Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/286

 

 

 

 

 

 

 

 

 

    2022             6                29                                                   2022/ШЦТ/286

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

   Шүүгдэгч Х.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч М овгийн Х-н Б  д холбогдох эрүүгийн 2234000000278 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Х.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Х.Б  нь Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4-р багийн 4 дүгээр хэсгийн 3-18 тоот хашаанд 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Н-нтолгойн тус газар нь хугархай унины модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234000000278  дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Б.Н-нөгсөн: “Би 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өөрийн гэрээ байшингаасаа гаргаж машинд ачиж байгаад ганцаараа болохоор өргөж дийлэхгүй байхаар нь урд гудамжинд байдаг дүү Х.Б г хамт гэр ачилцаж өгөөч гэж гуйх гээд гэрт нь ороход Х.Б , М.Бат-Эрдэнэ, Лутбаяр нар байж байхаар нь гуйхад зөвшөөрөөд гурвуулаа очсон. Манай хашаанд ороод би тэр гуравт Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво авч өгөөд гадуур ажилтай явж байгаад буцаж ирээд Х.Б , М.Бат-Эрдэнэ, Лутбаяр нартай гэрээ зөөсөн. Зөөж байхдаа Х.Б  нь гэрийн хана хурааж байгаад хананы шийр хугалахаар нь энэ гурав согтсон байн гэж бодоод та одоо яв гэж уурлахад тэр гурав надад юм хэлээгүй удалгүй Х.Б  нь уурлаад ачсан гэрээ машинаас буулгаж хаяад явна өөрсдөө ач гэхээр нь би уурлаад гэрт орж утас авч цагдаад өгнө гэж бодоод гэрт ороод утас аваад гэрээс гарахад Х.Б  нь хугархай гэрийн унь гартаа барьсан харагдаж байсан ба тухайн үед гэр ачсан портер руу алхаж явахад портер тойрон урдаас Х.Б  нь гарч ирээд гартаа барьсан хугархай униар ямар нэгэн үг хэлэхгүйгээр миний толгойн ар хэсэгт нэг удаа саваад цохиход миний толгойны ар хэсгээс их хэмжээний цус гарсан. Х.Б  нь над руу дайраад байх шиг байсан. Тэнд байсан хүмүүс салгаад цааш нь аваад явсан. Тэгээд би сумын эмнэлэгт очиж үзүүлж 4 ширхэг оёо тавиулан. Цагдаагийн байгууллагад хандсан. Би Х.Б гийн төрсөн ээж Цэцэгмаагийн төрсөн дүү нь юм. Х.Б гийн нагац ах. Х.Б  нь согтуудаа надад уурласан уурандаа цохисон гэж бодож байна. Бид хоёрын өр авлаг, өс хонзонгийн зүйл байхгүй. Би Х.Б д огт гар хүрээгүй. Намайг Х.Б  униар цохиж байхыг түүний хоёр найз нь харсан байх. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Яагаад гэвэл бид хоёр хамаатан мөн аавынх нь бие муу байгаа учир гомдолгүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Х.Б  нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нэмж ярихад Х.Б  нь намайг хутга барьсан гэж ярьсан гэсэн. Би тухайн үед хутга огт бариагүй.” гэх мэдүүлэг /хх 6-7/,

            Гэрч М.Бат-Эрдэнийн өгсөн: “Би 2022 оны 5 дугаар сарын 24-ний орой 18 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4-р багт Лутбаяр, Б  нартай пиво уугаад сууж байхад Нацагдорж гэх ах орж ирээд гэр ачилцаад өгөөч гээд хэлээд бид гуравт 2 литрийн пиво авч өгөөд жоохон байж байгаад залгана гээд явахаар нь бид гурав пиво ууж дуусаад байж байтал Нацагдорж ах ч залгаад бид гурав гэрт нь очиж гэрийг нь ачилцаж байгаад Б  Нацагдорж ах хоёр гэрээ машин дээр яаж ачих талаар ярьж байгаад маргалдаад Нацагдорж ах гэр рүү ална гээд ороод буцаад гарч ирээд Б  руу дайраад гүйхээр нь Б  гэрийн унины хугархайгаар толгой руу нь цохиод толгой нь хагараад эмнэлэг явсан. Бид гурав 2 литрийн 2 савтай пиво уусан байсан. Бид гурав согтолт бараг байхгүй байсан. Нацагдорж ахын гарыг дараа нь харахад гар утсаа л авч гарч ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 34-35/

            Гэрч Э.Лутбаяр: “Би 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед Төв аймгийн Заамар сум Бат-Өлзийт 4-р багт Бат-Эрдэнэ, Б  нартай пиво уугаад сууж байхад Нацагдорж гэх ах орж ирээд гэр ачилцаад өгөөч гээд хэлээд бид гуравт 2 литрийн 1 сав пиво авч өгөөд жоохон байж байгаад залгана гээд явахаар нь бид гурав пиво ууж дуусаад байж байтал Нацагдорж ах ч залгаад бид гурав гэрт нь очиж гэрийг нь ачилцаж байгаад Б , Нацагдорж ах хоёр гэрээ машин дээр яаж ачих талаар ярьж байгаад маргалдаад Нацагдорж ах гэр рүү гээ ална гээд орилоод ороод буцаад гарж ирээд Б  руу гүйхээр нь Б  гэрийн унины хугархайгаар толгой руу нь цохиод толгой нь хагараад эмнэлэг явсан. Бид гурав 2 литрийн 2 савтай пиво уусан байсан. Бид гурав согтолт бараг байхгүй байсан. Нацагдорж ах архи уугаагүй байсан. Нацагдорж ах гартаа барьсан байсан эсэхийг би хараагүй” гэх мэдүүлэг /хх 37-38/,

            Шүүгдэгч Х.Б гийн өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Төв аймаг Заамар сумын 4 дүгээр багийн 4-р хэсэг 3-7 тоот гэртээ найзууд болох М.Бат-Эрдэнэ, Лутбаяр нарын хамтаар 1 том пиво уугаад сууж байхад гаднаас манай ээжийн төрсөн дүү болох Нацагдорж ах орж ирээд та гурав надтай хамт машинд гэр ачилцаад өгөөч гэж гуйхаар нь бид гурав зөвшөөрсөн тэгээд Нацагдорж ах бид гуравт 1 том 2,5 литрийн пиво авч өгөөд би гадуур явж байгаад буцаад яваад ирнэ тэгээд гэрээ ачна шүү гээд явсан. Удалгүй 20 гаран минутын дараа утсаар залгаад яваад ир гэрээ ачъя гэхээр нь бид гурав пиво ууж дуусгаад түүний хашаанд очоод байшингаас гаргасан байсан гэрийг нь портер машинд ачилцаж байхад би гэрийн хана модыг тэвшинд нь хийнэ гэж хэлэхэд Нацагдорж ах гэрийн тавилгаа доод талд тавина гээд маргалдсан тэгээд намайг чадахгүй бол яах гэж ирсэн юм бэ гэр рүүгээ яв гэхээр нь тэгвэл та яах гэж намайг гуйсан юм гэхэд өөрийн байшин руугаа чамайг ална гээд гүйж ороод буцаад гараад ирэхээр нь портер машины урд талд байсан 40 орчим см-ийн урттай гэрийн хугархай модон униар өөдөөс нь цохиход Нацагдорж ах тонгойсон тэгээд толгойн ар дагз хэсэгт цохиход цус гоожоод тэгээд эмнэлэгт дүү нь хүргэж өгсөн. Би Б.Н  ахыг гэрийн хугархай унь модоор толгой ар дагз хэсэгт нь нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Б.Н  надад гар хүрээгүй. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Бид хоёрт өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Намайг ална гээд гэр рүү гүйж ороод гараад ирэхээр нь би хутга аваад гараад ирлээ гэж бодоод газраас хугархай унь аваа цохисон. Би хутга бариад гарч ирлээ гэж бодоод цохисон. Толгойноос нь цус гоожиж байхад нь харахад гарт нь хутга байгаагүй.

            Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнхийн надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2234000000278 дугаартай тогтоолтой уншиж танилцлаа. Би бичиг үсэг мэдэх учир одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед Төв аймгийн Заамар сум Бат-Өлзийт 4-р баг 3-7 тоотод Лутбаяр, Бат-Эрдэнэ нартай пиво уугаад сууж байхад Нацагдорж гэх ах над руу залгаад гэр ачилцаад өгөөч гээд хэлээд манайд орж ирээд бид гуравт 2 литрийн пиво авч өгөөд жоохон байж байгаад залгана гээд явахаар нь бид гурав пиво ууж дуусаад байж байтал Нацагдорж ах ч залгаад бид гурав гэрт нь очиж гэрийг нь ачилцаж байгаад гэр нь их тавилгатай байхаар нь Портер маркийн машин дээр би гэрийн модыг нь тэвшинд нь доор нь хийнэ гээд Нацагдорж ах болохоор үгүй дээр хийнэ гээд бид хоёр маргалдаад Нацагдорж ах ална гээд гэр рүү гээ ороод буцаад гарч ирээд над руу явахаар нь би гартаа хутгатай байна гэж хараад машины урд байсан хугархай унийг баруун гараараа бариад Нацагдорж ахыг толгойны зүүн хажуу руу нь нэг удаа цохиод толгойноос нь цус гараад эмнэлэг рүү аваад явсан. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Нацагдорж ахад хохирлын нэхэмжилсэн бодит зардлыг нь төлөх болно. Миний бие 1992 онд Төв аймгийн Заамар суманд 2 хүүхэдтэй айлын бага нь болж төрсөн. Бага насаа Төв аймгийн Заамар суманд ээж, аавын гар дээр мал маллаж өссөн. Төв аймгийн Заамар сумын Ерөнхий боловсролын сургуульд 1999 оноос 2008 оны хооронд суралцаж 8 дугаар анги төгссөн. Сургууль төгссөнөөс хойш байнга хувийн бичил уурхайнуудад зуны цагаар ажиллаж амьдарч ирсэн. Ц.Хулантай 2009 онд танилцаж нэг гэрт орж дундаасаа 3 хүүхэдтэй, том нь 11 настай, дундах нь 8 настай, бага нь 1 нас 6 сартай хүүхдүүдийн хамт амьдарч байна. Эхнэр маань Заамар сумын Хайлааст 3-р багт Цэцэрлэгийн багш ажил хийдэг. Намайг хэрэгт холбогдсоныг миний ойр дотны өөр хүн мэдэхгүй болохоор би найз, нөхөд ах, дүү нараараа өөрийнхөө хувийн байдлын талаар гэрчээр мэдүүлэг өгүүлмээргүй байна. Би өмнө нь нэг удаа гэмт хэрэг үйлдэж 7 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан.” гэх мэдүүлэг /хх 9, 29-30/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаартай дүгнэлт: “1.Б.Н-нбиед толгойд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх 20-21/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч Х.Б г гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

   Шүүх шүүгдэгч Х.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б.Хадбаатарт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Х.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Хохирогч Б.Н  нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон "Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж,  үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй." гэж тус тус заасан. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд төлөгдөхгүй төр болоод нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулж байгаа тул прокурор эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Х.Б  нь согтуугаар Б.Н-нэрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсны улмаас Б.Н  2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш Гэмтэл согог сэргээх үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 161 000 төгрөг зардал гарсан тул энэ зардлыг Х.Б гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү." гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

            Эрүүгийн 2234000000278 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн урт нь 41 см, өргөн нь 4,5 см өргөнтэй гэрийн хугархай унь модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч М овгийн Х-н Б  г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Х.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б гаас 161 000 /нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөг гаргуулж

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд оруулсугай.

 

            6.Эрүүгийн 22340005000049  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн урт нь 41 см, өргөн нь 4,5 см өргөнтэй гэрийн хугархай унь модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  8.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ