Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/291

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

             2022             7                04                      2022/ШЦТ/291                      

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранчимэг,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

   Шүүгдэгч Х.Л , түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Б овгийн Х-н Лд холбогдох эрүүгийн 2234000000284 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Х.Л  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Х.Л  нь Төв аймгийн Бүрэн сумын Булангаа багийн нутагт 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.М ыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234000000284  дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Н.М ын өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 15-ны өглөө сэрээд гэртээ саахалт айлын хүн Болдбаяртай нэг шил архи уусан. 07 цагийн орчим Л  гэх залуу өөрийн Приус20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Бүрэн сумын Булангаа багийн төв орж дэлгүүрээс Л  нэг шил архи би мөн нэг шил архи аваад Булангаа багийн урд ойрхон байдаг Мөнхөө гэх айлд очсон. Тэднийд Мөнхөө, эхнэр Урнаа хоёр байсан. Бид авч очсон архиа хувааж уусан. 19 цагийн орчим Мөнхөөгийн гэрээс гэр лүүгээ харих гээд гартал араас Л  гарч ирж байгаа харагдсан. Тэгтэл Л  миний нүүр лүү юмаар цохих шиг болсон. Би тэр үед ухаан балартаад газарт унасан.  Л  миний нүүр лүү хөлөөрөө өшиглөөд цаашаа явсан. Би арай гэж босоод явган Мөнхөөгийн саахалт айл Бэгзсүрэнгийн гэрийн ойр очиж явтал Бэгзсүрэнгийн хүү Нэргүй мотоциклтой ирээд намайг сундлаад гэр лүү хүргэж өгсөн. Би гэртээ очоод Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хүн эмнэлэг рүү залгаж хүнд зодуулсан гэж дуудлага өгсөн. Тухайн үед Л тай ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. Мөнхөөгийн гэрт архи ууж байгаад гэр лүүгээ явах гээд Мөнхөөгийн гэрээс гараад үүдэнд нь зогсож байсан чинь Л  миний нүүр лүү юугаар юм мэдэхгүй юмаар цохисон, миний ухаан балартаад газарт унасан. Ухаан ороход би газар хэвтэж байсан. Тэгтэл Л  миний нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн миний хоёр нүд хөхөрч хавдсан духан дээр язарсан гэмтэл учирсан. Тухайн үед Л  бид хоёр архи согтууруулах ундаа уусан согтуу байсан. Би бол болж байгаа үйл явдлыг мэдэх чадвартай байсан. Л  хэр согтуу байсан талаар мэдэхгүй байна. Миний эмчилгээний зардлыг Х.Л  барагдуулаагүй байгаа. Надад гомдол санал байхгүй хохирлоо бүрэн барагдуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх 5-6, 7/,

Гэрч Х.Ундрахцэцэгийн өгсөн: “2022 оны 5 дугаар сарын дундуур байсан би одоо өдрийг нь санахгүй байна намайг нөхөр хүүхэд нарын хамт Төв аймгийн Бүрэн сумын "Шар дэрс" гэх газарт байхад 13-14 цагийн хооронд төрсөн дүү Л , Маналжав, Бэгз, Болдбаяр нар архи согтууруулах ундаа уучихсан манайд ирсэн.  Би хоол цай хийж өгөөд тэд нар авчирсан архиа ууцгаагаад Л  манай гэрт гэрийн зүүн орон дээр согтоод унтаж байсан чинь Маналжав сандал дээр сууж байгаад босож ирээд унтаж байсан Л ыг гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа алгадаад тэгтэл Л  босож ирээд уурлаад Маналжавыг гэрээс гаръя гээд дагуулж гараад би араас нь гарсан чинь Л  гэрийн хажууд байсан пивор хувингаар Маналжавын нүүр тус газарт нь нэг удаа цохисон. Тэгтэл духнаас нь цус гарч байсан. Тэгээд би Л ыг боль гээд салгаад Л ыг гэр лүү оруулаад гэрээс эргээд гараад ирсэн чинь Маналжав гэрийн гадаа байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 9-10/,”

Шүүгдэгч Х.Л ын өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Маналжав ахын гэрт 6 цагийн орчим очсон чинь Маналжав ах саахалт айлын хүн Болдбаяр нар архи уугаад сууж байсан. Тэгээд би цуг архи ууж байгаад миний 47-10 УБН улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Маналжав ах Болдбаяр нарын хамт Булангаа баг дээр очоод дэлгүүрээс Маналжав гуай хоёр шил архи аваад би нэг шил архи аваад манай хүргэн Мөнхөөгийн гэрт очсон. ...Би согтоод унтсан. Тэгтэл миний нүүр лүү хүн цохих шиг болсон сэрээд хартал Маналжав ах байсан та яаж байна гээд Маналжав ахын гараас бариад цааш түлхсэн. Тэгтэл Маналжав гуай миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод гэрээс гараад явчихсан. Би араас нь гараад гэрийн гадаа байсан пивор хувингаар нүүр лүү нь нэг удаа цохсон тэгтэл хувин нь хагараад бутраад өгсөн тэгтэл Маналжав гуай цаашаа гүйгээд явчихсан. Би Н.М  гуайн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн барагдуулах болно. Хохирогч Н.М  нь хохирол мөнгө гэж надаас нэхэмжлээгүй байна би эмчилгээ хийлгэх үед гарсан зардлыг бүрэн өгнө.” гэх мэдүүлэг /хх 12-13, 27-28/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 291 дугаартай: “1.Н.М ын биед зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн, няцрал, цус хуралт, хамарт шарх,  дух, зүүн хөмсөг, хацарт, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 15-16/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Х.Л ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  нь гэм буруугийн санаатай хэлбэртэй хөнгөн ангиллын гэмт хэрэг.  

 

            Шүүгдэгч Х.Л ыг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.М ын эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газар нь пивор хувингаар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн, няцрал, цус хуралт, хамарт шарх,  дух, зүүн хөмсөг, хацарт, баруун хөмсөгт зулгаралт бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

   Шүүх шүүгдэгч Х.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Л  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Х.Л д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Х.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Хохирогч Н.М  хавтаст хэрэгт 1 334 000 төгрөгийн хохирлын баримт ирүүлсэн байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдсон,

 

хохирогч Н.М д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тариа хийлгэх мөнгө нэхэмжилнэ гэсэн боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хангах боломжгүй гэж үзэн харин гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн 2234000000238  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Х-н Лыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Хохирогч Н.М  нь гэмт хэргийн улмаас эрүүлм мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн 2234000000284  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Л  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Л д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ