Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2018/01035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:....тоотод оршин суух, .. овогт Г.Д /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...тоотод оршин суух, ... овогт Б.О /Регистрийн дугаар: /-т холбогдох,

Гэрээний үүрэгт 16.020.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярням, хариуцагч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амгалансуурь, гэрч Ц.Түмэн-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Г.Д миний бие 1990 оноос эхлэн Дэнжийн мянгын зах дээр хивсний худалдаа хийж үргэлжлүүлэн “Нарантуул” худалдааны төвд шилжин ажиллаж 2015 оны зун хүртэл “Эрдэнэт” хивсний үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагч болтлоо худалдаа арилжаа хийсэн. Энэхүү хивсний худалдаа наймааг хийснээр олон ч хүний амьдралыг тэтгэн тусалж, өөдрөг сайхан амьдрахад нь гэр бүлд нь дэмжлэг туслалцаа үзүүлж байсан юм. Тэдгээрийн нэг болох Борхүүгийн Б.Оыг 2005-2006 онуудад би туслах ажилтнаар авч хамтран ажилласан. Энэ хугацаанд худалдааны ашиг орлогоос үл хамааран cap бүр цалин мөнгийг бүрэн олгохын зэрэгцээ өдөр тутмын амьдралд тохиолдсон зүйл бүхэнд нь мөнгө төгрөгөөр чин сэтгэлээсээ харамгүй тусалж ирсэн.

Б.Оыг өөрийн байшин савгүй гэрт амьдарч байхдаа 2010 онд байшин барихад нь хөрөнгө мөнгөөр дэмжиж төлбөрийг ажилласан ажлын хөлснөөс суутган барагдуулах замаар буцаан авахаар тохиролцон уг байшингийн тоосго, цемент, хайрга авах, дотор заслын ажлыг хийх мөнгө 7.000.000 төгрөгийг төлсөн. Шинэ байртай болж найр хийхэд манай гэр бүлийн зүгээс ханын хивс, буйдан, мөлхөө тавилга зэргээр тохижуулж өгч байсан. Ажиллаж байх хугацаандаа хэдэн арван сая төгрөгийн туслалцаа үзүүлж байсан ч тэр өглөг буянаа нэг бүрчлэн нарийн тооцсонгүй, энгийн байдаг зарлага зардал мэт зарцуулж хүний сайхан сэтгэлээр хандаж байсан. Б.О нь миний энэ өгөөмөр сэтгэлийг ашиглан 2013 онд хүүхдээ Төмөр Замын дээд сургуульд оруулахад 2.500.000 төгрөг зээлсэн. 2014 онд Сүхбаатар аймаг явахдаа өөрийн эхнэрийн ах болох Пүрэвт 2х1.5 хэмжээтэй 3 ширхэг хивсийг 420.000 төгрөгөөр өгнө гээд хивс авч явсан ч мөнгийг өгөөгүй.

Мөн 2013 онд Дорноговь аймаг руу хивс зарахаар авч явахдаа 30 ширхэгийг дутааж ирсэн. Үндсэндээ өөрөө зарсан ч хивсний мөнгийг надад өгөөгүй. Үүнээс 2*15 хэмжээтэй нэг бүрийн үнэ 100.000 төгрөгийн үнэтэй 20 ширхэг хивсний үнэ 2.000.000 төгрөгийг хариуцаж явсан Б.О төлөх ёстой ч төлөөгүй.

2013 онд банкны зээлийн хүүгээ төлөх хугацаа хэтэрсэн, мөнгө өгөөч гээд байхаар нь 1.300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хивсний борлуулалтын мөнгөнөөс Төрийн банкны эдийн засагчид зээлсэн нэрийдлээр 2013 оны намар  2.800.000 төгрөг авсан. Би Б.Оыг төлбөр тооцоогоо барагдуулахыг шаардахад Маяти машинаа зараад өгнө гэж хуурч, надаас зугатаасаар өдийг хүрлээ.

Миний бие Б.Отай 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нүүр тулан уулзаж харилцан зөвшилцөөд байшин барихад авсан 7.000.000 төгрөг, охиныхоо сургалтын төлбөрт авсан 2.500.000 төгрөг, банкны зээлийн төлбөрт  авсан 1.300.000 төгрөг, төрийн банкны эдийн засагч хүүхэнд өгсөн 2.800.000 төгрөг, эхнэрийнхээ ах Пүрэвт авч өгсөн 3 ширхэг хивсний үнэ 420.000 төгрөг, 20 ширхэг хивсний үнэ 2.000.000 төгрөг, нийт 16.020.000 төгрөгийг Б.О авснаа зөвшөөрч өөрийн гарааг баталгаа бичиж өгсөн ч мөн хугацаандаа өгөөгүй. Иймд түүнээс 16.020.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 

Түүнд нэг өдрийн 15.000 төгрөгөөр тооцон ажилласан өдрөөр тооцон хөлсийг тухай бүрт нь өгдөг байсан. Миний хивсийг орон нутагт борлуулахаар авч явахдаа би доод үнээр тооцож, өдрийн хөлсийг нь өгдөг. Харин тэрээр өөрөө үнээ нэмээд цааш зардаг байсан. Иймд ажлын хөлс өгөөгүй, ажлын хөлсөд тооцсон гэдэг үндэслэлгүй. Мөн байшинг барихад туслалцаа болгосон мөнгийг бэлэглээгүй, харин буцааж хөлснөөс тооцно гэж тохирсон ч хөлснөөс тооцоогүй болно гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Г.Д нь миний хүргэн ах Ариунбуянтай найз байсан учир түүнтэй анх ахын найз гэдгээр танилцсан. Ингээд 2008 онд Г.Д нь чи манай хөдөө орон нутагт хивс худалдах лизингийн борлуулагчаар ажилла, чамайг өдрийн 15.000 төгрөгөөр цалинжуулья гэхэд нь би зөвшөөрч ажиллаж эхэлсэн. Миний бие Хэнтий, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Төв, Архангай, Сүхбаатар зэрэг аймгуудаар Эрдэнэт хивсийг авч явж борлуулдаг байсан. Борлуулалт хийснийхээ дараа хөлс мөнгө тооцдог байсан. Нэг явахдаа сар орчим явдаг байсан. Бидний хооронд цалин хөлс болон хивсний дутуу тооцоо байхгүй. Хөдөө явж ирээд бүх тооцоогоо хийгээд дуусгадаг байсан. Тэр бүгдийг хамт явдаг байсан залуус болон Эрдэнэт үйлдвэрийн нягтлангууд мэднэ. 2008-2015 он хүртэл бид хамтран ажилласан ба тэр хүн ч надад тус дэм үзүүлж байсан. Би ч тэр хүнд алба болон амины ажилд нь сэтгэл гаргаж дүүгийн хувиар тусалж ирсэн.

Мөн Г.Д нь Эрдэнэт хивсний борлуулагч хийж миний борлуулж өгсөн хивсний орлогоос зөндөө их ашиг олж амьдрал дээшилсэн гэдгийг мэдэж байна. Харин Г.Д архи ууж олсон орлогоороо тоглож наргих нь ихэссэн тул хамтран ажиллахаас татгалзсан. Гэтэл 2015 оноос ажиллахаа больсноос хойш Г.Дийн орлого муудаж, надтай хамт лизингийн борлуулалтыг хариуцан ажиллаж байсан хүмүүс ажиллахаа больсон.

Би түүнээс 2013 онд 2.500.000 төгрөг авч охиноо төмөр замын сургуульд ороход нь хэрэглэсэн. Түүнийгээ өгч чадаагүй нь үнэн. Энэ мөнгийг төлнө.

Мөн 2013 онд Сүхбаатар аймаг явахад эхнэрийн ах Пүрэв 3 ширхэг хивс 420.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд мөнгө төгрөгний асуудал тэдний хоорондын асуудал. Надад хамаагүйгээс гадна талийгаач Пүрэв ах мөнгийг өгсөн гэж ярьж байсан.

Харин байшин барихад туслалцаа үзүүлж байсан нь үнэн. Тухайн үед хамтарч ажилладаг, ах дүү шиг байсан тул бэлэг болгож байшин барихад хэрэглэдэг материалыг авч өгсөн гэж ойлгосон. Дараа эргүүлэн төлнө гэж яригдаагүй. Мөн түүний авч өгсөн материал 7.000.000 төгрөг хүрэхгүй. Хамт ажиллах хугацаанд Г.Д cap бүр миний цалинг өгч байгаагүй, 2010-2015 оны хооронд ажилласан цалингаа би аваагүй. 2013 онд зээлээ төлөх гээд хөдөө явж ирээд 1.300.000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ зээлэх гэж аваагүй, харин цалиндаа тооцож авсан.

Төрийн банкны хүүхэнд өгсөн 2.800.000 төгрөг, дутаасан 20 ширхэг хивсний тооцоо 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Тухайн үед хөдөө явж ирээд тооцоог дуусгадаг байсан. Нэг төрлийн хивснээс 20,30 ширхэгээр дутна гэж байхгүйгээс гадна тооллого, тооцоог хийсэн баримтгүй.

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Г.Дид баталгаа гаргах нь гэж бичсэн бичгийн тухайд би охиноо сургуульд ороход авч хэрэглэсэн 2.500.000 төгрөгийг байнга нэхэж ирээд элдвээр хэлж доромжлоод сүүлдээ ажил ч хийлгэхгүй дарамталдаг болсон. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өглөө гэрт ирж намайг мөн л дарамтлан эхнэр Сарантуяагийн хамт гэрлүүгээ авч яван гэртээ ороод цаас бал гаргаж ирээд ингэж бич гээд хоёр талаас хашгичин харааж зүхээд байхаар нь бичиж өгье гэж зөвшөөрсөн. Тэгээд би 2.500.000 төгрөг өгөх ёстойгоо бичих гэтэл чи ийм, ийм мөнгө өгөх ёстой гэж дарамталж, шахаж тэд нар өөрсдөө хэлж бичүүлсэн. Тэрнээс биш Г.Дид 16.020.000 төгрөг төлөх ёсгүй. Харин 2.500.000 төгрөгийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иймд Г.Дийн нэхэмжлэлээс 13.520.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Д нь Б.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.800.000 төгрөг, хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 5.220.000 төгрөг, нийт 16.020.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2.500.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж буй татгалзлаа тус тус өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ч уг үүргээ хэн алин нь хэрэгжүүлээгүй байна. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэн зөвд тооцон үнэлж, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

1.Маргааны үйл баримтыг дүгнэвэл, нэхэмжлэгч Г.Д, Б.О нар нь 2008-2015 оны хооронд хэлэлцэн тохирч, Гүйцэтгэгч нь захиалагчийн өгсөн заавар, үнээр хивсийг бусдад худалдан борлуулах, захиалагч нь ажлын хөлсийг хоногт 15.000 төгрөгөөр тооцон олгохоор тус тус амаар тохиролцжээ.

Талуудын хооронд байгуулсан дээрх тохиролцоо нь хуульд харшлаагүй байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Зохигчид хөлсөөр ажиллах гэрээг 2015 оноос дуусгавар болгосон гэдэгт мөн маргахгүй байна.

Ийнхүү хөлсөөр ажиллах хугацаанд 2013 онд Дорноговь аймагт хивсний борлуулалт хийхдээ өгч явуулсан бараанаас 30 ширхэг хивс дутсны 20 ширхэг хивсний үнийг хариуцаж явсан хүний хувьд Б.О төлөх үүрэгтэй, түүнчлэн мөн ондоо Сүхбаатар аймагт явахдаа өөрийн хамаатан гэх Пүрэвт 3 ширхэг 1,5х2 хэмжээтэй 420.000 төгрөгний хивсийг борлуулсан ч мөнгийг өгөөгүй, борлуулалтын орлогоос Төрийн банкны эдийн засагчид өгнө гэж 2.800.000 төгрөг авсан ч буцаан өгөөгүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлав.

Хариуцагч 3 ширхэг хивсний мөнгийг худалдан авсан этгээд төлөх үүрэгтэй, мөн барааны дутагдал гаргаагүй, энэ талаарх баримтгүй гэж маргаж байна.

Хариуцагч 2013 онд 3 ширхэг хивсийг бусдад худалдан борлуулсан, уг хивсний үнэ болох 420.000 төгрөгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй үйл баримтад маргаагүй. Харин хивсний үнийг гуравдагч этгээд төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй. 

Хөлсөөр ажиллах гэрээгээр Гүйцэтгэгч ажил, үйлчилгээг бие даан, хараат бусаар хийж гүйцэтгэх эрхтэй тул нэхэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс хивс худалдан борлуулах ажлаа гүйцэтгэхдээ гуравдагч этгээдтэй хэлцлийг бие даан байгуулдаг байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул тэрээр дээрх гурван хивсний үнийг төлөх үүрэгтэй.

Гэрээний явцад 2013 онд мөн 30 ширхэг хивс дутсан, борлуулалтын орлогоос 2.800.000 төгрөгийг авч бусдад шилжүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч зохигчдын хооронд барааг тухай бүрт хүлээн авч, хүлээлгэн өгч байсан талаарх тооцоо нийлсэн баримтгүй тул хариуцагчийг ажиллах явцдаа өөрт нь итгэж шилжүүлсэн хөрөнгийг дутаасан, борлуулалтын орлогоос авсан, нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч энэ шаардлагаа баримтаар нотлоогүй гэж үзэв.

2.Хариуцагч 2013 онд банкны хүүгээ төлөхөөр 1.300.000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан үйл баримтад маргаагүй ч, нэхэмжлэгч уг мөнгийг зээлсэн гэж, хариуцагч уг мөнгийг ажлын хөлсөд тооцсон гэж тус тус маргав.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282.4 дэх хэсэгт зааснаар “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох”-оор заасан байх тул тухайн өдөр 1.300.000 төгрөг хүлээн авсан гэдэгт хариуцагч маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэв. Хариуцагч дээрх мөнгийг зээлэх зорилгоор аваагүй харин ажлын хөлс гэж тайлбарлаж байх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна зохигчдын ажлын хөлсийг нэг өдрийн 15.000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон, нэг удаа хөдөө явахад ойролцоогоор сар орчим явдаг гэж тайлбарлаж байгаагаас үзвэл 1.300.000 төгрөг нь ажлын хөлс гэж үзэх боломжгүй, хариуцагчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн хөрөнгийг буцаан төлөх үүрэг хүлээх бөгөөд уг мөнгийг буцаан төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул 1.300.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

3.Зохигчид хэн алин нь хариуцагч Г.Д 2010 онд барилга барихад нэхэмжлэгч байшинд хэрэглэгдэх цемент, тоосго, хайрга зэрэг барилгын материалыг худалдан авч өгсөн, дотор заслын ажлын хөлсийг бусдад төлсөн гэдэгт маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч байшинд оруулсан 7.000.000 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцлөөр зээлсэн гэж тайлбарлан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардаж байх бөгөөд хариуцагч уг мөнгийг зээлээгүй, хариу төлбөргүй бэлэг гэж ойлгосон, мөн худалдан авч өгсөн материал 7.000.000 төгрөгнөөс бага гэж маргаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчдын хооронд зээлийн харилцаа үүсэхэд нэг этгээд нөгөө этгээдэд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгийг чөлөөтэй, эсхүл тодорхой зорилгоор захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлэх, нөгөө талаас хүлээн авсан этгээд тохирсон хугацаанд буцаан төлөх хүсэл зоригоо илэрхийлэхийг ойлгохоор заажээ.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нэхэмжлэгч хариуцагчид 2010 онд байшин барихад зориулж тодорхой хэмжээний хөрөнгө шилжүүлсэн гэдэгт маргаагүй ч нэхэмжлэгч хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан болохоо баримтаар нотлоогүйгээс гадна Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д зааснаар талууд хүсэл зоригоо нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “байшин барихад хөрөнгө мөнгөөр дэмжлэг үзүүлсэн, сайхан сэтгэлээр хандаж байсан” гэж, түүнчлэн шүүх хуралдаанд “сэтгэлийн дэм байсан” гэж, хариуцагч “бэлэг гэж ойлгосон” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл зохигчид анх зээлэх, зээлдүүлэх агуулгаар хэлцлийг хийсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч дээрх 7.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Г.Д дээрх 16.020.000 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр баталгаа гаргаснаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдоно гэж тайлбарлаж байх боловч уг баталгаанд дурдсан мөнгөн хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгснийг дэмжих бичгийн нотлох баримтгүй тул шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн сургалтын төлбөрт зээлсэн 2.500.000 төгрөг, 2013 онд зээлсэн 1.300.000 төгрөг,  хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2013 онд авсан 3 ширхэг хивсний үнэ 420.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөөгүй тул гэрээний хохиролд тооцон, нийт 4.220.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг ба гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заажээ. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2013 оны хөлсөөр ажиллах гэрээнээс учирсан хохирол болон 2010, 2013 оны зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзэхээр байна.  

Гэвч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар шаардлага гаргах эрх бүхий тал хуулиар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд баталгаа гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар, ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолохоор заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталгаа гаргаж өгсөн байх тул хөөн хэлэлцэх хугацааны хувьд дуусаагүй гэж үзэн хэргийг шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Б.Оаас 4.220.000 /дөрвөн сая хоёр зуун хорин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Дид олгож, нэхэмжлэлээс үлдэх 11.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 82.470 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

                       

 

                                    ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ