Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/303

 

 

 

 

 

 

 

 

     2022            7                08                                                 2022/ШЦТ/303 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын прокурор Ц.Сонинмөнх,

Шүүгдэгч Ц.Д , түүний өмгөөлөгч Л.Мөнхдөл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ц-н Д-ид холбогдох эрүүгийн 2234001230223 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

               

           Шүүгдэгч Ц.Д  нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал 2 дугаар багийн нутаг "Хушин багана" гэх газарт өөрийн эзэмшлийн 92-56 ТӨА улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 "Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10а, 5.106. 5.11a, 5.116 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно", 11.3 "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэж заасныг зөрчиж, эсрэг урсгалаар замын хөдөлгөөнд оролцож явсан Г.А- жолоодож явсан Тоёота Приус-20 маркийн 91-38 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Н.Р-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234001230223 дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Н.Р-гийн өгсөн: “Төв аймаг Алтанбулаг сум Очирбат гэдэг айлынхаас 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хөдлөөд явж байгаад 20-21 цагийн орчим болсон явдал. Очирбат гэдэг айлынхаас хөдлөөд нөхөр бид хоёр машинтайгаа явж байсан чинь өөдөөс машины гэрэл харагдаж байсан. Нэлээн хол харагдаж байсан. Тэгээд тас гэсэн дуу гараад би гэмтэл дээр ирсэн. Манай өвгөн машин барьж явсан. Миний зүүн түнхний дунд чөмөг бяцарсан хугарсан, зүүн гуяны мах бяцарч тэр чигээрээ хөхөрсөн. Манай өвгөн архи уугаагүй байсан. Гэрээс гараад удалгүй зам тээврийн осол гарсан. Манай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн машинд хэдэн хүн явж байсныг мэдээгүй. Би одоо өрөөсөн хөлөө даахгүй явж чадахгүй байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна.

Намайг хэвтэж байхад мөргөсөн жолооч нар эргэж ирэхгүй байсан. Тухайн өдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 03-ны шөнө нөхөр Ц.Д  машин жолоодоод Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт сар шинийн баяр золголт хийж явж явсан чинь өөдөөс ирж байсан машинтай мөргөлдөж зам тээврийн осол болж миний биед хөлний дунд чөмөг, сүүжний дэлбэн яс хугарсан гэмтэл учирсан юм. Мөргөлдсөн машинаас хүмүүс бууж ирээд бага насны насанд хүрээгүй хүүхэд жолоо барьж явсан юм. Мөргөлдсөн машины марк дугаарыг мэдэхгүй байна. Надад гомдол гэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 13-15, 170-171/,

Иргэний нэхэмжлэгч А-ын өгсөн: “Манайх Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр "Таван толгой" гэх газарт оршин суудаг юм 2022 оны 02 дугаар сарын 03-ны орой 20:00 цагийн орчимд манай хүү Г.Анхтайван миний өөрийн тээврийн хэрэгсэл болох 91-38 УБЯ Улсын Дугaaртaй Тоёота пруис-20 маркийн тээврийн хэрэгслийг надаас гуйж унаад өвөө Очир-батынд очиж золголт хийгээд ирий гээд найз нарын хамтаар явсан. Тэгээд 21:00 цагийн орчимд утсаар хүү Г. Анхтайван яриад би зам тавьж өгсөн чинь өөдөөс нэг машин ирээд тэр машинтай мөргөлдөж зам тээврийн осол болсон гэсэн юм. Тэгээд түрүүлэн Г.А- аав Г  манайд ирсэн хүний машинтай явсан би дараа нь дүүгээ дуудаад араас нь осол болсон газарт очиход олон тээврийн хэрэгсэл ирсэн байдалтай байсан тэгээд цагдаагийн байгууллагаар шийдүүлье гээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Манай хүү Г.А- жолоодож яваад зам тээврийн осолд өртсөн 91-38 УБЯ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг би худалдаж авсан юм. Тэгээд би хөдөөний хаягтай болохоор нөхрийн эгчийнхэн хүүхэд Золжаргалын Баяржаргалын нэр дээр худалдаж аваад нэрээ шилжүүлж амжаагүй байсан юм. Миний эзэмшлийн 91-38 УБЯ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн байгаа хохиролд 3758000 төгрөг. Гомдол санал гэх зүйл байхгүй. Хохирлыг барагдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх 18/,

Насанд хүрээгүй гэрч О.Х ийн өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг Алтанбулаг сум Аргал 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох "Цэргийн ангийн 311-р анги болох найз Түвшинбаярынхаас А- хоёр дүүтэй нь машинтай нь явж хойд зүгт айл руу явж байсан өөдөөс 3 машин гараад ирсэн 2 машин өнгөрөөд дараагийн машинтай мөргөлдсөн. Тэр машин зам голлоод машиныхаа гэрлийг шилжүүлэхгүй байсан зам Голлоод байхаар манай найз замын хажуу өвгөр луу дарж зам чөлөөлж хурдаа багасгаж өгсөн чинь ирээд машин руу мөргөсөн нөгөө тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу бууж ирээд манай найзыг согтуу байгаа юм уу? намайг ирээд мөргөчихлөө гэсэн чинь хэлсэн мөргөсөн машины ард явсан машин ирээд манай найзын 2 дүүг аваад гэр лүү хүргэж өгсөн. Тэгээд дараа найзын аав ирээд тэнд нэлээн байж байгаад явсан. Тухайн осол болоход 20 цаг өнгөрч байсан. Найз Анхтайван жолоо барьж явсан. Би хажууд нь суусан байсан. Хоёр дүү нь ард талын суудал дээр сууж явсан. Анхтайван архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн үед найзын машиныг мөргөчхөөд бууж ирээд машин дээр ирэх дээ гуйваад согтуу байсан. Үзүүлнэ нурууны доод хэсэгт өвдөж бага зэрэг өвдөж байгаа бусдаар бол ил харагдах шарх сорви байхгүй.” гэх мэдүүлэг /хх 20-21/,

Гэрч С.Г ын өгсөн: “2022 оны 02 дугаар 03-ны өдрийн 20-21 цагийн хооронд эхнэр болох Ариунболороос сонссон хүү чинь машинтай мөргөлдсөн байна гэж хэлэхэд нь би шууд очсон хоёр хүүхэд хөлөө өргөчихсөн уйлаад сууж байсан. Анхтайван замын хажууд сууж байсан. Осол болсон газар нь очоод нөгөө хэдэн машинтай хүнтэй уулзсан мөргөлдсөн машины жолоочтой уулзсан чинь манай хүүхэд намайг мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд манай хүүхэд энэ хүн намайг мөргөсөн гээд байсан би энэ хүнд зам тавьж өгсөн гээд манай хүүхэд надаа хэлсэн Тэгээд мөргөсөн жолоочийг та согтуу байгаа юм уу гэсэн чинь би архи уугаагүй гээд хэлэхээр нь та архи уусан байна дахин дахин хэлэхэд танай хүүхэд ирээд дайрчихлаа гээд л байсан. Хүүхдүүдээ гэр лүү аваачиж өгчхөөд буцаад ирэхэд нөгөө олон машинтай хүмүүс явчихсан байсан. Тэрийг сайн мэдэхгүй байна гэрээсээ унаад гарсан явсан ээжээсээ асуусан. Тэр машин өгч явуулсан унуулсан нь бид нарын буруу. Манай эхнэрийн талын хамаатнууд байсан. Тэнд 5-н тээврийн хэрэгсэл байсан.” гэх мэдүүлэг /хх 24-25/,

Насанд хүрээгүй гэрч Г.О ын өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг Алтанбулаг сум Аргал 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох "Цэргийн ангийн 311”-р ангийн хойд талд амралт нэртэй газар өвөө болох Очирбат гэх айл руу очиж золгох гээд явсан эхний машин зөрөөд дараагийн машин зөрсөн тэгээд гадаа харанхуй байсан болохоор би сайн санахгүй байна ах машинтай мөргөлдсөн байсан. Тэгээд бид нар машинаасаа буугаад байж байтал аав ирээд бид нарыг аваад гэр лүү явсан. Ахтайгаа дүүтэйгээ ахын найзтай хамт явж байсан. Ах Анхтайван тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Мөргөлдсөн жолооч согтуу байх шиг байсан. Анхтайван нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ээжийн нэр дээр байдаг байх ахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй жолооч биш. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй одоогоор өвдөж байгаа зүйл гэвэл толгой бага зэрэг өвдөнө өөр хөл нь бага зэрэг хавдсан тэрнээс өөр зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 28/,

Гэрч С.Бадрахцэцэгийн өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10 цагаас Алтанбулаг сумаас хөдлөөд Төв аймагт 12 цагийн орчимд очоод Төв аймгаас Даваадорж гэдэг айл золгочхоод үдээс хойш 16-17 цагийн хооронд Төв аймгаас гараад Алтанбулаг сум Аргал 2 дугаар багийн нутаг Хушинга багана гэх газарт байдаг Очирбат гэх айлд очиж золголт хийчхээд өдрийн 21-22 цагийн хооронд Алтанбулаг сум руу явж байхад нэг машин манай машиныг шахаад зөрөөд 10-20 минутын дараа над руу утсаар Даваадорж ах осолд орлоо гэсэн. Тэгээд бид хоёр буцаад очиход эхнэр нь хөдөлгөөнгүй хажуу тал руугаа хагас хэвтсэн байдалтай. Даваадорж түшээд зогсож байсан. Ерөнхийдөө их зовиуртай байсан. Тухайн осол болсон газар 4-5 тээврийн хэрэгсэл 10 гаруй хүмүүс байсан. Архи бол уугаагүй байсан. Яагаад гэвэл гэрийн эзэн сүн түшсэн. Тэгээр жолооч нар өгөөгүй эхнэр лүү шахаж байсан.” гэх мэдүүлэг /хх 32-33/,

Гэрч С.Баасангийн өгсөн: “Тухайн өдөр Төв аймаг руу золголт хийчхээд “Хушинга багана” гэх газар ээжийн бага дүү болох Очирбат гэх айл руу явсан. Очиж золгочхоод Алтанбулаг сум руу гэр лүүгээ харсан цаад урд талаас цагаан өнгийн машин хажуугаар зөрсөн. Намайг бага зэрэг шахсан. Тэгээд би цааш явж байтал бид нарын хамт цуг ард явж байсан тээврийн хэрэгсэл аваарт орчихлоо гээд Төмөрлуу гэдэг хүний эхнэр хэлсэн. Тэгээд бид нар очоод юу болов яав гээд шууд Улаанбаатар хот руу Отгонбат гэдэг манай дүү машинтайгаа бэр эгч Рагчаа гэдэг хүнийг Улаанбаатар хот Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тухайн өдөр Даваадорж гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй. бид нар бөөндөө явж байсан жолоочид уугаагүй байсан.” гэх мэдүүлэг /хх 36/,

Насанд хүрээгүй гэрч Г.А- өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг Алтанбулаг сум Аргал 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох "Цэргийн ангийн 311 -р ангийн хойд талд амралт нэртэй газар өвөө болох Очирбат гэх айл руу kчиж золгох гээд аавынхаа машиныг унаад шороон замаар явж байсан чинь 2 машин хажуугаар зөрөөд 3 дахь машин замаар голлож яваад байсан тэгээд би замаа чөлөөлөөд замаасаа баруун тийш жаахан замын хажуу талын шороон руу болгосон чинь мөргөлдсөн машинаас сонин үнэр үнэртээд байхаар нь 2 дүүгээ гаргаад тийм зүйл болсон. Нэг нь 13 настай, нэг нь 8 настай. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Мөргөлдсөн тээврийн хэрэгслийн жолооч архи уусан байсан. Чи ахыгаа яагаад дайрч байгаа юм бэ гээд над руу дайрч давшлаад байсан. Манай аавын эгчийн хүүхдийн нэр дээр байдаг надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй би жолооч биш. Өвөөгийндөө очиж золгох гээд машин жолоодсон. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг би мэднэ. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй одоогоор өвдөж байгаа зүйл гэвэл цээж хүндүүрлэн, толгой зэрэг өвдөнө өөр нээх зүйлгүй байна.

Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл манай ээж А-ын эзэмшлийн машин байгаа. Би уул руу өгсөн явсан болохоор 40 орчим км цагийн хурдтай машиныг жолоодож явсан. Би тухайн үед найз О.Хандгэрэл, төрсөн дүү Г.О , дүү Г.Отгон-Эрдэнэ нарын хамтаар явж байсан. Тухайн үед зам халтиргаа гулгаа байхгүй цас байхгүй зам чөлөөтэй байсан. Би тухайн үед уулын өөд өгсөж явсан уулын уруу өөдөөс хоёр тээврийн хэрэг гурван машин ирж байгаа гэрэл гарч ирээд эхний хоёр машин миний хажуугаар зөрөөд явсан тэгтэл хамгийн ард нь явсан машин өөдөөс ирээд миний жолоодож явсан машинтай мөргөлдөж зам тээврийн осол болсон юм. Тухайн осол болох үед миний өөрийн биед миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүсийн эрүүл мэндэд гэмтэл учраагүй.” гэх мэдүүлэг /хх 45/,

Гэрч З.Баяржаргалын өгсөн: “А- нь Тоёота приус-20 маркийн 9138 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл анх худалдаж авах үед миний нэр дээр авч байсан юм. Тухайн машин бол миний миний машин биш А- эгчийн эзэмшлийн машин байгаа юм. Эвдрэлийг А- эгч өөрөө хариуцна.” гэх мэдүүлэг /хх 47/,

Шүүгдэгч Ц.Д ийн өгсөн: “Төв аймагт байдаг манай гэрт манай дүү нар ирээд сар шинийн баяраар над дээр ирж золгочхоод Төв аймгийн Алтанбулаг сум Цэргийн ангиас хойш миний ээжийн төрсөн дүү болох Цэрэв Очирбат гэдэг хүн дээр золгохоор явсан. Тэнд золгочхоод Алтанбулаг сумын төв дээр байдаг 2-3 дүү нарынхаар орчхоод явна гэж бодоод явж байтал өөдөөс гүйхээр нэг машин ирээд урд талаас мөргөөд миний машин хөндлөн харсан. Миний бие хөдөлж болдоггүй амьсгаа авч болохгүй өвдөхгүй газар байхгүй. Би машинаасаа буусан. Хажуу талд манай эхнэр сууж явсан. Эхнэр хөл сууж босож болохоо байсан. Шууд хөшсөн болсон.Тэгээд тус тусдаа машинд суугаад гэмтэл согог судлалын үндэсний төвд эмнэлэгт хүргэгдсэн. Зам тээврийн осол болсон цаг хугацаа 21 цагийн орчим байсан. 2-3 хавирга хугарсан. Би 30 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Нөгөө жолооч нь бага насны хүүхэд насанд хүрээгүй хүүхдүүд байсан.

Би тухайн осол болох үед би зам голлож явж байгаагүй өөдөөс машин ирж явааг харж байсан би тэгээд замын хажуугийн овгорыг шахаад явж байсан тэгтэл тухайн тээврийн хэрэгсэл миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгээс мөргөж зам тээврийн осол хэрэг болсон юм. Би тэгээд тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгд гэсэн тэгэхэд миний өөдөөс машин мөргөж осол хийсэн өсвөр насны хүүхэд аав ээжийгээ дуудаад аав ээж нар нь ирж ална шудна гэж хэл амаар доромжилж байгаад цагдаа дуудаад яах вэ тохиръё бид нарыг тухайн ослын газарт орхиод тухайн хүмүүс явсан юм. Тэгээд би цуг явсан хүмүүсээс Алтанбулаг сум руу цагдаад мэдэгд гээд явуулсан юм. Миний жолоодож явсан 9256 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд манай эхнэр Рагчаа зөв талын урд суудал дээр суугаад явж байсан өөр хүн байгаагүй. Би 1969 оноос хойш жолоо барьж байна осол болох үед жолоодож явсан 9256 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8 жил гаран жолоодож байгаа юм. Миний жолоодож байгаа 9256 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2021 оны 9 дүгээр сард үзлэг оношилгоонд орсон байгаа. Тухайн осол болох үед нийт миний машинтай нийлээд 5 тээврийн хэрэгсэлтэй цувраад явж байсан юм. Тухайн осол болох үед халтиргаа гулгаа байхгүй зам чөлөөтэй байсан. Тухайн осол болох үед шөнийн харанхуй болсон байсан гэрэл зургаар өдөр зураг авч хэмжилт хийсэн байсан. Би тухайн хэмжилт хийх үед Улаанбаатар хотор эхнэр Рагчаагийн хамтаар гэмтэл авч хэвтэн эмчлүүлж байсан юм би хэмжилт хийх үед байсан байсан зааж өгч хэмжилт хийлгэх байсан юм. Тухайн зам сайжруулсан хуссан зам байсан. хоёр талаараа гуу байхгүй байсан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн үед миний тээврийн хэрэгслийг мөргөсөн 9138 УБЯ улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч миний урд яваа тээврийн хэрэгслийг шахаад тэгээд миний жолоодож явсан 9256 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөв урд хэсгээс мөргөж зам тээврийн осол болсон гэж бодож байна.

Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан хэт нэг талд үйлчилж миний өөдөөс мөргөсөн тээврийн хэрэгслийг үнэмлэхгүй бага насны хүүхэд жолоодож явсан юм. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө өгсөн мэдүүлэг хэргийн талаар үнэн зөвөөр өгсөн байгаа тухайн осол болох үед шөнө нь цагдаа дуудаж хэмжилт хийлгэж газар дээр нь үзүүлэх гэсэн боловч тухайн өөдөөс мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч бага насны хүүхдийн аав ээж нар ирээд тохиролцъё цагдаа сэргийлэх гээд яах юм бэ гэж яриад эхнэр бид хоёрын эрүүл мэндэд гэмтэл учирсан байсан тул Улаанбаатар хот руу эмнэлэгт очиж хэвтсэн байхад маргааш нь өглөө буюу 2022 оны 02 дугаар сарын 04-ны өдөр цагдаа нар очиж хэмжсэн байгаа юм. Тухайн үед миний өөдөөс ирж мөргөсөн машины бага насны хүүхэд болон цуг явсан хүүхдүүд пиво уусан байсан байх машинаасаа пиво гаргаж хаясан байсан. Тухайн осол 2022 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 21 цагийн орчимд осол болсон юм тухайн шөнө нь эхнэр Н.Р- бид хоёр гэмтсэн байсан тул Улаанбаатар хот руу эмнэлэгт хэвтсэн юм тэгээд маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 04-ны өдөр 11 цагийн орчимд цагдаа нар ирж хэмжилт хийсэн ба хэмжилт хийх үед Төмөрлуу, Баасан Отгонбат нар байсан. Тухайн осол болоод би эхнэрийн хамтаар Улаанбаатар хот гэмтлийн эмнэлэгт очиж хэвтсэн явсны дараа хөдөлгөсөн гүйг мэдэхгүй байна. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний буруугаас болж осол болоогүй юм.” гэх мэдүүлэг /хх 52-53, 54-55, 115-116/

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн №36 дугаартай “1.Н.Р--н биед зүүн дунд чөмөгт ясны хугарал, зүүн гуянд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 58/,

Механик инженер Д.Энхтөгсийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №3 дугаартай шинжээчийн “5.1 Тоёота Приус-20 маркийн 91-38 УБЯ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Анхтайван Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзэв.

5.2 Тоёота Королла маркийн 92-56ТӨА дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Д  Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзэв.

5.3 Тоёота Приус-20 маркийн 91-38УБЯ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Анхтайван Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн

Гурав. Жолоочийн үүрэг

3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй);

Хоёр. Механикжсан тээврийн хэрэгслийн ангилал

2.3. "А", "В", "С", "М" ангилал болон "С1" дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг арван найм, "D" ангилал болон "D1" дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хорин нэгээс дээш насны хунд олгоно. гэсэн заалт.

Тоёота Королла маркийн 92-56ТӨА дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Д  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн

Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах

11.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а. 5.10.6. 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.

11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.

5.4 Тоёота Королла маркийн 92-56ТӨА дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Д  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэв.

5.5 уг осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэж үзэв.

5.6 Жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй бол

Гурав. Жолоочийн үүрэг

3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэв.” гэх дүгнэлт /хх 66-68/,

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн №141 дугаартай “1.Ц.Д ийн биед баруун талын 2-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 73/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №06/65 дугаартай “Монгол улсын иргэн Ц.Д ийн өмчлөлийн Королла маркийн 9256 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 2022 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 4892000 /дөрвөн сая найман зуун ерэн хоёр мянга/ төгрөг болно.” гэх дүгнэлт /хх 77/,

 “АШИД БИЛГҮҮН” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн автомашин техникийн эвдрэг, хохирлын үнэлгээний №406 дугаартай “З.Баяржаргалын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 9138 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 3758000 /гурван сая долоон зуун тавин найман мянга/ төгрөг” гэх тайлан /хх 102/,

Хэргийн газрын үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын бүдүүвч зураг/хх 4-10/, Королла маркийн 9256 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 154-156/, Тоёота Приус-20 маркийн 9138 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 157-159/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

            Дээрх гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул эрүүгийн 2234001230223 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэв. 

 

            Иймд шүүгдэгч Ц.Д ийг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүх шүүгдэгч Ц.Д ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

                                                                                                                                

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Д  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Ц.Д ид ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Ц.Д ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Р-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч А-ын Т.Prius 20 маркийн тээврийн хэрэгсэлд 3 758 000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Иргэний нэхэмжлэгч А- нь “надад учирсан хохирол гомдол байхгүй. 3 758 000 төгрөгийг нэхэмжлэхгүй эвлэрч байна” гэх хүсэлт, хохирогч Н.Р- нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ц.Д ийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн 2234001230223 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Ц-н Дийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д ид оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 2234001230223 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ