| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/02325/И |
| Дугаар | 181/ШШ2018/00994 |
| Огноо | 2018-04-27 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2018/00994
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ....... тоотод оршин суух, О.Б /Регистрийн дугаар:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоотод байрлах “АОБЭССТ” ТББ /Регистрийн дугаар:1081292/,
Хариуцагч: ......тоотод оршин суух, “АОБЭССТ” ТББ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Г.О /Регистрийн дугаар:/ нарт холбогдох,
Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: ......... тоотод оршин суух, .... овогт С.Э /Регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэгч О.Б-т холбогдуулан гаргасан,
2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай бие даасан шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагч “АОБЭССТ” ТББ-ын тэргүүн, гуравдагч этгээд С.Э, хариуцагч тус ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.О, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Адалбек, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: О.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн С.Этай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны, 31 тоотод байрлах 88.87 мкв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2203015670 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцыг 70 сая төгрөгөөр худалдан авсан юм. Нийслэлийн улсын бүртгэлийн газраас уг орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг О.Бийн нэр дээр болгосон. Гэвч уг орон сууцыг өнөөдрийн байдлаар “АОБЭССТ” ТББ болон түүний тэргүүн С.Э, удирдах зөвлөлийн гишүүн Г.О нар хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа төдийгүй О.Бийн өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн дагуу хариуцагч нарыг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны, 31 тоотод байрлах 88.87 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг “АОБЭССТ” ТББ, түүний удирдах зөвлөлийн гишүүн Г.О нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.О тус орон сууцыг худалдан авахад өөрийн хөрөнгийг оруулсан гэж мэдүүлсэн, тус орон сууцанд иргэн С.Э бус хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаа гэж мэдүүлсэн тул хариуцагчийг тодорхойлсон болно гэв.
Хариуцагч “АОБЭССТ” ТББ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “АОБЭССТ” ТББ нь 2008 онд үүсгэн байгуулагдсан С.Э, Б.Буян нарын үүсгэн байгуулагчтай, удирдах зөвлөлийн 5 хүн буюу С.Э, Г.О, Гаригцацралт, Мэндбаяр, Дагвадорж нарын бүрэлдэхүүнтэй болно. С.Э миний бие 2011 онд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15-31 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг худалдан авсан бөгөөд миний үүсгэн байгуулсан төрийн бус байгуулагатай огт хамааралгүй орон сууц юм. Манай төрийн бус байгууллагын багш Г.О нь мөн хамааралгүй. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус байранд үйл ажиллагаа явуулахаа зогсоож тухайн байрнаас гарч, иргэн С.Эд хүлээлгэн өгсөн болно. Одоо энэхүү маргаан бүхий байрны хадгалалт, хамгаалалт, эзэмших, ашиглах эрх нь иргэн С.Эд байгаа. Уг орон сууц угаасаа иргэн С.Эгийн хөрөнгө. Иймд энэ хэргийн хариуцагч нь тус Төрийн бус байгууллага биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч “АОБЭССТ” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Г.О нь тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн боловч энэ хэрэгтэй хамааралгүй. Нэхэмжлэгч О.Бийг огт танихгүй, тэр хүнээс ямар ч мөнгө аваагүй, заргалдаж буй энэ хэрэгт огт оролцоогүй болно. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Төрийн бус байгууллагатай холбоотой үйл ажиллагааг энэ байранд явуулахаа зогсоосноо албан ёсоор мэдэгдэж байгаа бөгөөд энэ хэргийн хариуцагч нь миний бие биш гэж үзэж, О.Бийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Гуравдагч этгээд С.Э шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Барилга угсралтын чиглэлээр ажил эрхэлдэг Б.Батзориг гэгч танил дүү маань “ажил зогсох гээд байна, та өөрийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоотод байрлах 88.87 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаанд тавиад зээл аваад өгөөч” гэхэд нь чи өөрөө хөөцөлдөөрэй гээд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн барьцаанд тавих итгэмжлэл хийж өгсөн. Б.Батзориг нь “Эко капитал ББСБ” ХХК-тай уулзаж ярилцлаа зээл өгч болно гэж байна, харин зээл олгохдоо О.Б гэдэг хүнд С.Э болон Б.Батзориг бид нарын өмчлөлийн 2 орон сууцныхаа гэрчилгээг барьцаа болгож “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ээр шилжүүлж өг гэсэн шаардлага тавьж байна, үүнийг нь зөвшөөрвөл зээл олгоё гэж байна гэсэн. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр О.Б гэдэг хүнийг дагуулж ирээд С.Э миний өмчлөлийн 4 өрөө орон сууцыг, Б.Батзориг нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороонд байрлах 111.8 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцаа, гражийн хамт нийт 3 хөрөнгийг барьцаанд тавиад 180.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээл авахаар болсон. Б.Батзоригийг зээлээ төлөхөөр буцаагаад барьцааг чөлөөлж, миний байрыг эргүүлж нэр дээр минь шилжүүлж өгнө гэж хэлсэн тул холбогдох баримт бичгүүдэд би гарын үсэг зурсан. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хоёр өөр үнээр нийт 8 гэрээг хийсэн байдаг. Дээрх гэрээнүүдээс үзвэл С.Эгийн орон сууцыг 70 сая төгрөгөөр, Б.Батзоригийн орон сууцыг 100 сая төгрөгөөр, гаражийг 10 сая төгрөгөөр тооцон барьцаалахдаа барьцааны гэрээ үйлдээгүй харин Худалдах худалдан авах гэрээг хийж, О.Бийн нэр дээр хөрөнгийг бүгдийг шилжүүлсэн байна.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч үнийг төлөх, хөрөнгийг хүлээж авах үүрэг хүлээдэг. С.Э миний бие О.Б гэдэг хүнд өөрийн өмчлөлийн дээрх 4 өрөө орон сууцыг худалдан борлуулаагүй бөгөөд О.Бөөс нэг ч төгрөг аваагүй. Худалдах зорилго ч байгаагүй. Харин уг орон сууцыг барьцаанд тавьсан гэж ойлгосон. Би байрандаа өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж, байр, цахилгаан, хог, СӨХ-ийн төлбөрөө төлж, амьдарч байгаа болно. Мөн надтай байгуулсан гэх гэрээг 30.000.000 төгрөг, 70.000.000 төгрөг гэж хоёр өөрөөр хийснээс үзвэл худалдах үнээ ч тохиролцоогүй нь харагдана. Хэрэв талууд худалдах, худалдан авах хүсэл зориг анхнаасаа байсан бол өнөөг хүртэл 2 жил гаран хугацаанд С.Эг тус орон сууцанд амьдруулах шаардлага байхгүй, шууд суллуулах байсан. Мөн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр С.Эгаас Б.Батзоригт байрыг барьцаанд тавих итгэмжлэл олгосноос харвал худалдах хүсэл зориг байгаагүйг илтгэж байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар О.Б, С.Э нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээнүүд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Уг гэрээнүүдийн дагуу О.Бөөс шилжүүлэн авсан зүйлгүй, хөрөнгө С.Эгийн эзэмшилд байгаа тул харилцан буцааж өгөх зүйл байхгүй гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь С.Этай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Улмаар улсын бүртгэлд бүртгүүлж хөрөнгийн өмчлөгч болсон. Анх гэрээг байгуулахдаа хоёр өөр үнээр гэрээг хийсэн нь үнэн. Хувь хүний орлогын албан татварын хуулиар худалдагч татвар төлдөг тул төлөх татвараас зайлсхийх зорилгоор хоёр өөр үнээр гэрээг хийсэн. Үүнийг өөрсдийнх нь хүсэлтээр хийсэн. Худалдах худалдан авах гэрээний үнэ 70.000.000 төгрөг байсан гэдгийг гуравдагч этгээдийн зүгээс үгүйсгэхгүй байна. Нэхэмжлэгч нь Б.Батзориг, С.Э нараас нэг дор 3 хөрөнгө зэрэг худалдан авсан. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Батзоригийн дансаар 180.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгөний 70.000.000 төгрөг нь С.Эгийн орон сууцны үнэ бөгөөд, түүний өөрийнх нь хүсэлтээр Б.Батзоригийн дансанд цуг шилжүүлсэн. Дээрх шилжүүлгийн мөнгөний 70.000.000 төгрөг С.Эгийнх тул өгснөө баталгаажуулж мөнгө хүлээн авсан баримтыг үйлдсэн. Энэ тухай баримтыг хэрэгт өгсөн байгаа. Үүнд гуравдагч этгээдээс маргахгүй байна. Мөнгөө хэрхэн захиран зарцуулах нь С.Эгийн мэдэх асуудал. Үүнийхээ хүрээнд тэрээр танил Б.Батзоригтоо туслахаар өөрийн орон сууцаа зараад мөнгийг түүнд шилжүүлэхийг хүссэн. Иймд С.Эгийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь “АОБЭССТ” ТББ, тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Г.От холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015670 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоотод байрлах 88.87 мкв талбай бүхий орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргав.
Мөн гуравдагч этгээд С.Эгаас нэхэмжлэгч О.Бт холбогдуулан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” тухай 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар бие даасан шаардлага гаргав.
Хэрэгт авагдсан баримтаар С.Э, О.Б нар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр харилцан тохиролцож, Худалдагч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015670 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоотод байрлах 88.87 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч нь хөрөнгийн үнэ 70.000.000 төгрөг төлөхөөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г, мөн өдөр дээрх хөрөнгийн үнэд 30.000.000 төгрөг төлөхөөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус байгуулжээ. /хх 2, 39/
Улмаар уг гэрээг үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С.Эг өөрчилж, О.Бийг өмчлөгчөөр бүртгэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 000459946 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ. /хх 3, 50-58/
Талууд гэрээг байгуулсан үйл баримтад маргаагүй ч уг гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаж байна.
Гуравдагч этгээд С.Э нь өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч О.Бт худалдах хүсэл зориг байгаагүй болох нь хэрэгт авагдсан уг хөрөнгийн үнийг 30.000.000 төгрөг, 70.000.000 төгрөг гэж хоёр өөрөөр гэрээ байгуулсан байдал, үнийг С.Эд бус харин Б.Батзоригт мөн өдрөө нэхэмжлэгч шилжүүлсэн байдал /хх18/, дээрх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрхийг С.Эгаас Б.Батзоригт 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр итгэмжлэлээр олгож байсан байдал /хх16/, “Экокапитал” ББСБ-ийн бланк дээр Б.Батзоригт мөн өдөр зээлсэн 180.000.000 төгрөгийн зээлээ эргэн төлөхийг мэдэгдсэн мэдэгдэл /хх17/, “Экокапитал” ББСБ-иас Б.Батзоригт мөн өдөр зээл олгоогүй тухай шүүхэд ирүүлсэн хариу /хх77/, гэрч Э.Ёндонгийн “Эко капитал ББСБ-д ажилладаг, Б.Батзориг зээл хүсч ирэхэд С.Э хамт ирж байсан, байгууллагын зүгээс зээл олгохоос татгалзсан, О.Бтэй холбож уулзуулсан, О.Б байгууллагатай ерөнхийдөө хамтраад ажилладаг, нотариат дээр хамт очсон, мөнгө орж ирэхээр байраа буцаагаад авна гэсэн, мэдэгдлийг Б.Батзоригт бичиж өгсөн” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх149-151/, гэрч Б.Батзоригийн “Анх Экокапитал ББСБ-тай уулзахад байрны нэр шилжүүлэх байдлаар зээл өгье гэсэн, Экокапиталыг төлөөлж н.Ёндонтой уулзсан, өөрийнхөө Хан-Уул дүүрэгт байрлах байр, гараж дээр С.Эгийн байрыг барьцаалсан, 180.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай авсан, С.Э төлбөр мөнгө аваагүй, өөрийн байрыг барьцаанд байгаа гэж ойлгож байгаа” гэсэн мэдүүлэг /хх105-107/, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөө нэхэмжлэгч О.Бөөс Б.Батзориг, С.Э нартай хийсэн худалдах худалдан авах гэрээнүүд /хх 2, 39, 124,125, 129, 130/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна гэж дүгнэв.
Зохигчид С.Эгийн танил гэх Б.Батзориг зээл авахаар анх “Экокапитал” ББСБ-д хандсан, улмаар банк бус санхүүгийн байгууллагын зүгээс зээл олгохоос татгалзсан үйл баримтад маргаагүй. Үүний дараа тус банк бус санхүүгийн байгууллагын ажилтнаар зуучлуулан нэхэмжлэгч О.Бөөс Б.Батзориг 180.000.000 төгрөгийг зээлэх, үүргийн гүйцэтгэлийг дээрх орон сууцнаас хангуулах зорилгоор хэлцлийг байгуулахдаа С.Эгийн өмчлөлийн Ү-2203015670 дугаарт бүртгэлтэй дээрх хөрөнгөд худалдах худалдан авах гэрээг байгуулан, өмчлөлийг О.Бт шилжүүлжээ.
Нэхэмжлэгч худалдах худалдан авах хүсэл зоригоор гэрээг байгуулсан болох нь 70.000.000 төгрөг бэлнээр төлсөн тухай баримтаар нотлогдоно, С.Э өөрөө мөнгийг Б.Батзоригт шилжүүлэх хүсэлт гаргаснаар мөнгийг түүнд шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч бодитоор С.Эд мөнгийг шилжүүлээгүй болох нь гэрч Б.Батзоригийн мэдүүлэг, түүний дансны хуулгаар тогтоогдож байхаас гадна С.Эгаас мөнгийг Б.Батзоригт шилжүүлэх эрх олгосон болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. Нөгөөтэйгүүр С.Э, О.Б нар хэн алин нь хэлцлийг байгуулахаас өмнө найз нөхөд хийгээд дотны харилцаагүй байсан байх тул гэрээг байгуулснаас хойш Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хөрөнгөө хүлээн аваагүй 2 жилийн хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд шаардаж байгаагүй байдал нь талууд анхнаасаа хэлцлийг хийхдээ худалдах, худалдан авах хүсэл эрмэлзэл байгаагүй, харин барьцаа болгож хөрөнгийг нэхэмжлэгч О.Б өөр дээрээ хадгалах агуулгатай байсныг илтгэж байна.
Иймд дээрх худалдах худалдан авах гэрээ нь Б.Батзориг, О.Б нарын хоорондох зээлийн гэрээний барьцааг хангуулах зорилгоор хийгдсэн аман тохиролцоог халхавчлах зорилгоор байгуулсан Иргэний хуулийн 56 дугаар зйүлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв. Зүй нь гэрээний нэг тал болох О.Б С.Этай уг хөрөнгөнд барьцааны гэрээг хуульд заасны журмын дагуу байгуулж, бүртгэх байгууллагад бүртгүүлэх байжээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хууль ёсны өмчлөгч өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн тохиолдолд эрх зөрчигчөөс шаардах эрхтэй боловч дээрх шаардах эрх нь зөвхөн эзэмшил хууль бус үед хэрэгжихээр зохицуулжээ.
Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийсэн цагаас эхлэн хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч О.Бийг тухайн хөрөнгийг шударгаар олж авсан өмчлөгч гэж үзэх боломжгүй.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхгүй тул хариуцагч “АОБЭССТ” ТББ, тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Г.О нар маргаан бүхий орон сууцанд үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, үндсэн нэхэмжлэлийг хариуцах үүрэг хүлээх эсэх талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан О.Б, С.Э нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015670 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.
2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан “АОБЭССТ” ТББ, тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Г.О нарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015670 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай О.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2017/16380 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 307.950 төгрөг гаргуулж С.Эд олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ