Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/295

 

 

           

 

 

 

 

 

 

 

    2022             7                06                                              2022/ШЦТ/295

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл,

Хохирогч Ц.Н  , түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т , түүний өмгөөлөгч С.Мөнхтулга,

Шүүгдэгч О.М , түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э овгийн О-н М ид холбогдох эрүүгийн 2034000000643 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.М  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

   Шүүгдэгч О.М  нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 21 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр баг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явах чиглэлийн асфальтан зам дээр 6899 УАА улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно." 3.7.а/-д заасан "Жолоочид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.М-гдайрч амь насыг нь хохироосон, Ц.Н  ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2034000000643 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т ы өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 31-ны орой 20 цагийн үед миний хүү Ц.Н  ын хамт сумын төв рүү дэлгүүр орно гээд гарсан. Тэгээд ирэхгүй удаад байсан. Тэгээд Ц.Н   бэр дүү рүүгээ залгаад би Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэг рүү явж байна гэж эмчийн утсаар дүүдээ хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би тэр эмчийнх нь утасны дугаарыг аваад залгаад Ц.Н  тай хамт явсан хүн нь цуг явна уу гэж асуухад эмч орхисон гэж хэлсэн. Миний хүү Г.М  өглөө Ц.Н  тай хамт гэртээ нэг шил архинаас жижиг хундагаар 3 удаа уусан өөрөөр дахиж архи уугаагүй. Манай бэрийн дүү Ц.Н   нь өдөржингөө айлд байх хэцүү юм, хоол унд харамлалаа, нэг шил архи аваад өгчихгүй гэх зэргийн юм яриад байсан. Тэгэхээр нь миний хүү ээж яаж явдаг юм гээд Н  ыг дагуулаад дэлгүүр орох гээд явсан. Ц.Н   нэлээн согтолттой гэрээс гарсан ба манай хүү Г.М  нь чи явж чадах юм уу гэж Ц.Н  аас асуухад чадна гээд дагаад явсан. Миний хүү М  нь 1982 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд миний 2 дахь хүү болон мэндэлсэн. Сургуульд сурч байгаагүй хөдөө мал дээр мал маллаж байгаад танхайн хэргээр ял эдлээд 2017 онд шоронгоос суллагдаж байсан. Хорих ангид байх хугацаандаа бичиг үсэг сураад, тогооч мэргэжил эзэмшээд гарч ирсэн. Талийгаач эхнэр, хүүхэдгүй надтай хамт амьдардаг байсан. Бид Төв аймгийн Баянчандмань сумын Амьтаны хүрээлэнд 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш ажиллаж байсан. Намайг тэжээж байсан ганц хүү маань нас барсанд маш их харамсаж, маш их гомдож байна.” гэх мэдүүлэг /хх 20-21, 134/,

"О.М  өөрийгөө архи уугаагүй гэж яриад байна. Би архи уусан байсныг мэдсэн. Учир нь эрүүгийн төлөөлөгч Батмөнхийн утсан дээр О.М ийн гавалсан согтуу, драйгер бариулсан зургийг 7-8 хүн очиж үзсэн. Зургийг үзээд утсан дээрээ татаж авах гэсэн чинь Батмөнх төлөөлөгч утсан дээр татуулахгүй гээд өгөөгүй. Замын хажуугийн шороон зам дээр явж байсан хүүг маань машины баруун талаар дайраад машин замын гол уруу жишээд зогссон байсан. Хүү маань замын хажуугийн судагт ойчсон ул мөр, цусны толбо, машины шилний хагархай зэрэг байсан. Харин зам дээр ширхэг ч шилний хагархай байгаагүй бид нар очиж үзсэн. Ийм юм хийчихээд архи уугаагүй гээд байгаад надад үнэхээр гомдолтой байна. Хамт явсан хүүхэд нь дайрагдаад судаг уруу ойчсон байсан. Түүнийг зам дээр чирч гаргаад, тэр үхсэн пиздаагаа босго гэж хэлээд цохиж авсан гэсэн. Оршуулганы зардал 8 700 000 төгрөг өгсөн байх сайн мэдэхгүй байна, бид нартай огт уулзаагүй мөнгө данс уруу хийсэн байсан." гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Н  ын өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Г.М  би хот руу орж байна гээд Г.М  бид хоёр Улаанбаатар хотод 2 өдөр архи уугаад 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд орой 17 цагийн үед Г.М ы гэрт ирээд архи ууж хоносон. Өглөө босоод Г.М  бид хоёр урьд өдөр нь ууж байсан 4 хуруу архиныхаа үлдэгдлийг ууж шараа тайлаад би эргээд унтсан. Би унтаж байгаад 20 цаг өнгөрч байхад сэрээд Г.М ы гэрт байсан айргаас 500 граммын аягаар хоёр уучхаад М ы төрсөн эх Туяасайханыг дэлгүүр яваад өгөөч гээд гуйсан чинь чадахгүй гээд хэвтэж байсан. Би дэлгүүрээс архи авах гэж байсан юм. Г.М  орон дээрээ хэвтэж байснаа хоёулаа явъя гээд босоод ирсэн. Тэгээд бид хоёр архинд явсан. Төв аймгийн Баянчандмань сумын Замын цагдаагийн пост өнгөрөөд явж байсан. Нэг мэдэхэд нэг хүн намайг чирч гулдчаад би хоёрын хоёр хүн алчихлаа гээд орилж байсан. Би Чука ах М  гээд орилсон чинь тэр пизда дээрээ оч гээд нөгөө хүн намайг хоёр алгадсан. М  ах замаас хол шороон дээр хэвтэж байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд М  бид хоёрыг аваад Баянчандмань сумын Эрүүл мэндийн төв дээр ирсэн. Би хүлээн авахын орон дээр хэвтэж байтал Чука ах М-гөнгөрчихлөө гэж хэлээд намайг Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Г.М  бид хоёр асфальтан замын хажууд шороон хөвөөн дээр явж байсан. Г.М  бид хоёр зэрэгцээд шороон дээр явж байсан. Би зам талд Г.М  замын шороон талд нь явж байсан. Тухайн зам гэрэлтэй үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би урт түрийтэй хар өнгийн гуталтай, саарал өнгийн куртиктэй цэнхэр энгийн женсин өмдтэй явж байсан. Г.М  богино түрүүтэй гуталтай өмдийг нь сайн санахгүй байна хар ангийн савхин куртиктэй байсан. Миний баруун гар хугарсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа бүрэн гаргуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх 96-97/,

"Талийгаач бид 2 өмнөх өдөр нь архи уусан байсан. Өглөө нь үлдсэнийг нь би уучихаад унтаад өгсөн. Тэгээд орой нь хоёулаа сумын төв рүү явсан. Замын хажуугийн шороон замаар явсан. Өглөөнөөс хойш унтсан хүн чинь мэдэж байгаа шүү дээ. Эрүүл ухаантай явж байсан. Замын хажуугаар явж байхад замаар олон машин хажуугаар өнгөрөөд байсан. Нэг мэдэхэд яах ийхийн зуургүй болсон. Энэ ах хүү согтуу архи үнэртүүлчихсэн, пизда минь босоод ир чи муу гэж хэлээд 2-3 алгадаж аваад тэр пиздаагаа босго энийгээ ингээд хөдөлгө гээд байсан. Миний нурууны зөөлөн эд гэмтсэн, гарын яс хугараад гарандаа яс нөхүүлсэн. Тэрнийхээ хадаасыг 3 сарын дараа авхуулах ёстой байсан боловч мөнгөгүй учраас авхуулж амжаагүй байна. Ажил хийхэд хүндрэлтэй, өвдөөд ажил хийж чадахгүй байгаа. Би 4-5 өнчин дүүтэй, дүү нараа тэжээхэд хэцүү байна. О.М  намайг чирч гулдарч байхад амнаас нь нэлээд архи үнэртсэн. Энэ хүн эрүүл байсан бол бие чинь зүгээр үү гэж асуух байсан байх, намайг хараагаад чирч гулдчаад алгадахгүй байсан байх. Гарын хадаасаа авхуулах эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна." гэх мэдүүлэг,    Гэрч Х.Мөнх-Эрдэнийн өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсгийн байранд зөрчлийн материал шийдэж дуусаад сумын төв рүү гэр рүүгээ явах гэтэл унаа байхгүй болохоор нь цагдаа, цагдаагийн ахлагч Г.Баянжаргалыг 20 цагийн үед дуудаад Г.Баянжаргал 20 цаг 47 минутад постын гадаа ирсэн. Би машинд нь суугаад сумын төв руу уруудаад явж байхад хурд сааруулагч өнгөрөөд 20 орчим метр газар явж байтал хар бараан өнгийн хувцастай хоёр эрэгтэй явган зорчигч нэг нь замын зорчих хэсгийн голд, нөгөө нь зорчих хэсгийн зүүн талын ирмэг дээр сумын төв рүү чиглэлтэй алхаад явж байсан.  Замын голд явж байсан хүн гуйваад яваад байх шиг байсан. Бид хоёр хажуугаар нь гүйцэж түрүүлээд сумын төв орсон. Хажуугаар нь машин зөрж байхад мэдэх сөхөөгүй л байх шиг байсан Замын голд алхаж явсан хүн гуйваад яваад байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хх 24/,

   Гэрч Г.Баянжаргалын өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 31-ны орой зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Мөнх-Эрдэнийг Баянчандмань сум дахь Замын цагдаагийн постноос очиж аваад орой 20:40 цагийн үед сумын төв рүү буцаад зам уруудаад явж байтал замын хажууд бараан хувцастай хоёр эрэгтэй хүн алхаж явсан ба нэг нь зам дээр нөгөө нь шороон хөвөөн дээр явж байсан. Харанхуйд хар хувцастай харагдахгүй байсан, би сигнал өгөөд замаасаа гараач гэж хэлээд явсан. Би тухайн хоёр эрэгтэй хүнийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх талаар нь мэдэхгүй байна. Ямар ч байсан зам дээр явж байхад нь замаас гар гэж сануулаад явсан. Замын цагдаагийн постноос зам дагаж уруудаад сумын төв руу явах чиглэлд алхаж явсан.” гэх мэдүүлэг / хх 25/,

   Гэрч Г.Мягмархишигийн өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 31-ны орой 21 цагийн үед би Улаанбаатар хотоос ирээд Замын цагдаагийн постны хажуу талын байшинд манай дүүгийнх төмсөө ялгаж байсан. Орж үзчихээд гараад гэр рүүгээ явсан. Постноос уруудаад явж байхад фермийн салдаг уулзварын доод хэсэгт гэнэт хар бараан хувцастай хоёр согтуу бололтой хүн миний зорчих хэсэг дээр явж байсан. Би нэлээн хурдтай явж байсан тоормос гишгээд хажуу талаар нь тойрч гараад чигээрээ явсан. Apaac М ийг ирж байгаа байх гэж бодоод утас руу нь залгахад М  утсаа аваад би хүн дайрчихлаа гэсэн. Би буцаж эргээд хүн мөргөсөн газар нь ирэхэд замын хажууд М  нэг залууг тэвэрчихсэн сууж байсан. Урдуур ороод мөргүүлчихлээ гэсэн. Миний гар хугарчихсан гэж тэр залуу хэлж байсан. Тэгэхээр нь би наадуул чинь хоёулаа явж байсан нөгөө хүн нь хаана байна гэж асуусан. Тэгэхэд М  би мэдэхгүй энэ хүнийг л мөргөх шиг болсон гэж хэлсэн. Би нөгөө залууг нь хайхад замаас 5 орчим метр зайд хар савхин куртиктэй залуу доош харсан байдалтай хэвтэж байсан. Тухайн эрэгтэй хүн амьсгалж байсан. Би эмнэлгийн жолооч руу утасдаж түргэн тусламж явуул гэж хэлсэн. Дараа нь хэсгийн цагдаа Баянжаргал руу залгаж яаралтай хэргийн газрыг хамгаал гэж хэлсэн. Эмнэлгийн машин ирээд хоёр явган зорчигчийг эмнэлгийн машинд суулгаад явсан. 30 орчим минутын дараа эмнэлгээс утасдаад нэг хүн нь нас барчихлаа гэж хэлсэн. Тухайн хоёр явган зорчигчоос архи, согтууруулах ундааны зүйл маш их үнэртэж байсан. Гар нь хугарсан залуугаас хаанахын хүмүүс вэ гэж асуухад Баянчандмань сумынх гэж хэлж байсан. Намайг сумын төв руу уруудаад явж байхад хажуугаар 3-4 орчим машин хажуугаар зөрсөн. Тухайн хоёр явган зорчигч Сэлэнгэ чиглэлийн зорчих хэсгийн асфальтан зам дээр явж байсан.” гэх мэдүүлэг / хх 26/,

  Гэрч Э.Дамдинпүрэвийн өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 31-ны орой гэртээ байж байтал 19:30 цагийн үед миний утас дуугараад манай найз Г.М  залгасан. Хотоос найзууд ирчихсэн төв рүү орж ганц нэг юм авах хэрэгтэй байна. Намайг гэрээс ирж аваад төв оруулаад буцаагаад хүргээд өгөөч найз нь архи уучихсан машинтай явж болохгүй байна гэж хэлсэн. Би зөвшөөрөөд за гэж хэлээд утсаа салгаад гэрээсээ эхнэрийнхээ хамт гарсан машинтайгаа “Шунхлай” шатахуун түгээх станц хүрээд явж байтал миний машины жанамны ремень тасарсан. Тэгэхээр нь би буцаад гэртээ очоод талийгаач руу залгаад машин ермен тасраад эвдэрчихлээ хөгшин нь очиж амжихгүй нь гэж хэлтэл аан за за гэж хэлээд талийгаач утсаа салгасан. Их согтуу байгаа юм шиг санагдаагүй.” гэх мэдүүлэг / хх 28/,

Гэрч Т.Гантуяагийн өгсөн: “...Замын цагдаагийн пост өнгөрөөд нэлээд явж байтал замын голд хоёр хүн гэнэт гараад ирсэн. Миний сууж явсан машины жолооч Г.Мягмархишиг жолоогоо дараад нөгөө хоёр хүнийг тойроод гарсан. Ард манай нөхрийг явж байгаа гээд утас руу залгаж хэлтэл манай нөхөр өөдөөс нь хүн дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар буцаад очтол манай нөхөр хүн дайрчихлаа гээд орилоод байж байсан. Тэгэхээр нь бид нар эмнэлэг болон замын цагдаа дуудсан. Манай нөхөр надад архи уусан байдалтай харагдаагүй. Мана нөхөр нэг их уугаад байдаггүй. Хааяа нэг уудаг байсан. Нэг удаа согтуу тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад цагдаад эрхээ хасуулж байсан. Тэрнээс хойш согтуу тээврийн хэрэгсэл жолоодож яваад байдаггүй. 68-99 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь надтай хамтарч бизнес эрхэлдэг Л.Өнөржаргал гэх хүний нэр дээр байдаг. 2019 оны 7 дугаар сард тээврийн хэрэгслийг 13 800 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би уг тээврийн хэрэгслийг худалдаж авах үедээ Замын-Үүд хотод байсан ба 10 000 000 төгрөгийг шилжүүлээд авч байсан. Үлдэгдэл мөнгийг нь Өнөрөө найздаа хэлээд аман гэрээ байгуулаад авчихлаа гэж байсан. Уг тээврийн хэрэгсэл нь Л.Өнөржаргалын нэр дээр байгаа боловч манай нөхөр бид хоёрын мөнгөөрөө худалдаж авсан тээврийн хэрэгсэл байгаа юм.” гэх мэдүүлэг /хх 31-32/,

Иргэний нэхэмжлэгч Л.Өнөржаргалын өгсөн: "6899 УАА улсын дугаартай Хюньдай портер маркийн тээврийн хэрэгсэл нь М ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Анх худалдаж авахдаа миний нэр дээр авсан. Тэгээд тооцоо дуусаж М ид өгсөн. Нэрээ шилжүүлж амжаагүй байсан." гэх мэдүүлэг /хх 193/,

Гэрч Ж.Батмөнхийн өгсөн: “Би 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул явах чиглэлийн асфальтан зам дээр 68-99 УАА улсын дугаартай “Хюньдай портер” маркийн тээврийн хэрэгсэл хоёр хүн мөргөж Г.М  газар дээрээ нас барж Ц.Н   нь гэмтсэн гэх гомдол мэдээлэлд 68-99 УАА улсын дугаартай “Хюньдай портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.М ийг согтуурал хэмжигч багаж ашиглан согтуурлыг шалгахад 0.47 % согтолттой байсан. Тухайн үед хэрэг шалгаж байсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Тэмүүжинд илтгэх хуудсыг зургийн хамт өгсөн.” гэх мэдүүлэг /хх 199/,

Шүүгдэгч О.М ийн өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 31-ны өглөө 08 цагийн үед босоод гэрт ойр зуурын юм хийж байгаад гэрээсээ 12 цагийн үед гараад “Делта” засварын газарт ирж “Истана” маркийн машин асааж үзээд хроп нь болохгүй байгаад байхаар нь задалж үзээд орхисон. Орой манай найз Ганбаа хотоос 6899 УАА улсын дугаартай “Хюньдай портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгэхээр нь би Ганбааг эхнэртэй нь гэрт нь хүргэж өгөөд машиныг нь аваад буцаад машин дээрээ ирээд хэсэг юм хийж байгаад орой 21 цагийн үед гэр рүүгээ Замын цагдаагийн пост уруудаад явж байхад надтай таван тээврийн хэрэгсэл зөрсөн. Сүүлийн тээврийн хэрэгсэл зөрөөд би гэрлээ хол дээр нь тавьсан. Тэгтэл зам дээр хоёр хүн гараад ирсэн тэгээд л тас буугаад явчихсан. Тэгээд би машинаа зам рyy шахаж тавиад буугаад гүйгээд очтол нэг хүн нь газарт хэвтэж байсан нөгөө хүн газарт сууж байсан. Тэгэхээр нь би Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсгийн ахлах зохицуулагч Мягмархишиг рүү залгаж би хүн дайрчихлаа гэж хэлсэн. Тэгтэл Мягмархишиг удалгүй ирээд машинаа битгий хөдөлгөөрэй гэж хэлээд эмнэлэг дуудсан. Эмнэлэгт үзүүлсэн хүний нэг нь нас барсан байсан. Би 30-40 км/цагийн хурдтай явж байсан. Би тийм их хурдан яваагүй. Би архи уугаагүй урьд шөнө нь хөл, гар янгинаад байхаар нь архи уусан. Уржигдар шөнийн архи гараагүй явж байсан байх. Тухайн хоёр явган зорчигч замын зорчих хэсэг дээр явж байсан. Би талийгаач Г.М  гэх хүнийг танина. 2-3 жилийн өмнөөс манай дэлгүүрээр орж худалдан авалт хийдэг байсан. Мөн энэ намар ногоо хураалтын үеэр Г.Мягмархишигийн зоорин дээр ажиллаж төмс ногоо зөөдөг байсан.” гэх мэдүүлэг /хх 22-23, 54, 59/,

“Би Г.М ы оршуулгын зардалд 3 сая төгрөгийг 1 саяыг нь бэлнээр, 2 сая төгрөгийг нь сая саяар тус тусад нь С.Т ы 5005602936 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Сүүлд баримтаар гаргаж өгсөн. Баримтын дагуу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5005602936 дугаарын данс руу 5 658 000 төгрөгийг шилжүүлж хохирлыг бүрэн барагдуулсан. Ц.Н  ын хохирлыг барагдуулаагүй.” гэх мэдүүлэг / хх 201/,

Техникийн шинжээчийн 2021 оны 10-р сарын 07-ны өдрийн 10/01 дугаартай дүгнэлтэд: "1.“Хьюндай Портер” маркийн 68-99 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.М  нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 2.“Хьюндай Портер” маркийн 68-99 УАА улсын дугаартай автомашины хурдыг; “Хьюндай Портер” маркийн 68-99 УАА улсын дугаартай автомашин нь явган зорчигчийг мөргөж тодорхой зайнд шидсэн тул хурдыг энерги хадгалагдах хуулийг ашиглан ...V=24 03 м/с = 86,5 км/цаг “Хьюндай Портер” маркийн 68-99 УАА улсын дугаартай автомашины жолооч нь МУ-ын ЗХД-ийн 12.4-р заалт буюу "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 KM-330 хэтрүүлэхийг хориглоно". 3.7.А дахь заалт буюу "Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно." гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 3.Явган зорчигч Ц.Н  , Г.М  нар нь МУ-ын ЗХД-ийн заалт зорчсон байна. 4.Явган зорчигч Ц.Н  , Г.М  нар нь МУ-ын ЗХД-ийн 5.1-р заалт буюу "Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 5.“Хьюндай Портер” маркийн 68-99 УАА улсын дугаартай автомашины жолооч нь МУ-ын ЗХД-ийн 12.4 ба 3.7-р заалт, явган зорчигч Ц.Н  , Г.М  нар нь МУ-ын ЗХД-ийн 5.1-р заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. 6.Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна. 7.Хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт зүйл илэрсэнгүй.” гэжээ / хх 181183/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №91 дугаартай дүгнэлт: "1.Ц.Н  ын биед богтос ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэжээ /хх 36/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №176 дугаартай дүгнэлт: “1.2.Талийгаач Г.М ы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал яс суурь яс, дагз ясны хугарал, баруун зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх /САК/ тархмал цус харвалт. Сээрний 2-р нугалмын их биеийн салсан хугарал, нугас няцрал, цус хуралт, баруун 4-р хавирга суганы дунд шугамаар, 6, 7 8, 9-р хавирга далны дунд шугамаар, зүүн 5, 6, 7-р хавирга далны дунд шугамаар зөрүү бүхий хугаралтай. Чацархайд цус хуралт, хуйханд цус хуралт, нүүрэнд шарх, зулгаралт, хуйханд зулгаралт, цээж, нуруу, баруун өгзөг, гуя, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаачийн цуснаас 2.1% промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын 6.Талийгаач нь авто осол хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэжээ /хх 39/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-15/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-17/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 40-49/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч О.М  зам тээврийн осол гарах үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэсэн нь гэрч Ж.Батмөнхийн өгсөн: “...гомдол мэдээлэлд 68-99 УАА улсын дугаартай “Хюньдай портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.М ийг согтуурал хэмжигч багаж ашиглан согтуурлыг шалгахад 0.47 %-ийн согтолттой байсан. Тухайн үед хэрэг шалгаж байсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Тэмүүжинд илтгэх хуудсыг зургийн хамт өгсөн.” гэх мэдүүлгээр /хх 199/ няцаагдсан гэж үзэв.

 

Шүүгдэгч О.М  нь согтуугаар, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед буюу 2020 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 21 цагийн үед хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцож Төв аймгийн Баянчандмань сумын Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явах чиглэлийн асфальтан замын хөвөөгөөр алхаж явсан иргэн Г.М , Ц.Н   хоёрыг дайрч Г.М ы амь насыг хохироож, Ц.Н  ын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан баруун богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан.

 

Шүүгдэгч О.М  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 километрээс хэтрүүлэхийг хориглоно гэснийг зөрчиж 86.5 км/цагийн хурдтай явсан болох нь Техникийн шинжээчийн 2021 оны 10-р сарын 07-ны өдрийн 10/01 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч О.М ийг гэм буруутайд тооцуулах талаар хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч О.М ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөлийн тухай хуулиар 2 жилийн хорих ялыг өршөөн хасах санал,      

 

Хохирогч нарын өмгөөлөгчид улсын яллагчийн оногдуулсан ялын саналыг дэмжиж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч анх удаа болгоомжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн хэрэг дээрээ маргахгүй, хохирлыг гаргасан баримтын хүрээнд төлсөн. Биеийн эрүүл мэндийн байдал, хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн оногдуулсан үндсэн ялыг багасгаж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.М  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын хэмжээгээр нөхөн төлсөн, хохирогч Ц.Н  т цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх үзлээ.

 

Техникийн шинжээчийн 2021 оны 10-р сарын 07-ны өдрийн 10/01 дугаартай дүгнэлтэд дурдагдсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дүгээр зүйлд заасан явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна гэсэн заалтыг зөрчсөн гэсэн нь гэмт хэрэг гарахад амь хохирогч Г.М , Ц.Н   нарын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэв.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.М ид холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч О.М ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ.

 

Хохирогч Ц.Н   гэм хорын хохиролтой холбогдуулан баримт ирүүлээгүй байх бөгөөд мөрдөн байцаалтад 660 000 төгрөгийн хохирол авч, хохирогч "Миний нурууны зөөлөн эд гэмтсэн, гарын яс хугараад гарандаа яс нөхүүлсэн. Тэрнийхээ хадаасыг 3 сарын дараа авхуулах ёстой байсан боловч мөнгөгүй учраас авхуулж амжаагүй байна. Гарын хадаасаа авхуулах эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна." гэсэн тул түүний цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т  мөрдөн байцаалтад хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгсөн 8 сая төгрөгийн хохирлоо шүүгдэгч О.М оос авсан болох  нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож, хууль ёсны төлөөлөгч С.Т  шүүх хуралдаанд сэтгэл санааны хохиролд 20 000 000 төгрөг, баримтаар 1 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн 1 200 000 төгрөгийн хохирлын баримтаа тайлбарлахдаа амь хохирогчийн нас барсны нэг жилийн ойд зориулж буян үйлдсэн, мөн ирэх очих унааны зардлын баримт гэж тайлбарласан бөгөөд шүүх уг баримтыг судлахад нэг тооны зүйлийг өөр өөр цаг хугацаанд авсан, огноо нь наана цаана, ямар эд зүйл худалдан авсан нь ойлгомжгүй, шатахууны зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ирсэн цаг хугацаанаас өөр байх тул хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Мөн хохирогчийн сэтгэл санааны хохирлыг тооцох хуулийн зохицуулалт байхгүй тул хорин сая төгрөгийн хохирлыг хангах боломжгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн 2034000000643 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хоног цагдан хоригдсон хоног, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э овгийн О-н М ийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч О.М ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/  жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М ид оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.М ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хассугай.

 

5.Шүүгдэгч О.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6.Хохирогч Ц.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т ы сэтгэл санааны хохирол 21 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.Эрүүгийн 2034000000643 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ