Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Хохирогч: О.Г,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Н-н А-д холбогдох 2235000000071 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 6 дугаар сарын 09-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Есөн-Эрдэнэ дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 2, нөхрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 2-36 тоотод оршин суух Т овогт Н-н А /РД:.............../.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Н.А нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг “Улаан уул”-ын дэргэдэх Газар хөдлөлтийн станцын гаднаас 7711УВС улсын дугаартай “Toyota Harrier” загварын авто машин жолоодоод хөдлөхдөө хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 12.3, 3.7.а-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас  хохирогч О.Г-ийг дайрч хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Н.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Н.А нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг “Улаан уул”-ын дэргэдэх Газар хөдлөлтийн станцын гаднаас 7711УВС улсын дугаартай “Toyota Harrier” загварын авто машин жолоодоод хөдлөхдөө хохирогч О.Г-ийг мөргөсөн болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-11, 12 дахь тал),

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

3. Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дахь тал),

4. Хохирогч О.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Улаан уулын дэргэд байдаг газар хөдлөлтийн станцын хашаанд очоод гэрийн зүүн талд машин зогссон. Би машинаас буугаад урд талд нь гараад зогсож байтал машин асаад гэрэл нь асангуутаа шууд намайг мөргөсөн...Тээврийн хэрэгслийг анх дэлгүүрээс Улаан уул руу явахад хамт байсан ганц бие залуу эрүүл байсан тул тэр залуугаар жолоодуулж тэнд очсон. Очсоны дараа бүгдээрээ буугаад зогсож байгаад А машинд орж суусан. Тэгээд гэнэт машин хөдлөөд намайг мөргөсөн...дуут дохио өгөөгүй..Бид 2 шил 0,75 л-ийн архи уусан. А архи уусан халамцуу байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 26 дахь тал),

5. Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “А намайг та миний машиныг унаад энэ хүмүүсийг хүргээд өгөөч гэхээр нь би тухайн үед архи огт угаагүй ганц хүн байсан учир за гэж хэлээд хүргэхээр болсон. Тэгээд би Ц гэх хүнийг хүргэх гээд Улаан уулын хойд талд байрлах газар хөдлөлтийн станцын байрны гадна очиж машинаа Улаан уул руу хамар хэсгийн харуулж зогссон. ...Г-ийг түшээд 00-руу орох гээд хашааны гадна явж байтал гэнэт А-гийн машин араас ирж Г-ийг хашаатай шахаж мөргөсөн. Тухайн үед миний зүүн мөр хэсэг мөн уг машинд мөргүүлсэн. Тэгээд би гэнэт хайж машины жолооч талын хаалга руу очиход А гэх эмэгтэй машины хүрдэн дээр сууж байсан. Би А-д хандаж чи яаж байгаа юм бэ? гэхэд би машинаа эргүүлж тавих гэж байгаад мөргөчихлөө гэж хэлээд А-г машинаас буулгаад машиныг ухарч хөдөлгөсөн. Тэгээд би Г-ийг очиж харахад тухайн үед Г-ийн зогсож байсан хэсгийн хашааг мөргөж дотор тал руу хашаа нь нурж Г дээр нь ухаангүй хэвтэж байсан” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 28-29 дэх тал), 

6. Гэрч Г.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Г, А бид гурав нэлээд согтуу байсан. Д, Б хоёр эрүүл бөгөөд архи уугаагүй. ...Би гэрийн хаалга онгойлгож байснаа санаж байна. ...нэг мэдэхэд гадна нэг эмэгтэй хүн ёолж орилж байсан санагдаж байна. ...Би өглөө нь босож харахад манай хашааны урд талын явган хүний хаалганы зүүн талаар хашааны банз хугарч дээд дам нуруу нь хугарчихсан, хашаа нь нураад уначихсан байсан. Би машинаар мөргөчихсөн юм байх гэж бодсон. Би хашааг машинаар мөргөж Г гэмтсэн юм байна гэж бодоод лавлаж асуугаагүй. А-гийн машинаар явна гэж ярьж байсан. А Тоёота Хариер загварын 7711УВС улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машинтай байсан” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 31-32 дахь тал), 

7. Гэрч Л.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 03-р сарын 21-ний өдөр 17:00 цаг орчимд А гэх эмэгтэй машинаа гэмтээчихлээ засаад өгөөч гэж утсаар яриад машинаа авч ирсэн. Тухайн үед түүний автоашин нь Тоёота хариер загварын 7711УВС улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн жийп автомашин байсан бөгөөд эвдэрсэн хэсгийг харахад урд буфер зүүн урд хэсгээр нэмэлт гэрэлийн орчимд зураасан сэвтэй 10 см.кв орчим талбайг хамарсан будаг нь халцарсан зурагдсан сэвтэй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал), 

8. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Бид дэлгүүрээс гараад Ц-ыг хүргэхээр явахдаа Б архи уугаагүй тул машин жолоодуулж Улаан уулын дэргэд байдаг газар хөдлөлтийн станц дээр хүргүүлсэн. Тэнд очоод машинаас бүгдээрээ буугаад би бие засахаар зайдуу гарч зогсож байтал ард машин дуугарах шиг болсон эргээд харахад машин хөдлөөд Г, Б нар орилоод явчихсан. Машин Ц-ын гэр байдаг хашааг мөргөөд зогсчихсон байсан. Яваад очиход Г машины урд хэвтэж байсан, Б түүнийг татаад босгож байсан. А машинаас гараад ирчихсэн байсан. Б А-г загнаад яах гэж машин барьсан юм. Хөдөлгөхгүй байсан юм гэж хэлж байсан. А машин эвгүй зогссон байсан тул эргүүлж зогсоох гэж байгаад мөргөчихлөө гэж хэлж байсан. Осол болох үед Ц гэрлүүгээ орчихсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал), 

9. Гэрч Э.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А гэх эгч хадам ээж Г-ийг эмнэлэгт авч ирж хэвтүүлсэн байсан. Юу болсон талаар асуухад манай дэлгүүрт юм хийж байгаад шатнаас уначихсан гэж хэлсэн. ...маргааш нь унасан гэсэн газрыг нь асуухад Е дэлгүүрийнхээ арын өрөөнд нэг газар зааж өгсөн. Бид тэр газрыг нь арц уугиулж аривлаж дом хийсэн. ... хадам ээж ухаан ороод би шатнаас унаагүй, харин машинд мөргүүлсэн гэдгээ хэлсэн... миний хадам ээжтэй хамт явсан хүмүүс мэдэж байсан байж санаатайгаар нуун дарагдуулсан. А-гийн хувьд хийсэн хэрэгтээ гэмшихгүй, үл тоомсорлож байгаа. Эмчилгээний зардалд 550.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37, 39 дэх тал), 

10. Гэрч Н.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “А архинд уруул хүргээд өгөөд байсан. Бид дэлгүүрээс гараад Ц-ыг хүргэхээр явахдаа Б архи уугаагүй тул машин жолоодуулж Улаан уулын дэргэд байдаг газар хөдлөлтийн станц дээр хүргүүлсэн. Тэнд очоод машинаас бүгдээрээ буугаад би бие засахаар зайдуу гарч зогсож байтал ард машин дуугарах шиг болсон эргээд харахад машин хөдлөөд Г, Б нар орилоод явчихсан. Машин Ц-ын гэр байдаг хашааг мөргөөд зогсчихсон байсан. Яваад очиход Г машины урд хэвтэж байсан, Б түүнийг татаад босгож байсан. А машинаас гараад ирчихсэн байсан. Б А-г загнаад яах гэж машин барьсан юм. Хөдөлгөхгүй байсан юм гэж хэлж байсан. А машин эвгүй зогссон байсан тул эргүүл зогсоох гэж байгаад мөргөчихлөө гэж хэлж байсан. Тэдний ярианаас А машин эргүүлэх гэж явж байгаад хашаа дагаад хөтлөлцөөд явж байсан Г, Б нарыг мөргөсөн байна гэж ойлгосон. Осол болох үед Ц гэрлүүгээ орчихсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дахь тал), 

11. Гэрч Ц.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ээж хүүхдүүддээ үнэнээ хэлэхгүй бол болохгүй байх бие эвгүйрсэн байна. Би машинд мөргүүлсэн. Улаан уулын манаачийн хашаан дотор А машинаа жолоодож байгаад санамсаргүй мөргөчих шиг боллоо гэж ээж хэлсэн. Би А-тай уулзаж ээж ингэж хэллэ та мөргөсөн юмуу гэхэд би мөргөөгүй гэсэн. Ээж Улаанбаатар хотод очиж хагалгаа хийлгэхээр болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал), 

12. Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны 140 дугаар “Үзүүлэгч О.Г-ийн биед цээжний зүүн талын хэлбэр алдагдуулсан 1,2,3,4,5,6,7,8,9 дүгээр хавирга яснуудын далны болон суганы арын шугамаар зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний зүүн хөндийд цус хуралдалт, цээжний зүүн хэсгийн арьсан доор хий хуралдалт, зүүн дал ясны хөндлөн зөрөөтэй далд хугарал, баруун, зүүн эгэм ясны дунд хэсгээр зөрөөтэй далд хугарал, баруун мөрний дээд хэсэгт цус хуралт, зүүн чихний урд хэсэгт зулгаралт, цус хуралт, аюулхай, баруун, зүүн хавирганы нумын төвгөр хэсэгт, зүүн хөхний доод хэсэгт зулгаралт, цээж бүсэлхийн зүүн талд цус хуралт, зулгаралт, зүүн бугалганы ар дунд хэсэгт, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цөм нэг доор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022/03/19-нд үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн №3255 тоот өвчний түүхэнд бичигдсэн байна. Цээжний зүүн талын хэлбэр алдагдуулсан 1,2,3,4,5,6,7,8,9 дүгээр хавирга яснуудын зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний зүүн хөндийд цус хуралдалт, цээжний зүүн хэсгийн арьсан доор хий хуралдалт, зүүн дал ясны хөндлөн зөрөөтэй далд хугарал, баруун, зүүн эгэм ясны дунд хэсгээр зөрөөтэй далд хугарал, баруун мөрний дээд хэсэгт цус хуралт, аюулхай, баруун, зүүн хавирганы нумын төвгөр хэсэгт, зүүн хөхний доод хэсэгт зулгаралт, цээж бүсэлхийн зүүн талд цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Тэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 3.1.10, 3.1.12 -д зааснаар гзмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-59 дэх тал),

13. Хохирогч О.Г-ийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай эмчлүүлэгчийн бүртгэлийн маягт, шинжилгээ оношлогооны баримт, эмчилгээний баримт (хавтаст хэргийн 71-79дэх тал),

14. Хохирогчийн амбулториор эмчлүүлэгчийн карт (хавтаст хэргийн 108-113 дахь тал),

15. Шүүгдэгч Н.А-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 03-р сарын 19-ний өдөр дэлгүүр дээрээ цэвэрлэгээ хийсэн. Г гэх танил маань надад өртэй байсан тул түүнрүү утасдаж өрөндөө ажил хийгээд өг гэж дуудсан. Г үдээс хойш 14:00 цаг орчимд дэлгүүр дээр ирсэн. Би түүнээр ханын хивс арчуулж цэвэрлүүлээд хананд тогтоолгоод бараа өрөөд тэр хооронд Ц, Б нар ирсэн. Миний нөхөр Д анхнаасаа надтай хамт байсан. Тэгээд ажил дуусгаад цэргийн баяр дөнгөж өнгөрсөн байсан. Ц архи уучихсан үнэртүүлсэн ирсэн, Г баяр дөнгөж өнгөрсөн гэж хэлээд байсан тул 1 шил 0,75л-ийн архи нөхөртэйгээ ярьж байгаад авч ирж задалсан. Түүнийгээ хувааж уусан. Би нэг удаагийн жижиг аягаар архинаас нэг удаа уусан. Тэгэхэд нөхөр маань дуудаж гаргаад тана ууж байж архи битгий уу гэж хэлсэн тул би дахиж архи уугаагүй. Ц нэлээд согтоод дахин архи авч өгнө гэж хэлэхэд би хориглосон тэгэхэд Г аваад ир гэж хэлээд байсан. Ц нэмж нэг шил 0,75л-ийн архи авч ирж задалсан. Түүнийг тэд хувааж уусан. Би жолоодох эрхээ хасуулчихсан тул машинаа Бөөр бариулаад эхлээд Г-ийг хүргэх гэтэл Г өөрөө эхлээд Ц-г хүргээд дараа нь намайг хүргэчих гэж хэлсэн тул бид дээш газар хөдлөлтийн станцруу явсан. Тэр газрын манаач нь Ц бөгөөд гэр нь тэр хашаанд байдаг юм. Тэнд 20:00 цагийн орчимд очоод хашааны урд талаар тойроод уулруу хараад зогссон. Бууж харахад машины нэг дугуй жалгаруу ороод хазайгаад эвгүй зогсчихсон байсан. Машинд байсан хүмүүс бүгд буусан. Би машин аа эргүүлж зогсоохоор машинд сууж хөдөлсөн. Тэгээд эргэх үед Г бие засахаар Б-тэй хамт хашаанаас гараад ирсэн. Тэр хоёр машины урдуур ороод ирсэн. Би тоормоз дарж зогсож чадалгүй хашаа мөргөөд зогссон. Тэр үед Г машины зүүн урд хэсгээр мөргүүлсэн. Б, Г нар мөргүүлээд унасан. Тэр хашаа нь бас цаашаа налаад уначихсан. Би машинаас буугаад Г машины урд талд нурсан хашааны дэргэд хэвтэж байсан. Бид нар түүнийг босож чадахгүй болохоор нь өргөж яваад Ц-гийн гэрлүү оруулсан. Би цагдаа дуудна гэхэд Г нь хэрэггүй, цагдаад дуудаад хэрэггүй, найз нөхдөө асуудалд оруулмааргүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь би тэгээд ялтан болдог юм уу гэж орилсон. Тухайн үед би айж сандарсан байдалтай байсан. Тэгээд эмнэлэгт дуудлага өгч түргэний машин ирээд Г-ийг эмнэлэгрүү явахад бид араас нь эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очоод Г нь намайг дэлгүүрийн довжоон дээрээс унасан гэж хэлээрэй гэж хэлээд байсан тул би эмч нарт болон хүүхдүүдэд нь дэлгүүрийн довжооноос унасан гэж хэлсэн. Г-ийг тухайн үед эмнэлэгт хэвтүүлсэн. Би тоормоз дарсан боловч эрчиндээ мөргөсөн. Машины сигнал дарж амжаагүй” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан  бол  гэмт хэрэгт тооцно.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс ялгагдана.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч Н.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ /2021 оны 10 дугаар сарын 02-нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан/, согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг “Улаан уул”-ын дэргэдэх Газар хөдлөлтийн станцын гаднаас 7711 УВС улсын дугаартай “Toyota Harrier” загварын авто машин жолоодоод хөдлөхдөө хохирогч О.Г-ийг мөргөж, эрүүл мэндэд нь  хүнд гэмтэл /Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны 140 дугаар дүгнэлт/ учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж,  10.1-т “ Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,

Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”, 2.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хзүн”,  2.3-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 12.3, 3.7.а-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар авто тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.А болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч О.Г мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн эмчилгээ эм тарианы зардлын баримт (хавтаст хэргийн 114-115 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаа үндэслэн 5.470.800 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Үүнд эм, эмчилгээний зардалд 1.962.012 төгрөг зарцуулсан болох нь хохирогчийн гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдсон, хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 01-ээс 2022 оны 10 дугаар сарын 25-ны хооронд сар бүр 700.000 төгрөгийн хөлсөөр ажиллаж олох байсан орлого гэж 4.900.000 төгрөг нэхэмжилсэн байна.

Үүнээс шүүгдэгч Н.А бэлнээр 1.386.000 төгрөг, эд зүйлээр 314.000 төгрөг, нийт 1.700.000 төгрөгийг төлсөн болохыг талууд хүлээн зөвшөөрч байна.

Эм, эмчилгээний зардлын баримтаар тогтоогдсон хохирлоос 262.012 төгрөг төлөгдөөгүй байгаа бөгөөд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу дээрх 262.012 төгрөгийг шүүгдэгч Н.А төлөх үндэслэлтэй байна.

Хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 01-ээс 2022 оны 10 дугаар сарын 25-ны хооронд сар бүр 700.000 төгрөгийн хөлсөөр ажиллаж олох байсан орлого гэж 4.900.000 төгрөг нэхэмжилж, гэрээг эх хувиар нь гаргаж өгсөн бөгөөд уг цалин хөлсийг авах эрх нь хөлсөөр ажиллах гэрээгээр баталгаажиж байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Агаас олох байсан орлого болох цалин хөлсийг хохирогч О.Гт төлөх үүрэгтэй.

Шүүх хуралдаан болох хүртэл 2022 оны 4, 5 дугаар сарын цалин болох 1.400.000 төгрөгийн цалин авч чадаагүй байна. Хохирогч цаашид хэдий хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа нь тогтоогдоогүй тул 2022 оны 6 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал авах байсан цалинг бүхлээр нь гаргуулах боломжгүй тул 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид хөдөлмөр эрхлэх боломжгүй талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь 12. Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны 140 дугаартай “Үзүүлэгч О.Г-ийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-59 дэх тал), хохирогч О.Г-ийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай эмчлүүлэгчийн бүртгэлийн маягт, шинжилгээ оношлогооны баримт, эмчилгээний баримт (хавтаст хэргийн 71-79 дэх тал), амбулториор эмчлүүлэгчийн карт (хавтаст хэргийн 108-113 дахь тал)-уудаар тогтоогдож байгаа тул цаашид хийлгэх эмчилгээтэй холбоотой гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгчээс 1.662.012 төгрөгийн хохирол гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч завсарлага авч төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон болно.

Шүүгдэгч Н.А урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 93-р тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүйг харгалзан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Н.А-д зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, албадлагын арга хэмжээ авч албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

Шүүгдэгч Н.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Хэрэгт битүүмлэгдэж ирсэн шүүгдэгч Н.Агийн 77-11 УВС улсын дугаартай “Toyota Harrier” загварын авто машин бимтүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Т овогт Н-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Н.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Н.А-д зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч  О.Г-ийн нэхэмжлэлээс 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  цаашид хийлгэх эмчилгээтэй холбогдон гарсан зардлын болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Н.А-гийн 77-11 УВС улсын дугаартай тоёота хариар  загварын авто машин бимтүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ГАНСҮХ