Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2018/00926

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....байрлах, “Б-О” ХХК /Регистрийн дугаар:./-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: ...... байрлах, “ЭГ” ХХК /Регистрийн дугаар:  /-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9.880.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс учирсан хохиролд 12.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Б-О” ХХК-ийн захирал Ц.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Билгүүндамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “ЭГ” ХХК-ийн захирал Д.Даваасүрэнтэй 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 01 дугаартай, “Барилгын дээврийн гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээгээр “Цэцэг төв”-ийн барилгын 800 мкв дээврийн ажлыг 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд 44.700.000 төгрөгийн төсөвтэй хийж гүйцэтгэхээр тохирсон. Ажлын явцад 34.820.000 төгрөгийн санхүүжилт авсан. Ажлаа хийж дуусгаж, гүйцэтгэлээ хүлээлгэж өгсөн боловч үлдэгдэл 9.880.000 төгрөгийг өгөхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Өнгөрсөн хугацаанд “ЭГ” ХХК-ийн захирал Д.Даваасүрэнгээс үлдэгдэл мөнгөө өгөхийг шаардахад шалтаг тоочих, хэл амаар доромжилж, заналхийсээр өнөөдрийг хүрч байна. “ЭГ” ХХК-ийн захирал Д.Даваасүрэн нь үүнийг сайн мэдэж, намайг төөрөгдүүлж, хугацаа хожиж, төлбөр төлөхөөс зайлсхийх гэсэн санаа агуулж байсан байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, “ЭГ” ХХК-иас үлдэгдэл төлбөр болох 9.880.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх тус барилгын дээврийн ажлыг 55,7 сая төгрөгөөр гүйцэтгэх төсөв гарсан ч хямдруулаад 44,7 сая төгрөгөөр дээврийн ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний дагуу 800 мкв хэсгийг бүрэн хийж хүлээлгэн өгсөн. Харин барилгын хойд талын 100 мкв хэсэг нь гэрээнд заасан 800 мкв талбайд ороогүй. Нэмэлтээр үнэ төлбөргүйгээр гүйцэтгэхээр ажлын явцад тохирч гүйцэтгэсэн. Улмаар тэр хэсгийн ажлыг гүйцэтгэхээр нэгдүгээр үеийг наагаад байтал 2014 оны 8 дугаар сарын эхээр “ЭГ” ХХК-ийн захирал Д.Даваасүрэн өөрөө ажлаа зогсоо, барилгыг урагш нэг метрээр сунгана гэж зогсоосон. Биднийг дахин ажлын талбайд оруулаагүй. Хэрэв оруулсан бол бид ажлыг бүрэн дуусгах боломжтой байсан. Барилгын тухай хуулиар ажлыг хүлээн авахаас өөрөө татгалзсан тохиолдолд эрсдэл захиалагчид шилжихээр заасан байдаг. Мөн нэмэлтээр гүйцэтгэсэн ажил доголдолтой, дутуу гүйцэтгэсэн тухай асуудал нэхэмжилж байгаа хөлсөд хамааралгүй болно гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б-О” ХХК нь  нэхэмжлэлдээ гэрээний биелэлт хэрэгжээгүй явдал дан ганц манай талаас шалтгаалсан, гэрээний санхүүжилт нь зөвхөн манай талаас шалтгаалан хийгдээгүй, түүнээс болж хохирсон мэтээр тайлбарлаж улмаар өөрийгөө гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн, дээврийн засварын ажлыг чанартай хийж манай талд бүрэн хүлээлгэж өгсөн гэж ташаа мэдээлэл өгсөн байна.

Манай компани өөрийн эзэмшлийн Цэцэг төвийн барилгын дээвэрт урсгал засварын ажлыг 2014 оны 4-5 саруудад хийхээр төлөвлөж улмаар уг ажлын гүйцэтгэгч компаниар “Б-О” ХХК-ийг сонгон шалгаруулж, 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 01 тоот гэрээ байгуулсан. Гэрээгээр 800 мкв дээврийн хар цаасыг шинэчлэх, пронтонд малгай хийх, агааржуулалтын хоолойнуудын гаргалгааг гаргаж түүнд битүүмжлэл хийх, мөн бусад холбогдох аж ахуйн ажлуудыг хийж гүйцэтгэхээр, ажлын хөлс 44.700.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Гэрээнд ажлыг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл буюу 20 хоногт багтаан чанар стандартын дагуу гүйцэтгэж талууд комисс гарган ажил хүлээлцэнэ гэж заасан.

Гэвч дээврийн ажил эхэлмэгц эхнээсээ тухайн барилгын талбай дээр барилгын мэргэжлийн удирдлага байхгүй, ажилчид нь мэргэжлийн бус, стандарт норм мэдэхгүй түр ажилчид байснаас чанар муутай ажил хийж байсан. Ажлын заавар зөвөлгөө байхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, мөн хар цаасаа нааж янзлах туршлагагүй хулхи байсны улмаас аргагүйн эрхэнд өдөр бүр очиж ажлыг нь шалгаж, шаардлага тавьж заавар зөвөлгөөг өгч байсан. Гэтэл дээврийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэйгээр чадан ядан явагдаж урд хэсгийг дуусгаад байж байтал ажил нь зогсонги байдалд орсон. Түхайн үед юу болсон талаар тодруулахаар барилга дээрээ очиж Ц.Энхболд захирлаас “дээврийн ажил хэзээ дуусах вэ, хойд хэсгийн ажил яагаад эхлүүлэхгүй байгаа вэ” гэж асуутал “өө энэ хэсэг чинь гэрээнд ороогүй, энэ хэсгийн ажлыг хийхгүй орхино, хэрэв хийх бол ажлын хөлсийг нэмж өг” гэж хойд хэсгийн 100 мкв орчим талбайг зааж, байж боломгүй авир гаргасан. Цэцэг төвийн барилгын дээвэр нь бодит байдал дээр 800 мкв талбайтай ба бидний хувьд зөвхөн урд хэсгийн дээврээ засчихаад хойд хэсгийн 100 мкв орчим газрыг үлдээх ямар ч шалтгаан байхгүй. Чухам үүнээс болж маргаан үүсэж 7 хоног маргалдаж цаг алдсан. Ц.Энхболд нь 800 мкв хэмжээтэй дээврийн ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэх тухай гэрээ баталчихаад хийж байсан ажлаа зогсоож орхиж яван гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Цаг хугацаа алдсаар чанаргүй, дутуу хийгдсэн дээврээс ус гоожих, чанараа алдах зэрэг асуудлууд үүссэн. Учир нь дутуу хийгдсэн дээврийн хар цаасны битүүмжлэлийг цаг алдалгүй тэр дор нь засч янзлахгүй бол наалт нь муудах, битүүмжлэлээ алдах, наасан хар цаасны завсраар ус гүйвэл чанаргүй болдог, улмаар бүр дахин шинээр солих шаардлагатай болох гэх мэт асуудлууд гардаг. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөх талаар бид удаа дараа мэдэгдэж байсан. Манай шаардлагыг үл тоомсорлосон бөгөөд эцэст нь бид өөрсдөө дуусаагүй хэсгийг мөн чанаргүй хийгдсэн зарим хэсгийг нөхөж засварлахад нэмэлт зардал гаргаж гүйцээсэн. Гэрээнд заасан ажлыг хийж дуусгаагүй, дууссан гэх хэсгээс нь бороо орсоны дараа дусаал гоожих, дээвэр дээр их хэмжээний ус тогтох зэрэг чанарын шаардлага хангахгүй ажил хийсэн. Манайх ажлын хөлсийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр 8.940.000 төгрөг, 5 дугаар сарын 03-ны өдөр 8.940.000 төгрөг, 5 дугаар сарын 06-ны өдөр 8.940.000 төгрөг, 5 дугаар сарын 21-ний өдөр 8.000.000 төгрөг, нийт 34.820.000 төгрөг төлсөн. Хариуцагч нь гэрээний төлбөрийн 80 хувийг авч ажил гүйцэтгэлийг хагас дутуу хийсэн болоод байгуулсан гэрээгээ уландаа гишгээд хаяад явсан байж одоо манай талыг буруутай мэтээр нэхэмжлэл гаргасанд харамсаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бодит байдал дээр хохирогч тал нь манай тал бөгөөд хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлыг дутуу, чанаргүй гүйцэтгэснээс шалтгаалан манай тал нэмэлт зардал гаргасан. Дуусаагүй үлдэгдэл хэсгийг гүйцээх, мөн чанарын шаардлага хангахгүй хэсэгт нэмэлт ажлуудыг өөрсдийн хүч хөдөлмөрөөр хийж гүйцэтгэхэд зарцуулсан 12.000.000 төгрөгийг хариуцагч “Б-О” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч дээврийн ажлын 80 хувийг хийж гүйцэтгэсэн. Тэрээр манай байгууллагын удирдлагыг залилан мэхэлсэн мэтээр 2014 оны 7 дугаар сард Цагдаагийн байгууллагад өгсөн байдаг. Үүнээс болж ажлын талбайд оруулаагүй нь үнэн. Манай зүгээс гэрээнээс учирсан хохиролд 12.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Б-О” ХХК нь “ЭГ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9.880.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс учирсан хохиролд 12.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчээс хохиролд 12.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч татгалзаж байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэг талаас “Б-О” ХХК, нөгөө талаас “ЭГ” ХХК нар 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр харилцан тохиролцож, гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Захиалагчийн өмчлөлийн “Цэцэг” төвийн дээврийн ажлыг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор технологийн дагуу чанарын дээд зэрэгт хийж гүйцэтгэхээр, Захиалагч нь гэрээнд заасан шатлалаар ажлын хөлс 44.700.000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх 4/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. 

Зохигчид ажлын хөлсөд 34.820.000 төгрөг шилжүүлсэн гэдэгт маргаагүй. Харин гүйцэтгэсэн ажлын хэмжээ, чанар болон ажлыг дутуу гүйцэтгэсэн явдал хэний буруугаас үүдэлтэй талаар тус тус маргаж байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээний зүйл болох дээврийн ажлыг гэрээнд заасан хэмжээ, чанарт нийцүүлэн гүйцэтгэж Захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээх бөгөөд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-д зааснаар гэрээнд заасан хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заажээ.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.2-т “800 мкв хэмжээтэй” гэж ажлын хэмжээг тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч барилгын дээврийн хэмжээ 800 мкваас их байсан, илүү гарсан 100 мкв хэсэгт нэмэлт ажил гүйцэтгэсэн гэж, хариуцагч дээвэр бүхэлдээ 800 мкв талбайтай гэж маргав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийг шинжээчээр томилж, улмаар шинжээч тухайн барилгын дээврийн талбайн нийт хэмжээг 791.18 мкв болохыг тогтоожээ. Иймд нэмэлтээр 100 мкв талбайн хэсгийг үнэ төлбөргүйгээр гүйцэтгэхээр тохирсон, 800 мкв талбайн хувьд ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй тул нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.

Харин нэхэмжлэгч тус барилгын хойд талын 100 мкв талбай хэсгийг нэг үе хар цаасаар наах явцад 2014 оны 8 дугаар сард Цагдаагийн байгууллагад хандсан үндэслэлээр захиалагч тал ажлын талбайд нэвтрүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-т заасан ажлын байрыг гаргаж гүйцэтгэгчид шилжүүлэх үүргээ захиалагч зохих ёсоор биелүүлээгүй, ажлын талбайд нэвтрүүлээгүйгээс гүйцэтгэгч ажлыг бүрэн хийж дуусгаагүй болох нь тогтоогдож байх тул барилгын хойд хэсгийн ажлыг дутуу гүйцэтгэсэн явдалд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. Ийнхүү ажлын талбайд нэвтрүүлээгүй үеэс эхлэн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар захиалагч гэрээг цуцалсан гэж үзэх бөгөөд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор цуцалсан тухай тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн “барилгын хойд талын 100 мкв хэсгийн дээврийн ажил стандартын шаардлагад нийцээгүй” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ажлын чанарын доголдол нь захиалагчийн дээрх үйлдэлтэй шалтгаант холбоотой тул мөн нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-д нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөхөөр, хэрэв үүргийн шинж чанараас шалтгаалж биет байдлаар буцаан өгөх боломжгүй тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр заажээ. Нэхэмжлэгч гэрээнд заасан нийт ажлын 80 хувийг гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байх тул шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тооцон тохирох ажлын хөлсийг олгох нь зүйтэй гэж үзэв.

Дээрхийг нэгтгээд “ЭГ” ХХК-иас олговол зохих 35.760.000 /44.700.000 төгрөг*80%=35.760.000/ төгрөгний ажлын хөлснөөс урьд олгосон 34.820.000 төгрөгийг хасч, үлдэх 940.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан “ЭГ” ХХК-иас 940.000 /есөн зуун дөчин мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б-О” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8.940.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Б-О” ХХК-д холбогдох гэрээнээс учирсан хохиролд 12.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч “ЭГ” ХХК татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173.050 төгрөг, хариуцагчийн төлсөн 228.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 27.110 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ