Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 166

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг, улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч Э.Чинбат, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2260) нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Эрдэнэчулууны Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 1540 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:  

Боржигон овогт Эрдэнэчулууны Чинбат, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд 1984 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Чулуут гэх газар оршин суудаг, НУ84082156 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Э.Чинбат нь 2016 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 4 дүгээр гудамжны 435 тоот хашаанд газрын маргааны улмаас харилцан зодолдож байсан Э.Уранбилэг, Э.Мөнхзул, Э.Мөнхтуяа нарыг салгах явцдаа хохирогч Э.Уранбилэгийг зодож, бие махбодод нь тархи доргилт, хүзүүний 3 дугаар нугаламын арын сэртэнгийн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.Чинбат нь 2016 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө хадам эгч Э.Мөнхзул, эхнэр Э.Мөнхтуяа нарыг иргэн Э.Уранбилэгтэй газрын маргааны улмаас харилцан зодолдож байх үед тэднийг салгах гэсэн боловч Э.Уранбилэг нь Э.Мөнхзул, Э.Мөнхтуяа нарын үснээс зулгаагаад тавихгүй байсан тул түүний толгойн ар хэсэг буюу дагз руу гараараа 2-3 удаа цохиж, түүний биед тархи доргилт, хүзүүний 3 дугаар нугаламын арын сэртэнгийн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Чинбат: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна гэв.

Мөрдөн байцаалтад: (Эрүүгийн 2016 2601 1540 дугаартай хэргээс)

Хохирогч Э.Уранбилэгийн өгсөн: ...Тэр хоёрыг миний үснээс зулгаагаад доош дарсан байхад хүргэн нь хүрч ирээд бид гурвыг “боль боль” гэж хэлж байхдаа гараараа 2-3 удаа цохисон. Миний толгойн дагз хэсэг рүү цохисон. Чинбат нь хүрч ирээд “одоо боль, одоо тавьцгаа” гэж хэлж байхдаа цохисон би тэрийг мэдэж байгаа... гэх мэдүүлэг (хх-ийн 26-29 дүгээр хуудас),

Гэрч Н.Төмөрсүхийн өгсөн: …Тэр хэдтэй хамт байсан 30 орчим насны залуу Уранбилэгийг толгой руу нь гараараа 2-3 удаа хүчтэй алгадахаар нь “болиочээ” гээд яваад очтол миний зүүн хөл рүү өшиглөөд газар унагаачихсан. Үүний улмаас надад гэмтэл учраагүй. Тэр залууд гомдол, санал байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 35-36 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8099 дугаартай: “Уранбилэгийн биед тархи доргилт, хүзүүний 3 дугаар нугаламын арын сэртэнгийн далд хугарал, хүзүү, зүүн эгэм, баруун тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 56 дугаар хуудас),

Шинжээч эмч Д.Мөнхбатын өгсөн: ...Дүгнэлтэд тусгаснаар тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, харин хүзүүний сэртэнгийн ясны далд хугарал гэмтэл нь дангаараа хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь толгой руу хүчтэй цохих үед үүсэх боломжтой. Хүзүүний сэртэнгийн далд хугарал гэмтэл нь тархи доргилт гэмтэлтэй 1 удаагийн үйлчлэлээр хамт буюу зэрэг үүсэх боломжтой. Эдгээр гэмтэл нь үснээс зулгаах, үсдэж доош дарах үед үүсэх боломж муутай… гэх мэдүүлэг (хх-ийн 61-62 дугаар хуудас),

Шүүгдэгч Э.Чинбатын сэжигтнээр өгсөн: ...Мөнхзул, Мөнтуяа хоёр үснээсээ үсдүүлсэн гарыг нь тавиулах гэж оролдож байхаар нь нөгөө хүүхнийг “чи яаж байгаа юм бэ, тавиач болиоч” гэхэд үсдсэн гараа тавихгүй байхаар нь тавиулах гээд тэр хүүхний хацар, толгой руу гараараа 2 удаа цохисон. Тэгж байж арай хийж Мөнхзул, Мөнхтуяа хоёрын үснээс зулгаачихсан гарыг нь тавиулсан юм. Тэр эмэгтэй Мөнхзул эгч, Мөнхтуяа хоёрыг үснээс нь үсдээд тавихгүй байхаар нь гарыг нь тавиулах гээд толгой руу нь 2-3 удаа цохисон юм... гэх мэдүүлэг (хх-ийн 88-89 дүгээр хуудас),

Шүүгдэгч Э.Чинбатын яллагдагчаар өгсөн: ...Хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Манай эхнэр хадам эгч хоёрыг үсдчихсэн байхаар нь би салгах гээд боль, тавь гэсэн чинь тавихгүй байхаар нь Уранбилэгийн толгой руу гараараа 2-3 удаа цохиж учруулсан... гэх мэдүүлэг (хх-ийн 91-92 дугаар хуудас) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар шүүхээс тогтоосон үйл баримт нь бүрэн бодитой нотлогдсон бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Чинбат нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болгов.

Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Чинбатыг бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд прокурорын зүйлчлэл хэргийн үйл баримттай тохирсон гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 117 дугаар хуудаст авагдсан Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст шүүгдэгч Э.Чинбат нь ЦЕГ-ын Мэдээлэл, судалгаа, технологийн төвийн санд бүртгэгдээгүй гэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Чинбат нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж, түүнд оногдуулах хорих ялын хэмжээг тогтоолоо. Харин хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодсонгүй.

Шүүгдэгч Э.Чинбат нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүхээс тогтоосон хугацаанд түүнийг Төв аймгийн Цагдаагийн газарт хянан харгалзуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Э.Уранбилэг нь хохирол төлбөрт баримтаар нийт 254.100 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Э.Чинбат гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан болох нь хавтаст хэргийн 177 дугаар хуудаст авагдсан Э.Уранбилэгийн “Чинбат нь миний эмчилгээний хохирлыг барагдуулж, гомдолгүй болгосон тул гомдол, санал байхгүй” гэх хүсэлтээр нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Э.Чинбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус тогтоолд дурдав. 

Шүүгдэгч Э.Чинбатад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан тул шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэчулууны Чинбатыг бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1. дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чинбатад оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Чинбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чинбатад оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолыг Төв аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Чинбатад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                     

ДАРГАЛАГЧ                               Б.БАТАА