Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ц-гийн Б-д холбогдох  2235000000133 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын   04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 26-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мужаан хийдэг, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг 10-43 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Ц-гийн Б /РД: .................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг 10-43 тоотод 2022 оны 5 дугаар сарын 28-нд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Г.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг 10-43 тоотод 2022 оны 5 дугаар сарын 28-нд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Г.Б-ыг зодсон болох нь:

1. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

2. Хохирогч Г.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны байдлаар бол манай нөхөр Б нь 05 дугаар сард надтай маргалдаж байхдаа над руу таваг шидэж миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл гаргасан. Зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нэг удаа бөгөөд гэр бүлийн харилцааны хувьд гэвэл хэвийн харилцаж байснаа гэнэт уурлах, гэр бүлийн гишүүдийг элдэв янзаар хэлэх зэрэг үйлдэл гаргадаг. Намайг болон хүүхдүүдээ яатуу, янгарцаг гэх мэтээр бүдүүлэг харьцдаг бөгөөд анх гэр бүл болохын нь ийм ширүүн харилцаатай хүн. Би нөхрийнхөө зан мэддэг болохоор аавтайгаа эв найртай харьц гэхэд манай хүүхдүүд бусад хүүхдүүдийн аавууд сайн харилцаатай байдаг та яах гэж ийм хүнтэй суусан юм гэж хүртэл хэлж байсан удаа бий. Би 2003 оны 01 дүгээр сард нөхөр Б-тай албан ёсоор гэр бүл болж одоог хүртэл амьдрахдаа 4 хүүхэдтэй болсон. Одоогийн байдлаар манай гэрт хоёр дахь охин С, гурав дахь охин А нар нь арван жилд сурдаг бөгөөд том хүүхэд Улаанбаатар хотод сурдаг. Харин бага хүүхэд маань хөдөө ахындаа байгаа. Бага хүү Н нь аав Б нь орилж уурлаад байдаг болохоор гэрээсээ болон ааваасаа зугтаж хөдөө айл руу яваад байдаг. Харин хоёр охиныг хүртэл эмэгтэй хүүхэд гэж санаа зовохгүйгээр элдэв янзаар хэлдэг тул 2021 оны 11 дүгээр сард манай нөхөр баривчилгаанд орсны дараа охин С-ын хамт Увс аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар очиж учир байдлыг хэлж тусламж хүссэн боловч ямар нэгэн хариу үзүүлээгүй. Охин С-ын биед 2021 оны 11 дүгээр сард халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчилгаанд орсон. Мөн том охин Д-гийн гараас хазаж 2020 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчилгаа авсан бөгөөд яг миний санаж байгаа зүйлүүд нь 2022 оноос өмнөх зүйл байгаа. Б нь миний хажууд сууж байхдаа бид хоёрын дунд байсан шаазан тавгаар миний толгойн духны орой хэсэгт цохисон. Шаазан тавгаар цохисны улмаас миний толгой хагарсны улмаас нэгдсэн эмнэлгийн 103-д очиход цусыг тогтоож, 3 удаа оёдол тавьсан. Тухайн үед оёдол тавихад хүндрэлтэй байсан тул хагарсан хэсгийн үсийг нь хайчилж байгаад оёдол тавьсан. 2000 онд нөхөр бид хоёр гэр бүл болсон бөгөөд одоогоор 4 хүүхэдтэй. Манай хоёр дахь охин С нь тухайн үед гэрт байсан. Гэр бүлийн харилцааны хувьд байнгын хэрүүл маргаантай түгшүүртэй байдаг. Манай нөхөр Б нь огцом уурлаж, уурласан үедээ гарт барьсан зүйлээрээ цохиж аль эсвэл шидээд байдаг. Урьд өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр удаа шүүхээр баривчлагдаж байсан. Яг гэр бүлийн маргаан нь тодорхой энгийн харилцаанаас үүсдэг бөгөөд харилцаж байх явцдаа огцом уурлаж элдэв янзаар харааж доромжлоод байдаг. Зан байдлын хувьд гэвэл байнга гэр бүлийн гишүүдээ янхан яатуу гэх байдлаар намайг болон төрсөн охиноо хүртэл харааж элдэв бусаар хэлдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 11 дэх тал),

3. Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед Улаангом сумын 2-р багийн нутаг 10-43 тоотод байх гэртээ аав Б, ээж Б нар нь хоорондоо маргалдаж байгаад аав Б нь ээж рүү шилэн таваг шидчихээд гэрээс гараад явчихсан. Ээж хэсэг хугацаанд толгойгоо бариад сууж байгаад гараад харахад гар нь цус болчихсон байхаар нь би гадагш гарч ээжийн толгой хагарчихсан байна ороод ир гэж аавд хандаж хэлсэн. Би өөрөө буцаж гэрт орж ирсний дараа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Урьд өмнө манай аав Б нь миний хоолойг боох байдлаар миний биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бөгөөд тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч шүүхээр баривчилгаа авч байсан бөгөөд 2022 он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байсан удаа байхгүй. Ээжийн толгой нь орой хэсэг нь хагарч толгойноос нь цус гарахаар нь цусыг нь 00 цаасаар дарж тогтоосон. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дараа эрүүл мэндийн төвд очиж толгой хэсэгтээ оёдол тавиулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

4. Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би Улаангом сумын нутаг дэвсгэрт таксинд явж байгаад гэртээ ирээд утсаа цэнэглэсэн. Гэрт миний эхнэр Б, охин С бид гурав байсан. эхнэр Б нь миний цэнэглэж байсан утас оролдоод байхаар нь битгий оролд, цэнэглэ гэж хэлсний улмаас хоорондоо маргалдаж байгаад ширээн байгаа шаазан дугуй тавгийг шидчихээд гараад явсан. Гадна гарсны дараа охин С дуудаж ээжийн толгой хагарчихсан байна гэж хэлэхээр нь гэр рүү яваад ороход толгой нь хагарсан байсан учир цусыг нь тогтоож байхад цагдаа нар ирсэн. Эхнэр бид хоёр 5-10 минут орчим маргалдсан бөгөөд миний уур гэнэт хүрсний улмаас таваг аваад шидчихсэн. Б нь маргалдах хугацаанд намайг гэрт битгий хэрүүл хийгээд бай гарч зайл гэхээр нь миний уур хүрсэн. Харин эхнэр Б нь намайг зодож цохисон зүйл байхгүй. Би тухайн үед эрүүл байсан бөгөөд би гадуур явж байгаад ирсний дараа утсаа цэнэглэж байхад эхнэр аваад оролдсон учраас би битгий оролд гэж хэлсний улмаас маргаан үүссэн. Эхнэрийг эмнэлэгт очиж үзүүлсэн бөгөөд шаардлагатай эм тарианы мөнгийг өгсөнгэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 240 дугаартай “Г.Б-н толгойн оройн хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой эдгэж буй шинэ гэмтэл байна. Толгойн оройн хэсгийн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хөнгөн зэргийн гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Ц.Б-д 2022 оны 5 дугаар сарын 28-нд зодуулсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ.  

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, гэрч нарын болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.Б нь хохирогч буюу эхнэр Г.Б-ыг зодсон нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъект байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ц.Б-ын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Хохирогч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд “...одоо миний биед ямар нэгэн зовуурь байхгүй. Нөхөр Б уучлалт гуйж бид эвлэрсэн. Гомдол тэмцэл байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатаар баталгаажуулсан (хавтаст хэргийн 66 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б-ын хувийн байдлын талаар: Гэрч Б.Д-гийн өгсөн: “Манай аав Б нь 1977 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн Тэс сумын нутагт 7 хүүхэдтэй айлын том нь болж мэндэлсэн бөгөөд доороо 6 дүүтэй. Дүү нар нь Улаанбаатар болон тус аймгийн Тэс суманд амьдардаг хүмүүс байдаг. Улаанбаатарт байгаа хоёр дүү нь Хурд группд ажилладаг мөн хоёр дүү нь Тэс суманд мал малладаг. Ц.Б нь Бүрэн дунд боловсролтой бөгөөд крилл бичиг үсгээр уншиж бичиж чадна. Манай аав ээж хоёр 2000 онд гэр бүл болж аймгийн төвд суурьшиж одоог хүртэл амьдарч байгаа. Аав Б нь тогтсон ажил эрхэлж байгаагүй бөгөөд хувиараа мужаан буюу модон эдлэлээр сав хийж зарж борлуулдаг. Манай аав болон ээж тогтсон ажил эрхэлдэггүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг учраас өрхийн орлого дунд түвшин гэж хэлж болно. Одоогоор аав Б нь өөрийн машинаар таксинд явж байгаа. Манай аавын зан байдлын хувьд ширүүн ааштай, харилцааны хувьд энгийн боловч түргэн уурнаасаа болж загнах уурлах тохиолдол их байдаг. Архи согтууруулах ундааны зүйлийг хааяа хэрэглэдэг. Хэрэглэхээр зан аашны хувьд янз бүр байдаг агсам согтуу хүртэл хааяа тавьдаг. Урьд өмнө намайг дунд сургуульд байхад буюу 2019 онд ээжтэй маргалдсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчилгаа авч байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), Гэрч М.Э-ийн өгсөн: “Манай хөрш Б нь 2019 оноос хойш таксинд явдаг мөн хувиараа модон эдлэл хийж зарж борлуулдаг. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг том охин нь оюутан харин хоёр дахь охин нь 2022 онд Ерөнхий боловсролын сургуульд 12-р анги төгссөн хоёр бага хүүхэд нь бага сургуульд сурдаг. Зан араншны хувьд гайгүй хэвийн харилцаатай боловч огцом түрэмгий ууртай байдаг. Учир нь манай хоёр гэр ойролцоо байдаг учраас түргэн уурлаж чанга дуугаар харьцаж мэдэгддэг. Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг бөгөөд хэрэглэсэн үедээ заримдаа гэр бүлдээ маргаан гаргаад байдаг. Ц.Б нь хашаандаа ганц байдаг тул хөдөөнөөс ах дүү нар нь болон найз нөхөд нь ихээр ирдэг тул гэр нь ихээр хөл хөдөлгөөнтэй байдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал) -үүд авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан, прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б овогт Ц-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч  Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Ц.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ