи, нэг том 2 литрийн савтай кола ундаатай аваад 25,000 төгрөгт тавиад гарч явсан. Маргааш өдөр нь буюу 2022 оны 03-р сарын 18-ны өдөр Б хажуудаа манай сумын Б гэх залуутай 14 цагийн орчим манай дэлгүүрт орж ирээд нөгөө мөнгөн хазаараа авъя гэж хэлээд надад карт уншуулж 25000 төгрөг төлөөд хазаараа аваад дэлгүүрээс гарч явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

7. Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б ах надаас чамд 20.000 төгрөг байвал өгөөч гэхэд би та мөнгөөр яаж гэж байгаа юм гэхэд би дэлгүүрт хазаар тавиад юм авчихсан юмаа түүнийгээ авах гээд гэсэн. Би ахаар хөрөө болон мотоциклоо хааяа засуулдаг болохоор дэлгүүр орж карт уншуулаад хазаарыг нь авч өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

8. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “хэдний өдрийг санахгүй байна өглөө 10,00 цагийн орчим сумын төвд архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн явж байтал гудамжинд манай сумын С.П хоч нэр нь К П гэдэг залуу надтай таарч бид хоёр уулзаад сууж байгаад би ах нь өчигдөр архи уучихсан дотор муу байна гэхэд дүү нь бас дотор муу байна гэж хэлсэн. Би надад мөнгө төгрөг байхгүй байна гэхэд П дээлийн өврөөсөө нэг ширхэг мөнгөн хазаар гаргаж ирээд та энэ хазаарыг дэлгүүрт тавиад 2 шил архи авчих гэхэд би энэ ямар учиртай хазаар юм бэ гэхэд миний хазаар гэж хэлсэн. Тэгээд бид хоёр сургуулийн урд талын дэлгүүр рүү явж байгаад П та дэлгүүр ороод тавьчих, Би Э-гийн дэлгүүрт өртэй юм. Би Т-ын хашааны үүдэнд хүлээгээд байж байя гэж хэлээд хоцорсон. ...дэлгүүрээс 1 шил 0,75л-ийн Соёрхол нэртэй архи, 2л савлагаатай кола нэртэй ундаа аваад Т-ын гадна очиход С.П хүлээгээд зогсож байсан. Тэгээд бид хоёр Т-д миний урд гараад хашаа руу ороод байшинд нь орсон чинь хүн байгаагүй хашаа болон байшингийн хаалга нь цоожгүй онгорхой байсан. Тэгээд би С.П-д чи яагаад эзгүй айлд шууд орж байгаа юм бэ? гэсэн чинь хамаагүй би мэдэж байна гэж хэлээд би авсан шил архиа задлаад ...дахиад аягалах гэж байтал П задалсан архиа шууд миний гараас булааж аваад өвөртлөөд байшингаас гараад гүйсэн. Би юу болсон юм бол гэж бодоод араас нь гарсан чинь байшингийн үүдэнд гэрийн эзэн Т таарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

9. Увс Финанс Аудит ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 151 дугаартай “2022 оны 4 дүгээр сарын байдлаар Зүүнхангай суманд хар мөнгөн хазаарын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 42 дахь тал),

10. Шүүгдэгч С.П-гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 16-нд Т ахынд ирэхэд гэр нь цоожтой байсан тул малын хашаанд хоносон. Өглөөгүүр даараад байсан тул хаалганы цоожийг онгойлгох гээд таттал өөрөө доошоо шууд онгойчихсон. Тэгэхээр нь ороод хэсэг унтаж байгаад бодоод хартал орны толгойд мөнгөн хазаар байсан. Түүнийг нь аваад гартал гудамжинд Б ахтай таарсан. Тэр согтуу байсан. Бид хоёр хамт архи уухаар тохироод би нөгөө хазаараа өгөөд дэлгүүр явуулахад нэг шил архи, нэг кола ундаатай авч ирсэн. Бид хоёр Т ахынд ороод архиа уугаад сууж байтал гэнэт Т ах гадаа ирээд өвс буулгаад зогсож байсан. Тэгэхээр нь би гараад явчихсан. Маргааш нь хазаар чинь дэлгүүрт байгаа шүү гэж хэлээд мал руугаа явсан. Сүүлд цагдаад саатуулагдаад байж байтал Б хазаарыг авч ирж өгч, эзэнд нь буцаан өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал)-үүдээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.П нь хохирогчийн байсан зөвшөөрөлгүй орж 1.500.000 төгрөгийн үнэтэй мөнгөн хазаарыг нууцаар буюу өмчлөгчийн нүднээс далдуур, хүч хэрэглэхгүйгээр авч явсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл 2 дахь хэсгийн 2.1-т “хулгайлах гэмт хэрэг”-ийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж тодорхойлсон байна.

Шүүгдэгч С.П нь хохирогч Л.Т-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч энэ гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд хазаараа буцааж авсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Т-д хазаар хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал)-ийг үнэлээд шүүгдэгч С.П-гээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

Б. Шүүгдэгч С.П-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч С.П нь Увс аймгийн Зүүнхангай суманд зорчих эрх хязгаарлах ялаа эдэлж байх хугацаандаа Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өмчлөлийн цахим бугуйвчийг хайчаар тасалж устгасан болох нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 03-р сарын 18-ны өглөө Зүүнхангай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б..У нь манай байгууллага руу утасдаж зорчих эрх хязгаарлах ял шийтгэгдсэн С.П нь согтуу байх үедээ цахим бугуйвчаа тасалж устгасан байна. Бугуйвч нь гарт нь байхгүй байна” гэж мэдэгдсэн. Уг мэдээллийн дагуу миний бие 2022 оны 03-р сарын 19-ний өдөр Зүүнхангай суманд очиж П-тэй уулзах гэсэн боловч уг этгээд гэртээ болон аавындаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан. Тиймээс уг этгээдийг хайж 2022 оны 03-р сарын 22-ны өдөр сумын төвд айлд байхад нь олсон. Тухайн үед П-ээс бугуйвчаа яасан талаар асуухад аавынхаа хашаанд согтуу байх үедээ хайчаар хайчилж тасалж өвөртөлсөн өө санаж байна. Түүнээс хойш хаагуур явсан, хаана унагаж гээсэн ээ мэдэхгүй, нэг мэдэхэд алга болчихсон байсан гэж хэлсэн. Мөн ямар айлуудаар орж гарсан аа санахгүй маргааш нь эрүүлдээ цахим бугуйвч аа хайсан боловч олоогүй. С.П-г Улаангом суманд авч ирж прокурорт санал хүргүүлж эдлээгүй үлдсэн хугацаа болох 2 жил 11 сар 15 хоногийн хорих ялаар солиулсан. С.П нь одоо цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа... манай байгууллагын данс бүртгэлд бүртгэлтэй байдаг “Цахим бугуйвч” нь 2021 оны 07-р сарын 01-ний өдрөөс Өршөөлийн хуультай холбоотойгоор ял өөрчлөгдсөн хүмүүст анх хэрэглэж эхэлсэн бөгөөд С.П-д зүүлгэсэн цахим бугуйвч нь урьд нь ашиглаагүй, шинэ техник хэрэгсэл байсан. Орлогод авахдаа данс бүртгэлд нэг бүрийн 782100 төгрөгийн үнэлгээтэй бүртгэлд орсон. ...тухайн үед заавар, анхааруулга, санамж, бүх зүйлийг тайлбарлан өгч устгасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх мөн хорих ялаар солих, төлбөрийг төлүүлэх талаар бүгдийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79, 81 дэх тал),

2. гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Уг цахим бугуйвч нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бараа материалын дансны тусгай зориулалтын хэрэгсэлд бүртгэлтэй манай байгууллагын хөрөнгө юм.  2021 оны 11-р сарын 08-ны өдрөөс бүртгэлд авч ашигласан бөгөөд нэг бүрийн үнэ нь 782100 төгрөгийн үнэтэй төхөөрөмж байгаа юм. Уг төхөөрөмжид ашиглалтын хугацаа гэж тогтоосон хугацаа байхгүй бөгөөд эвдрэх хүртэл хугацаагүй ашиглах ёстой, эвдэрсэн тохиолдолд актлах ёстой эргэлтийн хөрөнгөд бүртгэлтэй төхөөрөмж байгаа юм. П-д олгосон цахим бугуйвч нь шинэ төхөөрөмж байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),

3. гэрч Д.Га-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “П нь Улаангом яваад бугуйвчтай болоод ирснээсээ хойш цэргийн баярын өмнө манайхаар хэд хэдэн удаа ирсэн. Заримдаа бугуйвчны цэнэг дуусчихлаа гараас салгаж болдоггүй юм гэж хэлээд цэнэглээд явж байсан. Мөн 2 удаа Согтуу ирээд архи уугаад явсан. Хаана, хэзээ тасалсан талаар надад яриагүй. Сүүлд сумын төвд худаг дээр П-тэй тааралдахад нөгөө бугуйвчаа согтуудаа таслаад хаячихсан байна. 800,000 төгрөг гэдэг гэсэн Улаангом орж худалдаж авахаас гэж хэлээд явж байсан. Тэр хооронд хэнийд хэзээ бугуйвч аа тасалсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дахь тал),

4. гэрч Б.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 3 сарын дундуур П нь манайхаар хэд хэд ирээд бугуйвчаа цэнэглээд явсан. Сүүлд бугуйвчаа гээчихлээ, танайд байна уу гэж асуугаад явж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал),

5. гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “П-тэй цэргийн баярын өмнөхөн буюу 2022 оны 03-р сарын 15, 16-ны орчимд Г-ын гэрт тааралдсан. Намайг очиход тэд согтуу байсан бөгөөд П бидэнд бугуйвч зүүж өгснийг нь таслаад хаячихлаа гэж хэлж байсан. Түүний маргааш нь П манайд ирээд хоол хийлгэж идээд явсан. Тэр үед П бугуйвчаа надад үзүүлээгүй. Хаана, хэзээ тасалсан талаар надад яриагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал),

6. гэрч Х.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Надад цаг шиг бугуйвч зүүсэн байгаагаа харуулж байсан. Цахимаар намайг байнга хянаж байдаг, сумын төвөөс гарч болохгүй, малаа яаж хариулах болж байна, гайтай юм байна гэж дуу тавьж байсан. Мөн цэнэглэгчийг нь хаана хаяснаа мэдэхгүй байна. Чи дэлгүүр хоршоогоор яваад цэнэглэгч олохыг бодоорой гэж хэлж байсан. Бугуйвчиндаа дургүй, гайтай юм байна гэж байсан. Сүүлд гэрт согтуу ирэхэд бугуйвч нь байгаагүй. Би яасан талаар нь асуугаагүй. Нөхөр маань гэрт ер нь хоноогүй өдрийн цагаар 2-3 удаа ирээд л явж байсан. Ирэхдээ аавынд байгаа гэж хэлж байсан. Бугуйвчаа хаана хэзээ тасалсан талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал),

7. гэрч М.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “П аймгийн Төв яваад асуудал аа шийдүүлээд ирэхэд эхнэр хүүхэд нь Ковид вирус авсан гэртээ тусгаарлагдсан байсан тул хүү маань манайхаар байрлаж, манайд амьдарч байгаад 2022 оны 03-р сарын 15-ны орчмоос хойш гэрт ирэхгүй архи уугаад алга болчихсон юм. Энэ хугацаанд манайд байсан бөгөөд Улаангом сумаас ирэхдээ гартаа цаг мэт зүйл зүүчихсэн ирсэн бөгөөд сүлжээтэй газар байхгүй бол болдоггүй, дээрээс хянаж байдаг гэж хэлж байсан. Манайд байхдаа тэр зүйлээ цэнэглээд байдаг байсан бөгөөд заримдаа цэнэглэхгүй үед аймгийн төвөөс хүн утасдаад цэнэглэхийг шаардаад байдаг байсан. Хүү маань 3-р сарын дунд хүртэл архи уухгүй гэрээс гарахгүй томоотой гэр зуурын ажил хийгээд хөдөөнөөс мал аа авч ирээд эргүүлж тойруулаад аятайхан байсан. Би архинаас гарсан байна гэж их баярлаж байтал нэг удаа намайг үхэрт яваад ирэхэд П гараад явчихсан байсан. Түүгээрээ сумын төвөөр архидаад яваа сураг гарсан бөгөөд манайд ер ирэхгүй байсан... Надад ийм юм зүүж өглөө, сүлжээтэй газар байх ёстой, 3 жилийн турш зүүх ёстой юм гэнэ, намайг хаа ч явсан үүгээр харж байдаг юм гэнэ гэж анх надад тайлбарлаж байсан. Надад уурлаж уцаарласан зүйл ажиглагдаагүй. Миний хүү ер нь архи уучхаад байдаг хүн бөгөөд нэг уухаараа олон хоногоор тасралтгүй уугаад явчихдаг, архи уусан согтуу үедээ хүний үгэнд ордоггүй, хаана, юу хийж байгаагаа мэдэх тэнхэлгүй болтлоо уучихдаг, хөнгөн зантай, хүний үг дагаад явчихдаг хүн байгаа юм. Би архи уулгахгүй гэж янз бүрээр үзээд бараагүй юм. Сумын аль л болохгүй бүтэхгүй архи уудаг хүмүүстэй хэн гэж ялгахгүй нийлээд уугаад явчихдаг юм. Архи уухаар болох оо байчихдаг болохоос эрүүлдээ хүүхэд шиг цайлган зантай, элдэв бодолгүй хүн байгаа юм. Одоо 40 нас хүрч байж өөрийн гэсэн ухаантай бай гэж хэлэхэд хүүхэд шиг хүний үгэнд орж уруу татагдаад яваад байдаг юм. Бугуйвчаа согтуу явж байхдаа л хаясан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дахь тал),

8. гэрч Б.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 03-р сарын 16-ны орчимд санагдаж байна сумын засаг даргын тамгын газарт суманд архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэдэг иргэдэд сургалт зохион байгуулах зорилгоор хүмүүсийг цуглуулсан. Тэр үед П нь аймгийн төвөөс хэрэг нь шийдэгдэж суманд ирчихсэн байсан. Би түүнтэй уулзаж хэрэг чинь хэрхэн шийдэгдсэн талаар асуухад ийм цаг шиг юм зүүж өгсөн гэж хэлж цахим бугуйвч үзүүлсэн. Тэгэхэд анх зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлснийг мэдсэн. Түүнээс хойш П-тэй уулзалдаагүй байтал хэд хоногийн дараа П-гийн эхнэр нь над руу утасдаад П гэртээ согтуу ирчихсэн хаалга үүд татаад байна гэж хэлсэн. Би түүнд гэртээ амрахгүй наад хүн чинь хаана амрах юм бэ? Эсвэл зодож цохиод байгаа юм уу? гэхэд зодож цохиогүй, согтуу ирчихээрээ хүн унтуулдаггүй юм аа. Тэр аав ээжид нь хүргэж өгөхгүй юу гэж хэлсэн. Би тэднийд очиход П гэртээ орон дээрээ хувцастай унтаж байсан. Би түүнийг авч цагдаагийн хэсэг дээр ирэхэд цахим бугуйвч гарт нь байгаагүй. Би түүнээс бугуйвч яасан талаар асуухад цэнэг нь дуусаад салгаад аавынд цэнэглэж байгаа гэж хэлсэн. Яаж салдаг юм гэхэд хажуудаа боолттой байдаг, түүнийг нь тайлаад цэнэглэж байгаа гэж хэлсэн. Би тухайн үед П-г асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн. Тухайн үед шөнө болчихсон байсан тул маргааш өглөө нь ШШГГ-ын ажилтан П-тай холбогдож цахим бугуйвч нь байхгүй байна гэдгийг хэлсэн. Түүний дагуу ШШГГ-аас хүн ирсэн бөгөөд П-г хайгаад олоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100 дахь тал),

9. Шүүгдэгч С.П-гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр сумын төвд орж хүмүүстэй архи уугаад цахим гаваа цэнэглэж чадахгүй унтраагаад түүгээрээ олон хоног архи ууж яваад 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр аавын хашаан дотор хайчаар таслаад өвөртөө хийсэн. Тэгээд үргэлжлүүлээд архидаад явсан. Сүүлд үзэхэд өвөрт байхгүй байсан. Тэгээд айлуудаар яваад хайж сурсан боловч олоогүй. Би хохирлыг өөрийн биеэр төлж барагдуулж чадахгүй. Хоригдож байгаа болохоор. Харин ар гэрийнхнээрээ төлүүлнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал)-үүдээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.П нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс зорчих эрх хязгаарлах эд эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих зориулалттай цахим бугуйвчийг зүүж, ялыг эдэлж эхэлсэн байх бөгөөд ялаа эдлэх хугацаандаа 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Зүүнхангай суманд уг цахим бугуйвчийг хайчаар таслан устгасан үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч С.П-гийн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өмчлөлийн зорчих эрх хязгаарлах ялтай этгээдийг хянах зориулалт бүхий цахим бугуйвчийг хайчаар тасалж устгасан үйлдэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх зорилгогүй байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч С.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...цахим бугуйвч 782100 төгрөгийн үнэлгээтэй бүртгэлд орсон. ...С.П-г хайсан зардалд 100.000 төгрөгийн зардал гарсан. Нийт 898.100 төгрөгийн хохирол нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79, 81 дэх тал), Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орлогын баримтад цахим бугуйвчийг 782.100 төгрөгөөр үнэлэн бүртгэлд авсан баримт (хавтаст хэргийн 112 тал), 40 литр АИ-92 бензин /үнэ 40х2900 төгрөг= 116.000 төгрөг/-ий зарлагын баримт (хавтаст хэргийн 113 тал)-уудаар  Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ гэмт хэргийн улмаас 898.100 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байгаа шүүгдэгч С.П-гээс 898.100 төгрөгийг гаргуулан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч С.П нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч С.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч С.П нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэм хэрэг үйлдсэн болох нь тус тус тогтоогдсон тул уг зүйл заалтуудад заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.П нь урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 111 дугаартай шийтгэм тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, одоо хорих ялыг биечлэн эдэлж байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 148, 151-152, 153-154, 155-156, 158-164, 176-179 дэх тал)-аар нотлогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээтэй тэнцүү буюу 2 /хоёр/ жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт нь  320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах  нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т  заасныг баримтлан шүүгдэгч С.П-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцон 40 хоног хорих ялыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар 2 /хоёр / жил хорих ялд нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногоор тогтоов.