Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0014/Э |
Дугаар | 2022/ШЦТ/281 |
Огноо | 2022-06-27 |
Зүйл хэсэг | 12.1.2.1., 12.1.2.5., |
Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/281
2022 6 27 2022/ШЦТ/281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
Иргэдийн төлөөлөгч Г.Н ,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,
Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д-н Б д холбогдох эрүүгийн 2134001700402 дугаартай, 2 хавтаст хэргийг 2022 оны 6 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ...ТӨВ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл дотор 17 нас 5 сар 23 хоногтой эмэгтэй М.Атай хүчээр бэлгийн харьцаанд орж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2134001700402 дугаартай хэрэгт авагдсан
Шүүгдэгч Д.Б ын өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хамт ажилладаг Ганбаяр гэх найзындаа байж байгаад өдөр 13 цагийн үед гэрээс нь ганцаараа гараад ажил руугаа явахаар өөрийн ...ТӨВ дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал зам дээр нэг охин ганцаараа такси барих гээд гараа өргөөд зогсож байсан. Тэгэхээр нь би зогсоод тухайн охиныг машиндаа суулгаад хаа хүрэх вэ гэж асуухад төв орно гэж байсан. Тэгээд би танилцъя гээд нэрийг нь асуухад А гэж байсан. Тэгээд хаана юу хийдэг талаар нь асуухад Хүмүүн цогцолбор сургуульд 12 дугаар ангид сурдаг гэж байсан. Тэгээд би А охинд хандан уул руу гарч жаахан юм ярьж суух уу гэхэд А зөвшөөрч бид хоёр уул руу явсан. Тэгээд уулан дээр машинтайгаа гараад машин дотор бид хоёр жаахан юм ярьсан. А машины арын суудалд сууж байсан. Тэгээд би уулан дээр очоод машины арын суудал дээр хажууд нь суусан. Тэгээд би Агийн өмдийг тайлсан. Тэгээд А эсэргүүцэхгүй, дургүйцэхгүй байхаар нь би дээр нь гарч бэлгийн харилцаанд орсон. Тэгээд бэлгийн харилцаанд орж дуусчихаад Аг “Андууд” худалдааны төвийн хажууд буулгасан. Тэгээд би ажил руугаа явсан. Тухайн өдөр би ажилгүй амарч байсан юм зүгээр л ажил дээрээ очсон. Би тухайн өдөр зүгээр л танилцъя гэж бодоод л танилцсан. Ярьж суух гээд уул руу авч явсан. Би өмнө нь Аг огт таньдаггүй байсан. Өмнө нь уулзаж байгаагүй. Тухайн өдөр л танилцсан. Би Атай цаашид холбоотой байя гээд бодоод Агийн утасны дугаарыг авсан авахдаа би Агийн гар утсаар өөрийнхөө дугаар луу залгаж дугаарыг нь авсан. Тухайн үед А огт эсэргүүцээгүй. Орой нь над руу залгасан байсан. Намайг унтаж байхад нэг удаа залгасан байсан. Тэгээд “ахаа яагаад муриад байгаа юм бэ” гэсэн мессеж бичсэн байсан. Тэгээд би хариуд нь “би муриагүй ш дээ” гэж хариу бичсэн тэрнээс хойш холбоо бариагүй.” гэх мэдүүлэг / хх 57, 114-115/,
Хохирогч М.Агийн өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр найз Номинзулд бэлэг авах гээд 13:20 цагийн үед Төв аймгийн Баянхошуу сумын 3-р багийн Жишиг хорооллын 1-р гудамжны 08 тоотод байдаг гэрээсээ гараад Төв аймгийн Баянхошуу 3-р багийн гүүрний дэргэд явж байтал араас цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирээд хажууд зогссон. Би такси байна гэж бодоод тухайн тээврийн хэрэгсэлд суугаад Төв аймгийн Зуунмод сумын төв Нэгдсэн Эмнэлгийн баруун талын зогсоол дээр бууна гэж хэлсэн. Гэтэл тэр машин намайг баруун талын эмнэлгийн зогсоол дээр буулгахгүй шууд эмнэлгийн араар шинэ замаар яваад хойш эргээд Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн нутаг дэвсгэр лүү явдаг замаар явж байгаад Зуунмод сумын 2-р баг руу явдаг шинэ засмал замаар яваад Манзушир хийд руу явдаг шороо замаар салаад Зуунмод сумын 2-р багийн араар уул дээр очоод зогссон. Би машинаас нь буугаад би явлаа гэхэд мөрнөөс бариад за уучлаарай гэхэд нь би машинд нь эргээд суусан. Тэгээд бид хоёр эргээд гол дээр ирсэн. Приусын жолооч машинаа зогсоогоод арын сандал дээр миний хажуу талд суугаад намайг оролдоод үнсэх гэж дайраад миний өмдийг тайлах гэж оролдоод би эсэргүүцсэн. Тэр залуугаас архи үнэртэж байсан. Приусны жолооч надаас уучлалт гуйгаад миний араас тэврээд намайг налаад 2-3 минут суусан. Би явлаа гээд машинаас буух гэхэд би чамайг хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гол дээрээс хөдлөөд эхлээд очсон Төв аймгийн Зуунмод сумын 2-р дугаар багийн хойд ууланд дээр очоод зогссон. Би жолоочийн арын суудал дээр сууж байтал нөгөө залуу хоёулаа юм ярья гээд сууж байсан талаар хаалга онгойлгоод ороод ирж суугаад би Улаанбаатар хотоос Төв аймгийн Онцгой байдлын газарт аврагч хийгээд 3 жил болж байна. Би энд найз нөхөдгүй гээд ярьсан. Надаас хаана сурдаг талаар асуусан. Би Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолборт сургуулийн 11 ангийг төгссөн гэдгээ хэлсэн. Тэр залуу надад нэрээ хэлээгүй би нэрийг нь асуусан боловч надад нэрээ хэлээгүй хэсэг чимээгүй сууж байснаа миний өмдийг тайлах гэж оролдсон би өөдөөс нь эсэргүүцээд ноцолдож тэр залуугийн хүзүүг нь боож тэмцэлдсэн боловч сүүлдээ дийлэхээ болиод хүчиндүүлсэн. Би приус машинтай хүнийг танихгүй анх удаа харсан. Надад Төв аймгийн Онцгой байдлын газарт аврагч гэж танилцуулсан. Төв аймгийн Зуунмод сумын 3-р баг 9-6 тоотод оршин суудаг. Би найзтайгаа хамт найзынхаа найз охинтой 3-лаа хамт амьдардаг гэж хэлсэн нэрээ бол хэлээгүй тэр залуу миний утас машин дотор олдохгүй байна чи залгаад өгөөч гэж хэлэхэд нь би дугаарыг нь мэдэж авсан. Тэр залуу намайг аль дээрээс харж явдаг байсан гэж хэлсэн. Тэр приустэй залуу намайг арын суудал дээр хэвтүүлээд миний хоёр гарыг нийлүүлээд нэг гараараа барьж байгаад нөгөө гараа миний өмд трусик, хөхний даруулга, майк, цамцыг бүгдийг нь тайлаад хүчиндсэн. Би анх удаа бэлгийн харилцаанд орсон. Надад үерхдэг найз залуу байхгүй. Бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй. Бид хоёр бэлгийн харилцаанд орсны дараа ямар нэгэн цаас салфетикаар арчаагүй шууд хувцсаа өмссөн. Миний бэлэг эрхтнээс цустай нялцгай цайвар өнгөтэй юм гарсан байсан. Цагаан өнгийн 92-08 ТӨВ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. Сааралдуу өнгийн суудлын бүрээстэй байсан. Би ягаан өнгийн майктай гадуураа цэнхэр өнгийн товчтой цамцтай доогуураа бариу жиинсин өмдтэй сандаалтай явж байсан. Приустэй улаан өнгийн 7 номерын футболктой доогуураа хар өнгийн биеийн тамирын өмдтэй хөлдөө хагас түрийтэй бор шаргал өнгийн цахилгаантай гуталтай байсан. Би цочролд ороод хэнд хэлэхээ мэдэхгүй байж байсан. Тухайн газраас буцаж бид хоёр ирээд намайг Төв аймгийн төвд Шинэ-Оргил 2 худалдааны төвийн үүдэнд буулгаж өгсөн. Тэгээд би найз Мөнх-Ивээл гэх найзтайгаа “Хантай” гэх дэлгүүрийн урд тааралдаад дэлгүүр хэсэж байгаад гэртээ хариад найз Номинзулд хэлсэн. Манай найз Номинзул ээжид хэлээд тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Найз Номинзул, Мөнх-Ивээл гэх хоёр найздаа хэлсэн. Би хүчиндүүлсэндээ гомдолтой байна. Энэ хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх 30-31, 38-39/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Тунгалагтуулын өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 10-ны орой манай охин Агийн найз Номинзул над руу утсаар залгаад “та тайван байгаарай, би танд нэг зүйл хэлэх гэсэн юм. А сууж явсан таксиныхаа жолоочид хүчиндүүлсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд охинтойгоо гэртээ уулзаад асуухад такси бариад тухайн таксиныхаа жолоочид хүчиндүүлсэн гэж хэлсэн. Би гомдолтой байна. Хэргийг хуулийн дагуу шийдүүлэхийг хүсэж байна. Сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 43/,
Гэрч Д.Батбаярын өгсөн: “Би М.Аг 10 дугаар ангид ороход нь ангийн багшаар томилогдсон. 11Д ангийн анги удирдсан багшаар 2 жил ажиллаж байна. Би 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Агийн ээж нь над руу залгаад ийм хэрэг гарсан. Цагдаа танаас мэдүүлэг авна гэсэн шүү гэж хэлэхээр нь мэдсэн. М.А даруу төлөв даруу зантай манай ангийн тэргүүний сурагч ангийн дарга хийгээд 2 жил болж байна. Хичээл сурлагадаа сайн идэвхтэй онц сурдаг хүүхэд байгаа юм. 2020-2021 оны хичээлийн жилд "А" буюу 8 дугаар түвшин суралцаж төгссөн тэргүүний сурагч, М.Ад үерхдэг найз банди байхгүй, шулуун шударга зантай цэвэрч нямбай жаахан ааштай болохоор санаанд нь таарсан хүүхэд олддоггүй юм шиг байна лээ. Би сурагч нартай хичээлээ сайн хийж байхад бусад нь болно. Оюутан болоод зөндөө найз нөхөдтэй үерхэх цаг зөндөө гарна сурагч нартай захидаг. М.А Төв аймгийн Зуунмод сумын 3-р баг Жишиг хорооллын 1-4 тоотод Аав Моломжамц нь Төв аймгийн Эрүүл мэндийн газарт жижүүр хийдэг. Ээж Тунгалагтуул нь гэрээрээ оёдол хийдэг. Нэг дүү байдаг. Дүүг нь хэдэн настай талаар нь сайн мэдэхгүй. Агийн гэрийнхэн Ад анхаарал халамж маш сайн тавьдаг. Сурлага нь ямар байна гээд байнга ээж Тунгалагтуул нь байнга асууж байдаг. Манай ангийн тэргүүний шилдэг сурагч. М.А манай ангийн шилдэг тэргүүний сурагч хүүхдэд ийм гэмт хэргийн золиос болж хохирсонд харамсаж байна. М.А төлөв даруу зантай хүнийг өдөж хоргоогоод явах хүүхэд биш найз банди ч байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг / хх 43-44/,
Насанд хүрээгүй гэрч Б.Номинзулын өгсөн: “Би М.Аг танина. Цэцэрлэгт байхаасаа л найзалсан одоог хүртэл найзуудын харилцаатай байдаг. 2021 оны 7 дугаар сарын 10-ний өдөр А, Мөнх-Ивээл тэр хоёр 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр миний төрсөн өдрөөр бэлэг авахаар тохиролцоод А Төв аймгийн Зуунмод сумын 3-р баг Жишиг хороолол 1-4 тоотоос гэрээсээ гараад 3 дугаар багийн гүүрэн дээрээс гар өргөөд такси барьсан чинь цагаан ангийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад төвд бууна гэж хэлсэн ч нөгөө танихгүй эрэгтэй би чамаас илүү мөнгө авахгүй хаана очих юм очих газарт нь хүргээд өгнө гэж хэлээд машиндаа суулгаад явж байгаад эмнэлгийн урдуур яваад голын шинэ замаар Зуунмод сумын 2-дугаар багийн уул нь дээр машин дотроо хүчиндсэн А эсэргүүцсэн боловч дийлгээгүй гэж ярьсан. А шоконд ороод хэнд ч хэлж чадахгүй байж байгаад найз Мөнх-Ивээлтэй төвд уулзаад бүгдийг нь хэлсэн юм байна лээ. Мөнх-Ивээл надад 2021 оны орой ойролцоогоор 22 цагийн үед миний утас руу залгаад А хунд хүчиндүүлчихсэн гэнэ хэнд хэлэхээ мэдэхгүй шоконд орчихсон байна гэж хэлэхээр нь би Агийн ээж рүү утасдаж энэ талаар хэлсэн. Удалгүй Цагдаагийн байгууллагад хандсан гэж хэлсэн. А үерхдэг найз банди байхгүй. А урд нь бэлгийн харилцаанд орж байгаагүй гэж хэлдэг байсан. Бид хоёр сургууль дээр болон хаана ч байсан хамт л байж байдаг. Бид хоёрын гэр бүлүүд бид хоёрыг байнга хамт байдаг талаар бүгд мэднэ. А яг яаж хүчиндүүлсэн талаараа яриагүй маргааш нь буюу 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр би гэрт нь очоод Атай ярилцахад хэргийн талаар тодорхой ярихгүй байсан. Ярих гэхээр сонин болоод байхаар нь би сайн тодруулж асуугаагүй. Би Аг хүчиндсэн хүнийг танихгүй хэрэг болсноос хойш хэд хоногийн дараа Аг хүчиндсэн гэх залуу А бид хоёр луу найзын санал явуулсан байхаар нь fасebook-ээр нь орж хараад Онцгой байдалд ажилладаг талаар нь мэдсэн.” гэх мэдүүлэг /хх 49-50/,
Насанд хүрээгүй гэрч О.Мөнх-Ивээлийн өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 10-ний өглөө М.А буюу Ариука бид хоёр найз Номинзулд төрсөн өдрийн бэлэг авахаар Төв аймгийн Зуунмод сумын төвд хойд таксины буудлын ойролцоо уулзана гэж 14-15 цагийн хооронд уулзана гэж тохирсон. Манай найз Номинзулын төрсөн өдөр 2021 оны 7 дугаар сарын 14-ны өдөр болдог. Би гэрээсээ 15 цаг өнгөрөөд гарсан. Би өөрийгөө хоцорчихлоо гээд яараад Хаан банкны атм-ээс бэлэн мөнгө аваад М.А руу чат бичээд би гэрээсээ гараад ирлээ чи хаана байна чи ирсэн юм уу гэхэд М.А харахгүй байхаар нь би утас руу нь залгахад авахгүй байсан. Би ганцаараа Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байдаг дэлгүүрүүдээр яваад бэлэг харж байгаад М.А утсаа авахгүй болохоор нь би гэртээ хариад байж байтал миний чат руу 17:29 цагт англиар "have lost my virginity-онгон байхаа больчихлоо онгоноо алдчихлаа" гэсэн утгатай чат ирсэн. Би гайхаад юу болсон юм бэ гэхэд дараа хэлье гээд авах бэлэгнийхээ зургийг явуулаад байсан. Би авах бэлгээ хамт сонгоё гэхэд би “Хантай” гэх дэлгүүр дээр байна гэж хэлэхээр нь би "Хантай" гэх дэлгүүрийн гадаа М.Атай очиж уулзаад юу яриад байгаа юм бэ найздаа хэлчих чи өөрийнхөө хүслээр тэгсэн юм уу чи яг юу болчихвоо гэхэд нэг хэсэг чимээгүй байж байснаа болиулах гэж оролдсон боловч чадаагүй нэг мэдэхэд л ийм асуудал болоод өнгөрсөн уйлъя гэхэд уйлж чадахгүй, дуу ч гарахгүй нулимс ч гарахгүй байсан алхах гэхэд алхаж болохгүй алцайж алхаад байсан гэж хэлсэн. М.А бие даасан чанга хүнээр өрөвдүүлэх дургүй хүүхэд учраас хэргийн талаар тодорхой хэлэхгүй байсан. Би найзаасаа хэргийн талаар асуух гээд өөдөөс нь харахад би болсон зүйлийг мартах гэж хичээж байна тийм болохоор чи над руу битгий хараад бай надаас битгий их юм асуугаарай гэж хэлээд хоёулаа бэлэг авах гол зорилго биелүүлье гэж хэлсэн. Тэгээд би М.Агаас дахин юм асуугаагүй бид хоёр бэлгээ сонгочхоод би М.Ад өнөөдөр хэрэг гарсан юм чинь өнөөдөр цагдаад мэдэгдэх хэрэгтэй шүү, ээждээ хэлээрэй чиний буруу биш шүү болсон зүйлийг үнэнээр нь хэлээрэй гэж хэлээд хоёр тийшээ салсан. Би гэртээ очоод байж байгаад санаа зовоод М.Агаас чи ээждээ хэлсэн үү гэхэд арай хэлээгүй байна гэж хэлэхээр нь хурдан хэлэх хэрэгтэй шүү дээ биед чинь ямар нэгэн өөрчлөлт гарч байна уу гэхэд доошоо биеийн юм ирж байгаа юм шиг цус гарч байна гэж хэлсэн. М.А ээждээ хэлэхгүй юм шиг болохоор нь би Номинзулаас М.Агийн ээжийнхэн дугаарыг асуугаад тухайн болсон зүйлийг Номинзулд хэлсэн. Номинзул, А хоёр олон жил найзалж нөхөрлөсөн болохоор арай илүү дотно байдаг байх бас ээжийнх нь дугаар нь байдаг байх гэж бодсон. Тэгээд л Номинзул, Агийн ээж рүү хэлээд Цагдаагийн байгууллагад хандсан юм шиг байна лээ. Маргааш нь буюу 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд гэр бүлээрээ явсан. М.А надад Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг хуучин найман жилийн хойно Манзушир хийд руу явдаг замын ойролцоо уулан дээр цагаан өнгийн 92-08 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор гэж ярьсан. М.Атай төвд уулзахад тайван урьд нь байдаг байсан зангаараа л байсан. Намайг хараад уйлах энд тэнд өвдлөө гэж яриагүй орой Номинзул надаа М.А ямархуу байсан бэ гэж надаас асуухаар нь би тайван урьд нь байдаг байсан яг тэр зангаараа л байсан гэж хэлсэн. Тэгэхэд Номинзул цаадах чинь чанга хатуу хүнээр өрөвдүүлэх дургүй хүн байдгаараа л байна, чимээгүй байна гэдэг чинь өөрт нь хэцүү л байна гэсэн үг гэж хэлсэн. М.Ад найзалж нөхөрлөдөг эрэгтэй найз байхгүй байсан. Би бүр сайн тодруулж асуугаагүй. “Хантай” гэх дэлгүүрийн гадаа М.Атай уулзахад тухайн эрэгтэй хүн надад янз бүрийн юм гарах юм бол над руу залгаарай гэж хэлсэн гээд дугаараа өгсөн гэж тухайн үед хэлж байсан. Би ямар дугаар гэж тодруулж асуугаагүй. М.Аг нөгөө залуу нь Төв аймгийн Зуунмод сумын 1-р багийн нутаг урд таксины буудал дээр хүргэж өгсөн гэж М.А хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 53-54/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 3238 дугаартай дүгнэлтэд: 1.Шинжилгээнд ирүүлсэн М.Агийн хүчиндүүлэх үедээ өмсөж байсан гэх резинэн “LOVE” бичигтэй ягаан дотоож, хүчиндүүлсний дараа өмссөн гэх цэцгэн хээтэй бүдэг ягаан дотоож дээр нэг эмэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. 2.Д.Б ын гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.” гэх /хх 67/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: “1.М.Агийн биед баруун зүүн шилбэ, зүүн алганы ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.М.Агийн охин хальсанд 6, 11 цагийн түвшинд шинэ урагдал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 5.М.Агийн үтрээнээс эр бэлгийн эс илрээгүй болно. 6.М.А нь трихомонойз бэлгийн замын халдварт өвчтэй байна.” гэх /хх 75/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 358 дугаартай дүгнэлтэд: “1.Д.Б нь хурьцал үйлдэх чадвартай байна. 2.Д.Б нь БЗХӨ илрээгүй. 3.Д.Б нь 1-р бүлгийн цустай байна.” гэх /хх 86/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтогдсон гэж үзэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Хохирогч М.А нь гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 17 нас 5 сар 23 хоногтой байсан болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/, нас тоолсон тэмдэглэлээр /хх 35/ тогтоогдсон гэж үзэв.
Иргэдийн төлөөлөгч Г.Н шүүгдэгч Д.Б ыг гэм буруутай гэж дүгнэлт гаргав.
Эрүүгийн хуульд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох”,
Мөн “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох” гэж тус тус хуульчилсан.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.Б нь хохирогч М.Агийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэсэн “Хүчиндэх” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг байна.
Харин 17 нас, 5 сар, 23 хоногтой М.Аг хүчиндэж, түүнд трихомонойз өвчин халдааснаар тухайн гэмт хэргийн “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж”, мөн “хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж” гэсэн хэд хэдэн хүндрүүлэх шинжийг хангасан байна гэж үзлээ.
Тухайлбал шүүгдэгчийн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаартай “1.М.Агийн биед баруун зүүн шилбэ, зүүн алганы ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлтээр,
мөн хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн, бэлгийн замын халдварт өвчин халдаасан үйлдэл нь хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 3238 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн М.Агийн хүчиндүүлэх үедээ өмсөж байсан гэх резинэн “LOVE” бичигтэй ягаан дотоож, хүчиндүүлсний дараа өмссөн гэх цэцгэн хээтэй бүдэг ягаан дотоож дээр нэг эмэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. 2.Д.Б ын гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.” гэсэн дүгнэлтээр,
мөн хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: “4.М.Агийн охин хальсанд 6, 11 цагийн түвшинд шинэ урагдал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 6.М.А нь трихомонойз бэлгийн замын халдварт өвчтэй байна.” гэсэн дүгнэлтээр,
мөн хавтаст хэргийн 86 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 358 дугаартай “1.Д.Б нь хурьцал үйлдэх чадвартай байна.” гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгч Д.Б ыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, бэлгийн замын халдварт өвчин халдаасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Агийн охин хальсанд 6, 11 цагийн түвшинд шинэ урагдал, цус хуралт, баруун зүүн шилбэ, зүүн алганы ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон, мөн трихомонойз бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэж үзэн шүүгдэгч Д.Б ыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, бэлгийн замын халдварт өвчин халдаасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар 5 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай миний үйлчлүүлэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг байсан боловч энэ гэмт хэрэгт ял шийтгэгдсэнээс хойш эхнэр нял хүүхдээ өөрийн эх дээрээ орхиод явсан. Эх нь архины хамааралтай. Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх санал,
Шүүгдэгч Д.Б миний хувийн байдал хүнд байна, хүүхэд тархины даралттай эрүүл мэнд нь муу байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 120/, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн нутаг МСҮТ-3 Б тоотод оршин суудаг талаархи багийн засаг даргын тодорхойлолт /хх 123/, Д.Б нь Төв аймгийн Онцгой байдлын газрын Зуунмод сум дахь Гал түймэр унтраах, аврах 24-р ангид аврагч-гал сөнөөгчийн албан тушаалд ажилладаг талаархи тус газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 33/189 дугаартай албан тоо зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
шүүгдэгчид холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5-т заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү гэх саналыг дээрх үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн сэтгэл санаа хүнд байгаа тул сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэж хүссэн. Хохирлын баримт бичгийн нотлох баримтаар ирүүлээгүй.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргана. Хохирогч талаас хохирлын талаарх бичгийн нотлох баримт ирүүлээгүй байх тул гаргуулах хохирол төлбөргүй, сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцох хуулийн зохицуулалт байхгүй тул мөн хохирогч талын нэхэмжилсэн 5 сая төгрөгийг хангах боломжгүй байна. Харин гэмт хэргийн улмаас сэтгэл санаанд хохирол учирсан гэж сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл уг эмчилгээ хийлгэсэн баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.
Шүүгдэгч Д.Б нь уг гэмт хэргийг 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн өмчлөлд байсан ...ТӨВ улсын дугаартай Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд үйлдсэн байх бөгөөд уг тээврийн хэрэгслийг Б.Ц д 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зарсан болох нь шүүгдэгч болон Б.Ц нарын мэдүүлгээр тогтоогдсон. Уг тээврийн хэрэгслийг тухайн үедээ битүүмжлээгүй атлаа хяналтын прокурор 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 177 дугаартай тогтоолоор бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгийг ямар шалтгааны улмаас битүүмжилсэн нь ойлгомжгүй. Иймд хяналтын прокурорын дээрх тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2134001700402 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг дотоожийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс шүүх хуралдаан эхлэх хүртэл цагдан хоригдсон 124 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Д-н Б ыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5-т зааснаар тус бүрийг 7 /долоо/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ын цагдан хоригдсон 124 /нэг зуун хорин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн 2134001700402 дугаартай хэрэгт ...ТӨВ улсын дугаартай Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэгдсэн хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 177 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг дотоожийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн тамгын газарт даалгасугай.
6.Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Насанд хүрээгүй хохирогч М.А нь сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ю.ЭНХМАА
Ш.ГАНДАНСҮРЭН