Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/264

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022              6             17                                                   2022/ШЦТ/264                                  

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,

Иргэдийн төлөөлөгч Б.А ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т , түүний өмгөөлөгч Э.Уянга, Р.Булгамаа,

Шүүгдэгч А.Д , түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр, С.Батцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн А-н Д т холбогдох эрүүгийн 2034004870047 дугаартай, 3 хавтас хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х овгийн А-н Д , 1985 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 15-р хороо 13 дугаар хороолол 8-11 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ХГ85101278 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч А.Д  нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Тэрэлжийн шугуй гэх газрын Тэрэлж голын хөвөөн дээр 2020 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 19 нас 4 сар 13 хоногтой Э.Э-г2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан “Архидан согтууруулахтай тэмцэх тухай” хуулийн 3 дугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан “21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж уруу татаж согтууруулах ундааны зүйл уулгаж, орхисны улмаас голын усанд живж, амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2034004870047 дугаартай хэрэгт авагдсан 

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т гийн өгсөн: 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 8 цаг өнгөрөөгөөд өөрийн утаснаас охиныхоо утас руу залгасан. Миний охины утсыг эрэгтэй хүн аваад "Таны залгахыг хүлээж байлаа, та Төв аймгийн Цагдаа дээр ир" гээд утсаа салгасан. Би тэр өглөө Улаанбаатар хотын Гачууртад очсон байсан. Төв аймгийн Шүүх эмнэлгийн цогцост задлан хийдэг газар очсон. Би охиноо нас барсан байсныг харсан. Миний охины баруун нүд нь нээлттэй, ам нь ангайсан, зүүн хацар нь хавдсан, хөхөрсөн, арьс нь улайсан, цэл хөхөрсөн байсан. Эмч надад задлан шинжилгээнд орох ёстой хугацаа алдах  гээд байна гэсэн зүйл хэлсэн. Эмч шинжилгээнд орчоод урьдчилсан байдлаар живэлтийн улмаас нас барсан байна гэж хэлсэн. Манай эгч надад энд цуг явсан хүмүүс нь байна гэж хэлсэн. Хүмүүсийг харахад сахалтай, улаан нүүртэй, 34-35 орчим настай хүн, 30-40 насны 1 эмэгтэй 4 хүн байсан. Би бодохдоо үеийнх нь хүмүүс юм болов уу гэж бодож байгаад тэр хүмүүсийг хараад цочирдсон. Өөрийгөө Ж  гэх Д  гэдэг нэртэй хүн ганцаараа миний охиныг таньдаг гэсэн.

2020 оны 6 дугаар сарын 26-ны орой маргааш ээжтэйгээ Гандан орно гээд миний өвөрт унтсан. Тэгээд 9:30 цагт намайг босох үед миний охин хувцсаа өмссөн. Ээжээ би өнөөдөр ажил руугаа яваад зургаа зуръя. Хагас, бүтэн сайнд хүн сэлүүхэн үед ажил төвлөрдөг, та аниа, дүү хоёртой Гандан явчхаарай гэж хэлэхээр нь би хүчлээгүй орхисон. Тэгээд 16:30 цагийн үед утсаар ярих үед "Монсудар ажил дээрээ байна, өнөөдөр эртхэн харина, маргааш өглөө ажил дээрээ юм хийж байгаад үдээс хойш Гачуурт руу таны араас очно." гэж ярьсан. Тэрнээс хойш охин руугаа 20:00 цаг өнгөрөөгөөд залгасан боловч миний утсыг аваагүй, авахгүй байсан тул утсаа ав гэж мессеж бичсэн. Түүний эгч Соёл хүртэл залгасан. 23:52 цагт эгчийнхээ утсыг авсан, тухайн үед чимээ сонсогдоод тасарсан. Би тухайн үед утсаа хальт авсан болохоор Төмөр замд гэртээ байсан байх гэж тайвширсан." гэх мэдүүлэг /1 хх 24-25/,

Шүүх хуралдаанд өгсөн: "Иргэн хүний хувьд хуулийг хүндэтгэж байна. Өршөөлийн хуульд хамааруулаад шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гомдолтой байна. Миний охин өнөөдөр хэн байсан юм бэ, 19 нас наслахдаа Д  гэх хүнд итгэсэн түүнийг багшийн дайны хүндэлж байсан. Би Ж  ахад итгэдэг гэж хэлж байсан. Д ийг эмнэлэгт хэвтэж байхад хүртэл сайхан сэтгэлтэй охин минь эргэж байсан. Би гомдолтой байна. Би сэтгэл санааны хохирол нэхээгүй. Бодит хохирлыг нэхэмжилсэн. Би энэ хорвоогоос явах хүртлээ Д т гомдол тээж амьдарна. Маш их гомдолтой байна." гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Ариунзаяагийн өгсөн: "2020 оны 6 дугаар сарын 27-нд би Эрдэнэ сумын Тэрэлж голын эрэг дээр амарч байхад 22 цагийн үед гэнэт амь авраарай гээд орилсон ба тухайн үед харанхуй болсон байсан. Хүн тоглож л байгаа юм байх гэж бодоод сууж байтал зэргэлдээ зайтай буудаллас ан хэсэг залуучууд бөөндөө гүйлдээд явсан ба би араас нь яваад очтол нэг залууг баахан танихгүй хүмүүс баахан танихгүй хүмүүс гаргасан бөгөөд дахиад нэг эмэгтэй байх ёстой гээд хайгаад байсан. Би 101 дугаар луу дуудлага өгөөд байж байтал нэг залуу хайж байгаад олчихсон." гэх мэдүүлэг /1 хх 26-27/, "Би тэр эмэгтэйг огт танихгүй. Би Анхбаатартай хамт очсон бөгөөд тэр эмэгтэй нэрээ хэлээд танилцаж байсан. Тэгээд тэр эмэгтэй босоод явсан. Бид нар тэнд юм яриад сууж байхад нэг яваад ирээд байгаа харагдсан. Тэгээд удалгүй харагдахгүй болсон байсан гэнэт хүмүүс орилоод тийм асуудал болсон. Уснаас гарч ирсэн залуу нь нилээд согтуу байсан, усанд живсэн гэх эмэгтэй нь ерөнхийдөө дунд зэрэг согтуу байсан болов уу гэж харагдсан." гэх мэдүүлэг /1 хх 28/,    

Шүүгдэгч А.Д ийн өгсөн: "Би Энхсоёлтой 2018 онд Фэйсбүүкээр танилцаж байсан. Энхсоёл Дүрслэх урлагийн дээд сургуульд сурдаг гэж байсан. Намайг зураг зурдаг болохоор сонирхол нэг болоод танилцаж байсан байх. 2020 оны 6 дугаар сарын 26-ны орой над руу сонгууль дуусчхаагүй юм уу, завтай болдоггүй юм уу, уулзъя гэж чат бичсэн. Хэзээ гэтэл маргааш нөгөөдрөөс гэж хариу бичсэн. Өмнө нь ч гэсэн намайг хэд хэдэн удаа уулзъя, тааралдъя, санадаг шүү гэж бичдэг байсан. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 26-ны орой Төмөр замын тэнд Мөнхмандахын гэрт хөзөр тоглож байгаад тэндээ хоносон. 2020 оны 6 дугаар сарын 27-ний өдөр Мөнхмандах надад хандан манай найз агаарт гарах гэж байгаа гэж хэлэхээр нь би цуг явж болох уу гэхэд болно гэсэн тэгээд Энхсоёлтой холбоо бариад Тэрэлж рүү явахаар болж байх шиг гэхэд би тантай цуг явж болох уу хоногоор юм уу гэж асуусан. Тэгээд би хоногоор чи өөрөө мэд, явахаар бол дулаан хувцсаа өмсөөрэй гэж хэлсэн. 15 цагийн үед Мөнхмандах, Эрка, Гэрлээ, Энхсоёл бид хэд Ниссан патрол маркийн тээврийн хэрэгсэлтэй Тэрэлж рүү явсан. Төв аймгийн Эрдэнэ сумын Зөгийн фермийн баруун талд голын эрэг дээр очсон. Майханаа барингаа цаг асуутал 17 цаг болж байсан. Тэр газар очиход Мөнхмандахын дүү нар гээд 6 залуу байсан. Тэгээд майхнаа барьчхаад хоол, унд хийж идээд архи, дарс уусан. Нэлээн бүрэнхий болоод нар жаргаад бүрий болсон үед Энхсоёл миний утас алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр хавиар, майханд, майхны хойно ташуу модны тэнд хайж байтал Мөнхсоёл хүрч ирээд хайгаад яах юм бэ маргаашаас олдох байлгүй гэж хэлсэн. Тэгээд модноос майхан руу яваад хэвтэж амрах уу гэхэд тэгье гэхээр нь майхан руу оруулж хэвтүүлчхээд би майхнаас шээхээр гараад 3, 4 алхам яваад шээх гээд зогсож байтал майхан дотроос Энхсоёл бөөлжлөө гээд огьж сонсогдсон. Яваад очиход цээж очтол цээжин хэсгээрээ майхны хаалгаар гарчихсан бөөлжиж байсан. Майхан руу тонгойтол майхан дотор байсан мишок, хувцас, малгай гээд бүх юм бөөлжис болчихсон байсан. Тэгээд би Мөнхсоёлын цамцны энгэр бөөлжис болчихсон байхаар нь цамцыг нь тайлж өгтөл дотуураа нүцгэн байсан. Тэгээд цамцыг нь тайлж өгтөл дотуураа нүцгэн байсан. Футболк өмсгөх гэтэл гараараа түлхээд майхнаас мөлхөөд гарсан. Тэгээд би бөөлжсийг нь арчиж цэвэрлэх гээд тонгойгоод майхан доторхыг цэвэрлэж байтал ард талд пүл гээд усанд юм унаж байгаа чимээ гарсан. Тэгээд эргээд хартал сарны гэрэлд Энхсоёлын дүрс нь харагдахгүй байсан. Гол руу хартал Энхсоёл голын эргээс 1,5 метр гаран зайд хөвөөд гараараа самардан усанд урсаад явангуут нь би аврах гээд ус руу ортол миний гэдэс, цээжээ татсан гүнзгий, ширүүн урсгалтай ус байсан. Тэгээд би тэр дороо хөл алдаад өөрөө урсаж живж эхэлсэн. Тэгээд аврал ирж орилох гэтэл ус залгигдаад би аль болох эрэг рүү самардаад авраарай туслаарай гэж 2-3 удаа орилтол нэг хүн усанд орж ирээд намайг татаж гаргаад миний амийг аварсан. Тэгээд би манай дүүг авраарай гэхэд намайг аварсан хүмүүс хүүе дахиад хүн байгаа юм уу гэж орилж байсан. Тэгээд тэр хүмүүс Энхсоёлыг хайгаад намайг та эргээс холд гэж хэлсэн. Залуус машиныхаа гэрлийг тусгаад Энхсоёлыг хайгаад ойролцоогоор 20-30 минут болсон. Би тэр цаг хугацааг мэдэхгүй байна олчихлоо гэж орилсон. Мөнхмандах нэг хүний майханд, Эрка, Гэрлээ хоёр том хүний майханд, Энхсоёл бид хоёр нэг майханд тус тусдаа 3 майханд байсан. Энхсоёл бид хоёрын майхан нөгөө хэдийн майхнаас 10-16 метр зайд байсан бөгөөд бид хоёрын байсан майхан голын эргээс 3-4 метр зайд модны доор байрлуулсан байсан. Бид хэд өөрсдийн авсан 0,75 литрийн Тайга нэртэй архи, 3-4 том савтай пиво хувааж уусан. Энхсоёл архи хэр их уусан талаар мэдэхгүй байна. Миний мэдэхээр 3-4 ууж байсан, нилээн хөөрлийн байдалтай гоё байна аа гээд байсан. Өөрийгөө удирдан жолоодох чадвар байсан гэж бодож байна. Гэхдээ өөрөө би их согтчихлоо гээд байсан. Энхсоёлыг ус руу унах үед би байсан нөгөө хүмүүс галын хажууд бид хоёроос жоохон зайтай байсан.

Би Энхсоёлыг 18-19 настай болов уу гэж хардаг байсан. Өөрөө надад 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн гэж хэлдэг байсан. Оноо бол хэлж байгаагүй. Бид хийдэг ажлынхаа шугамаар, сонирхлынхоо дагуу уулздаг байсан. Намайг завтай байна уу гэхээр нь завтай байна гэхэд хальт таарах уу, тамхи татах уу гэхээр нь тэгье гээд хааяа уулздаг байсан. Энхсоёлын 10-н жилийн төгсөлтийн найз билүү Их сургуулийн ангийнх нь билүү нэг залуутай Плэй тайм хөгжмийн тоглолт дээр танилцаж байсан бас 10-н жилийн ангийнх нь хүүхдүүдтэй циркийн зүүн талд танилцаж байсан.

Архийг 21 настай хүн уухыг зөвшөөрдөг. Энхсоёлыг би архи уулгаагүй бид нар дэлгүүрээс архи, согтууруулах ундааны зүйл худалдаж авсан бөгөөд бид нар дайлсан өөрөө уусан тэгээд согтсон. Тэрнээс ямар нэг байдлаар хүч хэрэглэсэн, шахсан асуудал байхгүй. Өөрөө гоё байна гээд халамцуухан байж байсан. Би 18 насанд хүрсэн хүн юм чинь өөрийгөө мэдэж байгаа байлгүй дээ тоогоогүй.

Түүнийг усанд живэхээс өмнө нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед бэлгэвч хэрэглээгүй. Бид хоёр бэлгийн харьцаанд ороод 15-20 минут хэвтсэн. Тэгээд бид хоёр жоохон байж байгаад нөгөө хэд дээр очъё гэж ярьж байсан. Бид хоёр 2019 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод манай ажил дээр өдрийн цагаар уулзаж ярилцаж байгаад бэлгийн харьцаанд орж байсан. 2019 оны зун амьд хөгжмийн наадам дээр дотносох эхлэл тавигдсан бөгөөд бэлгийн харьцаанд ороогүй." гэх мэдүүлэг /1 хх 30-33, 92-93/,

Гэрч Д.Эрдэнэбатын өгсөн: "Би Мөнхмандахад 7 хоногийн өмнө салхинд гарах уу гэж хэлж байсан. 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Мөнхмандахтай Гэрлээ гурвуулаа салхинд явах уу гэж ярилцсан. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 27-ний өглөө Мөнхмандах залгаад манай нэг найз цуг явъя гэж байна гэхээр нь тэг л гэсэн. Тэгээд бид уулзалдаад 15 цагийн үед Тэрэлж рүү хөдөлсөн. ...3-4 цаг өнгөрсөн байх Ж  талийгаач хоёр талийгаачийн утас алга болсон гээд тэр хавиар хайгаад майхан руугаа явсан. Тэгтэл Гэрэлмаа намайг унт гээд бид хоёр унтаж байтал Мөнхмандах Соёлоо усанд живээд бурхан болчихлоо гэж хэлсэн." /хх 39-40/,   

 "Талийгаач 500 граммын улаан аягаар пиво ууж байсан. Тийм нээлттэй биш голын эргээр зураг аваад селфи хийгээд яваад байсан." гэх мэдүүлэг /хх 94-96, 2 хх 95/,  

Гэрч Б.Мөнхмандахын өгсөн: "Тухайн үед Эрдэнэбат, Гэрлээ, Ж ,Соёлоо, талийгаач бид тавуулаа явж байсан. Би Эрдэнэбаттай 15 жил үерхэж байгаа найз нөхдийн холбоотой. Мөн Ж  буюу Д тэй 10-аад жилийн өмнөөс бие биенийгээ таньж мэддэг найз нөхдийн холбоотой. Гэрлээ, Соёлоо хоёртой тэр өдөр танилцсан. Намайг эхний шорлогоо хийж дуусаад сүүлийн шорлогоо бариад ширээн дээр суухад 22 цаг өнгөрөөд харанхуй болсон байсан. Тухайн үед Ж , Соёлоо хоёр амрах гээд майхан руугаа явсан байсан. Харин тэр үед жоохон байж байгаад Гэрлээ, Эрдэнэбат хоёр амрах гээд майхан руугаа явсан Ширээн дээрээ хойд талын майханд тусдаа явж байсан танил дүү Анхбаатар, найз охин нь болох Заяа нартай шорлогоо идээд, пиво уугаад үлдсэн. Тэгээд сууж байтал доор хүмүүс орилолдоод эхэлсэн. Чимээ сонсоход эрэгтэй хүний хоолойгоор авраарай, туслаарай гэж орилж байхад нь асаагуурын гэрлээ тусгаад очсон. Тэр үед залуус эрэг дээр тал талаас цугласан байсан. Жамуух өөрөө усан дотор модонд тээгэлдчихсэн толгой нь ил гарсан байдалтай байсан ба би яах вэ дүү модон доогуур урсаад орчихлоо гээд орилж байсан. Тухайн үед эрэг дээр байсан залуус Ж ыг гаргасан. Бид гэрэл тусгаж тойрч хайсан боловч олоогүй. Нилээн хайж байж нэг залуу гүехэн хэсгээр ус туулж ороод цагаан юм харагдаад байна гэж хэлсэн. Тэгээд тэр хэсэгт гэрэл тусгахад нуруу хэсгээрээ хөвсөн байдалтай живсэн байсан. Гаргаж ирээд тусламж үзүүлсэн боловч өнгөрчихсөн байсан. Маргааш нь савнуудаа үзэхэд 4 том пиво, 1 шил архи уусан байсан. Миний хувьд согтоогүй, Ж , Эрдэнэбат хоёр гайгүй байсан. Энхсоёлыг архиар шахсан асуудал байхгүй, хэн нэгэнтэй муудалцаагүй." гэх мэдүүлэг /1 хх 44-48, 97-98/,

Гэрч Б.Золзаяагийн өгсөн: "2009 оны 5 дугаар сард гэрлэлтээ батлуулж байсан. Д  гэх хүний гэр бүлийн хүн. Бид хоёр ерөнхийдөө нээлттэй харилцаатай байдаг бөгөөд нэг удаа манай нөхрийн чатан дээр нэг охин автобусан дотор өөрийнхөө хөхний даруулгыг гаргаад дарсан зургаа явуулсан байсан. Би нөхөрт энэ ямар учиртай зүйл вэ гэхэд урьд өмнө нь би чамд хэлж байсан охин байгаа юм гэхээр нь надад энэ зураг таалагдахгүй байна одоо энэ харилцаагаа зогсоо гэж хэлээд нөгөө охины хаягийг би өөрөө блок хийж байсан. Блоклож харилцахгүй болгож байсан боловч удалгүй дахин чатаар харилцах болсон байсан. Тэгээд сүүлд 2 сард чатыг нь үзэхэд зурсан зураг, өөрийнхөө зураг зэргийг явуулсан мөн энгийн харилцан яриа байсан." гэх мэдүүлэг /1 хх 51/,   

Гэрч Б.Ариунзаяагийн өгсөн: "Би Ж  гэдэг хүнийг танихгүй. Энхсоёл ярихдаа Ж  гэдэг ахыг таньдаг урлагийн талаар ярилцдаг гэж хэлж байсан. 2018 оны зун Энхсоёлтой хамт Гачууртад болсон Play Time амьд хөгжмийн фестиваль дээр явж байхдаа Ж  гэдэг хүнийг харсан. Тухайн үед Энхсоёлтой мэндлээд гар бариад явж байсан. Урт үс, урт сахалтай хүн байсан. Хааяа л Ж  ахтай чаталсан гэдгээ хэлдэг байсан." гэх мэдүүлэг /1 хх 79-80/,  

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 3151 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл, хувцаснуудад урагдалт, гэмтэл үүсээгүй." гэжээ /1 хх 142-143/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Талийгаач Э.Э ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүүнд зулгаралт, цээж, зүүн мөр, баруун тохойн хонхорт цус хуралт, баруун зүүн өвдөг, зүүн шилбэ, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.4.Талийгаачийн цусанд 3.5%-ийн промилли, ходоодны шингэнд 4.4 %-ийн промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 5.6.Талийгаач Э.Э ын бэлэг эрхтэнд эр бэлгийн эс илрээгүй болно. 7.Талийгаач Э.Э ын охин хальс хуучин урагдал сорвижилттой байна. 8.Талийгаач Э.Э  нь живэлтийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ." гэх /1 хх 154-155/,    

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Э.Э ын цогцост үүссэн зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүүнд зулгаралт, цээж, зүүн мөр, баруун тохойн хонхорт цус хуралт, баруун зүүн өвдөг, зүүн шилбэ, нуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2.Дээрх гэмтэл нь талийгаачийг амьд ахуйд үүссэн шинэ гэмтэл байна. 3.8.Талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 4.Умайн эдометрт голомтлог цус харвалт, эндометрийн булчирхай пролиферацийн үеийн зураглалтай нь сарын тэмдгийн өмнөх үеийн урьдал шинж юм. 5.6.Талийгаачийн хүзүүнд үүссэн зулгаралт, цээжинд үүссэн цус хуралт мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд талийгаачийн амьд ахуйд үүссэн шинэ гэмтэл байна. 7.Талийгаачийн цусанд 3.5%-ийн промилли спиртийн агууламжийг ямар төрөл, ямар нэр төрлийг нь тогтоох боломжгүй." гэх /1 хх 166-167/,   

  Шинжээч Э.Эрхэмбаярын өгсөн: "Уг гэмтлүүдийг голын усанд унах үед голын хайрга, эргэнд цохигдох үед үүсгэгдэх боломжтой гэмтэл. Талийгаачийн цогцост гадна биеийн үзлэг хийхэд гадуураа мишокоор ороосон байсан бөгөөд талийгаач өмд, дотоожтой байсан дээгүүрээ ямар нэгэн хувцасгүй байсан. Давсаг шээсгүй байсан нь бөөрний үйл ажиллагаагаар ялгарсан байх боломжтой. Талийгаач хүнд зэргийн согтолттой байсан. Хүнд зэргийн согтолттой хүн өөрийн үйл хөдлөлийг хянах чадваргүй болно. Усанд унах үед эдгээр гэмтлүүд гарах боломжтой." гэх мэдүүлэг /1 хх 105-106/,

 "Э.Э ын биед үүссэн зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах ба хүзүүнд зулгаралт, цээж, зүүн мөр, баруун тохойн хонхорт цус хуралт, баруун зүүн өвдөг, зүүн шилбэ, нуруунд зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь голд живэх үед үүсгэгдэх боломжтой гэмтэл. Хүний физологийн онцлогоос хамааран хүнд зэргийн согтолттой хүний үг яриа үйл хөдөлгөөн удааширч, цөөрч, юм санахгүй болно. Дөрвөн мөчдийн булчин суларч өөрийн үйлдлийг хянах боломжгүй болно." гэх мэдүүлэг /1 хх 171-172/,

"Талийгаач Э.Э ын цогцост задлан шинжилгээ хийхэд цагаан мөгөөрсөн хоолойд цайвар ягаан тогтвортой хөөстэй байсан бөгөөд мөн уушги нь улаан ягаан өнгөтэй хийжилт ихтэй хавирганы ором уушгинд үссэн байсан. Энэ нь живэлтийн үед түгээмэл ажиглагддаг сонгомол шинж." гэх мэдүүлэг /2 хх 228/,  

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 5-8/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 9-12/,

Амь хохирогч Э.Э  2001 оны 02 дугаар сарын 14-ны өдөр төрсөн, үйл явдал болсон өдөр 19 нас 4 сар 13 хоногтой байсан талаарх нас тоолсон тэмдэглэл /2 хх 166/, Facebook Jam Mon.Jamukha Oid хаягтай мессеж чаттай Grektumoi Khremere, Kuoto Экс гэсэн хаягтай Facebook мессеж чаттай 2017.9.01-ний өдрөөс 2020.6.27-ний өдрийг хүртэлх мессеж чатад үзлэг хийж хэвлэсэн 54 хуудас /2 хх 169-223/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно. 

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч А.Д ийг “Архидан согтууруулахтай тэмцэх тухай” хуулийн 3 дугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан “21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж нь 19 нас 4 сар 13 хоногтой Э.Э-гуруу татаж согтууруулах ундааны зүйл уулгаж, орхисны улмаас голын усанд живж, амь насыг нь хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

 

Иргэдийн төлөөлөгч шүүгдэгч А.Д ийг гэм буруутай гэж дүгнэснийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас:

Өмгөөлөгч Ш.Амарбаяр "Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд бүгд талийгаач Энхсоёлыг уруу татаж авч явсан гэх баримт байхгүй. Хоорондын харилцааг харахад ямар нэгэн байдлаар уруу татагдах гэсэн агуулгаар орж ирсэн зүйл байхгүй. 18 нас хүрчихсэн эрх зүйн чадамжтай хүнээс салхинд гарах уу гэж асуусан бөгөөд тухайн хүнд салхинд гарахыг нь хүлээн зөвшөөрсөн асуудал болсон. Уруу татах гэх үйлдлийг дарамтлах, шахах, амлалт өгөх зэрэг үйлдлүүдээр авч явсан бол уруу татах үйлдэлд хамаарна. Тухайн үед дарамталж шахсан үйлдэл гэрчүүдийн мэдүүлэгт байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүргээ биелүүлээгүй гэж яллаж байгаа нь буруу. Хэрэв Архидан согтуурахтай тэмцэх хуулийн 7.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа бол Зөрчлийн хуулиар шийдвэрлэх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үүрэг хүлээсэн байхыг шаарддаг. Хориглосон хэм хэмжээг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдана. Д т холбогдох эрүүгийн хэргийг цагаатгаж өгнө үү." гэж,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн "Уруу татсан үйлдэл байхгүй. Амь хохирогчийн хувьд 18 насанд хүрсэн Иргэний хуулиар өөрийн үйлдлээр эрх олж авах, үүрэг бий болох чадвартай насанд хүрсэн байна. Тэгэхээр 18 насанд хүрсэн учир түүнийг хүсэл, зориг нь нэгдсэн байна. Учир нь салхинд гарах уу гэж асуухад нь зөвшөөрч сайн дураараа өөр хүсэж яваад Д ийн байгаа газрыг олоод очсон байгаа. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэж яриад байна, 21 насанд хүрээгүй хүн согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүргийг тухайн субьектэд өөрт нь хариуцуулсан байгаа. Насанд хүрсэн хүнийг архи уух боломжоор хангах архи уулгахгүй байх үүргийг хуулиар зохицуулаагүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Үйлдэл, хор уршиг 2-ын хооронд шалтгаант холбоо байх ёстой, амь хохирогч усанд живээд амьсгал бүтлийн улмаас нас барсан гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тэгэхээр усанд живсэн үйлдэлд Д ийн үйлдэл 2-ын хооронд ямар ч шалтгаант холбоо байхгүй. Архи уулгахгүй байх, боломжоор хангахгүй байх үүрэг хүлээгээгүй мөн тийм хурдан хугацаанд ус руу унах байх гэсэн үйлдлийг ухамсарлаж чадаагүй. Гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү." гэж,

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч А.Д  "Энхсоёлыг би архи уулгаагүй бид нар дэлгүүрээс архи, согтууруулах ундааны зүйл худалдаж авсан бөгөөд бид нар дайлсан. Өөрөө уусан тэгээд согтсон. Тэрнээс ямар нэг байдлаар хүч хэрэглэсэн, шахсан асуудал байхгүй. Өөрөө гоё байна гээд халамцуухан байж байсан. Би 18 насанд хүрсэн хүн юм чинь өөрийгөө мэдэж байгаа байлгүй дээ тоогоогүй." гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч амь хохирогчийг амралтын газар руу дагуулж явсан бол бүх талаар хариуцах байтал хайхрамжгүй хандсаны улмаас хохирогч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас усанд живж амь насаа алдсан." гэж гэм буруу дээрээ маргасан.

 

 Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

 

Эрүүгийн хуульд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох”,

Мөн “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох” гэж тус тус хуульчилсан.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч А.Д  нь амь хохирогч Э.Э-гсалхинд гарахаар санал тавьж, уг саналыг амь хохирогч хүлээн авч /шүүгдэгчийн мэдүүлснээр/ улмаар Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Тэрэлжийн шугуй гэх газрын Тэрэлж голын хөвөөн дээр очиж найз нөхдөөрөө архидан согтуурсан үйл баримт тогтоогдсон. Тухайн үед амь хохирогч 21 насанд хүрээгүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт "Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно." гэж заасан бөгөөд хуулийн зорилт нь согтууруулах ундаа ...хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэжээ. Үүнээс үзвэл уг хуулийг иргэн бүр биелүүлэх, дагаж мөрдөх үүрэгтэй. Хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Шүүгдэгч А.Д  амь хохирогчийг дагуулж явснаараа бүх талаар нь харж хандах, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй, мөн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхийг хориглох үүрэгтэй.  

 

Амь хохирогч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болох нь Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлт "3.4.Талийгаачийн цусанд 3.5%-ийн промилли, ходоодны шингэнд 4.4 %-ийн промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна."  /1 хх 154-155/, шинжээч эмчийн өгсөн: "Талийгаач хүнд зэргийн согтолттой байсан. Хүнд зэргийн согтолттой хүн өөрийн үйл хөдлөлийг хянах чадваргүй болно." гэх мэдүүлэг /1 хх 105-106/ зэргээр тогтоогдсон.

   

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг болно." гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч А.Д ийн хувьд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан амь хохирогчийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглүүлэхгүй байх, амь хохирогч 21 насанд хүрээгүйг мэдэж байсан тул согтууруулах ундаа уулгахыг хориглох энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Амь хохирогч Э.Э  үйл явдал үед буюу 2020 оны 6 дугаар сарын 27-28-нд 19 нас 4 сар 13 хоногтой байсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон нас тоолсон тэмдэглэл /2 хх 166/-ээр тогтоогдсон.

 

Амь хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас бөөлжиж усанд живж амь насаа алдсан нь шууд шалтгаант холбоотой. Эдгээр үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.    

 

 Иймд шүүгдэгч А.Д ийн 2020 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 19 нас 4 сар 13 хоногтой Э.Э-г2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан “Архидан согтууруулахтай тэмцэх тухай” хуулийн 3 дугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан “"Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж согтууруулах ундааны зүйл уулгаж, орхисны улмаас голын усанд живж амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэсэн “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Улсын яллагч шүүгдэгч А.Д ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохиролд 7 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл хохирлыг 6 сарын дотор төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч А.Д  нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүдийн том нь 13 наснаас 2 сартай. А.Д ийн хувийн байдлын хувьд өөрийгөө хөгжүүлэх тал дээр нэлээн ажилладаг бөгөөд орос, англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Улсын яллагчийн санал болгосон Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан нэмэлт шаардлагууд буюу хохирол нөхөн төлөх, гэм буруугаа хүлээсэн асуудал яригдах байх. Улсын Дээд шүүхээр нэгэнт Өршөөн хэлтрүүлэх хэрэгт гэм буруугийн асуудал буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10-т зааснаар шүүхээс гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийг заавал хэрэглэнэ гэсэн зохицуулалтаар өршөөн хэлтрүүлэх байр суурьтай байгаа талаар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Иргэн хүний хувьд хуулийг хүндэтгэж байна. Өршөөлийн хуульд хамруулаад шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх саналыг гаргаж тус тус мэтгэлцэв.

 

   Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаарх 1 дүгээр хавтаст хэргийн 173-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ам бүл 5, эхнэр, 2 наснаас 13 насны 3 хүүхэдтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 хороололд оршин суух байнгын засаг захиргааны бүртгэлтэй зэрэг хувийн байдалтай холбоотой мэдээлэл хавтас хэрэгт авагджээ.

  

Улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүгдэгч А.Д т холбогдох хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж хуульчилсан.

 

  Шүүгдэгч А.Д  шүүхээс хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн гэм хорын хохиролд 21 348 541 төгрөгийг шүүх хуралдаанаас 5 хоногийн завсарлага авч 7 000 000 төгрөгийг нөхөн төлж үлдэх 14 348 541 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч хэрхэн төлөх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл тухайн хохирлыг нөхөн төлөх эх үүсвэр байхгүй /тэрээр тогтмол орлоготой эсэхийг нотлох баримт байхгүй, ямар нэг объект зарж борлуулах орлого, худалдаа эрхэлдэг талаарх нотолгоо авагдаагүй/ тул түүнийг хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй юм.   

 

Иймд шүүгдэгч А.Д ийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

  Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

 

  Энэ гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 57 262 170 төгрөг нэхэмжилсэн. /3-р хавтаст  хэргийн 80-97/

 

  3-р хавтаст хэргийн 80-97 дугаар хуудсанд авагдсан оршуулгын зардал, үүнтэй холбоотой зан үйлийн зардал, шатахууны зардал зэрэг нотлох баримтаар бүхэлд нь 21 348 541 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Өмгөөллийн хөлс гэх 15 000 000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэхгүй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар өөрөө өөрийгөө өмгөөлөх мөн хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Хэргийн оролцогч хоёр тал тул шүүх хөндлөнгийн байр суурины үүднээс уг зардлыг гаргах боломжгүй. Иймд өмгөөллийн хөлс гэх 15 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Бусад нотлох баримтгүй нэхэмжилсэн 20 913 629 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.     

 

Шүүхийн хангаж шийдвэрлэсэн 21 348 541 төгрөгийг нөхөн төлөхөөр шүүгдэгч 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ажлын 5 хоногийн завсарлага авч 2022 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд 7 000 000 төгрөгийг төлж үлдэх 14 348 541 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Д ээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т д олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2034004870047 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт 1 ширхэг  СD хавтаст хэрэгт авагдсан болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овгийн А-н Д ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Д т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д ээс 14 148 541 /арван дөрвөн сая нэг зуун дөчин найман мянга таван зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот .... оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б овгийн Н-н Т  /РД:.../-д олгосугай. 

 

   5.Эрүүгийн 2034004870047 дугаартай хэрэгт хэрэгт мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, 1 ширхэг СD хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ

 

 

                                      ШҮҮГЧИД                              Ю.ЭНХМАА

 

 

                                                                                         Т.БАТЖАРГАЛ