| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0245/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/275 |
| Огноо | 2022-06-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/275
2022 6 21 2022/ШЦТ/275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын прокурор Г.Ариунзул,
Хохирогч В.О , Б.Г ,
Шүүгдэгч Ц.Э , түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Ш овгийн Ц-н Э т холбогдох эрүүгийн 2234002350248 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ш овгийн Ц-н Э , 1967 оны 12 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, яс үндэс, тусгай дунд боловсролтой, агротехникч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, нөхрийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр баг Очийн 1-8 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НХ67122705 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Баянчандмань сум явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Тоёота Пробокс маркийн 48-62 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтыг зөрчин Б.Г ийн жолоодож явсан Т.Приус 20 маркийн 55-88 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн мөргөсний улмаас В.О , Б.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2234002350248 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч В.О гийн өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 24-ний өглөө Улаанбаатар хотоос 06 цаг 40 минутын орчим Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум орох гээд хамтран амьдрагч Б.Г ийн машин болох Приус маркийн 55-88 СЭА улсын дугаартай автомашины урд талд суугаад Төв аймгийн Баянчандмань сумын замын цагдаагийн пост өнгөрөөд явж байтал цагаан өнгийн бага оврын тээврийн хэрэгсэл урдаас урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд миний сууж явсан тээврийн хэрэгслийн миний сууж байсан талаас мөргөчихсөн. Тэгээд би сумын эмнэлгийн машины насилкан дээр хэвтээд сумын эмнэлэгт хүргүүлсэн. Б.Г бид 2 явсан хоёулаа хамгаалах бүс зүүсэн байсан. Гэмтэж бэртсэн хүн байгаа шүүх эмнэлэгт үзүүлнэ. Тухайн осол болсны дараа Баянчандмань сумын эмнэлгээр орж үзүүлсэн. Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр орж үзүүлсэн. Мөн “Медтравма” нэртэй хувийн эмнэлэгт нурууны зураг авхуулсан юм. Миний хамтран амьдрагч Б.Г ийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Улаанбаатар хотод “Ашид билгүүн” ХХК-иар тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэсэн байгаа. Тээврийн хэрэгсэлд нийт 3 239 000 /гурван сая хоёр зуун гучин ес/ мянган төгрөгийн хохирол учирсан байгаа. 40 км/цагийн хурдтай явж байсан байх. Тухайн үед цаг агаар бага зэрэг цас орсон байдалтай байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Тэр хурдтай явсан машины буруугаас болсон. Тухайн үед жолооч засмал замын хувил гараад тээврийн хэрэгслийн жолоодлого алдсан гэж ярьж байсан. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна. Мөн бид хоёр осолд орсны дараа гэмтлийн эмнэлэг дээр байхад яаж байна гэж асуухгүй ярихгүй байгаад нь гомдолтой байна.
Би хохирлоо барагдуулж, цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Надад хэрэгт хавсаргуулах эмчилгээний баримт байгаа. Э нөхөр бид хоёрын толгойн зураг, түнхний зураг, эхоны зураг, нурууны зураг авхуулах мөнгийг өгсөн. Бас эмүүд авч өгсөн.” гэх мэдүүлэг /хх 28, 29-30/,
Хохирогч Б.Г ийн өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 24-ний өглөө Улаанбаатар хотоос 06 цаг 40 минутын орчим Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум орох гээд өөрийн машин болох Приус маркийн 55-88 СЭА улсын дугаарын автомашинаа жолоодоод Төв аймгийн Баянчандмань сумын замын цагдаагийн пост өнгөрөөд явж байтал цагаан өнгийн бага оврын тээврийн хэрэгсэл урдаас урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд миний тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талаас мөргөчихсөн. Тэгээд би машинаас буугаад нөгөө машин дээр очоод та яаж яваад байгаа юм бэ гэж асуутал би яараад явж байсан юм гэж хариулсан. 2022 оны 3 дугаар сарын 24-ний өглөөний 08 цаг 40 минутын орчимд болсон байх. ЭХнэр В.О бид 2 явсан. Хоёулаа хамгаалах бүс зүүсэн байсан. Гэмтэж бэртсэн хүн байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Тухайн осол болсны дараа Баянчандмань сумын эмнэлгээр орж үзүүлсэн. Улаанбаатар хотын Гэмтэл Согог судлалын үндэсний төвөөр орж үзүүлсэн. Мөн “Медтравма” нэртэй хувийн эмнэлэгт нурууны зураг авхуулсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Улаанбаатар хот “Ашид билгүүн” ХХК-аар тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэсэн байгаа. Тээврийн хэрэгсэлд нийт 3 239 000 /гурван сая хоёр зуун гучин ес/ мянган төгрөгийн хохирол учирсан байгаа. 40 км/цагийн хурдтай явсан байх. Тухайн үед цаг агаар бага зэрэг цас орсон байдалтай байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан юм. Би ‘BCD’ ангилалтай 2003 онд жолооч болсон. Тэр хурдтай явсан машины буруугаас болсон. Тухайн үед жолооч засмал замын хувил гараад тээврийн хэрэгслийн жолоодлого алдсан гэж ярьж байсан. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна.
Би хохирлоо барагдуулж, цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Э эхнэр бид хоёрын толгойн зураг, түнхний зураг, эхоны зураг, нурууны зураг авхуулах мөнгийг өгсөн. Бас эмүүд авч өгсөн.” гэх мэдүүлэг /хх 33, 34-35/,
Иргэний нэхэмжлэгч Б.Г ийн өгсөн: “БИ 5588 СЭА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хувь хүнээс 2017 онд 9 700 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний автомашин 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд Монгол улсад орж ирсэн. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ хэргийн болсон талаар мэдэх зүйлээ мэдүүлсэн. Би автомашинаа өөрөө л унаж хэрэглэж байсан юм. Би автомашины хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх 38/,
Иргэний хариуцагч П.Дуламсүрэнгийн өгсөн: “4862 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 онд Да хүрээ захаас 13 500 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Уг автомашин бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би осол болсон талаар мэдэхгүй. Ц.Э нь манай төрсөн ээж байгаа юм. Би уг автомашиныг худалдаж аваад л ээждээ өгчихсөн. Манай ээж уг автомашиныг унаж хэрэглэдэг байсан. 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр автомашиныг үзлэг оношилгоонд оруулсан. Автомашинд осол болохоос өмнө ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Би ослын дараагаар нөгөө автомашины 2 хүний гадгуулаад эмнэлгийн байгууллагаар явж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх 41/,
Шүүгдэгч Ц.Э ийн өгсөн: “Би 2022 оны 3 дугаар сарын 24-ний өглөө Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн 1-8 тоот гэрээсээ Toyota Succeed маркийн 48-62 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу эмнэлэгт хүн үзүүлэх ажилтай гэрээсээ гараад сумын төвөөс 1 км орчим газарт явж байгаад замын эвдрэлийг тойроод замын хөвөө хэсэг рүү гараад буцаагаад засмал зам руугаа орох гээд дартал засмал, шороон зам хоёрын зааг өндөр ховилд цохиулж шарваад зөрж байсан тээврийн хэрэгслийн хажуугаас мөргөсөн. Приус-20 маркийн 5588 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоочийн эсрэг талд буюу буруу талаас нь голлож мөргөсөн юм. Тухайн үед би ганцаараа явж байсан. Би 40 орчим км/цагийн хурдтай явж байсан. Цас орж байсан. Замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Цас орж байсан учир зам халтиргаатай байсан. Миний унаж явсан тээврийн хэрэгслийн 4 дугуй өвлийн дугуйтай байгаа. Би эрүүл байсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Миний бие бол зүгээр байгаа нөгөө мөргүүлсэн Приус маркийн 5588 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талд сууж явсан зорчигчийн нуруу нь өвдөөд байна гээд сумын эмнэлэг рүү явсан дараа нь Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү явуулсан юм. 4862 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний охин Дуламсүрэнгийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Одоогоор үнэлгээ хийлгээгүй байгаа. Миний унаж явсан тээврийн хэрэгслийн урд бупер, жолоочийн эсрэг талын их гэрэл, крило зэрэг эд зүйлс эвдэрсэн. Приус маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хоёр хаалга, галын багана арын дугуй хэсэгт цөмөрч ороод дугуй нь хавирсан байдалтай болсон байсан. Би мөргөсөн тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулна. Жолоочийн хариуцлагын даатгалтай байгаа.
Би 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 3 дугаар сарын 24-ний өглөө 8 цагийн орчимд Баянчандмань сумаас Улаанбаатар хот руу явж байтал Баянчандмань сумын замын цагдаагийн постны баруун талд 100 орчим метрийн зайд замын мөстсөн хэсгээр гарч байтал жижиг ховилд гулгаад шарваад урдаас ирж явсан тээврийн хэрэгслийн хажуугаас мөргөсөн. Тэгээд би цагдаа, эмнэлэг, даатгал дуудсан. Би “Миг” даатгалд жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгалтай, даатгалдаа хандсан чинь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссаны дараагаар даатгалаас нөхөн төлбөр олгоно гэж байсан. Ер нь бол би учирсан хохирлыг төлж барагдуулна. Би ослын дараагаар ГССҮТ рүү жолооч, зорчигчийг дагаж яваад тэр хоёрт томограф 370 000 төгрөгөөр хийлгэсэн. Мөн тэр хоёрт хэт авиан оношилгоог 760 000 төгрөгөөр хийлгэсэн. Мөн 97 000 төгрөгөөр эм, тариа авч өгсөн. Нийтдээ эмчилгээнд 1 227 000 төгрөг, автомашинуудын хохирлын үнэлгээг 240 000 төгрөгөөр гаргуулсан. Миний жолоодож явсан автомашин замын халтиргаа гулгаатай мөстсөн зам дээр урдаас ирж явсан автомашинтай зөрөх гээд хурдаа сааруулах гээд тоормос гишгэсэн чинь шарваад урдаас ирж явсан автомашиныг мөргөчихсөн. Би мөргөөд цааш яваад зогссон. Нөгөө автомашин миний явж байсан урсгалд хөндөлсөж зогссон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нөгөө автомашинд эрэгтэй жолооч, эмэгтэй зорчигчтой 2-лаа явж байсан. Эмэгтэй зорчигч нь эмнэлэгт үзүүлэхээр явсан. Нүдээр ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Би осол болохын урд өдөр техникийн үзлэгт автомашинаа хамруулсан. Миний автомашин техник үзлэг оношилгоонд тэнцсэн. Миний автомашины зүүн урд талын гупер, крило, дохио хагарч эвдэрсэн, харин нөгөө автомашины зүүн талын 2 хаалга, баганатайгаа дотогш чихэгдсэн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Зам мөстсөн халтиргаатай байсан. Би урсгал сөрөх үйлдэл хийгээгүй, зөрөх гэж байгаад л гулгаад автомашины хажуугаас мөргөчихсөн. Би тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалтай. Даатгалаас надад 5 000 000 төгрөг гаргаж өгөх байх. Би түүнээс хохирлыг төлнө. Хэрэв илүү зардал баримтаар гарах юм бол чадахаараа төлнө.” гэх мэдүүлэг /хх 43-44, 93/,
Шинжээч Л.Бямбатуяагийн өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №196, 195 дугаартай дүгнэлтүүдэд тусгагдсан гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байсан ба дээрх 2 дүгнэлтүүдийг гаргахдаа олон удаагийн үйлчлэлээр гэж буруу бичигдсэн байна. Дүгнэлтүүдэд бичиг техникийн алдаа гаргасан байна. В.О , Б.Г нарын биед үүссэн гэмтэл нь авто ослын улмаас үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /хх 62/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн №196 дугаартай “1.В.О гийн биед бүсэлхийн L2/L3, L3/L4, L4/L5, L5/S1 нугалмуудын жийргэвчний цүлхийлт, мөгөөрсөн цагирагны урагдал, зүүн өгзөг өвдөлт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх 49/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн №195 дугаартай “1.Б.Г ийн биед бүсэлхийн L4/L5, L5/S1 нугалмуудын жийргэвчний цүлхийлт, мөгөөрсөн цагирагны урагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх 54/,
“АШИД БИЛГҮҮН” ХХК-ны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн автомашин техникийн эвдрэг, хохирлын үнэлгээний №1890 дугаартай “2007 оны 5588 СЭА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл хохирлын үнэлгээний шууд зардал 3 009 000 төгрөг, шууд бус зардал 230 000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн 3 239 000 /гурван сая хоёр зуун гучин есөн мянган төгрөг” гэх тайлан /хх 64-69/,
“ХӨРӨНГӨ ЭСТИМЭЙТ” ХХК-ны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний №10887 дугаартай “2013 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд орж ирсэн 4862 УБМ улсын дугаартай Toyota Succeed маркийн тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 1 794 000 /нэг сая долоо зуун ерэн дөрвөн мянган/ төгрөг.” гэх тайлан /хх 71-72/,
ШУТИС-н Механик, тээврийн сургуулийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №05/01 дугаартай “1.Жолооч Ц.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадын тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2.Жолооч Б.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. 3.Жолооч Ц.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол болоход нөлөөлсөн шалтгаан болсон байна. 4 Уг осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлөөгүй. 5.Шинжилгээний явцад асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал шинээр илрээгүй.” гэх дүгнэлт /хх 87-89/,
Хэргийн газрын үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-19/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул эрүүгийн 2234002350248 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ц.Э ийг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Ц.Э т ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Ц.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Хохирогч Б.Г , В.О нар нь эмчилгээний зардалд 1 479 000 авсан, одоо баримтаар нэхэмжилсэн 306 000 төгрөг үүн дээр тээврийн хэрэгслийн эвдрэлд үнэлгээгээр 3 239 000 төгрөг нийт 3 545 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч Б.Г , В.О нар нь гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2234002350248 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овгийн Ц-н Э ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ц.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э т оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э ээс 3 545 000 /гурван сая таван зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4-р баг 4-р хэсэг 61 тоотод оршин суух хохирогч О /РД:.../, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4-р баг 4-р хэсэг 28 тоотод оршин суух хохирогч Г /РД:.../ нарт олгосугай.
6.Хохирогч В.О , Б.Г нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн 2234002350248 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ