Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч Б.Л********н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Т.Б**********аа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т**********ын Б**********аад холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Б**********аа нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Тэвхэн худалдааны төвийн зүүн талын уулзвар дээр 40-16 УАХ улсын дугаартай Toyota Aqua маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Л********нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б**********аа нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Тэвхэн худалдааны төвийн зүүн талын уулзвар дээр 40-16 УАХ улсын дугаартай Toyota Aqua маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Л********нгийн эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-7х),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-8х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-9-12х),

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-13-14х),

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-15-17х),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 21 дугаартай прокурорын тогтоол (хх-19-20х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-21-22х),

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-36х),

Шүүгдэгч Т.Б**********аа мөрдөн шалгах ажиллагаанд: “...  Бишрэлт Зочид буудлын зогсоол дээр байсан 40-16 УАХ улсын дугаартай хар хөх өнгийн Toyota Aqua маркийн тээврийн хэрэгсэлдээ суугаад хүүхдээ гэрээс нь аваад сургууль хүргэж өгөх гээд зогсоолоос ертөнцийн зүгээр зүүн талын уулзвараар төв зам руу эргэж байхад гэнэт л машин түг гээд дуу гарсан. Уг нь би уулзвар луу орох үедээ хоёр талаа сайн харж байсан. Тэгээд машинаасаа буугаад харахад таягтай эмээ миний машины хажууд унасан хамраас нь цус гарсан байдалтай газар хэвтэж байсан. Тэгээд би тэр эмээг шууд машиндаа суулгаад хамрын цусыг нь нойлын цаасаар тогтоож өгөөд 103 руу залгаад дуудлага өгөх гэтэл хүн чинь гаагүй бол аваад ир гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг лүү явахаас өмнө цагдаад дуудлага өгч мэдэгдээд цагдаа ирсний дараа би тэр эмээг аваад эмнэлэгт хүргэж үзүүлсэн. ... жолоо бариад 7-8 жил болж байна. ... хохиролд 9,584,457 төгрөг төлсөн. “... гэх мэдүүлэг (хх-26х),

Шүүгдэгч Т.Б**********ааг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... мэдүүлэг өгөхгүй  гэв.

Хохирогч Б.Л********нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би одоогоор юу ч санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлэгт ирсэн байсан. Зүүн гарын шуу хэсэгээр хугарсан байсан. Миний биед зүүн талын нүүрний хэсэгт яс цөмөрсөн байна гэсэн. Өмнө нь 2016 онд замын хажуу талын боржур луу унаанд баруун талын түнхээ хугалж мэс засалд орж байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо барагдуулж авсан гэв.

Иргэний хариуцагч П.Ганбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 40-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай ББСБ-ийн нэр дээр байдаг бөгөөд уг тээврийн хэрэгслийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлдэг Ганбатын Батбаатар нь уг тээврийн хэрэгслийг зээлдэг унаж явах нөхцөлтэйгөөр 12 сая төгрөгөөр 36 сарын хугацаагаар зээлсэн. Талуудын хооронд байгуулагдсан  гэрээнд зээлдэгч унаж явах нөхцөлтэй гэрээ байгуулсан тохиолдолд машиныг захиран зарцуулахаас бусад бүх эзэмших, ашиглах эрх зээлдэгчид байдаг. Мөн барьцааны гэрээний 2.8-д зээлдэгч нь барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, зам тээврийн ослын улмаас бусдад хохирол учруулсан тохиолдолд барьцаалуулагч би учирсан хохирлыг бүрэн хариуцна гэж зааж тусгайлан гарын үсэг зурсан байна. Мөн ослыг гуравдагч этгээд буюу зээлдэгчээс өөр хүн үйлдсэн байх бөгөөд гэрээнд зааснаар машиныг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх үүрэгтэй. Ийм учраас манай байгууллага хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. “... гэх мэдүүлэг (хх-34-35х),

Гэрч Г.Чимэддоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн үед намайг жижүүрт гарч байхад хүлээн авах дээр машинд мөргүүлсэн хүн байна гэхээр нь би яваад очиход нэг хөгшин туранхай эмэгтэй хүн байсан. Тэгээд би тэр эмэгтэйг үзэхэд хацар, яс болон ухархайн яс хугарсан байсан. Бас зүүн гарын шуу хэсэг нь хугарсан байхаар нь би мэс заслын тасагт шилжүүлэн хэвтүүлсэн. ...тухайн үед намайг асуухад машинд шүргүүлсэн гэсэн юм ярьж байсан. ... гэх мэдүүлэг (хх-38х),

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №1001074 дугаартай Автомашины техникийн үнэлгээний тайлан (хх-41-42х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 288 дугаартай:

1. Б.Л********нгийн биед зүүн  хацрын нум, хацар яс, зүүн гайморын хөндийн урд болон гадна хана, зүүн гарын богтос, шуу ясны хугарал, зүүн нүдний ухархайн гадна болон дотор хана, 6-р хавирганы хугарал, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, хүзүү, зүүн чих, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь модоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь хэрэг гарсан гэх 2022.05.05-д үүссэн байх боломжтой.

3. Б.Л********нгийн биед зүүн  хацрын нум, хацар яс, зүүн гайморын хөндийн урд болон гадна хана, зүүн гарын богтос, шуу ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, зүүн нүдний ухархайн гадна болон дотор хана, 6-р хавирганы хугарал, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, хүзүү, зүүн чих, зүүн шилбэнд цус хуралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.4-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт (хх-49х),

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эмчийн дүгнэлт (хх-50-51х),

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Буянжаргалын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн магадалгаа (хх-54х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 339 дугаартай:

1. Б.Л********нгийн биед нэмэлтээр зүүн гайморын ханын хугарал, зүүн нүдний хараагүйдэл бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь модоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой.

3. Б.Л********нгийн биед зүүн гайморын ханын хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.-1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр,  зүүн нүдний хараагүйдэл нь 2.2.3-д зааснаар гэмтлээс үүссэн үлдэц уршиг тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги 65 хувиар алдагдана. ...” гэх дүгнэлт (хх-62х),

Эрүүл мэндийн үзлэгийн баримтын хуулбарууд (хх-63-69х),

Хохирлын баримт (хх-97-104, 123-163х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Барчуул овогт Т**********ын Б**********аагийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-82х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлтийн лавлагаа (хх-83х), эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (хх-84х),  гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-85х), төрсний бүртгэлийн лавлагаа (хх-86х), Эрдэнэмандахын Маралын төрсний гэрчилгээний лавлагаа (хх-87х), Т**********ын Б**********аагийн жолоочийн үнэмлэхийн хуулбар (хх-88х), 40-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээний тодорхойлолтын хуулбар (хх-89х), Т**********ын Б**********аагийн жолоочийн лавлагаа, мэдээллийн лавлагаа (хх-91х), жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-92х), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-94х),  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-90х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн *********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Б**********аа нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Тэвхэн худалдааны төвийн зүүн талын уулзвар дээр 40-16 УАХ улсын дугаартай Toyota Aqua маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Л********нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Б**********аагийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-7х),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-8х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-9-12х),

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-13-14х),

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-15-17х),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 21 дугаартай прокурорын тогтоол (хх-19-20х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-21-22х), 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-36х),

Хохирогч Б.Л********нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-26х),

Иргэний хариуцагч П.Ганбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-34-35х),

Гэрч Г.Чимэддоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-38х),

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №1001074 дугаартай Автомашины техникийн үнэлгээний тайлан (хх-41-42х)

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 288 дугаартай  дүгнэлт (хх-49х),

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эмчийн дүгнэлт (хх-50-51х),

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Буянжаргалын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн магадалгаа (хх-54х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 339 дугаартай дүгнэлт (хх-62х) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б**********ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

        Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

        Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Т.Б**********аа нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, авто тээврийн төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

  Шүүгдэгч Т.Б**********аа нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд 9.584.457 төгрөг төлсөн  шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Б**********ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Л********нгийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б**********аа нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-90х)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Б**********аа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

         Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлтэд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 / зургаа/ сарын хугацаагаар тэнсэх саналыг шүүгдэгч Т.Б**********аа нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн, 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Б**********аад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, жолоочийн 1052707 тоот үнэмлэхийг Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн 40-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 21 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

*********** дугаартай  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Барчуул овогт Т**********ын Б**********ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т**********ын Б**********аад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар шүүгдэгч Т.Б**********аад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч Т.Б**********аад оногдуулсан тэнссэн харгалзах болон үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б**********аа нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Б**********аад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан үеэс тоолж эдлүүлэхийг Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж, жолоочийн 1052707 тоот үнэмлэхийг Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн 40-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 21 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч Т.Б**********аа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 9.584.457 (есөн сая таван зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун тавин долоо) төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч  Т.Б**********аад шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БЭЭЖИН