| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0260/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/285 |
| Огноо | 2022-06-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/285
2022 6 29 2022/ШЦТ/285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,
Хохирогч Н.А , түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,
Шүүгдэгч Ш.М , түүний өмгөөлөгч Г.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х овгийн Ш-н М д холбогдох эрүүгийн 2234000000156 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х овгийн Ш-н М , 1976 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Аргалант сум 2 дугаар баг Сэртэн гэх газар хувиараа мал аж ахуй эрхлэн амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 316 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэн, тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ЙЙ76090118 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.М нь Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Н.А тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, түүний зүүн гар руу өшиглөж, эрүүл мэндэд нь шуу ясны хугарал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2234000000156 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Н.А ы өгсөн: “Би Төв аймгийн Аргалан сум Хөшөөт 2 дугаар багийн нутаг Мулцаг элс гэх газар иргэн М гэх хүнтэй айл өвөлжсөн юм. 2022 оны 02 дугаар сарын 16-ны орой М , Мөнхсайхан нар архи уугаад байсан. Намайг гэрээс орой гартал Мөнхсайхан, М гийн гэрийн гадаа зогсож байснаа намайг А писда минь яваад ир гэсэн. Тэгэхээр нь би гэр лүүгээ ороод хаалга цоожилтол, Мөнхсайхан манай хаалгыг тошоод балбаад байсан. Тэгээд М ирээд Мөнхсайхан аваад явсан. Тэгээд өглөө М г би дуудаад гэрт оруулж ирээд М д чи өвөлжин агсан тавилаа одоо болно, би удахгүй нүүнэ, чи сүүлд нь хүнээр намайг зодуулах нь гэж хэлтэл М над руу дайраад бид хоёр барилцаж аваад намайг гэрээс чирч гаргаад гэрийн гадаа М миний зүүн гар луу өшиглөөд мөн цээж рүү хэд хэдэн удаа өшиглөөд, эхнэр лүү нь нөхрөө аваач гэтэл М гийн эхнэр надад ямар хамаа гээд эхнэр Нэргүй нь хараад зогсоод байсан. Тэгтэл М намайг үсдэж чирээд тэгээд салсан. Өөр зүйл болоогүй. Намайг М миний зүүн гар луу хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Мөн миний цээж рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Миний үснээс татаж чирсэн. Миний зүүн гарын бугалга хэсгээрээ цуурсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. М над руу хутга барьж дайрсан зүйл байхгүй. М намайг зодоод гэр лүүгээ явсан. Тэгээд буцаж манай гэр лүү орж ирээд манай хутгыг аваад гарсан. Тэгээд эхнэртээ хутга барьж дайрсан гэж хэлсэн байсан. Би хутга авч дайраагүй.” гэх мэдүүлэг /хх 27/,
Гэрч Ж.Мөнхсайханы өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр адуугаа уул руу гаргаад замаараа М гийн гэрээр орсон. Тэгээд юм ярингаа М нэг шил 0,5 граммын Хараа архи гарч ирээд М бид хоёр хувааж уусан. Би архи ууж дуусаад гэрээс гартал М гийн хамт өвөлжиж байсан А гэрийнхээ гадаа зогсож байхаар нь дуудсан чинь чигээрээ гэр лүүгээ орсон. Тэгэхээр нь би гэрийнх нь үүдэнд очоод хаалгыг нь таттал хаалга нь цоожтой байхаар нь хаалгыг нь тогштол хаалгаа онгойлгохгүй байхаар нь би гэр лүүгээ явж амарсан. Би тухайн орой уулзаагүй. М тэй айл өвөлжиж байгаа болохоор мэнд мэдэх гээд дуудсан. Өөр санаа зорилго байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 9/,
Гэрч С.Нэргүйгийн өгсөн: “Өглөө би орондоо хэвтэж байсан. Манай нөхөр гадаа үхрийн баас цэвэрлэж байсан. Тэгсэн хажуу айлын хүн манай нөхрийг гэртээ ороод ир гээд дуудаад байсан. Удалгүй гадаа ална шудна гээд хүмүүс орилолдоод байхаар нь би хувцсаа өмсөөд гартал манай хажуу айлын А гэх хүн манай нөхөр М нар барьцалдаад авчихсан байхаар нь би очоод боль нүдний булайнууд минь гээд нөхрөө салгаж аваад гэртээ оруулсан. А гэх хүн согтуу байсан. Манай нөхөр М эрүүл байсан. Цохиж зодолдсон эсэхийг би мэдэхгүй байна. Миний нүдэн дээр хэн хэнээ цохиж зодсон зүйл байхгүй, намайг гарч ирэхээс өмнө юу болсныг мэдэхгүй. А эмнэлэг дуудсан юм шиг байгаа юм. Эмнэлэг ирж үзэхэд зүүн гараа цагаан мяндсаар ороочихсон, гар нь бага зэрэг хавдчихсан байна гэж эмч хэлсэн. А нь энэ жил манай хажууд хамт өвөлжье гэж гуйж ирсэн. Ямар нэгэн өс хонзон байхгүй байхаа. Энэ хоёрыг ямар шалтгаанаар муудсан талаар сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн манай нөхөр надад хэлэхдээ гэрт ир гээд дуудахлаар нь гэрт нь ортол намайг хутгалах гээд дайрсан гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх 11-12/,
Шүүгдэгч Ш.М гийн өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 18-ний өглөө босоод мал бэлчээгээд баас арилгаад явж байтал А намайг дуудаад манайд ороод ир чамтай уулзах ажил байна гэж хэлсэн тэгээд би гэрт нь ортол А ах орон дээрээ сууж байсан тэгтэл А гартаа хутга бариад босож ирээд чамайг ална гэхээр нь би хутгаа өг гээд хутгыг нь булааж аваад орон дээр дараад унагасан. Тэгтэл А намайг чи гар гээд намайг өшиглөөд би гэрээс нь гарсан. Би хутгаа өг гэхэд надад өгөхгүй, хутгаа орныхоо араар шидсэн. Ингээд А намайг гэрээсээ түлхээд гаргасан. Тэгтэл манай эхнэр Нэргүй хүрч ирэхэд А эхнэрт хандаж нөхрөө ав намайг зодоод байна гэж хэлээд гэртээ ороод хаалгаа цоожилсон. Би хутгаа өг гээд хаалгыг нь тогшоод хаалгаа нээгээгүй ингэ эд би хонио эргүүлчхээд гэртээ иртэл сумын эмнэлгийн машин А ы гадаа ирсэн байсан. Ингээд би гэртээ ирээд эхнэр Нэргүйг дагуулаад яаж үзүүлж харуулахыг нь харъя гээд гэрт нь ортол мяндсан уяагаар гараа цусыг нь хаагаад ороогоод боочихсон байсан. Эмч та ингэж болохгүй наадахыгаа тайл гэж хэлээд тайлуулсан. Ингээд өвчин намдаах тариа хийж өгөөд ойр зуурын эм бичиж өгөөд Улаанбаатар хот руу орж зургийг нь авхуулаарай одоохондоо хугарсан гэмтэл мэдэгдэхгүй байна гэж хэлээд явсан. Тэр өдөртөө Улаанбаатар хотоос хүүхдүүд нь ирээд А ыг аваад явсан. М намайг гэрээс түлхэж гаргаад бид хоёр хамтдаа гэрийн гадаа гарч ирээд А ы гэрийн үүдний довжооны модон дээрээс хамтдаа газарт давхардаад А миний дээр унасан ингээд бид хоёр босож ирээд байж байхад эхнэр Нэргүй юу болоод байгаа юм бэ гэж хэлээд бид хоёр дээр хүрч ирсэн. Гадаа унахдаа үүссэн байх гэж би бодож байна. Би А ы гар руу өшиглөөгүй. Тус довжоо нь 20 орчим сантиметр өндөртэй довжоо байсан. Би буцаж ороод эмч ирээд А д тариа хийж байхад хутгыг нь авсан. А ы хүүхэд Улаанбаатар хотоос ирээд манайд орж ирээд надаас хутгыг нь өгчих хонины гэдэс гаргана гэхээр нь хүүд нь өгөөд явуулсан. Шар иштэй 30 орчим сантиметр урттай хутга байсан. Би цагдаа дуудсан гэхээр нь цагдаад үзүүлэх гэж хутгыг нь авсан байсан. Би хутгатай гарыг нь над руу дүрэхээр нь зүүн талын сугандаа хавчуулаад зүүн гарыг нь баруун гараараа дараад зүүн талын орон дээр унагасан юм. Өөр зодож цохиогүй. Эмчийн хажууд байхдаа А д хандаж би чиний барьсан хутга энэ байна гээд эмчид үзүүлэхэд А надад хандаж чамд нотлох баримт байхгүй гэж надад хэлж байсан. Энэ үед эмнэлгийн жолооч Сэргэлэн, эмч хоёр байсан.” гэх мэдүүлэг /хх 20, 27-28/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн №142 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Н.А ы биед шуу ясны хугарал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 14/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Ш.М нь Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Н.А тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, түүний зүүн гар руу өшиглөж, эрүүл мэндэд нь шуу ясны хугарал бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ш.М гийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсээгүй үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ш.М гийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.А ы эрүүл мэндэд шуу ясны хугарал хохирол учирсан байх тул шүүгдэгч Ш.М г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ш.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа байдал, харилцаа хандлага, хохирлын төлөөгүй зэргээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа чин санаанаасаа гэмшихгүй байна гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,
Шүүгдэгч Ш.М гийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тулгарсан аюулыг зайлуулах гэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Хохирлыг төлсөн. Албадан ажил хийхэд ар гэрийн амьдрал ахуй байдлаас шалтгаалаад хүндрэлтэй байна. Гэм буруутайд тооцсон зүйл ангийн торгуулын ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах,
Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчийн нэр хүндэд халдаж, хохирогчоос болж шоронд явах гэж байгаа талаар цуу яриа гаргаж, нутгийн иргэдийн харилцаа хандлагыг буруугаар ойлголт төрүүлж байгаад гомдолтой байна. Хохирлын төлж баарагдуулаагүй тул улсын яллагчийн ялын саналыг дэмжиж тус тус санал гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.М нь урьд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоолын хуулбараар /хх 29-36/ тогтоогдсон. Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлын тогтоосон баримт.
Шүүгдэгч Ш.М нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Аргалант сумын 2-р багт хувийн мал аж ахуй эрхлэн амьдардаг талаар баримт хавтаст хэрэгт авагдсан.
Шүүгдэгч Ш.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн баримтаар нэхэмжилсэн шүүхээр гаргуулсан хохирлыг гэм буруугийн шүүх хуралдаанд нөхөн төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эхнэр, хүүхдийн хамт мал аж ахуй эрхлэн амьдардаг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч болон хохирогч талын шүүгдэгч Ш.М д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Хохирогч Н.А нь гэм хорын хохиролд унааны зардалд 479 550 төгрөг, эмчилгээний зардалд 97 700 төгрөг, эрүүл мэндийн улмаас мэс засал хийлгэх төлбөр 2 500 000 төгрөг, модоор эд зүйл хийдэг гараа гэмтээснээс олох байсан орлого 3 750 000 төгрөг нийт 6 827 250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Үүнээс гэмт хэргийн улмаас наашаа цаашаа явахад 479 550 төгрөгийн унааны зардал гарсан гэх нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснээр 479 550 төгрөгийн шатахуун хэрэглэж явсан гэж үзэх боломжгүй байх тул дээрх 479 550 төгрөгийн 50 хувийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
239 775 төгрөгийн шатахууны зардал дээр эмчилгээний төлбөр гэх 97 700 төгрөгийг хангах үндэстэй гэж үзэн нийт 337 475 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Н.А д олгохоор шийдвэрлэв.
Цаашид гарах эмчилгээний зардал 2 500 000 төгрөг, олох ёстой байсан орлого гэх 3 750 000 төгрөгийн гэм хорын хохирлыг түүний өмгөөлөгч Иргэний хуулийн 228 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчээс гаргах ёстой гэж үзсэн. Шүүх бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах бөгөөд хохирогч Н.А ы "Доктор гүүр" эмнэлгээс ирүүлсэн 1.Гар сарвууны эмчийн зөвлөгөө авах, 2.Зүүн гарын бугуйнд мэдрэл нөхөн сэргээх мэс засал гэх онош, түүнд хавсаргасан 2 500 000 төгрөгийн баримтаар нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл ирээдүйд гарах эмчилгээний зардлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй болно. Мөн түүний модоор гэрийн эд хогшил хийж орлого олдог байсан гэсэн нь тогтмол олдог орлого нь нотлогдоогүй, татвар төлдөг эсэх нь тодорхойгүй байх тул 3 750 000 төгрөгийг хангах боломжгүй гэж үзэв.
Хохирогч цаашид гарах эмчилгээний зардал 2 500 000 төгрөгөө хагалгаанд орсны дараа холбогдох баримтаа бүрдүүлэн мөн олох ёстой байсан орлого 3 750 000 төгрөгөө орлого олж байснаа нотолж баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Гэм буруугийн шүүх хуалдаанаас шүүгдэгч Ш.М гээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 337 475 төгрөг гаргуулж хохирогч Н.А д олгож шийдвэрлэснийг шүүгдэгч завсарлага авч төлж барагдуулсан болохыг дурдав.
Эрүүгийн 2234000000156 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овгийн Ш-н М г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ш.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М д оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Хохирогч Н.А ы нэхэмжлэлийн шаардлагаас унааны зардал гэх 239 775 /хоёр зуун гучин есөн мянга долоон зуун далан тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардал, олох ёстой байсан орлого гэх 6 250 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Эрүүгийн 2234000000156 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ