Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 459

 

 

 

 

 

 

 

 2019           5             16                                            2019/ДШМ/459                                                                                                                    

Ц.А-дхолбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

прокурор М.Алтанцэцэг,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.А гийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.А-дхолбогдох 1806077040041 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М овгийн Ц-ийн А, ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............/;

 

Ц.А  нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны үрс” цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөнд “манай хүүхдийг зодсон байна” гэх шалтгаанаар П.Цэнгэлмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.А гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.А г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.А-доногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-ийг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.А гийн өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Ц.А  анхнаасаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Нарны үрс” цэцэрлэгийн эрхлэгч Цэнгэлмаа нь өөрийн өрөөндөө орж ирээд, “ширээний араас, юу болсныг ч мэдээгүй байж, миний үгийг сонсолгүй, дэлгэцээс холд, хаалганы хажууд очиж зогс, зодно гэдэг чинь гараар цохихыг хэлж байгаа юм, энэ бол хэвийн үзэгдэл, яачихсан юм, зүгээр л байна. Та нар шиг юм хоймор зогсдоггүй юм, та нар шиг оркууд ингэдэггүй юм, битгий олон юм яриад бай, хүүхдээ аваад зайл, дөрвөдийн шээс, төлбөрийн чадваргүй ядуу гуйлгачин минь, манай цэцэрлэгт сайд, дарга нарын хүүхэд явдаг, та нар шиг орон байргүй гуйлгачин ингэдэггүй юм” гэж над руу элдвээр загнаж доромжлоод, манай нөхөр бичлэг хийж байхад утсыг нь булаан авч, хана руу шидэж, мөн ширээн дээр байсан 2 литрийн савтай халуун устай ус буцалгагчийг нөхөр лүү шидсэн, тэгтэл нөхөр нь эхнэрийг гүтгэлээ гэж босч ирээд над руу дайрахад нь манай нөхөр болиулж, тэр 2 буйдан дээр зууралдаад унасан. Тэгтэл Цэнгэлмаа над руу дайрч хоолой багалзуурдаад хана руу шахсан. Тэгэхэд нь би 2 гар, мөр рүү түлхэхэд сандал дээр суусан. Би түүнд багалзуурдуулж байхдаа үснээс нь зулгаасан, мөн түүнийг маажсан байхыг үгүйсгэхгүй. Тэр намайг багалзуурдсанаас миний хүзүүний баруун ард хэсэг, баруун гарын булчингийн дээд хэсэгт хөхөрч няцарсан байсан. Уг нь би манай хүүхэдтэй тус цэцэрлэгийн багш, зүй бус харьцсанд нь гомдол гаргах гэж уулзтал багшаа өмөөрч эцэг, эхтэй ингэж зүй бус харьцсанд гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ачбадрах шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэр өдөр намайг цэцэрлэг дээр очиход манай эхнэр нэг ахтай байсан. Би хүүхдийнхээ бичлэгийг үзэх гэтэл тэр үзүүлээгүй, гаднаас эрхлэгч нь орж ирээд учир зүггүй хашгираад байсан. Тэр уурандаа над руу халуун ус цацаж, эхнэрийг минь багалзуурдсан. ...” гэх мэдүүлэг, мөн шинжээчийн 11313 дугаартай “...Ц.А гийн хүзүүний урд хэсэгт 1,7х1,1 см, хүрэн шаргал өнгийн цус хуралт, баруун шууны гадна дээд хэсэгт 0,6x0,1 см хүрэн ягаан өнгийн тав бүхий зулгаралт үүссэн байна...” гэх дүгнэлт зэргээр П.Цэнгэлмаа нь тухайн хэрэг гаргахгүй байх нөхцөл байдлыг өөрийн үйлдлээр зогсоох боломжтой байсан атал Ц.А гийн тавьсан зүй ёсны шаардлагыг үл тоож, элдвээр доромжилж, нөхрийнх нь гар утсыг булаан авч, хана руу шидэж, улмаар эхэлж түүнийг багалзуурдаж довтолсон болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад, шүүх илтэд нэг талыг барьж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж Ц.А-дял халдаасанд гомдолтой байна.

2. Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар Ц.Цэнгэлмаа нь зүй ёсны шаардлага тавьсан Ц.А г хэл амаар доромжилж, зүй бусаар авирлан, нөхөр рүү нь халуун ус цацаж, өөрийг нь багалзуурдан авч, хана руу шахсанаас түүний багалзуурдсан гарыг тавиулах гэж түлхсэн, энэ хооронд түүний үснээс зуурч, маажсан гэх үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан, довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалтад тооцохгүй” гэж тус тус хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл болдог.

Шүүгдэгч Ц.А  нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...Амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...болон бусад эрхээ эдлэх” энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах үйлдэл хийж, эсрэг хүч хэрэглэн зогсоосон нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Дээрхээс үзвэл, хохирогч Ц.Цэнгэлмаа нь илэрхий хүч хэрэглэсэн довтолгоо хийсэн байх бөгөөд түүний үйлдэл нь Ц.А гийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байна.

Энэ утгаараа аргагүй хамгаалалт бол халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг. Чухам ийм идэвхтэй хамгаалалт нүүрлэж буй аюулаас хамгаалах баталгаа болдог тул эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд аргагүй хамгаалалтыг нийгэмд ашигтай, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үздэг.

Иймд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу аргагүй хамгаалалтын нөхцөлд өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай хууль бус халдлагаас хамгаалах явцдаа халдагч этгээдийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Ц.А гийн санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан хэдий боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа нийгэмд ашигтай, аргагүй хамгаалалтын үйлдэл юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 269 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А-дхолбогдох хэргийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогч П.Цэнгэлмаа давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “...П.Цэнгэлмаа нь тухайн хэрэг гарахгүй байх нөхцөл байдлыг өөрийн үйлдлээр зогсоох боломжтой байсан атал Ц.А гийн тавьсан зүй ёсны шаардлагыг үл тоож, элдвээр доромжилж...” гэжээ. Гэвч хэрэгт авагдсан хохирогч П.Цэнгэлмаагийн өгсөн мэдүүлэгт “...тэр 2 хүнийг сууж байгаад ярилцъя гэж хэлсэн. Тэгтэл суугаагүй эмэгтэй нь танай цэцэрлэгийн багш манай хүүхдийг зодчихлоо, манай хүүхдийг хана руу аваад шидсэн гэж хэлсэн. Тэгтэл ширээн дээр байсан сальфетикийг над руу аваад шидсэн...”, мөн гэрч С.Баттулгын өгсөн “...хэдүүлээ ярилцъя гээд ширээний 2 талд суусан. Тэгтэл Ану гэх эмэгтэй ширээн дээр байсан чихрийн тавгийг аваад манай эхнэр рүү шидсэн...” гэсэн ба шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсанаар шүүгдэгч зүй ёсны шаардлагыг тавиагүй бөгөөд хохирогч П.Цэнгэлмаа миний бие тус нөхцөл байдлыг өөрийн үйлдлээр зогсоох боломжгүй байсан юм.

Тус гомдолд “...Аргагүй хамгаалалтын улмаас биед нь хөнгөн гэмтэл учруулсан” гэжээ. Гэвч тухайн нөхцөл байдалд аргагүй хамгаалалт хэрэглэх ямар нэгэн шалтгаан байгаагүй бөгөөд аргагүй хамгаалалтын нөхцөл байдал үүсээгүй. Мөн ямар нэгэн довтолгоо эхлээгүй байсан ба хэрэгт авагдсан баримтаар гэмтлийн зэрэг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтэнд хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл гэсэн байдаг. Иймд энэ нь аргагүй хамгаалалт бус хэд хэдэн удаагийн цохилтоор гэмтэл үүсгэж, санаатайгаар довтолсон үйлдэл бөгөөд тус гэмт хэргийн зүйлчлэлийн асуудлыг хэвээр үлдээх нь зүйтэй. Хохирогч миний бие шүүгдэгч рүү халдаагүй, ямар ч үйлдэл хийгээгүй болно.

Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргажээ. Анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байсан бөгөөд шүүгдэгч өөрийн гэм буруугаа огтхон ч ойлгоогүй байгаа нь харамсалтай байна. Миний зүгээс тус хэргийн улмаас биед үүссэн гэмтэлд эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба тус хэргийг анх удаа үйлдсэн гэдгээр нь шүүх харин ч хөнгөрүүлэн зүйлчилсэн байсан. Шүүгдэгч гэмт үйлдлийнхээ талаар, гэм буруутай талаар мөн хохирогч надад гэмтэл, бизнесийн болон сэтгэл санааны маш их хохирол учруулсан талаар ерөөсөө ухамсарлахгүй байгаа төдийгүй өнөөдрийг хүртэл надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

Шүүгдэгч Ц.А гийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан асуудал  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үгүйсгэгдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Хохирогч П.Цэнгэлмаагийн зүй бус үйлдлийн улмаас П.Цэнгэлмаагийн биед хөнгөн гэмтэл учирсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан гэрч С.Баттулгын “...Ану анх ширээ тойрч ирээд манай эхнэрийг сандал руу түлхэн унагасан, мөн үстэж баруун шилбэ рүү нь өшиглөсөн, баруун хацрыг нь маажсан, хоёр чихний ар хэсэгт маажсан...” гэсэн, гэрч Ачбадрахын “...Над руу ус буцалгагч шидэх гэж байснаа больсон, манай эхнэр болон эрхлэгч хоёрын хооронд юу болсон талаар мэдээгүй...” гэсэн, шүүгдэгч П.Анугийн “...Манай нөхөр бид нарыг болиулсан, би 2 гараараа 2 мөр рүү нь түлхэж салгасан, энэ үед дээрх гэмтэл үүссэн байж болзошгүй...” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч П.Ану хохирогч П.Цэнгэлмаагийн биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Анугийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Ц.А  нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны үрс” цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөнд “манай хүүхдийг зодсон байна” гэх шалтгаанаар тус цэцэрлэгийн эрхлэгч П.Цэнгэлмаатай маргалдсан, улмаар Ц.А , П.Цэнгэлмаа нар харилцан бие биедээ хүч хэрэглэн зодолдсоноос П.Цэнгэлмаагийн биед “...баруун хацар, баруун чихний дэлбэн ба ар хэсэг, хүзүү, баруун эгэм орчмын зулгаралт, зүүн шуу, нурууны цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь:

 

хохирогч П.Цэнгэлмаагийн “...2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 11 цаг 45 минутын үед би гадуур явж байтал манай нөхөр Баттулга над руу залгаад “бага бүлгийн нэг хүүхдийн ар гэр ирсэн байна, гомдол мэдүүлж байна” гэж хэлсэн. Тэгээд би буцаж ороход бага бүлгийн Галдмаа гэх хүүхдийн аав, ээж нь ирсэн байсан. Тэгээд би гадуур хувцсаа тайлаад, суугаад, тэр 2 хүнийг “сууж байгаад ярилцъя” гэж хэлсэн. Тэгтэл суугаагүй, эмэгтэй нь “танай цэцэрлэгийн багш манай хүүхдийг зодчихлоо, хана руу аваад шидсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тийм асуудал манайд байх ёсгүй, сууж байгаад ярилцъя” гэж хэлсэн. Тэгтэл ширээн дээр байсан хайрцагтай сальфеткийг над руу аваад шидсэн. Би “та нар хүний өрөөнд орж ирээд ингэж болохгүй, сууж байгаад ярилц” гэж хэлсэн. ...Өрөөнд ёс зүйгүй авирлалаа “гар” гээд гаргах гэж оролдсон. Тэгтэл намайг заамдаж аваад намайг боогоод сандал дээр суулгасан. Мөн үснээс зулгаасан, толгой руу хэд хэдэн удаа цохисон. Суухдаа биеийнхээ ар хэсгээр сандалд цохигдоод суусан. Тэгтэл тэр эмэгтэйг нөхөр нь салгасан. ...” /хх 19/,

гэрч С.Баттулгын “...Хэдүүлээ ярилцъя гээд ширээний 2 талд суусан. Тэгтэл Ану гэх эмэгтэй ширээн дээр байсан чихрийн тавгийг аваад манай эхнэр рүү шидсэн. Тэгэхэд манай эхнэр оногдоогүй. Би босоод “боль” гэхэд нөхөр нь гэх залуу намайг бариад авсан. Тэгтэл Ану ширээ тойрч гүйж очоод манай эхнэрийг түлхэж сандал руу унагаагаад үстэж аваад баруун шилбэ рүү нь өшиглөсөн. Мөн баруун хацрыг нь маажсан, 2 чихийг нь ар хэсэгт нь маажсан. Би салгах гэхэд нөхөр нь гэх залуу намайг заамдаад хөдөлгөхгүй байсан. Тэгээд би нөхрийг нь “тавь” гэж хэлээд тавиулсан. Тэгтэл нөхөр нь очиж эхнэрээ манай эхнэрээс салгаж авсан. ...” /хх 36/,

гэрч Б.Ачбадрахын “...Эрхлэгч нь гэх эмэгтэй орж ирээд юун хүмүүс вэ гэхэд манай эхнэр Галдмаагийн ээж, аав байна, камер үзэх гэсэн юм, манай хүүхдийг эвгүй өргөж авч явсан байна гэхэд шууд байгууллагын хойморт зогсдог та нар хэн юм бэ, наад камерыг чинь үзүүлэхгүй гэсэн. Тэгэхээр нь би угаасаа камерыг чинь үзэх эрхтэй юм байгаа биз дээ гэсэн чинь та нар шиг хүмүүст үзүүлэхгүй гэх би “манай хүүхдийг багш нь зодчихсон байна ш дээ” гэхэд эрхлэгч нь зодох гэж үүнийг хэлдэг юм гээд хоёр гараа хавсарч алгадаж үзүүлсэн. Тэгэхээр нь би тэр явдлыг утсаараа бичиж авсан. Тэгтэл миний гар утсыг эрхлэгч гэх эмэгтэй нь авч, миний сууж байсан сандал руу шидсэн. Тэгээд ус буцалгагчтай сав барьж аваад шидэх гэж байснаа болиод над руу ус цацсан. Тэгээд гар, зайл гэж хөөгөөд байсан. Тэгтэл нь нөхөр нь гэх эрэгтэй манай эхнэр рүү дайраад хоёр гараараа цээж рүү нь түлхээд байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгатал намайг заамдаж аваад сандал руу түлхээд дарсан. Тэр үед эрхлэгч гэх эмэгтэй нь манай эхнэр рүү дайраад байсан. Нөхөр нь сандал руу намайг дараад байсан. Тэр хооронд манай эхнэр, эрхлэгч хоёрын хооронд юу болсныг хараагүй. Тэгээд би нөхрийнх нь заамдахыг болиулах гэтэл манай эхнэр болон эрхлэгч орилолдоод салсан. ”/хх 33-34/,

гэрч Н.Баасансүрэнгийн “...Ажлаа хийгээд байж байтал манай эрхлэгч Цэнгэлмаа намайг дуудсан. Тэгээд би өрөөнд нь яваад ороход өрөөнд нь чихрийн таваг газарт уначихсан, чихэр нь газраар тарчихсан, өрөө нь эмх замбараагүй байдалтай байсан. Тухайн үед цагдаа ирсэн байсан...” /хх 26-27/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11288 дугаартай “...П.Цэнгэлмаагийн биед баруун хацар, баруун чихний дэлбэн ба ар хэсэг, хүзүү, баруун эгэм орчмын зулгаралт, зүүн шуу, нурууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 40/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.А г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ц.А гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.  

 

Шүүгдэгч Ц.А гийн өмгөөлөгч С.Төмөрбаатар “...Ц.А  нь өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн тул гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр Ц.А  нь хүү А.Галдмаагийн цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөнд “манай хүүхдийг зодсон байна” гэх шалтгаанаар тус цэцэрлэгийн эрхлэгч П.Цэнгэлмаатай маргалдсан, улмаар Ц.А , П.Цэнгэлмаа нар харилцан бие биедээ хүч хэрэглэн зодолдсон, уг зодооны улмаас П.Цэнгэлмаагийн биед “...баруун хацар, баруун чихний дэлбэн ба ар хэсэг, хүзүү, баруун эгэм орчмын зулгаралт, зүүн шуу, нурууны цус хуралт...” гэсэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хөнгөн гэмтэл учирсан /хх40/, Ц.А гийн биед эрүүл мэндийг нь сарниулахгүй буюу Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй “...хүзүүнд цус хуралт, баруун гарын шуунд зулгаралт...” гэсэн гэмтэл /хх 51, 57/ учирсан  болох нь тогтоогджээ.

 

П.Цэнгэлмаа, Ц.А  нарын харилцан бие биедээ хүч хэрэглэсэн үйлдлээс Ц.А гийн биед гэмтлийн зэрэг тогтоох гэмтэл учраагүй тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэх, харин Ц.А гийн П.Цэнгэлмаад хүч хэрэглэсэн үйлдлээс П.Цэнгэлмаагийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан тул Ц.А гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй гэж үзэх тус тус хууль зүйн үндэслэлтэй.  

 

Иймд П.Цэнгэлмаагийн эрүүл мэндийн эсрэг санаатай хүч хэрэглэсэн Ц.А гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Өөрийн ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн аргагүй хамгаалалтыг хэрэглэсэн гэж үзэхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.А гийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.А гийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ