Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/266

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2022            6                17                                                2022/ШЦТ/266

                                 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинтөгс,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Г.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Г-н О д холбогдох эрүүгийн 2234002500222 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

               

           Шүүгдэгч Г.О  нь 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн Булаг хэсгийн 8-52 тоот хашааны үүднээс 87-63 УБИ улсын дугаартай Тоёота премо маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зай, орчны байдлыг биеэр шалгаж, аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 1 нас 2 сартай Х.Отгонсайханыг дайрч амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон. 

               

                Энэ нь эрүүгийн 2234002500222 дугаартай хэрэгт авагдсан

 

                Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-гийн өгсөн: “Талийгаач Х.Отгонсайхан нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ЭХЭМҮТөвд айлын 4 дэх хүү болж мэндэлсэн. Миний хүүд ямар нэгэн архаг хууч, суурь өвчин байгаагүй. Миний хүү төрсөн цагаасаа хойш гэр бүлтэйгээ хамт байсан. Миний хүү хэлд ороогүй, харин 10 сартайдаа хөлд ороод чөлөөтэй явдаг байсан. Би 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өглөө 10 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад явсан болохоор яг юу болсон талаар нь мэдэхгүй байна. Би ямаа самнах гээд ээжийнх рүүгээ явчихсан байсан. О  нь миний төрсөн дүү байгаа юм. Талийгаач ганцаараа Анхцэцэгийнх рүү, Анхцэцэгийнхээс гэр рүүгээ явчихдаг байсан. Талийгаач таньдаг хүмүүсээ дагадаг байсан. Танихгүй хүн бол дагаж явдаггүй байсан. Ер нь би талийгаачийг хардаг байсан юм. Өнөөдөр эгч Булганчимэгт харуулчхаад ямаа самнах гээд ээжийнх рүүгээ явсан юм. Талийгаач ганцаараа нээх гардаггүй, хүн бараадаад явдаг. Хашааны хаалга бол онгойлгож чадахгүй. Надад ямар нэгэн юм хэлээгүй. Эмнэлэг аваад явлаа, нас барсан л гэж хэлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 21/,

Иргэний хариуцагч Т.Б-ийн өгсөн: “Би иргэний хариуцагчаар татахаас татгалзаж байна. Г.О  нь Төв аймгийн Борнуур суманд амьдардаг. Тэгээд хүүхдээ агаарт байлгангаа ээждээ туслах гээд хэрэг болсноос 14 хоногийн өмнө оччихсон байсан. Г.О  нь автомат, механик хроптой тээврийн хэрэгсэл жолооддог. Хотын хөдөлгөөнд бол оролцдоггүй.” гэх мэдүүлэг /хх 24/,

Насанд хүрээгүй гэрч Х.Булганчимэгийн өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 02-ны өглөө 10 цагийн орчим ээж Г.Э- нь эмээгийнх рүү яваад гэрт талийгаач дүү бид хоёр үлдсэн. Би дүүтэйгээ гэртээ байж байгаад усанд явах гээд 11 цаг өнгөрч байхад усны тэргээ түрээд дүүгээ хөтлөөд хашааныхаа арын хаалгаар гараад Анхаа аниагийнд орсон. Гэрт орох гээд явж байхад Анхаа аниагийн хашааны хаалга нь дээр улаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл, саарал өнгийн Премио маркийн 2 машин зогсож байсан, яг хаашаа харчихсан зогсож байсан гэдгийг нь мэдэхгүй. Тэгээд би усны тэргээ хашааных нь үүдэн дээр үлдээчхээд дүүгээ хөтлөөд Анхаа аниагийн гэрт орсон чинь уг машины жолооч ах, эхнэртэйгээ, О  эгч, Анхаа аниа нар байсан. Би дүүгээ гэр рүү нь оруулж өгөөд усанд явчхаад ирье гэж захиад намайг гарах үед манай дүү гэрээс гараад явсан. Би хаашаа явсныг нь огт анзаараагүй. Манай дүү 2021 оны 11 дүгээр сард хөлд орсон болохоор маш их хөдөлгөөнтэй байдаг. Манай дүү ганцаараа Анхаа аниагийнх pyy явдаг. Ээж байхгүй үед би дүүгээ хардаг учраас намайг дагадаг юм. Намайг усанд явах гээд Анхаа аниагийнхаас гараад явж байхад О  эгч утас цэнэглээд өгөөч гэж гуйсан. О  эгч төв орлоо гэхээр нь би О  эгчид зайрмаг захиж байсан. Би О  эгчийн утсыг аваад гэр рүүгээ ороод цэнэглэгчээ хайгаад утсыг нь цэнэглэчхээд 5 орчим минут болоод усандаа явах гээд Анхаа эгчийн хашааны хаалганы үүднээс усны тэргээ авах гээд гудамжинд гараад ирэхэд манай дүү дээш харчихсан, нүүр нь цус болчихсон, толгой нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харчихсан, ухаангүй хэвтэж байсан. Бас О  эгч саарал Премио маркийн машинтай явчихсан байхгүй, приус-30 маркийн машин нь зогсож байсан. Тэгээд би дүүгээ тэврээд хашаа руу нь ороод гэр рүү нь орох замдаа Анхаа аниаг дуудсан. Тэгтэл Анхаа аниа түрүүлээд ардаас нь улаан приус машины жолооч ах, эхнэртэйгээ хамт урдаас гараад ирсэн. Би дүүгээ Анхаа аниад өгөөд улаан приүс машинтай тэр 3 манай дүүг аваад эмнэлэг рүү явсан. Би тэндээ үлдсэн. Тэгээд удалгүй ээж ирсэн.” гэх мэдүүлэг /хх 30/,

Гэрч Р.Батбаярын өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өглөө 09 цаг орчим байсан. Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн 8-21 тоотод байх найз Ууганбаярын гэрт байсан. Ууганбаярын хашаа хороог нь цэвэрлээд хашаан дотор байсан. Энэ үед 10 цаг орчим гудамжны зүүн талаас приус-20 маркийн саарал өнгөтэй тээврийн хэрэгсэл их хурдтай ирсэн бөгөөд хашааны урдуур ертөнцийн зүгээр баруун тийш чиглэлтэй явж өнгөрсөн. Ууганбаяр бид хоёр яасан хурдтай явж байнаа гэж хоорондоо ярилцаад хашаан доторх ажлаа дуусгаад найзын байшинд орж ирээд цай уугаад би цонх онгойлгоод тамхи татаад сууж байхад эмэгтэй хүний орилох уйлах дуу сонсогдсон. Тэгэхээр нь би энэ хажуу айлын хүмүүс архи уугаад орилоод байнаа гэж хэлэхэд наана чинь архи уусан хүн байхгүй гэж хэлсэн. Ингэж байтал саравчтай малгайтай залуу өндөр нуруутай залуу хоёр баруун тийшээ яваад өгсөн. Нөгөө эмэгтэй мотоциклийн хажууд суугаад уйлаад байж байхад зүүн талаар нэг эмэгтэй алхаж очиж байсан. Тухайн газар юу болоод байгааг бол мэдээгүй. Нэг мотоциклтой залуу их хурдтай гудамжны зүүн талаар тойроод хойшоо хаазтай яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх 33/,

Гэрч Ш.Ганбатын өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хуурай дүү Нямсүрэн, Анхаа нарын гэрт 12 цагийн орчим эхнэрийн хамт 39-66 УНИ улсын дугаартай улаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон. Би машинаа гудамжны ертөнцийн зүгээр баруун талаас очиж зогсоод О  саарал өнгийн Примо маркийн автомашинтай миний урдаас ирж зогссон. Эхнэр бид хоёртой О  хамт Нямсүрэнгийн гэрт ороод цай уугаад сууж байтал гаднаас Булгаа дүүгээ тэврээд орж ирээд "Аниа манай дүүг харж байгаарай, усанд явчхаад ирье” гэж хэлээд гарах үед Булгаагийн дүү нь гараад явсан. Ардаас нь удалгүй О  төв рүү явлаа гээд гараад явсан. Тэгээд аягатай цайгаа уугаад сууж байтал Анхаа гэрээсээ орилоод гараад гүйчихсэн. Эхнэр бид хоёр ардаас нь дагаад гарсан чинь Анхаа Булгаагийн дүүг тэврээд гүйгээд ирэхээр нь Эхнэр бид хоёр Анхаатай талийгаач хүүхдийг аваад сумын эмнэлэг рүү явсан. Намайг анх харахад талийгаач өнгөрчихсөн юм шиг байсан. Эмнэлэг дээр ирэхэд эмч хүлээж авч үзээд л нас барчихсан байна гэж хэлсэн. Би Нямсүрэнгийн хашааны үүд нь дээр машинаа ертөнцийн зүгээр зүүн зүгт харуулаад тавьчихсан байсан болохоор зогсож байсан газраасаа буцаж эргээд сумын эмнэлэг рүү явсан. Талийгаач яагаад нас барсан талаар би мэдэхгүй. Би хэрэг болох үед Нямсүрэнгийн гэрт байсан. Эхнэр бид хоёртой О  хамт Нямсүрэнгийнх рүү ороход Анхаа гэртээ ганцаараа байсан. Тэгээд гаднаас Булгаа дүүгээ тэвэрч орж ирээд ирээд буцаад гарсан. Удалгүй ардаас нь О  гараад явсан. Анхаа хүүхдийг тэврээд явж байх үед О  байгаагүй. О  машинтайгаа ганцаараа явж байсан. Барагцаагаар О  явснаас хойш 10 орчим минутын дараа л Анхаа гүйж гараад талийгаач хүүхдийг тэврээд ирж байгаа харагдсан.“ гэх мэдүүлэг /хх 37/,

Гэрч Г.Анхцэцэгийн өгсөн: “2022.4.02-ны өдөр 12 цаг 30 минутын үед Ганбаа ах, Саран эгч хоёр, бас О  нар манайд ирэхээр нь би босоод цай аягалж өгөөд байж байтал Булганчимэг талийгаачийг тэвэрч орж ирээд "Аниа манай дүүг хараад өгөөч, усанд явчхаад ирье" гэж хэлээд Булганчимэгтэй О  хамт гараад явсан. Тэгээд би Ганбаа ах, Саран эгч хоёртой юм яриад сууж байсан 5-10 минутын дараа байх нээх удаагүй байж байтал аниа гээд хүүхэд орилохоор нь би гараад хартал хашааны машин ордог хаалгаар Булганчимэг талийгаачийг тэвэрчихсэн орж ирж байхаар нь урдаас нь очсон чинь талийгаачийн нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд би Ганбаа ах, Саран эгч хоёртой хамт талийгаачийг аваад эмнэлэг рүү явсан. Би хүмүүс цай аягалаад гэрийн хаалгаар харахад О ийн саарал машин баруун зүгт хараад зогсчихсон, Ганбаа ахын машин зүүн зүгт харчихсан урд урдаасаа хараад зогсчихсон байсан. Булганчимэгийг хашааны машины хаалгаар талийгаачийг хашааны хаалгаар тэврээд ороод ирэхэд нь юу болсон талаар асуухад Булганчимэг "Мэдэхгүй ээ, аниа энд уначихсан байна." гэж хэлсэн. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг гэрт ганцаараа байж байхад Ганбаа ах, Саран эгч, О  нар ирсэн. Ардаас нь Булганчимэг дүүгээ тэврээд ороод ирсэн. Удалгүй Булганчимэг, О  нар гараад явсан. О  нь миний төрсөн дүү, айлын 7 дахь хүүхэд байгаа юм. Манай дүү гэр бүлтэй болоод Борнуур суманд амьдрахаа болиод 2 жил болж байна. Улаанбаатар хотод цэцэрлэгийн багш хийдэг, нөхөр 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг, зан байдлын хувьд хүүхдэд сайн, энгийн л хүн байгаа юм. Ямар нэгэн муу зуршилгүй. Харин талийгаач хүүхдийг Отгонсайхан гэдэг байсан. 2021 оны 01 сарын 15-ны өдөр ЭХЭМҮТ-д төрсөн. Айлын 4 дэх хүүхэд байсан. Талийгаач хэлд ороогүй, 10 сартай байхдаа хөлд орчихсон явах чадвар сайн, их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Талийгаач ээж, ах, эгч нарын хамт амьдардаг байсан. О  автомашинаа ганцаараа явж байсан. О ийг явснаас хойш 5-10 минутын дараа л Булганчимэг намайг дуудсан. Манай хашааны хаалга хагас онгойчихсон харагдаж байсан. Харин явганы хаалга ямар байсныг санахгүй байна. Булганчимэг надаас гуйхаар нь за гэж хэлж байсан. Гэхдээ би хүүхэдгүй болохоор бас өнөөдөр миний бие өвдөөд байсан болохоор тэрүүхэн зуур хүүхдийг мартчихсан байна лээ” гэх мэдүүлэг /хх 40-41/,

Гэрч А.Соёлмаагийн өгсөн: “2022.04.02-ны өдөр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байх үед 12 цаг 48 минутад хүнд хүүхэд ирлээ гээд асрагч Ц.Янжмаа дуудсан. Тэгээд яаралтай хэсэгт оруулаад шууны артер, гүрээний судсыг тэмтрэхэд тэмтрэгдэхгүй, чагнуураар чагнахад зүрхний цохилт сонсогдохгүй, фульс оксометрээр үзэхэд хэмжилт хийхгүй байсан. Хуруу гарын үзүүр хөрсөн, уруул цайсан, хүүхэн хараа эвэрлэгийн рефлекс байхгүй, цээжин бие бүлээн байсан тул цээж шахалт хийсэн чинь амнаас нь цустай хөөс гарсан, мөн зүүн талын чихнээс нь их хэмжээгээр цус гарч байсан. Тэгээд би 12 цаг 50 минутад Борнуур сумын цагдаагийн хэсэгт нас барсан хүүхэд эмнэлэгт хүргэгдэж ирсэн тухай мэдэгдсэн. Тэгээд би авч ирсэн хүнээс нь хэн харж байсан юм бэ? гэтэл 7-8 дугаар ангийн хүүхэд харж байсан, би өөр газар байсан гэж ярьж байсан. Талийгаачийн толгой баруун тийшээ далийчихсан, хамрыг нь дарахад хөдлөөд байсан. Өөр зүйл мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 44-45/,

Шүүгдэгч Д.О ийн өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нөхөр, хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур суманд байдаг ээж Дээмээд туслах гээд ирсэн. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө босоод гэрээ цэвэрлэчхээд, Сумын төв орж хүнсний зүйлээ бэлдэх гээд Пинт гэдэг газраас Булаг хэсэг гэдэг газарт байдаг Анхаа эгчийнх рүү 11 цаг өнгөрч байхад очсон. Би хашааны гудмаар зүүн талаас нь ороход Ганбат ах улаан приус машинтайгаа баруун талаас ирээд бид хоёр Анхаа эгчийн хашааны үүд нь дээр уулзсан. Тухайн үед Ганбат ах эхнэртэйгээ явж байсан. Би Саран эгчтэй золгоогүй байсан тул золгочхоод гэрийн ард байдаг амбаарт байдаг хөлдөөгчөөс махаа аваад гэрийн гадна тавьчхаад гэр рүү орж 1 аяга цай уугаад сууж байтал Булганчимэг талийгаачийг аваад орж ирээд Анхцэцэг эгчид "Манай дүүг харж байгаач усанд яваад ирье" гэж хэлсэн. Тэгээд Булганчимэг гараад удалгүй би ардаас нь гараад явж байтал Булганчимэг "Аниа та төв явах гэж байгаа бол зайрмаг аваад ирээч" гэхээр нь би "Тэгвэл миний утсыг цэнэглэчих" гэж хэлээд утсаа өгөөд явуулсан. Тэгээд би машиныхаа жолооч талын хаалгыг онгойлгоод гэрийн зүг рүү харсан чинь талийгаач хүүхэд гэрийн үүд нь дээр зогсож байсаын. Тэгээд би машиндаа суугаад толиндоо хараагүй хойшоо 2-3 метр ухраад /би жижигхэн зайд маневэрлэж чадахгүй/ чигээрээ урагшаа хараад шууд Петровис ШТС ороод 15 000 төгрөгт бензин хийгээд, Есөн эрдэнэ хүнсний дэлгүүр орох гээд машинаа түцний хажууд тавьсан. Учир нь би хөдөлгөөн ихтэй газар машин барьж чаддаггүй, хааяа хөдөө л машин жолооддог. Намайг дөнгөж ирээд зогсож байх үед Нямсүрэн ах хашаанаас Хишиг дэлгүүрийн хашаанаас яарч сандарсан байдалтай гараад явж байхаар нь юу болсон талаар нь асуухад "Отгонсайхан юмнаас уначихлаа гэнээ" гэж хэлэх шиг болоод машинтайгаа яваад өгсөн. Тэгээд Есөн эрдэнэ дэлгүүрээс 47.400 төгрөгийн худалдан авалт хийгээд машин дээрээ ирж байтал талийгаачийн ах нь замаар мотоциклтой явж байхаар нь Сүхээ, Сүхээ гэж дуудсан чинь харахгүй засмал замаар зүүн зүг рүү яваад өгсөн. Тэгээд би Отгонсайханы эмнэлэг дээр ирсэн юм шиг байна яасан юм бол гэж бодоод ухарч чадахгүй болохоор Хаан банкны урд талд зайтай газарт машинаа тавиад эмнэлэг рүү алхаад очсон чинь Нямсүрэн ах эмнэлгийн үүд нь дээр Отгонсайханыг нас барчихлаа гэж хэлсэн. Тэгээд би эмнэлгээс гараад Булаг хэсэгт очсон чинь талийгаачийн ээж приус-20 маркийн машинтай ирчихсэн уйлчихсан гудамжинд байж байсан. Намайг очих үед Ганбат ах эхнэртэйгээ хамт байж байгаад надаас "Чи ухарч гарсан уу, яаж гарсан" гэхээр нь би "Би жоохон ухраад, чигээрээ гарсан" гэж хэлсэн. Тэгээд би Энхтуяа эгчийн хүүхэд нас барчихсан юм байна гэдгийг гадарлаад миний хөх чинэрээд байхаар нь ээжийнх рүү очоод хүүхдээ хөхүүлчхээд байж байсан. Тэгтэл Борнуур сумын цагдаа ирсэн. Би мах авах гээд очиход Нямсүрэн ахын хашааны машины хаалга хагас онгойсон. Явганы хаалга нь хаалттай байсан. Би талийгаачийг дайрчихсан байх л гэж бодож байна. Би толиндоо харсан бол ийм асуудал болохгүй байсан байх. Би хөдөөөний замд хааяа л жолооддог. Би Улаанбаатар хотод болон сумын төв дотор бараг барьдаггүй хүнээр бариулдаг. Би ухрах үйлдлийг нээх их хийдэггүй. Гэхдээ 2017 онд Их хурд жолооны курс төгсөж жолоочийн үнэмлэх авч байсан. Миний жолоочийн үнэмлэх Улаанбаатар хотод байгаа. Одоо надад биед байхгүй. Тухайн үед би ганцаараа явж байсан. Миний жолоодож явсан автомашин ухрахын камертай боловч Нямсүрэнгийн үүднээс ухрах үйлдэл хийж байх үед наранд гялбаад камерт юм харагдахгүй байсан. Би толиндоо харахгүй ухарсан нь миний буруу. ...Би ойролцоогоор 2 500 000 төгрөгийг оршуулгын зардалд зарцуулсан.” гэх мэдүүлэг /хх 50, 86/,

ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн техникийн шинжээч нарын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04/02 дугаартай “1.Жолооч Г.О  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, ...аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2.Жолооч Г.О  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөн нь уг осол гарах шалтгаан болсон. 3.Уг осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлөхгүй. 4.Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал шинээр илрээгүй.” гэх дүгнэлт /хх 60-61/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №72 дугаартай “1.Талийгаачийн биед суурь яс дух, зүүн урд хонхор их бага далавч, турк эмээл, баруун чамархай хүрсэн хугарал, зулайгаас дагз яс, дух яс руу үргэлжилсэн хугарал. хатуу хальсны урагдал, хатуу хальсан доорх цусан хураа. Аалзан хальсан доорх голомтлог цус харвалт. Хуйханд цус хуралт. дух, хацарт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 1 дүгээр бүлгийн цустай байна.” гэх дүгнэлт /хх 64-65/,

            2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 4-5, 7-10/, осол хэрэг гарсан хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх 6/, Тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-15/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 66-73/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

            Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул эрүүгийн 2234002500222 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэв. 

  

            Шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

           Иймд шүүгдэгч Г.О ийн 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн Булаг хэсгийн 8-52 тоот хашааны үүднээс дэлгүүр орохоор бусдын эзэмшлийн 87-63 УБИ улсын дугаартай Тoyota Premio  маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зай, орчны байдлыг биеэр шалгаж, аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчиж 1 нас 2 сартай Х.Отгонсайханыг дайрч амь насыг нь хохироосон үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

           Шүүгдэгч Г.О ийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тэрээр 2017 оны жолооны курсэд суралцаж жолооч болсон, тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос бусад газар жолооддог болох нь түүний мэдүүлгээр тогтоогдсон.

 

          Иймд шүүгдэгч Г.О ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

           

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 10 сарын хугацаагаар хасаж, 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,

шүүгдэгч Г.О  хорих ялаас өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.О  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан тул,

 

шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал /0-3 насны 2 хүүхэдтэй/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,  2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,

 

мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн зохицуулалтын дагуу түүний тэнссэн 2 жил 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.   

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э- мөрдөн шалгах ажиллагаанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

           

            Эрүүгийн 2234002500222 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн .. дугаартай жолоочийн үнэмлэх, хэргийн газар үзлэгийн явцыг бэхжүүлж авсан 1 ширхэг CD-г хэрэгт ирсэн болохыг дурдаж,

 

хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн №... дугаартай B  ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад хүргүүлж, 1 ширхэг СD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй гэж үзэв. 

 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

   1.Шүүгдэгч Т овгийн Г-н О ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.  

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.О ийн тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О  нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.   

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185.2, 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О ийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

   7.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Г.О ийн №.. дугаартай B  ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах дуустал хэрэгт үлдээсүгэй.   

 

   8.Эрүүгийн 2234002500222 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ