Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 126/ШШ2021/0010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

             Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох “Ц.Батжаргал миний өөрийн эзэмшиж байгаа 210710351 нэгж талбарын дугаартай, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0402965 тоот гэрчилгээтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байрлалтай газрыг өмчлүүлэх тухай захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий Ц.Батжаргалын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Батжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг, гуравдагч этгээд Г.Нэргүйцолмон, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Л.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2012 оны 9 дүгээр сард Мөрөн сумын 4 дүгээр багийн 14а тоот хашааг иргэн н.Алтандаваагаас худалдаж авсан. Энэ хугацаандаа газар эзэмших эрхээ авсан. Газрын З.Нямбаяр даамал дээр очиход эзэмшлийн гэрээ 7 хоногийн дараа гарна та гэрээгээ хийж болно гэж хэлсэн. 7 хоногийн дараа эзэмшлийн бичгээ гардаж авсныхаа дараа өөрийн эрхийнхээ дагуу үл хөдлөх хөрөнгө болох байшингийн өмчлөх эрхээ авсан. Тэгээд газраа өөрийн өмчлөл дээр шилжүүлэх гээд Газрын албанаас ямар баримт бүрдүүлэх талаараа асуухад таны энэ газар Г.Нэргүйцолмонгийн өмчлөлтэй байна. Та Г.Нэргүйцолмонгийн зөвшөөрлөөр өөрийн өмчлөлд авах боломжтой гэж хэлсэн. Тэгээд би Г.Нэргүйцолмонтой хэд хэдэн удаа утсаар холбогдсон. Би өөрөө зарах гээгүй миний хүүхэд зарсан гэсэн тайлбар хийсэн. Мөн Г.Нэргүйцолмон нь надад бичиг баримт байхгүй гээд байгаа юм. Өдийг хүртэл Г.Нэргүйцолмон нь  өөрийн өмчлөлийн газар гэж хандаж ямар нэг маргаан үүсгэж байгаагүй. Би албан ёсоор өөрийн өмчлөлд авахаар Газрын албанд өргөдөл гаргахад Г.Нэргүйцолмон гэх хүний өмчлөлд байх тул шилжүүлэх боломжгүй гэх хариу өгсөн. Энэ талаар аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. Г.Нэргүйцолмонгийн зөвшөөрлөөр шилжүүлэх боломжтой гэх хариу өгсөн. Тэгээд хамгийн сүүлд нь шүүхэд хандсан” гэв.

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь “210710351 нэгж талбарын дугаартай, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0402965 тоот гэрчилгээтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байрлалтай газрыг өмчлүүлэх тухай захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгах” юм. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дугаартай захирамжийн хавсралтын 126-д заасан Г.Нэргүйцолмонд газар өмчлүүлсэн шийдвэр нь хууль бус байх тул хүчингүй болгуулах тухай юм. Г.Нэргүйцолмон нь анх Наранцогт гэх хүнээс уг маргаан бүхий газрыг худалдаж авсан байдаг. Тухайн үед газар эзэмших эрхийг шилүүлэх эрх бүхий хүн нь Наранцогт биш Мишингээ гэх хүн байсан юм. Тодруулбал уг маргаан бүхий газар нь 1999 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Мөрөн сумын Засаг даргын газар зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 18 дугаартай захирамжийн дагуу Мишингээ гэх хүн  2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн газар эзэмших гэрээ байгуулан эзэмшиж байсан байна. Мөн Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 176 дугаартай захирамжаар Мишингээгээс Алтандаваад газар эзэмших гэрчилгээ шилжсэн. Энэхүү үйл баримтууд нь Газрын албаны хувийн хэрэгт байгаа баримтуудаар нотлогдож байна. Үүнээс харахад Г.Нэргүйцолмон нь уг маргаан бүхий газрын өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй, өөрт нь газар олгосон Засаг даргын шийдвэрийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлж уг маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч мөн болохоо баталгаажуулж, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй байна. Маргаан бүхий газрыг Г.Нэргүйцолмон худалдаж авсан, өмлөх эрхээ шилжүүлж авсан талаар Наранцогт, Нэргүйцолмон нарын хооронд, мөн Мишингээ Нэргүйцолмон нарын хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй, өргөдөл хүсэлт бичигдсэн тухай баримт байхгүй байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын Газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дугаартай захирамжийн хавсралтад иргэн Г.Нэргүйцолмонгийн нэр орох үндэслэлтэй байсан болохыг нотолсон ямар нэгэн баримт мөн байхгүй байгаа юм. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22, 25 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 33.1.4, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.1, 5 дугаар заалтуудыг үндэслэн дүгнэвэл иргэн Г.Нэргүйцолмон нь маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч биш бөгөөд уг газрын талаар маргаан гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлд эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх үүсэх талаар заасан байдаг. Иргэн хуулийн этгээд улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу улсын эрхийн бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан иргэний газар өмчлөх эрх үүсэх гэж заасны дагуу иргэнд газар өмчлүүлэх эрхийг энэ хуулийн 22.1-д заасны дагуу тухайн иргэний өмчлөх эрх үүснэ гэж заасан. Иймд Г.Нэргүйцолмон нь уг газрыг өмчлөх эрх бүхий этгээд биш гэж үзэж байна. Харин миний үйлчлүүлэгч Батжаргал нь иргэн Алтандаваатай хийсэн хүчин төгөлдөр хэлцлийн дагуу газар эзэмших гэрчилгээг Мөрөн сумын Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар өөрийн нэр дээр аваад одоог хүртэл буюу 8 жилийн хугацаанд уг эрх нь бодит байдал дээр хэрэгжсэн байна. Өөрөөр  хэлбэл Мишингээ, Алтандаваа, Батжаргал гэсэн дарааллаар газрын эзэмших эрх нь шилжиж байсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдсан байгаа. Харин Наранцогт, Нэргүйцолмон нар уг газрыг эзэмших, өмчлөх эрх авсан, энэ эрхээ хэрэгжүүлэх талаар шаардлага хүсэлт тавьсан баримт байхгүй байна. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.4-т  Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэл гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаатай гэж тодорхойлсон байдаг.  Мөн хуулийн 8.1-т Эд хөрөнгийн улсын бүртгэл нь дараах төрөлтэй байна. 8.1.1-т Эд хөрөнгө өмчлөх эрх, 8.1.9-д газар эзэмших, ашиглах эрхийн төрлүүдтэй байхыг хуульчилсан. Маргаж байгаа үйл баримтын тухайд гуравдагч этгээд Г.Нэргүйцолмонд газар өмчлүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан боловч үүнийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аваагүй тул өмчлөх эрх нь үүсээгүй юм. Харин Батжаргалын хувьд Алтандаваагаас эд хөрөнгийн улсын бүртгэлийн эрхийн бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийг нь шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар газар эзэмших, ашиглах эрх нь үүссэн нь хуульд нийцсэн үйлдэл буюу бодитойгоор хэрэгжиж байгаараа Нэргүйцолмонгоос ялгаатай юм. Ц.Батжаргалын газар эзэмших эрх нь улсын бүртгэлд бүртгэгдэж, эзэмших эрх нь хэрэгжиж байгаатай уялдуулаад уг газарт байрлаж байгаа байшинг 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, Ү-1725346 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байгаа.  Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхдээ газрын нэгж талбарын дугаарт үндэслэх бөгөөд 1 нэгж талбарт 1 хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг уг нэгж талбарын газрын нэгтэй нэг бүртгэлээр бүртгэнэ гэж заасан. Үүнээс харахад Ц.Батжаргалын 210710351 нэгж талбарын дугаартай, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0402965 тоот гэрчилгээтэй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоот газрын эзэмшиж байгаа эрх нь уг газарт байгаа Ү-1725346 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий байшин нь өмчлөх эрхийн тухайд салшгүй байх гэсэн ойлголтод хамаарч байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.5.1-т Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх гэх заалттай хамтатган авч үзвэл Ц.Батжаргал нь маргаан бүхий газрыг өмлөх давуу бөгөөд хууль ёсны эрхтэй байна. Гуравдагч этгээд Г.Нэгүйцолмонгийн шүүхэд гаргасан тайлбар, түүний хүү Н.Баасандалайгийн өгсөн мэдүүлэг зэргээс харвал Ц.Батжаргалын газар эзэмших эрхийг олж авсан үйл баримт нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйл шударга эзэмшигч, 114 дүгээр зүйл Өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх заалтад  нийцэж байна. Г.Нэргүйцолмон нь хүү Н.Баасандалайд уг хашаа байшинг өгч байсан ба Н.Баасандалай нь 2009 онд Н.Алтандаваад худалдсан. Г.Нэргүйцолмон  болон түүний  хүү Н.Баасандалай нар нь газраа худалдаагүй, зөвхөн хашаа байшингаа худалдсан гэх тайлбар өгсөн. Гэвч энэ нь бодит байдалд нийцэхгүй болох нь Н.Алтандаваагийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Хэрвээ Г.Нэргүйцолмон, Н.Баасандалай нарын гаргасан тайлбар зэрэгт үндэслэн дүгнэвэл Н.Баасандалайгийн тухайн үеийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан байна. Үүнийг тухайн үед нь цагдаагийн байгууллагад хандаж зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэх боломжтой байсан. 2009 онд Н.Алтандаваад хашаа байшин шилжсэнээс хойш одоог хүртэл Г.Нэргүйцолмон нь уг газрын талаар маргаан үүсгээгүй. Өөрийнхөө эрхийг хэрэгжүүлэх талаар ямар нэгэн шаардлага тавьж, гуравдагч этгээд Н.Алтандаваа, миний үйлчлүүлэгч Ц.Батжаргал болон төрийн байгууллага албан тушаалтанд хандаж байгаагүй. Энэ бүх нь Ц.Батжаргалын 2012 оноос хойш бодит байдал дээр хэрэгжиж байгаа газар эзэмших эрхтэй нь маргалдаагүй, хүлээн зөвшөөрч байсныг нотолж байна. Мөн энэ нь Г.Нэргүйцолмон, Н.Баасандалай нарын шүүхэд өгсөн мэдүүлгийг үгүйсгэж байна. Иргэдэд газар өмчлүүлэх тухай аймгийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дугаартай захирамжийн 126-д заасан Г.Нэргүйцолмонд газар эзэмшүүлэх шийдвэр нь хууль бус болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 2-14а тоот газрыг 2003 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн газар эзэмших гэрээгээр Д.Мишингээд эзэмшүүлж байсан. Монгол Улсын газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Д.Мишингээ нь өөрөө хүсэлт гаргаж зөвшөөрсөн тохиолдолд өөрийн эзэмшиж байгаа газраа иргэн Г.Нэргүйцолмонд шилжүүлж эзэмшүүлэх талаар Мөрөн сумын Засаг даргын шийдвэр гаргуулах ёстой. Мөн Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай хуулийн 5.1.5.1-т зааснаар тухайн газрыг эзэмших зөвшөөрлөө эзэмшиж байгаа хүн өмчлөх эрх олж авах ёстой учраас Д.Мишингээ нь газар эзэмшиж байгаа тохиолдолд Г.Нэргүйцолмонгийн нэр дээр өмчлөх эрх гаргасан шийдвэр нь хууль бус байна. Иймд миний үйлчлүүлэгч Ц.Батжаргалын өөрийн эзэмшиж байгаа газрын өмчлөх хүсэлтийг шийдвэрлэж газар эзэмших захирамж гаргахгүй байгаа Хөвсгөл аймгийн Засаг даргын эс үйлдэхүйн улмаас Ц.Батжаргалын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдлөх үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх нь зөрчигдөж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т заасны дагуу Иргэдэд газар өмчлүүлэх тухай Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дугаартай захирамжийн хавсралтын 126-д заасан Г.Нэргүйцолмонд газар өмчлүүлсэн шийдвэр нь хууль бус байх тул хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу Ц.Батжаргалын өөрийн эзэмшиж байгаа 210710351 дугаартай нэгж талбарын дугаартай, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0402965 тоот гэрчилгээтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байрлалтай газрыг өмчлүүлэх тухай захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой тайлбарлах зүйл байна. Энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзах ёстой гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т газар эзэмших ашиглах эрхийг Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх тухай заасан болохоос өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх эрх хүлээлгээгүй юм. Иймд энэ асуудлаар газрын алба нь ямар нэгэн акт гаргахгүй юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.2.4-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа түүний үндэслэлийг тусгахыг үүрэг болгосон, мөн хуулийн 52.5.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд ямар захиргааны актыг илт хууль бус болгохыг тодорхой заах ёстой. Гэтэл гуравдагч этгээдээс тавьсан шаардлагад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/132 захирамжийн талаар дурдсан. Энэ захирамж нь өнөөдрийн яригдаж байгаа маргаанд хамаарахгүй юм. Иймээс Захиргааны тухай хуулийн 52.5.1-д заасан шаардлага хангахгүй байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн илт хууль бусад тооцуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан ямар үндэслэл байгаа болох нь тодорхойгүй байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад дурдагдаж байгаа Мөрөн сумын Засаг даргын хоёр захирамж нь ямар үндэслэлээр илт хууль бус байгаа нь ойлгомжгүй байна. Мөн бие даасан шаардлагаа Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжаар Мөрөн сумын 4 дүгээр багийн 2-14а  тоотод байрлах газрыг өмчлүүлснийг бүртгээгүй нь илт хууль бус байх тул Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэж нэмэгдүүлсэн байгаатай холбогдуулан тайлбар хэлье. Энэ шаардлагыг мөн хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4-т Эд хөрөнгийн улсын бүртгэл гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх, үүсэх өөрчлөгдөх дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг хэлнэ. Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т заасан захиргааны акт гэж юу болохыг заасан байдаг. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд иргэн хуулийн этгээдийн өмчлөлийг баталгаажуулж байгаа хэлбэр болохоос биш Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй биш юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-т заасан захиргааны хэргийн харьяаллын бус асуудал байна. Иймд гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Мөрөн сумын 4 дүгээр баг, 2 дугаар гудамжны 14а тоот хашааг иргэн Г.Нэргүйцолмон нь аймгийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд өмчилсөн байна. Тус газрыг Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/176 дугаар захирамжаар Д.Мишингээгээс, Н.Алтандаваад Н.Алтандаваагаас Ц.Батжаргалд газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Иймд иргэн Г.Нэргүйцолмонгийн газар өмчлөх эрх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу дуусгавар болсон тохиолдолд шийдвэрлэх боломжтой гэжээ.  

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Батжаргалын зүгээс маргаан бүхий газрыг өмчлүүлэх тухай захирамж гаргахыг даалгасан шаардлагын хувьд нэгэнт Г.Нэргүйцолмонд өмчлүүлсэн захирамж байгаа тул давхцуулж өмчлөл олгохоор захирамж гаргах боломжгүй юм. Хэрвээ Г.Нэргүйцолмонд газар өмчлүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүйд тооцсон тохиолдолд Ц.Батжаргалд уг газрыг өмчлүүлэх боломжтой. Хэргээс харахад 2005 онд Г.Нэргүйцолмон нь уг маргаан бүхий газрыг эзэмшиж, өмчилж байсан талаар баримт байхгүй байгаа юм. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь газар өмчлөх эрхтэй байгаа. Хамгийн гол нь маргаан үүсэж байгаа үндэслэл нь давхцал үүссэн явдал юм. Г.Нэргүйцолмонгийн хувьд 2005 онд газар өмчлөх шийдвэр гаргуулхын тулд тодорхой баримт бүрдүүлж өгсөн байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ баримтууд архивд байхгүй байгаа юм. Мөн манай байгууллагын тухайд баримт нуун далдалж байгаа асуудал байхгүй. Байгаа баримтуудыг бүгдийг нь гаргаж өгсөн. Д.Мишингээгээс Н.Алдандаваад, Н.Алтандаваагаас Ц.Батжаргалд шилжүүлсэн захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан учраас хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байгаа юм. Гуравдагч этгээдийн нэмэгдүүлсэн шаардлага болох Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжийн 126-д заасан Г.Нэргүйцолмонд өмлүүлсэн газрыг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай шаардлагын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хүлээн зөвшөөрөх боломжгүй болж байна. 1999 оны 18 дугаартай захирамжаар Д.Мишингээ гэж хүн авснаар эрх зүйн харилцаа үүссэн байна гэж үзэж байна.

Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага нь хуульд нийцэхгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ц.Батжаргал миний өөрийн эзэмшиж байгаа 210710351 нэгж талбарын дугаартай, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0402965 тоот гэрчилгээтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байрлалтай газрыг өмчлүүлэх тухай захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Б.Батбаяр гуравдагч этгээд Г.Нэргүйцолмонгийн гаргасан шаардлагад  гаргасан хариу тайлбартаа: “... Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байрлалтай хашааг  анх 2003 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээгээр иргэн Д.Мишингээ эзэмшиж байсан бөгөөд тус иргэн хашаагаа 2 хувааж зарсан бөгөөд 4-2-14а тоот 254 м.кв газрыг Н.Алтандаваа Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 176 дугаар захирамжаар эрх шилжүүлэн авсан ба  4-2-14б тоот газрыг иргэн Л.Баяраад Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаар захирамжаар эрх шилжүүлсэн байна. Мөрөн сумын Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  А/132 дугаар захирамжаар Мөрөн сумын 4-2-14а тоотод байрлалтай  газрын эзэмших эрхийг Н.Алтандаваагаас Ц.Батжаргалд  холбогдох баримтуудыг бүрдүүлэн шилжүүлсэн байна. Иймд захирамжууд нь хууль бус гэх үндэслэлгүй байна” гэжээ. /хх-205 дугаар хуудас/

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гуравдагч этгээд Г.Нэргүйцолмонгийн гаргасан шаардлагад  гаргасан хариу тайлбартаа:“... эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим санд Гомбо овогтой Нэргүйцолмон өмчлөгчийн мэдээлэл бүртгэлгүй байна. Г.Нэргүйцолмон нь Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэг гаргасан эсэх талаар 2005 онд мэдүүлэг хүлээн авах тухай бүртгэлийн дэвтрийг шалгахад холбогдох бүртгэлд бүртгэлгүй байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 3.1.6-д “мэдүүлэг” гэж эд хөрөнгийн эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хэлбэрээр гаргасан хүсэлтийг заасан байна” гэжээ.

   Гуравдагч этгээд Г.Нэргүйцолмон  шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүхэд гаргасан тайлбартаа: “Би уг хашаа байшинг Наранцогт гэх хүнээс худалдаж авч байсан юм. 2004 онд Наранцогттой хамт явж Газрын албанаас газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ 1 сарын дараа авахаар болсон юм. Тэгээд би Наранцогтыг гэрчилгээгээ аваад сургуулийн хүүхдээр өгөөд явуулаарай гэж хэлээд хөдөө малаа маллахаар явсан. Гэтэл миний хүү болох Даваадалай нь уг хашаа байшинг хүнд зарсан байсан. Энэ талаар хүү маань надаас зөвшөөрөл аваагүй юм. Тэгээд Ц.Батжаргал надруу утсаар ярихад би хашаа байшингаа зарагдсан гэдгийг мэдсэн. Наранцогттой уулзах гэхээр би аймгийн төв орж ирэх завгүй байдаг. Хүүхдүүдээсээ гэрчилгээ авчирч өгсөн үү гэхэд мэдэхгүй, өгөөгүй гээд байдаг байсан. Тухайн үед гэрчилгээ миний гар дээр ирээгүй Би Наранцогтоос худалдаж авсан нь үнэн. Тэгж байтал ийм асуудал үүссэн байна. Тухайн үед Мишингээ гэх хүн амьд байсан. Наранцогт өөрийнхөө хувийг надад үлдэгдэл газраа Мишингээ нь Баяраа гэж хүнд зарсан юм. Би Наранцогттой хамт баримт материалаа бүрдүүлж өгч байсан. Энэ талаар одоо баримт гарч ирсэн ирээгүй нь чухал биш байх гэж үзэж байна. Нэгэнт гэрчилгээ гарах хүртэл бүрдүүлсэн баримт байх ёстой. Магадгүй Наранцогт намайг хуурсан ч байж болох юм” гэв.         

   Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ” Г.Нэргүйцолмон нь 2004 онд Наранцогтоос уг газрыг худалдаж авсан нь гуравдагч этгээдийн тайлбар, гэрч Н.Алтандаваа, Наранцогт, Туяа нарын мэдүүлгээр нотлогдож байна. Аймгийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжаар Г.Нэргүйцолмон гэх хүнд уг маргаан бүхий газрыг өмчлүүлсэн байдаг юм. Үүнтэй маргах шаардлага байхгүй. Хэрвээ энэ захирамжтай маргаж байгаа бол нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргах ёстой байсан. Гэтэл энэ захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй юм. Тухайн үед Иргэний бүртгэл мэдээлэл төгөлдөржөөгүй одоогийнх шиг хяналтад ороогүй байхад газар өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг Газрын алба хариуцаж байсан нь аймгийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжид улсын бүртгэлийн хэлтэст баталгаажуулахыг аймгийн Газрын албанд үүрэг болгосон. Энэ үүргээ биелүүлээгүй юм. Д.Мишингээ гэх хүнд газар өмчлүүлсэн захирамж байхгүй. Маргаан бүхий газартай холбоотой Г.Нэргүйцолмонд холбогдох баримтууд Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар болох Мөрөн сумын газрын албанд байхгүй байгаа юм. Г.Нэргүйцолмонд холбогдох материалуудыг холбогдох байгууллагууд гаргаж өгөхгүй байна. Н.Баасандалай нь зөвхөн байшинг зарсан болохоос газраа зараагүй юм. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн, хуульд заасан зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл нь хийсэн үеэсээ эхлээд хүчин төгөлдөр бус байна. Үүнийг дагалдаж хийсэн бүх хэлцэл хүчин төгөлдөр бус болно. Бидний нүдэнд хууль ёсны боловч Н.Алтандаваа нь хууль бус эх сурвалжаас авсан байгаа. Иймд Д.Мишингээгээс Н.Алтандаваад шилжүүлсэн нь хууль бус юм. Ц.Батжаргалд уг маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг даргын гаргасан захирамж нь хууль бус юм. Эрх бүхий байгууллагууд шийдвэрээ гаргахдаа хууль бус баримтууд байсан гэдгийг мэдсээр байж шийдвэр гаргасан байна. Хууль ёсны эзэмшигч нь Г.Нэргүйцолмон байсаар байтал Г.Нэргүйцолмонгийн эзэмших эрхийг нь хүндэтгэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тухайн үед Д.Мишингээ гэх хүн энэ хэрэгт ямар холбоо байхгүй. Тухайн үед Д.Мишингээ нь 4 дүгээр багийн Засаг дарга ажилтай байсан бөгөөд албаны эрх мэдлээ ашиглан Н.Алтандаваад газар шилжүүлсэн нь Г.Нэргүйцолмонгийн эзэмших, өмчлөх эрхийг хязгаарлаж байна. Иймд гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага нь үндэслэлтэй байна. Өмчлөх эрхээ дагалдаад эзэмших эрх  нь үүсэх ёстой. 2005 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дугаартай Г.Нэргүйцолмонд газар өмчлүүлэх тухай захирамж нь хууль ёсны юм. Иймд Г.Нэргүйцолмонг уг маргаан бүхий газрын жинхэнэ эзэмшигчээр тогтоож, өмлөх эрхийг нь баталгаажуулж өгнө үү.

Г.Нэргүйцолмон нь уг маргаан бүхий газрыг худалдаж авсан нь бүх гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Тиймээс өөрийн эрх ашгийн төлөө явах нь зүйтэй байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дугаартай захирамжийг хэн дуртай этгээд гаргуулдаг зүйл биш. Гэрээ гэрчилгээний үндсэн дээр 40 жилийн хугацаатайгаар өмлөх эрх нь олгогдсон юм. Д.Мишингээ нь тухайн үед 4 дүгээр багийн Засаг даргын ажилтай байсан. Уг маргаан бүхий газрыг Н.Алтандаваад эзэмшүүлсэн захирамж, Д.Мишингээд шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд Д.Мишингээ өөрөө гарын үсэг зураад өөрөө уг газрыг авсан байдаг. Хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхад газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна. Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 176 дугаар захирамжийн хавсралтын 8 дахь заалт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/132 дугаартай захирамжийн хавсралтын 48 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дугаартай иргэдэд газар өмчлүүлсэн захирамжаар Г.Нэргүйцолмонд  Мөрөн сумын 4-2-14а тоотод байх 254.2 метр квадрат газрыг өмчлүүлснийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ олгохыг Хөвсгөл аймгийн Засаг даргад  даалгаж өгнө үү. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлүүдийг хууль бус болохыг аль нэг шүүх хянан шийдвэрлүүлэхээр харьяалал заагаагүй. Харин Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэхийг заасан.   Газар өмчлөх, эзэмшүүлэх талаар шийдвэр гаргасан захиргааны байгууллага иргэний хүсэлтийг хүлээн авч бүртгэх үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, түүний хууль зүйн үндэслэлийн хянаж шалгаж шийдвэрлэдэг учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.13.1-т захиргааны хэргийн шүүх үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан хэлэлцэнэ гэж зааснаар захиргааны хэргийн харьяаллын маргаан мөн юм. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга түүний харьяа болох Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, түүнчлэн Мөрөн сумын засаг дарга, түүний газрын алба нь газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр хуульд нийцсэн эсэхийг шалгаж хянах эрхтэй юм. Энэ эрхээ зөв хэрэгжүүлсэн эсэх, эсхүл хууль бус эс үйлдэхүй гарсан эсэхийг хянах нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээнд хамаарна. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч Ц.Батжаргал Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан:

 1/. “Ц.Батжаргал миний өөрийн эзэмшиж байгаа 210710351 нэгж талбарын дугаартай, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0402965 тоот гэрчилгээтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байрлалтай газрыг өмчлүүлэх тухай захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

2/. “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дугаартай захирамжийн хавсралтын 126-д заасан “...Г.Нэргүйцолмонд газар өмчлүүлсэн шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, түүнийг  хүчингүй болгуулах”-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.  

2. Иргэн Ц.Батжаргалын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн   Г.Нэргүйцолмонг гуравдагч этгээдээр татан оролцуулснаар тэрээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулж,

1/. “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 11 сарын 11-ний өдрийн 176 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ бусдад шилжүүлэх тухай”  захирамжийн хавсралтын 8 дах заалт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-132 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ бусдад шилжүүлэх тухай” захирамжийн хавсралтын 48 дахь заалт нь илт хууль бус болохыг тогтоох”-ыг”,

2/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг иргэн Д.Мишингээгээс Н.Алтандаваад, Н.Алтандаваагаас Ц.Батжаргалд шилжүүлсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах”-ыг,

3/. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжийн хавсралтын 126 дахь заалтаар иргэн Г.Нэргүйцолмонд газар өмчлүүлсэн шийдвэрийг үндэслэн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгээгүй нь илт хууль бус тул иргэн Г.Нэргүйцолмонд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлөх эрхийг бүртгэхийг даалгах шийдвэр гаргах”-ыг тус тус хүссэн шаардлагуудыг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх энэхүү шаардлагуудын хүрээнд  холбогдох хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно. 

3. Нэхэмжлэгч Ц.Батжаргалын нэхэмжлэлтэй  Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох “Ц.Батжаргал миний өөрийн эзэмшиж байгаа 210710351 нэгж талбарын дугаартай, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0402965 тоот гэрчилгээтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байрлалтай газрыг өмчлүүлэх тухай захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгах тухай”,  “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дугаартай захирамжийн хавсралтын 126-д заасан Г.Нэргүйцолмонд газар өмчлүүлсэн шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, түүнийг  хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба   Г.Нэргүйцолмон нь маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдохгүй байгаа учир гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бөгөөд уг хэргийг болон гуравдагч этгээд Г.Нэргүйцолмонгийн  зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан бие даасан шаардлагуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

4.  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 2 дугаар гудамжийн 14 тоотод байршилтай газрыг /хашаа байшингийн хамт/ анх 2003 оны 04 сарын 08-ны өдрийн  “ Монгол Улсын иргэний газар эзэмших гэрээ”-гээр “... амины хашаа, /25х20/ 500 м2 газрыг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл  16 жилийн хугацаагаар  иргэн Д.Мишингээд эзэмшүүлэхээр Мөрөн сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан гэрээ байгуулж, гэрээг мөн өдөр улсын бүртгэлд бүртгэжээ. /ХХ-194 дүгээр хуудас/

Улмаар Д.Мишингээ нь уг газрыг /хашааг/ хувааж “Б” хэсгийг Лхагважав овогтой Баяраад худалдсан тул 450 м2 газрыг түүнд шилжүүлэхээр  Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт гаргаснаар,  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, уг шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 210702288 дугаар бүхий 450 м2 газрыг 40 жилийн хугацаатай амины хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр 0047518 дугаар газар эзэмших гэрчилгээ 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэн Л.Баяраад олгож гэрээ байгуулжээ. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно. /ХХ-190, 192, 193,195, дүгээр хуудас/

            5. Харин Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 176 дугаар захирамжаар 210707237 дугаар бүхий  нэгж талбараар шинээр дугаарлан, /хх- 63 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 2 дугаар гудамжийн 14 тоотод байршилтай газрын  үлдсэн  254,2 га газрыг “14а тоот” гэж  дугаарлан амины хашааны зориулалтаар иргэн Н.Алтандаваад эзэмшүүлэхээр шилжүүлж, 709 дүгээр газар эзэмших гэрээ байгуулсан байх бөгөөд иргэн Н.Алтандаваа нь  уг байршилтай газарт 42 кв.м талбай бүхий хувийн сууцны байшин барьж, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1723005346 дугаарт шинээр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000150496 дугаар бүхий гэрчилгээг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр түүний гэр бүлийн нэр бүхий гишүүдэд  олгож өмчлөх эрхээ баталгаажуулан бүртгүүлжээ. /ХХ-н 2 дугаар хавтаст хэргийн 23, 46 дугаар хуудас/, /ХХ-н 1 дүгээр хавтаст хэргийн 188-189 дугаар хуудас/

            6. Уг үл хөдлөх хөрөнгийг 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 342 дугаар Нотариатын гэрчилсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр иргэн Ц.Батжаргалд өмчлөх  эрхийг шилжүүлсэн байна. /ХХ-н 2 дугаар хавтаст хэргийн 47, 49, 50, 52  дугаар хуудас/

 Түүнчлэн  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А-132 дугаар шийдвэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгө орших Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 2 дугаар гудамжийн 14а тоотод байршилтай газрыг Ц.Батжаргалд эзэмшүүлэхээр шилжүүлж, газар ашиглах гэрээ байгуулсан байна.   /ХХ-н 1 дүгээр хавтаст хэргийн 43-49 дүгээр хуудас/

7. Газрын тухай 38 дугаар зүйлийн 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:

38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;

38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх;

38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэж заасан тул иргэн Д.Мишингээгээс Н.Алтандаваад, Н.Алтандаваагаас иргэн Ц.Батжаргалд газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн холбогдох захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй, дээрхи маргаан бүхий захиргааны шийдвэрүүд нь хууль бус болох нь тогтоогдохгүй байна.

Тодруулбал: ... газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн аваад нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээ шилжүүлэн авч байгаа этгээдийн эрх, үүргээ бүрэн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн баримт, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг нягтласны үндсэн дээр холбогдох хуулийг зөрчөөгүй захиргааны акт гаргасан байна гэж дүгнэв.

8. Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “... иргэн Ц.Батжаргалын эзэмшлийн  210710351 нэгж талбарын дугаар, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн 0402965 тоот гэрчилгээ бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байршилтай газрыг Ц.Батжаргалд өмчлүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгах тухай”, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжийн хавсралтын 126 дах  заалтаар иргэн Г.Нэргүйцолмонд газар өмчлүүлсэн заалтыг хүчингүй болгуулах тухай” иргэн Ц.Батжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Гуравдагч этгээд Г.Нэргүйцолмонгийн  шүүхэд гаргасан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг иргэн Д.Мишингээгээс Н.Алтандаваад, Н.Алтандаваагаас Ц.Батжаргалд шилжүүлсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагын тухайд:  ... эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байршилтай газрыг бусдад худалдсан энэхүү гэрээ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “... хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл...” байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна. ... хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл бүгд хүчин төгөлдөр бус байна “ гэсэн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг иргэн Д.Мишингээгээс Н.Алтандаваад, Н.Алтандаваагаас Ц.Батжаргалд шилжүүлсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах”-ыг хүссэн боловч энэхүү шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш тул уг шаардлагыг тус шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

10. Гуравдагч этгээд Г.Нэргүйцолмонгийн  шүүхэд гаргасан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан  “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 176 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ бусдад шилжүүлэх тухай”  захирамжийн хавсралтын 8 дах заалт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-132 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ бусдад шилжүүлэх тухай” захирамжийн хавсралтын 48 дахь заалт нь илт хууль бус болохыг тогтоох”-ыг хүссэн шаардлагын тухайд:

Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд: “... захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаатай ...,  бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, ...  тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан..., захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, ...хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан,... иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, ... бодит байдалд биелүүлэх боломжгүй ...”  тохиолдолд шүүхээс захиргааны акт нь  илт хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй, гэвч  хуульд заасан эдгээр тохиолдлууд агуулаагүй учраас эдгээр шийдвэрүүдийг илт хууль бус хэмээн шүүхээс тооцох боломжгүй, түүнчлэн Г.Нэргүйцолмонгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзлээ. 

Өөрөөр хэлбэл: Иргэн Г.Нэргүйцолмон нь Мөрөн сумын 4-2-14а тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг н.Наранцогтоос худалдан авсан тухай, болон шаардагдах бичиг баримтыг холбогдох газарт өгөөд гар бариад салсан” гэж тайлбарлах авч, худалдах, худалдан авах гэрээ хэлцэлгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн тухай баримтгүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт болон бусад шаардагдах баримтуудыг Г.Нэргүйцолмон өөрийн зүгээс гаргаж өгөөгүй нь:  шүүх хуралдаан дээр “... өөрт холбогдох баримт болох багийн Засаг дагын тодорхойлолт, кадастрын зураг,/худалдан авсан тухай гэрээ хэлцэл хийгээгүй, иргэний бичиг баримтаа өөрөө гаргаж өгөөгүй” гэж тайлбарлах Г.Нэргүйцолмонгийн тайлбараар болон шүүхээс нотлох баримт цуглуулахаар холбогдох байгууллагаас шаардсан лавлагаа, баримтаар нотлогдохгүй, түүнчлэн Г.Нэргүйцолмон нь холбогдох байгууллагад өөрийн зүгээс шаардагдах баримтуудыг гаргаж өгөөгүй, энэ талаар  ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй  нь тогтоогдож байна. Иймээс шүүх, маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоож,  гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хэмээн үзэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

11. Гуравдагч этгээдээс: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст  холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжийн хавсралтын 126 дах заалтаар иргэн Г.Нэргүйцолмонд газар өмчлүүлсэн шийдвэрийг үндэслэн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгээгүй нь илт хууль бус тул иргэн Г.Нэргүйцолмонд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлөх эрхийг бүртгэхийг даалгах тухай” шаардлагын тухайд:

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар  зүйлийн 22.1-д”... шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан  улсын бүртгэлийн  гэрчилгээг ... бүртгэлийн байгууллагаас олгоно”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “...энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж,  Мөн хуулийн 27 дугаар зүйлийг 27.2.3-д “... өмчилж авсан газраа кадастрын болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд ... бүртгүүлэх” гэж  тус тус зааснаас үзэхэд иргэн Г.Нэргүйцолмон нь өмчилж авсан гэх газрын өмчлөгч мөн болохоо баталгаажуулахаар эд хөрөнгийн бүртгэлийн газарт 2005-2020 онуудад огт хандаж байгаагүй нь өөрийн нь тайлбар болон бусад баримтуудаар нотлогдож байх учраас Г.Нэргүйцолмонг уг маргаан бүхий газрын өмчлөгчөөр  улсын эрхийн бүртгэлд бүртгэхгүй хууль бусаар татгалзсан, эсхүл бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хэмээн үзэх  боломжгүй, Г.Нэргүйцолмонд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлөх эрхийг бүртгэхийг даалгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний гаргасан шаардлага нь хуульд нийцэхгүй байгаа учраас түүний бие даан гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,106.3.2, 106.3.4, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1,109.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох “иргэн Ц.Батжаргалын эзэмшлийн  210710351 нэгж талбарын дугаар, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн 0402965 тоот гэрчилгээ бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байршилтай газрыг Ц.Батжаргалд өмчлүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгах тухай”, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжийн хавсралтын 126 дах  заалтаар иргэн Г.Нэргүйцолмонд газар өмчлүүлсэн заалтыг хүчингүй болгуулах тухай” иргэн Ц.Батжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг иргэн Д.Мишингээгээс Н.Алтандаваад, Н.Алтандаваагаас Ц.Батжаргалд шилжүүлсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах”-ыг хүссэн гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3.  Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох  “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 176 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ бусдад шилжүүлэх тухай”  захирамжийн хавсралтын 8 дах заалт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-132 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ бусдад шилжүүлэх тухай” захирамжийн хавсралтын 48 дах заалт нь илт хууль бус болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжийн хавсралтын 126 дах заалтаар иргэн Г.Нэргүйцолмонд газар өмчлүүлсэн шийдвэрийг үндэслэн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгээгүй нь илт хууль бус тул иргэн Г.Нэргүйцолмонд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-2-14а тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлөх эрхийг бүртгэхийг даалгах тухай” гуравдагч этгээд Г.Нэргүйцолмонгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн  50.5, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас тус бүр  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.   

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ЭНХТАЙВАН