Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/226

 

 

 

 

 

 

 

 

 

    2022             5                20                                             2022/ШЦТ/226

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

Улсын яллагчаар М.Одгэрэл,

   Шүүгдэгч Т.Д , Б.Т , тэдгээрийн өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Б-н Т , Х овгийн Т Д нарт холбогдох 1907001360583 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Х овгийн Т Д, 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс торгууд, дээд боловсролтой, мэргэжилгүй, уртын дуучин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 26-р хороо Мандалл-Овоогийн 37-63 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, РД:ОК88120533.

2.Монгол Улсын иргэн, Х овгийн Б-н Т , 1964 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл ганцаараа Увс аймгийн Өндөрхаан сумын 3-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд:

Багахангай дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, РД:ОК64113010.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Д , Б.Т  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Т.Д , Б.Т  нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Б бэлчээрээс түүний өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлан нядалсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 1907001360583 дугаартай хавтаст хэрэгт авагдсан

  Хохирогч Ч.Батцэсэмийн гэрчээр өгсөн “...Өчигдөр би малаа эргээд Хаваржаан дээрээ очсон. Манай малчин н.Гэндэн 3 тооны үхэр алга болсон байна. Ойр хавиар хайгаад олдохгүй байна гэж хэлэхээр нь би үхрээ тоолсон. Хар халзан эр үхэр, ягаан халзан үнээ, ягаан халзан гуна алга болсон байсан. Хар халзан эр үхрээ 2 000 000 төгрөг, ягаан халзан үнээгээ тугаллах дөхсөн байсан болохоор 2 500 000 төгрөг, ягаан халзан гуна үхрээ 1 800 000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх 28-29/,

дахин өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр гэх газраас 3 тооны үхэр хулгайд алдсан юм. Тэгээд тухайн үхэр алга болсон газраас үхрээ хайж явж байтал Налай дүүргийн цагдаагийн хүмүүс надтай ирж уулзаад манай халтар халзан гуна, ягаан халзан үнээ, улаан гуна 3 тооны үхэр Налайх дүүргээс хүмүүс хулгайлсан байна гээд надтай уулзсан. ...Би өмнө нь 2019 оны 3 дугаар сарын дөнгөж эхээр байх Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн нутагт хээр тааралдаад л надаас зарах үхэр байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь би байгаа наймаа хийж болно гэж хэлж байсан. Тэрнээс биш яг энэ үхрийг тэдэн төгрөгөөр аваарай гэж тохиролцож, зүсэлж өгсөн асуудал байхгүй... Тийм зүйл байхгүй, миний малыг хүүхдээрээ хулгайлуулж авсан байсан...Хохирол төлбөрийг маань бүрэн барагдуулсан. Ямар нэгэн тохиролцоо хийсэн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 21-25/,

             Шүүгдэгч Б.Түмэндэмбэрлийн өгсөн: “...Өнөө өглөө манай хүүхэд хэдэн Т.Д  над руу утсаар залгаад үхэр авчираад хийчихлээ гэхээр нь наад баас шээсийг нь яасан юм бэ гэхэд одоо цэвэрлэж байна гэсэн. Тэгэхээр нь би үхэр махалсан газар махыг нь ачаад Улаанбаатар хот руу эмээлт гэх газар үхрийн махаа зарахаар явсан... н.Аагий гэх залуугийн портер машин байсан. Бүрэн нэрийг нь мэдэхгүй, Тэрэлжид гэр нь байдаг, манай хүүхэд таньдаг байх. Манай дүү н.Мянганбаяр Баянтал суманд малчин хийдэг. Тэгээд дүүгийнхээс үхэр авч ир гэж хэлж байсан. Тэгээд тэднийхээс авчирсан байх гэж бодсон. Өчигдөр өглөө Налайхад байдаг гэртээ манай хүү байгаа харагдсан. Тэгээд өчигдөр би гадуур ажилтай явж байгаад гэртээ ирэхэд байхгүй байсан. Хаачсан талаар утсаар асуух гэхэд холбогдохгүй байсан. Тэгээд өнөө өглөө над руу манай хүү утсаар залгаа ааваа үхэр хийчихлээ та ирж ачих уу гэж хэлсэн. Яг ямар ажлаар явсныг мэдэхгүй... Манай хүү Т.Д , н.Аагий гэх залуу, бас нэг танихгүй залуу байсан. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 57-58 тал/,

             Шүүгдэгч Т.Д гийн өгсөн: “...Манай аав намайг Төв аймгийн Баянжаргалан суманд амьдардаг н.Батаа гэх хүнээс 3 тооны үхэр авч ир гэж явуулсан, мөнгийг нь өгөөгүй байгаа борлуулж өгөхөөр тохиролцсон байгаа гэж хэлсэн. Тэгээд үхэрээ авахаар н.Алтангэрэл гэх портер машинтай залуутай үнэ хөлсөө тохиролцоод Баянжаргалан сум руу аваад явсан юм. Тэгээд Баянжаргалан сумын төвөөс баруун урагшаа багцаагаар 40 гаран км яваад н.Батаа гэх айлын ойролцоо очоод үхэрнүүдээ ачаад буцаад Налайх руу явсан. Тэгээд үүрээр 4 цагийн үед орж ирээд Өвөршөндөд байдаг манай найз н.Б  гэх айлын хашаанд үхэр ачсан машинаа оруулаад би жижиг машинаа унаад н.Бадралд байдаг н.Чөдрөө гэх залуугаар мал хийлгэх санаатай очиход н.Чөдрөө байхгүй байсан. Тэгэхээр нь тэднийд нэг ах хүү байхаар нь мал хийгээд өгөөч гэхэд тэр ах зөвшөөрсөн. Тэгээд би ах хүүг дагуулаад Өвөршөндөд очоод үхэр ачсан машинаа дагуулаад цайз дээр байдаг н.Билгээ гэх таньдаг ахын хашаанд оруулаад үхэрнүүдээ машинаас буулгаад нядалсан. Энэ хооронд гаднаас манай аав Б.Т  өөрийнхөө машинтайгаа орж ирээд үхэрнүүдийн махыг ачаад хот руу оруулж зарна гээд явчихсан. Утасны дугаарыг нь мэдэхгүй манай аав мэдэж байгаа. н.Алтангэрэл гэдэг хүнтэй тэрэлжид байхдаа танилцаж байсан. Хоёр улаан халзан, нэг хар халзан нийт 3 тооны үхэр байсан. н.Билгээ гэх хүнтэй хэдэн жилийн өмнө машинаа засах гээд гражыг нь ашиглаж байгаад танилцаж байсан. Малчин нь байхгүй эмнэлэгт хэвтсэн байгаа гэж байсан. Тэгээд худаг дээр мотоциклтой хүнтэй тааралдаад Ч.Батцэсэм гуйанх гэртээ байгаа юу гэж асуухад байхгүй, сумын төв явсан гэхээр нь үхэрнүүд нь хаан байгааг асуухад өдөр ус уугаад гэрээсээ хойшоо гарсан, энүүхэнд ойрхон байгаа байх гэж байсан... Цаг орой болсон байсан болохоор яараад гарал үүслийн гэрчилгээ авч чадаагүй, малын эзнийх нь дугаар холбогдохгүй байсан. Сүлжээгүй газар байсан болохоор аавтай ярьж чадаагүй. Тэгээд хэсэг явж байгаад уулын орой дээр гараад аавтай утсаар холбогдоод эзэн нь байхгүй байна, ямар үхэр байгааг асуухад улаан халзан, хар халзан үхэрнүүд байгаа гэж байсан. Би буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж, харамсаж байгаа .Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” мэдүүлэг /хх-ийн 30-31, 55-56 тал/,

  Гэрч Э.Алтангэрэлийн өгсөн: “...Өчигдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр н.Дамбаа над руу утасдаад портер болохгүй байна аа чиний портер явж байна надад юманд яваад өгөөч гэхэд нь би хаашаа явах гэж байгаа юм гэхэд урагшаа явна, чи юу ч гэсэн Налайхад хүрээд ир гэхээр нь би тухайн үед хотод явж байсан. Тэгээд Налайхад ирээд н.Дамбатай уулзахад мөнгөний хэрэг гарсан малнаасаа хэдэн мал авч ирэх хэрэг байна гэхэд нь би зөвшөөрөөд хөлсөө ярилцахад түлш хийж өгье, дээр нь 100 000 төгрөг өгье гэж тохиролцсон. Тэгээд нь н.Дамба бид хоёр урагшаа Говьсүмбэр чигтээ явж байгаад багцаагаар 3 цаг шахам явсан. Тэгээд замаасаа баруун салаад 20-иод км яваад нэг айлын гадаа очоод үхэрнүүдийг хашаанд оруулж байгаад 3 тооны үхэр барьж аваад машиндаа ачаад буцаад Налайх руу явсан. Тэр айлд нэг залуу байсан би ороогүй машин дотроо сууж байсан. Харин н.Дамба уулзчихаад гарч ирээд Налайх явсан. Машинаа оруулчихаад хэсэг зуур унтаж байтал н.Дамба гаднаас орж ирээд нэг танихгүй хүн дагуулчихсан байсан. Тэгээд би машинаа асаагаад цэргийн ангийн урд талын нэг хашаанд оруулаад үхэрнүүдээ буулгаад н.Дамба сүхээр цохиж унагаад н.Дамба дагуулж ирсэн хүнтэй хамт шулаад эхэлсэн. Энэ үед гаднаас н.Дамбын аав н.Дэвээ гэх цэнхэр өнгийн Портер машинтай орж ирээд үхэрнүүдийн махыг ачаад яваад өгсөн, ямар нэгэн юм яриагүй. н.Дамбатай Тэрэлжид анх танилцаж байсан. Өнгөрсөн жил танилцсан. Би одоо явлаа шүү гэхэд н.Дамба түр байж бай эд нарыг хогийн цэг дээр хаячих гэж байсан. Тэгээд мал нядалсан газраа цэвэрлэж байтал цагдаа нар ирсэн. Анх удаал н.Дамбатай цуг үхэр ачиж ирэхээр явсан.” гэх мэдүүлэг /хх 32-33/,

  Гэрч Ч.Зоригбаатарын өгсөн: “...Өнөө өглөө буюу 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Бадрал 10-25 тоотод байрлах дүүгийндээ унтаж байсан чинь н.Дамбадаржаа гэх залуу орж ирээд ахаа дүүдээ хоёр үхэр нядлаад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд н.Дамбадаржаагийн жижиг цагаан машинд суугаад Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын нэг гудамжинд очоод айлын гадаа ирэхэд хашаан дотор цэнхэр өнгийн портер машин дотор 3 тооны үхэр ачсан байсан. Тэгээд н.Дэвээ, машины жолооч хоёрыг сэрээгээд үхэр ачсан байсан машинаа дагуулаад цэргийн ангийн замын урд талд байдаг нэг хашааны үүдэнд очоод н.Дамбадаржаа хаалга онгойлгоод дотогшоо ороод хашааны хаалга хаасан. Тэгээд машин дээрээс үхэрнүүдээ буулгаад н.Дамбадаржаа сүхээр үхэрнүүдийг цохиж унагаагаад махалсан. Тэгээд Б.Т  нядалсан нэг үхрийн ширээ дэвсээд дээр нь махаа ачаад хашаанаас гараад явсан. Хашаа явсныг нь мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх 34-35/,

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 38-39/,

            “Эм жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 158-164/,

            Иргэний нэхэмжлэгч Д.Б гийн “...Би “.... ТӨА” улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслийг Да хүрээ техникийн захаас 2015 онд 7 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би автомашинаа аваад 6 сар унаж байгаад Б.Т  ахад унаж хэрэглүүлэхээр өгчихсөн байсан чинь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон байсан. Би дараа нь журмын хашаанд орчихсон байхад нь мэдсэн. Уг нь надаас Б.Т  ах надаас 6 000 000 төгрөгөөр авна гэж тохиролцчихсон байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 192/,

            Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4 дугаартай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 202-203/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Т , Т.Д  нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч санаагаар нэгдэж 2019 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Б бэлчээрээс түүний өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлан нядалж, улмаар 3 800 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Б.Т , Т.Д  нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтээ маргаагүй болохыг дурдав.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  шүүгдэгч Б.Т д 1 жил 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Батбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарагдаж байгаа. Ийм учраас миний үйлчлүүлэгч нарын үйлдсэн гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөхийг хүсэж,  шүүгдэгч Б.Т ийн хувьд Увс аймагт оршин суудаг учраас Увс аймагт зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлж, шүүгдэгч Т.Д гийн хувьд Өмнөговь аймагт хөдөлмөр эрхлэх тул Улаанбаатар, Өмнөговь аймгаас гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Ч.Батцэсэмд учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Шүүгдэгч нарын гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Т д 3 жил хорих ял, шүүгдэгч Т.Д д 2 жил хорих ял оногдуулж,

шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг 2019 онуудад үйлдэгдсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч тэдний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарч байх тул,

  Шүүгдэгч Б.Т , Т.Д  нарт оногдуулсан хорих ялуудыг мөн хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар

 

Шүүгдэгч Б.Т , Т.Д  нар мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Батцэсэмд учруулсан 3 800 000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогчид шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул шүүгдэгч нарт гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т , Т.Д  нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Ч.Б гийн “.... ТӨА” улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 1 740 800 төгрөгийг хувь тэнцүүлэн 870 400 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 1907001360583 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, .... ТӨА” улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Боржигон Дугарсүрэнгийн Б  /РД:НУ.../-д буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овгийн Б-н Т , Х овгийн Т Д нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т ыг 3 /гурав/ жил хорих ялаар, шүүгдэгч Т.Д г 2 /хоёр/ жил хорих  ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т  оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч Т.Д д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т д оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч Т.Д д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус мөн хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Т , Т.Д  нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг шүүгдэгч Б.Т ийг Увс аймгийн Өндөрхаан сумын 3-р багийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Т.Д г Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрээр тус тус тогтоож, шүүгдэгч нарыг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т , Т.Д  нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7.Шүүгдэгч Б.Т д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Т.Д д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т , Т.Д  нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан .... ТӨА” улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1 740 800 /нэг сая долоон зуун дөчин мянга найман зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Т ээс 870 400 /найман зуун далан мянга дөрвөн зуу/ төгрөг, шүүгдэгч Т.Д гээс 870 400 /найман зуун далан мянга дөрвөн зуу/ төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

9.Эрүүгийн 1907001360583 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хяналтын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, .... ТӨА” улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Боржигон овгийн Дугарсүрэнгийн Б  /РД:НУ.../-д буцаан олгож, шүүгдэгч Б.Т , Т.Д  нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т , Т.Д  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Т.БАТЖАРГАЛ