Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 120/ШШ2021/0001

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмааг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Галтууд ХХК,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар,

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2-2618 дугаар манай компанийн тендерээс татгалзсан мэдэгдэл болон Ихкаркас констракшн ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, Галтууд ХХК-тай гэрээ байгуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах, аймгийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, Даланзадгад сумын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил-ын тендер шалгаруулалтыг дуусгавар болгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Галтууд ХХК-ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Галтууд ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: ...Манай компани Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан "Аймгийн төвийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, Даланзадгад сумын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ӨМАӨНӨГ/202012189 дугаартай ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах цахим тендерт оролцож, тендерийн материалыг тендерийн баримт бичгийн дагуу бэлтгэн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цахим системээр хүргүүлсэн. Тендерийн нээлт хийхэд манай компани 1,389,712,144.0 төгрөг, Ихкаркас констракшн ХХК 1,460,436,764 төгрөгөөр гүйцэтгэхээр аль аль нь хөнгөлөлтгүй үнийн саналтайгаар тендер нээгдсэн ба манай компани хамгийн бага үнийн санал өгсөн.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай компанид ирүүлсэн тендерийн хариуг 2-2483 дугаар албан мэдэгдэлд манай компанийг ТОӨЗ 5.3 (б)-д заасан шаардлагыг хангаагүй гэсэн бөгөөд бид үүнийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан.

Тус гомдлын хариу болох Сангийн яамны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6-1/7148 дугаар Гомдол хянасан тухай албан мэдэгдэл болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2-2618 дугаар мэдэгдлийг тус тус 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бид хүлээн авсан бөгөөд Сангийн яамны мэдэгдэлд дахин үнэлгээ хийхийг захиалагчид мэдэгдсэн байх боловч аймгийн Засаг даргын Тамгын газар манай тендерээс дахин татгалзсан байна.

Дараах үндэслэлээр манай тендерээс татгалзсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

Манай тендерийг ТОӨЗ 5.3 (б)-д заасан шаардлагыг хангаагүй, ижил төстэй ажлын туршлага байхгүй гэж үнэлсэн байна. Захиалагчаас ижил төстэй ажилд 2018, 2019 онд гүйцэтгэсэн доод тал нь нэг барилгын ажил ирүүлэхийг шаардсан тул манай компани 900,000,001 төгрөгийн төсөвт өртөгтэй, Гурвантэс сумын Нутгийн удирдлагын ордны конторын барилга угсралтын ажлыг тусгасан. Уг ажлын гүйцэтгэлийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах эрх бүхий байгууллага буюу захиалагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн ба барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын У-2018/24 дугаар актыг ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний сунгалтын хамтаар тусгасан. Энэхүү ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн байдлыг Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар Дүрэм шинэчлэн батлах тухай тогтоолын дагуу үнэлсэн нь цаг хугацааны хувьд үндэслэлгүй бөгөөд нэгэнт 2018 онд гүйцэтгэсэн ажлыг үнэлэхээр тендерийн баримт бичигт заасан нөхцөлд тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг баримтлах ёстой гэж үзэж байна.

Иймд захиалагчийг манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнээс гадна энэ ажил нь манай санал болгож байгаа үнийн дүнгийн 40 хувь болох 555,884,428.6 төгрөг байх ТОӨЗ 5.3(6) дэх шаардлагыг дангаараа хангаж байгаа юм.

Сангийн яамны мэдэгдэлд Ихкаркас констракшн ХХК нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 22.4-д ...эрх бүхий тендерт оролцогч болохыг нотлох ТШӨХ-д заасан баримт бичиг, тендерийн баримт бичигт заасан маягтуудыг нууцлахгүй ирүүлнэ гэсэн шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэл зааж дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн байтал дахин гэрээ байгуулах эрх олгож, захиалагч холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн байна.

Түүнчлэн захиалагч нь Ихкаркас констракшн ХХК-ийн Сангийн сайдын 2007 оны 81 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Тендерийн үнэлгээний заавар стандарт маягтууд-ын Тендерийн үнэлгээний зааврын 6.3-д шаардлагад нийцэж буй эсэхийг захиалагч хянаагүй гэж үзэж байна.

Үнийг авч үзэхэд манай компани 1,389,712,144 төгрөг, Ихкаркас констракшн ХХК 1,460,436,764 төгрөгөөр гүйцэтгэхээр аль аль нь хөнгөлөлтгүй үнийн саналтайгаар тендер нээгдсэн. Тиймээс манай тендер хамгийн бага үнийн саналын шаардлагыг хангасан хэвээр байна.

Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2-2618 дугаар манай компанийн тендерээс татгалзсан мэдэгдэл болон Ихкаркас констракшн ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, Галтууд ХХК-тай гэрээ байгуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж өгнө үү.

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/6 тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "орон нутгийн төсвийн байгаль хамгаалах чиглэлийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ"-ний 11 дэх заалтын дагуу "Аймгийн төвийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, Даланзадгад сумын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил"-ыг гүйцэтгүүлэх үүрэгтэй. Гэвч энэ үүргээ зөрчиж тендер шалгаруулалтыг хууль бусаар дуусгавар болгосон гэж үзэж байна. Иймд дээрх тендер шалгаруулалтыг дуусгавар болгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Галтууд ХХК-д Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2/2618 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтын шаардлагыг хангаагүй гэсэн мэдэгдэл хүргүүлсэн.

Ингэхдээ ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй учир гэрээ байгуулах боломжгүй гэсэн хариу мэдэгдсэн тул хууль зүйн үндэслэлгүй гэж гомдол гаргасан.

Учир нь Галтууд ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нутгийн удирдлагын ордныг барих ажилд гэрээ байгуулаад энэхүү ажлаа 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэж өгсөн.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас ажил хүлээн авах комисс томилж ажлыг хүлээн авсан.

Энэ нь 2018 онд хийж гүйцэтгэсэн ажилд тооцогдохоор харагдаж байхад үнэлэлгүйгээр мэдэгдэл хүргүүлснийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчаас төсөв хасагдсан учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбарыг нэг жишээтэй холбож тайлбарлая.

Төрийн албан хаагч ажлаасаа үндэслэлгүйгээр халагдаад үүнтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргах явцад тухайн албан хаагчийн орон тоо цомхотголд орсон учир таныг үндэслэлтэй халагдсан уу, үндэслэлгүй халагдсан уу гэдгийг тогтоох боломжгүй гэж болох уу?.

Өөрөөр хэлбэл энэ талаар маргаан захиргааны хэргийн шүүх дээр байгаа гэдгийг хариуцагч талаас мэдэж байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс тус 2 мэдэгдлийг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос төсөвтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаагүй.

Иймд төсөв хасагдсан эсэх нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хүргүүлээд байгаа мэдэгдэл үндэслэлтэй байна уу, гэрээ байгуулах гээд байгаа нь хууль зүйн үндэслэлтэй юу, хэрэв үндэслэлгүй бол Галтууд ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иймээс хариуцагчтай гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны А/379 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь Аймгийн төвийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, Даланзадгад суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил-ын тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зарлаж, 10 дугаар сарын 08-ны өдөр тендерийн нээлтийг хийсэн.

Үнэлгээний хороо нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр оролцогчдын ирүүлсэн тендерийг үнэлж Ихкаркас констракшн ХХК-тай гэрээ байгуулж ажиллах зөвлөмж ирүүлсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас гэрээ байгуулах эрхийг Ихкаркас констракшн ХХК-д, гэрээ байгуулахаас татгалзсан мэдэгдлийг Галтууд ХХК- д тус тус хүргүүлсэн.

Захиалагчийн дээрх шийдвэрийг Галтууд ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд хандан гомдол гаргасны дагуу Сангийн яам гомдлыг хянаад 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6-1/7148 дугаар албан бичгээр Галтууд ХХК-иас татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, Ихкаркас констракшн ХХК нь тендерийн зарим материалыг нууцалж ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 22.4-д заасантай нийцэхгүй байна. Иймд захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид даалгасан.

Үнэлгээний хороо нь Сангийн яамны шийдвэрийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дахин үнэлгээ хийж Ихкаркас констракшн ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид ирүүлсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2-2617 дугаар албан бичгээр Ихкаркас констракшн ХХК-д гэрээ байгуулах, 2-2618 дугаар албан бичгээр Галтууд ХХК-д гэрээ байгуулахаас татгалзсан мэдэгдлийг тус тус хүргүүлсэн.

Дээрх ажлын санхүүжилтийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/6 тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан Орон нутгийн төсвийн байгаль хамгаалах чиглэлийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ-ний 11 дэх заалтад 1,500,000,000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байсан ч эрх бүхий байгууллага буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар 2020 оны төсөвт тодотгол хийгдсэнээр дээрх ажлын санхүүжилт хасагдаж цаашид дээрх ажлыг хэрэгжүүлэх боломжгүй болоод байна.

Захиалагчийн зүгээс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ихкаркас констракшн ХХК-д хүргүүлсэн 2-2617 дугаар албан бичгээр хүчингүй болгосон талаар оролцогч нарт мэдэгдсэн.

Иймд санхүүгийн эх үүсвэргүй энэхүү ажил нь цаашид хийгдэхгүй болсонтой холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагаа "Даланзадгад суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн байгааг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн ажил, арга хэмжээ хэрэгжих боломжгүй болсон тул тухайн ажлын тендер шалгаруулалт хууль бус байсан эсэх нь эрх зүйн ач холбогдолгүй, харин тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болсон.

"Даланзадгад суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил-ын зураг төсвийн ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгын үндсэн дээр Хос бор морь ХХК орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан байна.

Даланзадгад суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын төсвийг 2019 онд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан. Энэхүү санхүүжилтийн хүрээнд 2020 онд тендер шалгаруулалт явуулсан. Гэвч 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж төсвөө баталж, төсөвт тодотгол хийсэн. Төсвийн тухай хуульд зааснаар тодотгол хийгээд 2020 оны төсвийн санхүүжилтээс маргаан бүхий ажлын төсвийг хасаж энэхүү ажил хийгдэх боломжгүй болсон. Ингээд оролцогч 2 компани руу захиалагчаас 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр санхүүжилт тодотгол хийсэн учир өмнөх тендерт шалгаруулалтыг хүчингүй болгосон мэдэгдлийг хүргүүлсэн.

Галтууд ХХК-иас нэхэмжлэл гаргасан. Захиалагчийн зүгээс энэхүү ажил нь хийгдэх боломжгүй болсон учир хүлээн зөвшөөрөх, эвлэрэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны төсөвт энэхүү ажлын санхүүжилтийг тусгасан. Энэхүү ажил, арга хэмжээний зураг төсвийг тусгай зөвшөөрөл бүхий компаниар хийлгэсэн. Онцлог нь их хэмжээний санхүүжилт шаарддаг ажил байгаа. Санхүүжилтгүйгээр явагдах боломжгүй ажил юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлдэг байгууллага бол аймгийн Засаг даргын Тамгын газар байгаа. Санхүүжилтийг нь эрх бүхий байгууллагаас хассан байхад бид зөвшөөрөх боломжгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийг хассан шийдвэртэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол өөр асуудал болох байсан гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Галтууд ХХК нь анх нэхэмжлэлийн шаардлагаа Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2-2618 дугаар манай компанийн тендерээс татгалзсан мэдэгдэл болон Ихкаркас констракшн ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, Галтууд ХХК-тай гэрээ байгуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах гэж тодорхойлсон байжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тендер шалгаруулалтаар хийгдэх ажлыг төсвийн тодотголоор хасагдсан үндэслэлээр захиалагчийн зүгээс дуусгавар болгосныг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Шүүх нэхэмжлэгчийн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2-2618 дугаар манай компанийн тендерээс татгалзсан мэдэгдэл болон Ихкаркас констракшн ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 Анх Орон нутгийн өмчийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Аймгийн төвийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, Даланзадгад суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай ӨМАОНӨГ/202012189 дугаартай тендерийг зарласан байна. /нийт төсөвт өртөг нь 1,488,150,343 төгрөг/

Тендерийн үнэлгээний хороо 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдан тендерийг эцэслэн үнэлж, Ихкаркас констракшн ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байх ба Галтууд ХХК Үнэлгээний хорооны уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6-1/7148 дугаар албан бичгээр гомдол хянасан тухай хариуг хүргүүлжээ.

Уг албан бичигт ...Галтууд ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна... гээд ...дахин хянан үзэж, үнэлэх...-ийг мэдэгдсэний дагуу Үнэлгээний хороо 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дахин хуралдаж, Ихкаркас констракшн ХХК -тай гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг гарган, захиалагчид ирүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай" 2-2617, 2-2618 дугаар албан бичгүүдээр тендерт оролцогч компани тус бүрд холбогдох мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэж зааснаар тендерийг үнэлж, дүгнэн шийдвэр гаргах эрх хэмжээ зөвхөн Үнэлгээний хороонд байх ба захиалагч нь тендерт оролцогчдод Үнэлгээний хорооны шийдвэрийг дамжуулан мэдэгдэхээс өөрөөр засах, өөрчлөхийг хориглосон байна.

Тодруулбал, маргаж буй 2-2617, 2-2618 дугаар мэдэгдлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д тодорхойлсон захиргааны акт-ын шинжийг агуулаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана;, 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус: гэж заасан байх тул энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад,...тогтоогдвол шүүгч..хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж заасны дагуу 2-2617, 2-2618 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчээс хариуцагч захиргаанд буюу шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд тодорхой асуудлаар шийдвэр гаргуулахаар хандсан боловч захиргаа хууль бусаар татгалзсан, эсхүл огт шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй гаргасан байх тохиолдол бодитоор бий болсон, шүүх тэрхүү татгалзал, эсхүл эс үйлдэхүй нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжтой байна.

Энэ тохиолдолд Галтууд ХХК-ийг тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн Галтууд ХХК-тай гэрээ байгуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Ийнхүү уг ажлыг Ихкаркас констракшн ХХК гүйцэтгэхээр шалгарч, гэрээ байгуулахаар мэдэгдсэн боловч захиалагчаас 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2-2704 дугаар албан бичгээр 2020 оны төсөвт тодотгол хийгдсэнээр дээрх ажлын санхүүжилт хасагдаж, цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон тул Гэрээ байгуулах эрх олгох тухай 2-2617 дугаар албан бичгийг хүчингүй болгож байгаагаа мэдэгдсэн байна.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2020 оны төсвийн тухай 9/6 дугаар тогтоолын дөрөвдүгээр хавсралтад Аймгийн төвийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, услалтын систем байгуулах ажлыг үргэлжлүүлэх, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж байгуулах ажил батлагдаж, мөн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 2/7 дугаар 2020 оны төсвийн тодотголын тухай тогтоолоор Даланзадгад суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын 1,5 тэрбум төгрөгийн төсвийг хасаж баталжээ.

Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Засаг дарга дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ гэж хуульчилснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оны төсөвт тодотгол хийж Даланзадгад суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын 1,5 тэрбум төгрөгийн төсвийг хассан тул захиалагч аймгийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлэх ажлын төсөв нь хасагдаж цаашид хийгдэх боломжгүй болсон ажлыг дуусгавар болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2-2618 дугаар манай компанийн тендерээс татгалзсан мэдэгдэл болон Ихкаркас констракшн ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хүчингүй болгох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Галтууд ХХК-тай гэрээ байгуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах, Тендер шалгаруулалтыг дуусгавар болгосон аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Ч.БАЯРМАА