Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/273

 

 

 

 

 

 

 

 

 

    2022             6                20                                             2022/ШЦТ/273

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

  Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Б овгийн А-н Д т холбогдох эрүүгийн 2234000000265  дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хам Төв аймгийн Зуунмод сумын 4-р баг Б14-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НК98122315 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

               

           Шүүгдэгч А.Д нь Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг Баянбулагийн 2-5 тоотод байрлах иргэн Д.Өлзийбаянмөнхийн хашаанаас 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 4 метрийн урттай палк 4 ширхэг, 4 метрийн урттай банз 5 ширхэг, 2 метрийн урттай 13 ширхэг банз зэрэг эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч түүнд 392 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234000000265  дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Л.Ө-нөгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн Баянбулагийн 2-5 тоот хаягт байх хашаагаа эргэж очих үед өмнө нь миний гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хашааныхаа баруун урд булан дээр хяналтын камер суурилуулсан байсан бөгөөд намайг очиход тухaйн камерын сууриар нь хугалчихсан байхаар нь хашаа руу ороод харахад хашаан дотор баруун урд буланд хураачихсан байсан 4 метрийн урттай 5-ийн банз 6 ширхэг, 2 метрийн урттай 2-ийн банз 13 ширхэг, 4 метрийн урттай 4 ширхэг палк алдагдсан байхаар нь би цагдаад хандсан. Би Д гэх залуу авсан байх гэж бодож байна. Надад 500 000 гаруй төгрөгийн хохирол учирсан. 2021 онд Сонгинохайрхан дүүргийн модны захаас худалдан авч байсан. Яг хэдэн төгрөгөөр худалдан авч байснаа санахгүй байна. 700 гаруй мянган төгрөгөөр худалдаж авсан санагдаж байна. Би гомдолтой байна. Тухайн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх 9-10/,

            Гэрч Т.Ууганбаярын өгсөн: “Би хашаандаа байшин барьж байгаа бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө манай хамаатны хүүхэд болох Д намайг мод авах уу гэхээр нь юун мод гэсэн чинь ажил хийгээд цалингаа авч чадалгүй мод авсан юм аа гэсэн. Тэгээд үзтэл хашааныхаа үүдэнд хэдэн мод буулгачихсан байхаар нь 80 000 төгрөгөөр авахаар болоод 4 ширхэг палк , 3-н банз 5 ширхэг, 2-н банз 13 ширхэг байхаар нь ачаад хашаандаа буулгасан юм. Хулгайн мод байсан талаар би мэдэхгүй байна. Бид хоёр ах дүүсийн хүүхдүүд манай авга дүү байгаа юм.” гэх мэдүүлэг /хх 12/,

            Шүүгдэгч А.Д-ын өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр манай эгч Алтанцэцэгийн хашааг барьж байх үедээ урьд талд нь байсан айлын хашаан дотор палк, банзнууд байсныг харсан. Тэгээд би 2022 оны 04 дүгээр сарын 28-ны орой 21-22 цагийн хооронд тухайн хашаан дээр ирээд хашааны баруун талаас давж орсон. Тэгээд тухайн хашаан дотор байсан модыг аваад тухайн хашааны хойд талаар давуулж шидсэн. Тэгээд тухайн моднуудыг өөрийн барьж байсан хашаан дотор зөөж оруулсан. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр танил ах болох Ууганбаяр гэх хүнд 80.000 /наян мянга/ төгрөгөөр зарсан. Ууганбаяр ахад би хэлэхдээ утасны лизинг төлөх гээд мөнгө хэрэгтэй байна. Та манай хашаанд байгаа модыг 80.000 /наян мянга/ төгрөгөөр худалдаад авчих гэж хэлсэн. Тэгээд Ууганбаяр ах худалдаж авсан. Тэгээд Ууганбаяр ахтай хамт тухайн модыг Ууганбаяр ахын хашаа руу зөөж оруулсан. Тэгээд маргааш нь цагдаагийн алба хаагч ирж надтай уулзсан. Би мод авсан хашаагаа зааж өгч чадна. Мод байсан газрыг бас хаанаас яаж давж орсон гээд бүгдийг хэлж өгч чадна. Би тухайн модыг авах үед ганцаараа байсан. Би мод авсан талаар хүнд хэлээгүй. Би 4 ширхэг 4 метрийн урттай палк, 5-ын банз 5 ширхэг урт нь 4 метр, 2-ын банзнаас 13 ширхэг урт нь 2 метр байсан. Би яг тоо ширхгээр нь Ууганбаяр ахад өгсөн. Надад мөнгөний хэрэг гараад авсан. Учир нь миний барьж байгаа гар утсыг лизингээр худалдаж авсан. Тэгээд төлбөр төлөх хугацаа нь болоод мөнгөгүй байсан учир тухайн модыг авсан. Би тухайн модыг өөрөө ганцаараа зөөсөн. Ямар нэг тоног төхөөрөмж тээврийн хэрэгсэл хэрэглэсэн зүйл байхгүй. Би тухайн модыг зөөж дуусгаад гэртээ харьсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Өөрийн гэм буруугаа хүлээж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Би учруулсан хохирол мөнгөө бүгдийн барагдуулах болно. Манай хамтран амьдрагч П.Цэндсүрэн нь одоо 8 сартай жирэмсэн байгаа. Би хүүхэд эхнэр хоёрынхоо өмнө маш их гэмшиж байна.

            ...Би 2022 оны 4 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хулгайлсан банзнуудаа бүгдийг нь хохирогчид хүлээлгэн өгсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 33/,

            “Дамно” ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №2234 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хадлагын шууд харьцуулсан аргаар 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 392 000 төгрөг /гурван зуун ерэн хоёр мянган төгрөг/-өөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /хх 21-23/  зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч А.Д-г гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

   Шүүх шүүгдэгч А.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч А.Д-т ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч А.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс авсан албадлагын арга хэмжээний хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ө-нэд хөрөнгөд 392 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хулгайлсан гэх 4 метрийн урттай палк 4 ширхэг, 4 метрийн урттай банз 5 ширхэг, 2 метрийн урттай 13 ширхэг банз тус тус хохирогчид хүлээлгэн өгсөн хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн 2234000000265  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн А-н Д ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-г 6  /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч А.Д-ын тэнссэн 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ын үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  6.Эрүүгийн 2234000000265 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ