Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/269

 

 

 

 

 

 

 

 

 

   2022            6                17                                                 2022/ШЦТ/269      

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Банзрагч,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Г.Энхбат,

Шүүгдэгч С.П , түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г овгийн С-н П д холбогдох эрүүгийн 2234000280150 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.П  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

               

           Шүүгдэгч С.П  нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2-р багийн нутаг "Долоон уул" гэх газар өөрийн эзэмшлийн 54-39 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна", 13.4 Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно "а/ уулзвар болон гарц дээр, 3.7 тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно." гэх заалтыг зөрчсөний улмаас 73-18 УНТ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж тухайн тээврийн хэрэгслийн жолооч Б.Т-н  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

               

                Энэ нь эрүүгийн 2234000280150 дугаартай хэрэгт авагдсан

 

                Хохирогч Б.Т-н  өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 12-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумаас Улаанбаатар орохоор өөрийн эзэмшлийн 73-18 УНТ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй найз Ганбаатар түүний эхнэр Ягаанцэцэг 4 настай охины хамт ойролцоогоор 19 цагийн үед гарсан. Тэгээд Төв аймгийн Сэргэлэн сумын Долоон уул гэх газар байрлах мал мах түүхий эд авдаг газар адууны мах зарахаар зүүн тийш дохио өгөөд эргэтэл араас нэг машин ирээд миний машиныг мөргөж замын хажуу тал руу гаргаж осол болсон. Тухайн үед үзэгдэх орчин замын нөхцөл байдал хэвийн байсан ойролцоогоор шөнийн 23 цагийн үед осол болсон. 7918 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2021 оны 1 дүгээр сарл Эм эф Ай ББСБ-аас 3 000 000 төгрөгийн зээл аваад машинаа барьцаалж нэрээ шилжүүлсэн юм. Одоо 2022 оны 1 дүгээр сард төлбөр нь дуусаж байгаа.

                Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирол төлбөрөө бүрэн авсан. Би тээврийн хэрэгслийн хохирлын 6 000 000 төгрөгийг авсан. Мөн тээврийн хэрэгслээ өөрөө авсан мөн эмчилгээний зардалд 800000 төгрөг бас хүлээн авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийн материалтай танилцаж шүүх хуралдаанд суухгүй.” гэх мэдүүлэг /хх 23, 25/,

Гэрч О.Ганбаатарын өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед Дундговь аймгийн Адаацаг сумаас эхнэр Ягаанцэцэг, 4 настай охин Мөнххүслэн, найз Товуудорж нарын хамтаар Товуудоржийн улаан хүрэн өнгийн 73-18УНТ улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот орохоор явж байсан тэгээд замдаа Төв аймгийн Сэргэлэн сумын Долоон уул гэх газар байрлах мал, мах түүхий эд авдаг газар адууны мах зарахаар явж байсан юм. Тэгээд мал мах түүхий эд авдаг газар адууны махаа өгөхөөр зүүн гар тийш зам салахаар дохио өгөөд эргэтэл араас нэг машин мөргөөд манай машиныг замын хажуу тал руу гаргаад зам тээврийн осол гарсан. Машинаас буугаад харахад манай машиныг крантай жижиг оврын ачааны машин араас мөргөсөн байсан. Тухайн үед үзэгдэх орчин замын нөхцөл байдал хэвийн байсан. Ойролцоогоор 23 цаг 30 минутын үед осол болсон.” гэх мэдүүлэг /хх 39/,

Гэрч Б.Батбаатарын өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Цогтцэций сумаас Төв аймгийн Зуунмод сум руу П ын исузу порвард крантай машинтай гарсан. Тэгээд замаараа Дундговь аймгаар дайрч 0,5 литрийн 2 шил архи худалдаж аваад Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Довын гуанзны ойролцоо зогсоод бид гурав архиа хувааж уусан нэг шил архи бүтэн уугаад нэг шил архины талыг нь уусан тэгээд цааш хөдөлсөн П  машинаа жолоодоод явж байсан. Тэгээд Төв аймгийн Сэргэлэн сумын Долоон уул гэх газар мах, түүхий эд авах худалдах цэгийн ойролцоо явж байтал урд талд нэг эгнээнд улаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл явж байгаад дохио өгөөд зүүн гар тийшээ эргэх гэснээ болиод буцаад эгнээндээ ороод явсан тэгтэл П  тухайн машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд хажуугаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл урд явж байсан приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дохио өгөөд зүүн гар тийш эргэх үйлдэл хийсэн тэгтэл манай машин араас нь тухайн машиныг мөргөөд зам тээврийн осол гарсан. Миний сууж явсан машин 60 орчим км цагийн хурдтай явж байсан. Ослын улмаас надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх 41/,

Гэрч Н.Баярсайханы өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг өнгөрөөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас хуурай дүү П , Батбаатар нарын хамтаар Төв аймгийн Зуунмод сум орохоор П ын исуку порвард маркийн крантай ачааны машинтай гарсан. Тэгээд замаараа Дундговь аймгийн дэлгүүрээс ашил архи аваад Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Довын гуанз гэх газар зогсоод машиндаа бид гурав 2 шил архиа хувааж уугаад нэг шил архины тал нь үлдсэн тэгээд цаашаа хөдлөөд явж байтал Төв аймгийн Сэргэлэн Долоон уул гэх газар буюу мал махны түүхий эд авдаг газрын ойролцоо явж байтал улаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл манай машины урд талын эгнээнд явж байсан. Тэгээд түүнийг гүйцэж түрүүлэх гэтэл тухайн машин гэнэт дохио өгөөд зүүн гар тийш зам салахаар эргэх үйлдэл хийж миний сууж явсан машин араас нь мөргөсөн тэгээд осол болсон. Тухайн үед замын нөхцөл байдал хэвийн үзэгдэх орчин хэвийн гадаа харанхуй байсан. Ослын улмаас надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх 43/,

Гэрч Н.Ягаанцэцэгийн өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед Дундговь аймгийн Адаацаг сумаас нөхөр Ганбаатар, 4 настай охин Мөнххүслэн, нөхрийн найз Товуудорж нарын хамт Товуудоржийн улаан хүрэн өнгийн 73-18 УНТ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот орохоор явж байсан. Тэгээд замдаа Төв аймгийн Сэргэлэн сумын Долоон уул гэх газар байрлах мал, мах түүхий эд авдаг газар адууны мах зарахаар явж байсан. Манай нөхөр Ганбаатар охинтойгоо урд суудал дээр сууж явсан би машины хойд талын суудал дээр нуруу чилээд хэвтээд явж байтал түс хийсэн чимээ гарч машин хүчтэй доргих шиг болсон би хүчтэй донсоллоо доо гэж бодсон. Тэгээд босоод хартал миний сууж явсан машины араас крантай том машин мөргөсөн байдалтай зам тээврийн осол гарсан байсан. Тэгээд холбогдох байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн. Тухайн үед үзэгдэх орчин замын нөхцөл байдал хэвийн байсан. Ойролцоогоор шөнийн 23 цаг 30 минутын үед осол болсон.“ гэх мэдүүлэг /хх 45/,

Шүүгдэгч С.П ын өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 12 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Төв аймгийн Зуунмод сум руу өөрийн эзэмшлийн 54-39УНЭ улсын дугаартай Исузу порвард маркийн машинтай ах Баярсайхан, ах Батбаатар нарын хамт би өөрөө жолоодоод явж байсан. Замдаа Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Довын гуанз гэх газар 1 шил архи бид гурав машин дотроо хувааж уусан. Тэгээд цаашаа хөдлөөд Төв аймгийн Сэргэлэн сумын Долоон уул гэх газар явж байхад миний машины урд талд улаан өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл явж байсан. Тэгээд тухайн машин зүүн гар тийш эргэх үйлдэл хийгээд гарц андуурсан бололтой үйлдлээ буцаагаад эгнээндээ ороод явж байсан. Тэгэхээр нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл тухайн машин зүүн гар тийш эргэх дохио өгөөд зүүн гар тийш эргэх үйлдэл хийчихсэн. Тэгээд миний машин тухайн Приус-20 машины араас нь мөргөөд зам тээврийн осол гарсан. Миний машинд сууж явсан хүмүүс ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй зүгээр байгаа. 54-39 УНЭ улсын дугаартай Исуку порвард маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Би 2021 оны 3 дугаар сард лизингээр машин оруулж ирдэг “Эм эф ай” ХХК-аас 54 сая төгрөгөөр найз Баярсайханы нэр дээр худалдаж авсан. Би өөрийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэхгүй учир нь уг зам тээврийн осолд миний буруутай үйл ажиллагаанаас болсон учраас. Тухайн үед үзэгдэх орчин замын нөхцөл байдал хэвийн байсан. Харанхуй шөнө болсон байсан.

...Би 2004 оноос хойш жолоо барьж байна. Би жолооны үнэмлэхийг 2021 оны 6 дугаар сарын үеэр алга болгосон шинэ үнэмлэх захиалж амжаагүй байгаа. Учруулсан хохирлоо төлсөн. Тухайн машины жолоочид 6 сая төгрөг өгсөн. Би хэргээ хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлүүлмээр байна. Би жолоо барьж амьжиргааныхаа эх үүсвэрийг залгуулдаг хүн байгаа юм. Би өөрийн 54-39 УНЭ Исузу Порвард маркийн тээврийн хэрэгслээрээ ажил хийж мөнгө олдог. Миний жолоодох эрхийг хамгийн бага хугацаагаар шийдэж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх 37, 102/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 14 дугаартай “1.Б.Т-н  биед баруун ухархайн дотор ханын цөмөрсөн, хамар яс, хянга ясны сэлтэрсэн, бүсэлхийн 5-р нугалмын сэлтэрсэн хугарал, баруун элхэгийн хөндийд цус хуралт, дух, хамар зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээр хамаарна.” гэх дүгнэлт /хх 61/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний №06/33 дугаартай “7318 УНТ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 2022 оны 12-р сарын 12-ны байдлаар 5 338 000 /таван сая гурван зуун гучин найман мянга/ төгрөг” гэх тайлан /хх 66-74/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Анхбаярын №10 тоот “Исузу порвард маркийн 54-39 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.П  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. 2.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Исузу порвард маркийн 54-39 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.П  нь нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн

11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.

13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно:

а/ уулзвар болон гарц дээр:

3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй Өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэснийг зөрчсөн гэж үзэв.

3.Тоёота приус-20 маркийн 73-18 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Товуудорж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. 4.Тоёота приус-20 маркийн 73-18 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. Товуудорж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн

7.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. 1.1-1.3. 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.

1.5-1.8 тэмдэглэлийг аль ч талаас нь давахыг зөвшөөрөх бөгөөд харин дээгүүр нь унуулж явахыг хориглоно.

1.10 тэмдэглэлийг зөвхөн тасархай шугамтай талаас нь давахыг зөвшөөрнө. Харин гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж дуусах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй. Уг зам тээврийн осол болоход Исузу порвард маркийн 54-39 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.П , Тоёота приус-20 маркийн 73-18 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Товуудорж нарын дээрх замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлүүд нь уг зам тээврийн осол болоход нөлөөлсөн байна гэж үзэв. 6.Осол гарсан замын байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хуурай, цасгүй, халтиргаагүй, эвдрэл гэмтэлгүй, шулуун тэгш, үзэгдэх орчин чөлөөтэй байгаа нь осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна гэж үзэв.” гэх дүгнэлт /хх 87-89/,

Хэргийн газрын үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-11/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

            Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул эрүүгийн 2234000280150 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэв. 

  

         Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

           Иймд шүүгдэгч С.П  нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2-р багийн нутаг "Долоон уул" гэх газар өөрийн эзэмшлийн 54-39 УБЭ улсын дугаартай “Isuzu Forward маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна.", 13.4.Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно "а/.уулзвар болон гарц дээр, 3.7.тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно." гэсэн заалтыг зөрчиж 73-18 УНТ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж тухайн тээврийн хэрэгслийн жолооч Б.Т-н  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

           Шүүгдэгч С.П ыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

          Иймд шүүгдэгч С.П ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

         Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.П  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргадаггүй, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан тэнсэж өнө үү гэсэн санал тус тус гаргав.

 

Шүүгдэгч С.П д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан тул,

 

шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,

 

мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн зохицуулалтын дагуу түүний тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас Б.Т-н  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгсэлд  5 338 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч “Хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан тул надад гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” /хх 29/ гэх хүсэлт гаргасан тул шүүгдэгчийн тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн 2234000280150 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г овгийн С-н П-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.П-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ хугацаагаар тэнссүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч С.П ын тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

  6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П д үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  7.Эрүүгийн 2234000280150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй тус тус дурдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ