Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/298

 

 

 

 

 

 

 

 

     2022            7                07                                                 2022/ШЦТ/298 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын прокурор Х.Билгүүн,

Шүүгдэгч Б.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч У овгийн Б-н Г д холбогдох эрүүгийн 2234002910305 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, У овгийн Б-н Г , 1995 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс дүрвэд, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 39-р хорооны 24-Б-46 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ОП95031516 регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

               

           Шүүгдэгч Б.Г  нь Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг асфальтан зам дээр 164-р шонгийн урд талд 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө 07 цагийн үед тоёота Приус-11 маркийн 17-50 УВС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа, жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.45, 12.1, 23.9А дахь дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол болж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.У-нэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөнд 3 411 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234002910305 дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Б.У-нөгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хот орох гээд таньдаг хүүхэд болох Г  гэх залуугийн Приус 11 маркийн машинд суугаад 15 цагийн үед Увс аймгаас хөдлөөд, замдаа нэлээн хэд зогсоод 10, 15 минутын зайтай нэг зогсохдоо амраад тамхи татаад, бие засаад, ундаа ус уугаад буцаж хөдлөөд яваад байсан. Тэгээд 2 жолооч шөнөжингөө ээлжилж машинаа бариад явж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө үүр цайж байхад Г  гэх залуу жолоо бариад явж байхад би хэсэг унтаж байгаад нэг сэрэхэд би машины хойно машинаас гараад газар унасан байдалтай сэрээд хартал машин хажуугаараа харсан онхолдсон байсан. Тухайн үед бүгд хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Г , Пүрэвжав хоёр эрүүл байсан. Би тухайн үед унтаж явсан болохоор сайн мэдэхгүй байна. Миний хоёр хавирга хугарсан, сээр нуруу мурийлттай байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Г  миний эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн мөнгө, ойр зуурын тамхины мөнгө зэргийг бүгдийг төлсөн.” гэх мэдүүлэг /хх 17-18/,

Иргэний нэхэмжлэгч Т.П өгсөн: “Увс аймгийн Улаангом гэх газраас Улаанбаатар хот явж байсан. Тээврийн хэрэгсэл дотор 3 том хүн, 3 хүүхэд сууж явсан. Жолоочийн суудал дээр Г  хажуу талд нь би сууж явсан. Харин ар талын суудалд болохоор зүүн талд 13 настай охин, голын суудалд хүүхдүүд, баруун талд нь У эгч сууж явсан. Зорчигчид бүгд хамгаалах бүс зүүсэн байсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргуулна. Миний биед учирсан гэмтэл байхгүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх 27/,

Насанд хүрээгүй гэрч Г.Анугийн өгсөн: “Би Г.Анугийн төрсөн ээж нь байгаа юм. Манай хүүхэд Г.Ану нь болсон үйл явдлын талаар ярих боломжгүй учир би түүний хууль ёсны төлөөлөгчийн хувьд эрх, үүргийг эдэлж Анугийн оронд нь мэдүүлэг өгөх болно. Манай хүүхэд Ану, Гоомарал хоёр аав Гантулгын хамт Увс аймгаас Улаанбаатар хот орох гээд 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хөдлөөд шөнөжингөө яваад маргааш өглөө буюу 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө машин нь онхолдож манай хүүхдүүд эмнэлгийн машинаас Улаанбаатар хотод ирээд би хүүхдүүдээ Гэмтлийн эмнэлэгт биеийг нь үзүүлээд очиж авсан. Тухайн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд бие нь зүгээр эрүүл байсан бөгөөд биед нь ганц ч шалбархай байгаагүй. Надад ямар ч гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 75/,

Насанд хүрээгүй гэрч Б.Баярдэлгэрийн өгсөн: “Би эмээ Угийн хамт Увс аймгаас нэг ахын машинд суугаад Улаанбаатар хот руу явж байсан. Тэгээд машины хойд суудал дээр суугаад унтаад явж байгаад сэртэл машин онхолдсон байсан. Миний биед ямар ч гэмтэл учраагүй байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх 81-82/,

Шүүгдэгч Б.Гантулгын өгсөн: “Би Улаанбаатар хотоос Увс аймагт очоод 2 хоноод буцаад 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хот орох гээд Улаанбаатар хотоос хамт ирсэн хүмүүсийн хамт 15 цагийн үед Пүрэвжавын Приус-11 маркийн 1750 УВС улсын дугаартай машинтай Пүрэвжав машинаа жолоодоод хөдлөөд явж байгаад шөнө 02 цагийн үед Архангай аймаг өнгөрч байхад Пүрэвжав бид хоёр жолоогоо солиод би машин бариад явж байгаад үүрийн 07 цагийн үед Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт тэгш зам дээр машины бөгс нь баруун гар талаар хөндөлдөж ирээд буцаж тэгширч чадахгүй замын урд руу хөвөө рүү унаад машин баруун талаараа газар унасан. Тэгээд дотор байсан хүмүүсээс Б.У эгч машины хойно унасан байсан. Бусад хүмүүс зүгээр байсан. Ослын улмаас Пүрэвжавын тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн мөнгө 3 411 000 төгрөгийг түүний дансаар шилжүүлж өгсөн. Мөн Гэмтлийн эмнэлэгт 250 000 төгрөгөөр үзүүлж хохиролгүй болгосон, мөн Б.У эгчийн эмнэлэгт хэвтсэн төлбөр, эмчилгээний зардалд 1 480 000 төгрөг одоогоор төлж эмчлүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг /хх 21-22, 24-25, 89-90/,

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн №62 дугаартай дүгнэлт: “1.Б.У-нбиед зүүн 7, 8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 53-54/,

“ХӨРӨНГӨ ЭСТИМЭЙТ” ХХК-ны 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №10989 дугаартай “Т.П эзэмшлийн Тоёотоа Приус-11 маркийн 1750 УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 3411000 /гурван сая дөрвөн зуун арван нэгэн мянга/ төгрөг.” гэх тайлан /хх 45/,

 Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ш.Анхбаярын гаргасан:

 “Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 1750 УВС улсын дугаартай Т.Приус 11 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Г  нь 1.Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна." 12.1. "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна." 23.9.а "тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглох; б/."хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх." гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв.

2.Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нь асфальтан, шулуун тэгш, мөстэй цастай, суурингийн гаднах эерэг хөдөлгөөнтэй, хашлаггүй, хайсгүй, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун байсан байна.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь 1750 УВС улсын дугаартай Т.Приус 11 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Г  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна.

4.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй байна.” гэх дүгнэлт /хх 68/,

Хэргийн газрын үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын бүдүүвч зураг/хх 5-13/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

            Дээрх гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул эрүүгийн 2234002910305 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэв. 

 

            Шүүгдэгч Б.Гантулгыг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүх шүүгдэгч Б.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

                                                                                                                                

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б.Г д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Б.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.У-нэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, иргэний нэхэмжлэгч Т.П тээврийн хэрэгсэлд 3 411 000 төгрөгийн хохирол учирчээ.

 

Шүүгдэгч Б.Г  нь дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 17-18, 41-р хуудсанд авагдсан тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн 2234002910305 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч У Б Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 2234002910305 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ