Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0066

 

 

 

 

 

 

 

 

И.Мийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0818 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч И.М

Хариуцагч Н,

НГЗБА

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М

 

Хэргийн индекс: 128/2023/0553/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0818 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг баримтлан “Хариуцагч нарын газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг иргэн И.Мид шилжүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. “... Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу үнэлээгүй, хуулийг зөв хэрэглээгүйгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болоогүй байна.

2.2. ... Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах ... харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж заасан. Дээрх зохицуулалтаас харахад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан зохицуулалт нь газрын эрхийг эзэмшүүлэх, ашиглуулах, шилжүүлэх харилцаанд үйлчлэх бөгөөд гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх олгосон, цуцалсан харилцаанд хамаарахгүй. Учир нь тус тусдаа хуулиар зохицуулагддаг, өөр өөрийн шинж, онцлогтой эрхүүд юм.  Анхан шатны шүүхийн болон хариуцагч нарын татгалзал нь дээрх байдлаар үгүйсгэгдэхээс гадна өөр газрын эрхийг шилжүүлэхийг хориглосон хууль, журмын зохицуулалт байхгүй юм.

2.3. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргахдаа хавсаргах материалыг заасан байх бөгөөд уг баримт материал бүрдүүлэлттэй маргаангүй, шилжүүлэхийг хориглосон хууль зүйн үндэслэлгүй байхад эрхийг шилжүүлэхгүй байгаа нь хууль бус байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд Нийслэлийн орон сууцны бодлогын газраас тодорхойлолт авах талаар заагаагүй байхад тодорхойлолтыг нь үндэслээд газрын эрхийг шилжүүлэхгүй байгаа нь хуульд нийцэхгүй. Хэдийгээр газар эзэмшигч “Б” ХХК нь Нд холбогдуулан нэхэмжлэл гаргасан ч газрын эзэмших эрхтэй холбоотой маргаан үүсээгүй юм.

2.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй учир Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 818 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх боловч Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн заалтыг баримтлаагүй байх тул тогтоох хэсэгт нь зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.

 1. Нэхэмжлэгч И.Моос “Хариуцагч нарын газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг иргэн И.Мид шилжүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Анхан шатны шүүх “... “Б” ХХК нь 1344.0 м.кв газрыг эзэмших эрх олж авах, Нас түүнд 1344.0 м.кв газрыг эзэмшүүлэх үндэслэл, нөхцөлийг бий болгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1040 дүгээр захирамжийг мөн Засаг даргаас хүчингүй болгож шийдвэрлэснийг “Б” ХХК-аас эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа энэ тохиолдолд 1344.0 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй ба төсөл хэрэгжүүлэх эрх олгосныг цуцалсан асуудал нь төсөл хэрэгжүүлэх зориулалтаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхтэй хамааралгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй ...” үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...  Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхийг хориглосон хууль, журмын зохицуулалт байхгүй байхад шилжүүлэхгүй байгаа нь хууль бус юм... ” гэжээ.

4.  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1040 дүгээр захирамжаар[1] “Б” ХХК-ийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 14 дүгээр хороолол орчмын “В” блокд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан байна.

5. Маргаж буй 2 нэгж талбар, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 18 дугаар гудамжны 432А, 432/Б тоот хаягт байршилтай, нийт 1340 м.кв газрыг өмчлөгч иргэд өмчлөх эрхээсээ татгалзаж, харин “Б” ХХК нь 2018 оны 250 дугаар албан бичгээр “... Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, В блокд хамрагдах батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц, үйлчилгээний зориулалттай 1344.5 м.кв барилгын газрын гэрээ, гэрчилгээг гаргаж өгнө үү” гэж тухайн газрыг эзэмших хүсэлт[2] гаргасны дагуу орон сууц, үйлчилгээний зориулалтаар “Б” ХХК-д эзэмшүүлэх 000002084 дугаар гэрчилгээ[3] олгожээ. 

6. Хэрэгт авагдсан эдгээр баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч И.Мийн “Б” ХХК-аас шилжүүлж авахыг хүссэн газар нь тус компанийн гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор эзэмшсэн газар болох нь тогтоогдсон байна.

7. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10."хот, суурин газрыг дахин хөгжүүлэх" гэж архитектур, хот байгуулалт, төлөвлөлт, барилга байгууламжид тавигдах шаардлагад нийцүүлэн ... гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах цогцолбор үйл ажиллагааг; 4.1.13."хувь нийлүүлсэн талбай" гэж гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор сонгосон талбай дахь газар өмчлөгч, эзэмшигчээс сайн дурын үндсэн дээр хувь нийлүүлж бий болгосон газрыг; ойлгохоор, 17 дугаар зүйлийн 17.1-д “Гэр хороололд оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин нөхцөл болон газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэлгээг өсгөх зорилгоор инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барихад зориулж иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн газрыг дахин зохион байгуулна.”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна: ... 20.1.2.хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байх;” гэж тус тус заажээ.

8. Эдгээр хуулийн зохицуулалтаас үзвэл гэр хорооллыг дахин төлөвлөх нь хоорондоо уялдаатай цогцолбор үйл ажиллагаа байх бөгөөд уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор хувь нийлүүлсэн талбай болох маргаан бүхий 2 газрын эзэмших эрхийг авсан төсөл хэрэгжүүлэгч нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар бусад этгээд (төсөл хэрэгжүүлэх эрхгүй)-д газар эзэмших эрхийг шилжүүлэх эрхгүй гэж үзэхээр байна.

9. Иймд хариуцагч Н нь “Б” ХХК-ийн дахин хөгжүүлэх төлөвлөгөө, төсөлд хамрагдсан талбайд эзэмшиж буй газрыг бусдад шилжүүлэх хүсэлтийн дагуу шилжүүлэх шийдвэр гаргахаас татгалзсан нь дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан, хууль зөрчөөгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

10. Харин анхан шатны шүүх тухайн маргаан нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан төсөл хэрэгжүүлэх зорилгоор эзэмшсэн газрыг шилжүүлэхээс татгалзсаныг хууль бус гэж үзсэнтэй холбоотой байхад тухайн хуулийг хэрэглэлгүй, уг харилцааг зохицуулаагүй, хэрэглэх ёсгүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг хэрэглэсэн нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй тул хууль хэрэглээний хувьд зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0818 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5” гэснийг “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.10, 4.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И.Мийн өмгөөлөгч Э.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч И.Мийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                            З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтасны 79 дүгээр хуудас

[2] 1 дүгээр хавтасны 73 дугаар хуудас

[3] 1 дүгээр хавтасны 105 дугаар хуудас