| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/01159/И |
| Дугаар | 1119 |
| Огноо | 2018-05-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоот хаягт байрлах С ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.А-д холбогдох
4,928,906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Цээсүрэн, хариуцагч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.А нь 2014 оны 10 сарын 2-ны өдөр манай байгууллагатай ЗГ1200142861 тоот дугаартай Цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 1,800,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, эхний 6 сард бодогдох сарын хүү 3.55 хувь, дараагийн 5 сард бодогдох сарын хүү 4,55 хувь, сүүлийн нэг сард бодогдох хүү 8,5 хувь байх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нь 2018 оны 4 сарын 10-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 603,417 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 722,548 төгрөгийг төлж байсан ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл ямар ч өр төлбөр төлөөгүй болно. Байгууллагын зүгээс өр төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай мэдэгдэж, удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж ирсэн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар байдлаар Б.А нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,196,582 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 3,110,539 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 621,784 төгрөг, нийт 4,928,906 төгрөг төлөөгүй байна. Дээрх дүнг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний б ие Сар шинэ интернэшнл ББСБ-аас 2014 оны 10 сарын 2-ны өдөр 1,800,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай 2015 оны 10 сарын 2-ны өдрийг хүртэл 2,264,072 төгрөг болгож төлөхөөр зээл авсан бөгөөд үүнээс 1,328,000 төгрөг төлсөн. Сар шинэ интернэшнл ББСБ-ын гаргаж байгаа нэхэмжлэл нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэт өндрөөр өсгөн бодож зээлдэгч биднийг хохироож байгаа учир уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.А д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,928,906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2014 оны 10 сарын 2-ны өдөр С ХХК болон Б.А нарын хооронд ЗГ1200142861 дугаартай “Цалин барьцаалсан зээлийн гэрээ” нэртэй гэрээ /хх-8,9 тал/ байгуулагдсан байх ба гэрээгээр С ХХК нь Б.А д 1,800,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, эхний 6 сар 3.55 хувийн хүүтэй, дараагийн 5 сар 4.55 хувийн хүүтэй, сүүлийн 1 сар 8.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээл, зээлийн хүүг төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү болон зээлийн төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь зээл, түүний хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч зээл авснаас хойш үндсэн зээлийн төлбөрт 603,417 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 722,548 төгрөг, нийт 1,325,965 төгрөг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 1,196,582 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,110,539 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 621,784 төгрөг, нийт 4,928,906 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд хэтэрсэн хугацааны хүүг 8.5 хувиар тооцсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
Хариуцагч нь зээл авснаас хойш 1,328,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэт өндөр тооцож зээлдэгчийг хохироож байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд зээл авснаас хойш нийт 1,328,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан банкны орлогын мэдүүлгийн баримтууд /хх-17-19 тал/-аар тогтоогдож байна.
Төлбөрийн баримтуудаас үзэхэд зарим төлбөрийг Б.Ариунболд гэсэн нэртэй дансанд шилжүүлсэн байх боловч Б.Ариунболд гэсэн нэртэй дансанд шилжүүлсэн төлбөрийг нэхэмжлэгч С ХХК хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.
Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс зээлийн хүүг тодорхой хугацаанд өсөн нэмэгдэх байдлаар шатлан тогтоосон үндэслэлийг тодруулахад зээлдэгчийг хариуцлагажуулах үүднээс шаталсан хүү тогтоосон гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтад “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хуульд зааснаар зээлдэгчийн хариуцлагыг зээлийг хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцох байдлаар хуульчлан тогтоосон байхад нэхэмжлэгч зээлдэгчийг хариуцлагажуулна гэх үндэслэлээр зээлийг хүүг өсөн нэмэгдэх байдлаар шатлан тогтоосон нь хуульд нийцээгүй байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүүг 3.55 хувиар тооцох нь зүйтэй байна.
Зээл олгогдсон 2014 оны 10 сарын 2-ны өдрөөс хойш гэрээний хугацаа дуусах 2015 оны 10 сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүгийн хэмжээг 3.55 хувийн хүүгээр тооцоход дараах байдалтай байна.
Огноо Хоног Зээлийн үлдэгдэл Үндсэн зээлийн төлбөр Зээлийн хүү Нийт төлбөр
2014/11/02 31 1,800,000.00 122,919.65 63,900.00 186,819.65
2014/12/02 30 1,677,080.35 127,283.30 59,536.35 186,819.65
2015/01/02 31 1,549,797.05 131,801.85 55,017.80 186,819.65
2015/02/02 31 1,417,995.20 136,480.82 50,338.83 186,819.65
2015/03/02 28 1,281,514.38 141,325.89 45,493.76 186,819.65
2015/04/02 31 1,140,188.49 146,342.96 40,476.69 186,819.65
2015/05/02 30 993,845.53 151,538.13 35,281.52 186,819.65
2015/06/02 31 842,307.39 156,917.74 29,901.91 186,819.65
2015/07/02 30 685,389.66 162,488.32 24,331.33 186,819.65
2015/08/02 31 522,901.34 168,256.65 18,563.00 186,819.65
2015/09/02 31 354,644.68 174,229.76 12,589.89 186,819.65
2015/10/02 30 180,414.92 180,414.92 6,404.73 186,819.65
Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 1,799,999.99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 369,802.62 төгрөг, нийт 2,169,802.6 төгрөг төлөхөөс хариуцагч 1,328,000 төгрөгийг төлсөн байх ба төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл нь 841,802.6 төгрөг байна.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дахь заалтад заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжинд үндсэн үүрэг, дараагийн ээлжинд хүүг төлүүлэх дарааллын дагуу хариуцагчийн төлсөн 1,328,000 төгрөгийг үндсэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 1,799,999.99 төгрөгөөс хасч тооцоход үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 471,999.98 төгрөг болж байх ба үлдэх 369,802.62 төгрөг нь хүүгийн төлбөр байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дахь заалтад зээлдэгч зээлийн гэрээний нийт хугацаанд авсан зээл, зээлийн хүүг төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөхөөр заасан, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтад “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй, хариуцагч нь хэтэрсэн хугацааны хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 471,999.98 төгрөгөөс сарын 3.55 хувийн хүүгээр тооцоход сард 16,755.99 төгрөгийн хүү тооцогдож байх ба 2015 оны 10 сарын 2-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 4 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаа буюу 30 сар 14 хоногт тооцоход 30 сард 502,679.7 төгрөг /16,755.99*30/, 14 хоногт 7,819.4 төгрөг, нийт 510,499.1 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэхэмжилсэн байх ба Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтад “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дахь заалтад “Зээлдэгч зээлийн гэрээний нийт хугацаанд авсан зээл, зээлийн хүүг төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү болон зээлийн төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтад “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан бөгөөд энэхүү заалтын дагуу нэмэгдүүлсэн хүүг шаардахад талууд гэрээгээр үндсэн хүүгийн буюу 3.55 хувийн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний буюу 0.71 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар харилцан тохиролцсон байхыг шаардана.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээний талаар тохиролцсон байдал нь дээр дурдсан шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.А гээс үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 471,999.98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 369,802.62 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр 510,499.1 төгрөг, нийт 1,352,301.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 3,576,604.3 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР