Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2018/00819

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: ... тоотод байрлах, “А-А” ХХК /Регистрийн дугаар:./-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: .... тоотод байрлах “ОК” ХХК /Регистрийн дугаар:./-д холбогдох

            Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 285.492.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, гэрч М.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “А-А” ХХК нь “ОК” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 15 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Улмаар дахин 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 15/04 тоот ажил гүйцэтгэх тухай гэрээг байгуулж, өмнөх гэрээг хүчингүй болгосон. Уг гэрээгээр “ОК” ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах 12 давхар, 2 ширхэг орон сууцны барилга болон 4 ширхэг 3 давхар хаусны барилга, Баянзүрх дүүрэгт байрлах 9 давхар оффисын барилгуудын барилга угсралтын ажлыг 1 м.кв тутамд 104.000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын үнийн дүн 2.086.400.000 төгрөг байсан боловч уг гэрээний дагуу гүйцэтгэх Баянзүрх дүүрэгт байрлах 9 давхар оффисын барилгын ажлыг гүйцэтгээгүй, үлдэх хэсгийг бүрэн гүйцэтгэсэн.

Мөн талууд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 15/04 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ байгуулж, үүнд Нямсүлдийн гэх оффисын 3 давхар барилгын цутгалт 87.672.000 төгрөг, гадна хашааны цутгалт 12.000.000 төгрөгийн ажлыг нэмэлтээр гүйцэтгэсэн.

Дээрх ажлуудыг “А-А” ХХК нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн. “ОК” ХХК ажлын нийт хөлс 1.707.672.000 төгрөг төлөх ёстойгоос “А-А” ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 50.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 50.000.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 50.000.000 төгрөг, нийт 150.000.000 төгрөг бэлнээр, 1.307.700.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг байр, 181.000.000 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг автомашин зэргээр тус тус тооцоо хийж, нийт 1.638.700.000 төгрөг төлсөн.

 Барилгын ажил гүйцэтгэх тухай 2015 оны гэрээний төлбөр болох 1.707.672.000 төгрөгөөс “ОК” ХХК нь 1.638.700.000 төгрөг төлж, үлдэх 68.972.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Мөн талууд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохиролцож, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 11 давхар оффисын барилгын араг бүтээцийн /карказ/ ажлыг 416.520.000  төгрөгөөр  хийж гүйцэтгэхээр гэрээг байгуулсан. Ажлын хөлсөндөө гурван автомашиныг 48.000.000 төгрөгөөр, Сансарт байрлах орон сууцны зориулалттай нэг байрыг 105.000.000 төгрөгөнд тооцож авсан. Мөн бэлнээр 47.000.000 төгрөг хүлээн авсан. Уг гэрээний дагуу 200.000.000 төгрөг авч, үлдэх  216.520.000 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй байна.

Нийтдээ дээрх гэрээнүүдийн дагуу 2.124.192.000 төгрөгний ажил гүйцэтгэснээс хариуцагч 1.865.700.000 төгрөгийг төлсөн гэдэг. Уг тооцоонд “Тайгам Алтай” ХХК-д манай компанийн өмнөөс төлсөн гэх краны түрээсийн төлбөр 27.000.000 төгрөгийг хамруулсныг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан 2015 оны гэрээний 4.2-т заасан гүйцэтгэгч талын хариуцах “тоног төхөөрөмж” гэдэгт кран хамаарахгүй бөгөөд захиалагч тал өөрөө тус байгууллагатай гэрээтэйн улмаас дээрх мөнгийг төлсөн. Мөн зөвшөөрөлгүйгээр төлснөөс гадна дээрх хоёр байгууллага хоорондоо хамаарал бүхий хуулийн этгээдүүд. 

Талуудын хооронд байгуулсан 2015 оны гэрээний 2 дугаар зүйлд зааснаас үзвэл нийт ажлын хөлсний 85 хувийг бартераар, үлдэх 15 хувийг бэлнээр төлбөр тооцоог гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Харин 2016 оны гэрээний хувьд ажлын хөлснөөс 306.520.000 төгрөгийг бартераар, үлдэх хэсгийг бэлэн мөнгөөр тохиролцсон. Гэхдээ  гэрээний 4.3-т угсралтын ажил бүрэн дуусах үед ажлын хөлсийг бүрэн төлж, бартерын орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх байтал ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгснөөс хойш нэг жил хоёр сар өнгөрч байхад өнөөг хүртэл энэ үүргээ биелүүлээгүй. “ОК” ХХК нь гэрээгээ зөрчиж, өгөх ёстой мөнгөө өгөхгүй, ажлын хөлсөндөө машин техник, орон сууц өгье, авахгүй бол манайх мөнгө өгөх боломжгүй байна гэсэн санал тавьсан. Нэгэнт гэрээний үүргээ тухайн үедээ биелүүлээгүй тул одоо орон сууцыг төлбөрт тооцон авах боломжгүй. Иймд ажлын хөлсний үлдэгдлийг бэлэн мөнгөөр нэхэмжилж байгаа. Хоёр гэрээний дагуух төлсөн төлбөрийг тусад нь тооцож шилжүүлээгүй ч төлбөр төлсөн хугацаагаар нь тооцоог гаргасан. Мөн хариуцагч төлбөр тооцооны үлдэгдэлд маргаагүй тул “ОК” ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл 285.492.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай компанийн хэрэгжүүлсэн төсөл дээр “А-А” ХХК нь араг бүтээцийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчээр ажилласан. Нэхэмжлэгч талтай нийт 4 гэрээ байгуулсан байдаг. Манай зүгээс хүчээр машин, орон сууц өгсөн асуудал байхгүй юм. Нөгөө талаар нэхэмжлэгч талтай тооцоо нийлэх асуудлаар удаа дараа санал тавьсан хэдий ч албан ёсоор тооцоо нийлж эцэслэх талаар огт арга хэмжээ авагдаагүй болно.

2016 оны гэрээний 4.3-т ажлын хөлсийг олгох нөхцөл олон хэлбэрээр хийгдэхээр талууд хүсэл зоригоо илэрхийлсэн ба “Астра вилла” хотхоны барилгаас хөлсөнд өгөхөөр тохирсон тохиролцоо өнөөдрийг хүртэл хэвээр энэ хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээнээс талуудын хэн алин нь татгалзаагүй байна.

“Астра вилла” хотхон төсөл нь А, В, С гэсэн барилгуудаас бүрдэж байгаа бөгөөд гэрээний 4.3-т зааснаар Астра вилла хотхоноос өгөх орон сууцны сонголтыг талууд адил тэнцүү сонгохоор харилцан тохиролцсон. Мөн хотхоны барилга бүхэлдээ ашиглалтад орох үед ажлын хөлсөд олгогдох байрыг шилжүүлэхээр тохиролцсон.

Энэ хугацаанд нэхэмжлэгчийн сонгосон орон сууцыг хариуцагчаас ямар нэгэн саад учруулахгүйгээр эзэмших эрхийг нотолсон орон сууц захиалгын гэрээг байгуулж байсан.

 Гэрээгээр ажлын хөлсийг бэлэн бусаар төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэгчид мөнгөөр ажлын хөлс төлөх үүрэг хүлээхгүй. Бид ажлын хөлсөнд урьдчилан олгох төлбөр тооцоог хийж гүйцэтгэсэн бөгөөд одоо орон сууцаар олгох төлбөртэй холбоотой үүргээ биелүүлнэ. Манай компанийн зүгээс одоо 80 хувийн гүйцэтгэлтэй яваа 2018 оны хоёрдугаар улиралд ашиглалтанд орох “Астра Вилла” хотхоны С блок барилгаас 204 тоот 3 өрөө 71.82 мкв талбайтай 179.550.000 төгрөгний үнэ бүхий орон сууц, 1203 тоот 1 өрөө 89.712.000 төгрөгний үнэ бүхий орон сууцыг үлдэх төлбөрт тооцон шилжүүлнэ. Ингэж шилжүүлэхээр зөрүү үүсэх ч манайх зөрүүг нэхэмжлэхгүйгээр орон сууцны үнийг бүрэн төлсөнд тооцож шилжүүлнэ. Эрхийн хувьд нэхэмжлэгч ажлын хөлсөнд ноогдох орон сууцаа захиран зарцуулах бүрэн эрхтэй байгаа ба биет байдлын хувьд барилгын ажлын гүйцэтгэл хараахан дуусаагүй байна.

Нийтдээ дээрх гэрээнүүдийн дагуу 2.124.192.000 төгрөгний ажил гүйцэтгэсэн гэдэгт маргахгүй. Нэхэмжлэгчид нийт 12 ширхэг 239.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашинуудыг, мөн Баянзүрх дүүрэгт байрлах 153.000.000 төгрөгийн үнэ бүхий нэг ширхэг орон сууц, бэлнээр 47.000.000 төгрөг төлсөн. Мөн 1.307.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг орон сууц, 150.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Мөн нэхэмжлэгчийн “Тайгам Алтай” ХХК-д төлөх 27.000.000 төгрөгийг манай компани нь нэхэмжлэгчийн өмнөөс “Тайгам Алтай” ХХК-д төлсөн. Нийтдээ 1.865.700.000 төгрөгийг төлсөн.

2015 оны гэрээний 4.2-т “Гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг хариуцах”-аар заасан тул Астра Вилла хотхоны барилгын ажилд ашигласан “Тайгам алтай” ХХК-иас түрээслэсэн краны төлбөрийг хариуцах ёстой. Манай зүгээс төлбөрийг төлөхдөө гэрээ тус бүрээр ялгаж төлөөгүй ч нэхэмжлэгчийн салгаж тооцсон тооцоололд маргахгүй.  

Нэхэмжлэгч хөлсийг мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч “А-А” ХХК нь “ОК” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 285.492.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэг талаас “ОК” ХХК, нөгөө талаас “А-А” ХХК нар харилцан тохиролцож дараах гэрээнүүдийг байгуулжээ. Үүнд:1.2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Захиалагчийн 12 давхар 2 ширхэг орон сууцны барилгын арагт бүтээцийн /карказ/ ажлыг зураг төсөл, стандартын дагуу хийж гүйцэтгэхээр, Захиалагч нь нэг мкв тутамд 104.000 төгрөгөөр тооцон гэрээнд заасан хэлбэрээр хөлс төлөхөөр 15 тоот гэрээг,

2.2015 оны 6 дугаар сарын 24-ний  өдөр Гүйцэтгэгч нь Захиалагчийн барьж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 давхар 2 ширхэг орон сууцны барилга, 4 ширхэг 3 давхар хаусны барилга, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 давхар оффисын барилгуудын угсралт, цутгалтын ажлыг батлагдсан зураг төсөл, стандартын дагуу барьж гүйцэтгэхээр, Захиалагч нь ажлын хөлсөд нэг мкв тутамд 104.000 төгрөгөөр тооцон гэрээнд заасан хугацаа, хэлбэрээр нийт 2.086.400.000 төгрөг төлөхөөр 15/04 тоот гэрээг, түүнчлэн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэх хугацааг тогтоон, гадна хашааны цутгалт, оффисын барилгын суурийн болон зоорын давхрын цутгалтийг нэмж гүйцэтгэхээр нэмэлт гэрээг,

3.2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Гүйцэтгэгч нь Захиалагчийн барьж буй Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 давхар оффисын барилгын арагт бүтээцийн /карказ/ ажлыг батлагдсан зураг төсөл, стандартын дагуу барьж гүйцэтгэхээр, Захиалагч нь ажлын хөлсөд нэг мкв тутамд 104.000 төгрөгөөр тооцон гэрээнд заасан хугацаа, хэлбэрээр нийт 416.520.000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцож гэрээ байгуулжээ. /хх10-14,61-62/

Зохигчид хэн алин нь гэрээ байгуулсан, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгосон үйл баримтуудад маргаагүй бөгөөд зохигчдын хооронд дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. 

Нэхэмжлэгч гэрээний дагуу иргэн О.Одсүрэнгийн захиалгаар “ОК” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах Астра Вилла хотхоны А, Б блок 12 давхар 2 ширхэг барилга, 4 ширхэг хаусны барилга, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах 11 давхар оффисын барилга, Нямсүлдийн гэх 3 давхар барилга, хашааны цутгалт зэрэг нийт 2.124.192.000 төгрөгний угсралт, арагт бүтээцийн ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлын хөлсөд 229.000.000 төгрөгт тооцон 12 ширхэг тээврийн хэрэгсэл, 1.412.700.000 төгрөгт тооцон 6 ширхэг орон сууц, бэлнээр 197.000.000 төгрөг тус тус төлсөн гэдэгт зохигчид маргаагүй. Мөн ажлын хөлсийг төлсөн хугацаанаас хамааруулж хоёр гэрээний дагуу төлбөл зохих хөлсөд салгаж тооцсон нэхэмжлэгчийн тооцоололд хариуцагч маргаагүй тул шүүх дээрх баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. /хх 15, 63/

Харин зохигчид “Тайгам алтай” ХХК-д төлсөн 27.000.000 төгрөгийг ажлын хөлсөд тооцогдох эсэх, үлдэх хөлсийг бэлнээр эсхүл бэлэн бус хэлбэрээр төлөх талаар  маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар “А-А” ХХК, “Тайгам алтай” ХХК нар 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр харилцан тохиролцож, Түрээслүүлэгч QT2-63А маркийн нэг ширхэг краныг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр, түрээслэгч нэг сарын 6.000.000 төгрөгөөр тооцон хөлс төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан байх бөгөөд дээрх гэрээний дагуу түрээсийн зүйлийг нэхэмжлэгч нь “ОК” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу угсралтын ажил гүйцэтгэхэд ашигласан, түрээсийн төлбөрийг “Тайгам Алтай” ХХК-д төлөөгүй гэдэгт маргаагүй. Харин “Тайгам Алтай” ХХК, “ОК” ХХК хамаарал бүхий этгээдүүд, кран “тоног төхөөрөмж” гэдэг ойлголтод хамаарахгүй, дур мэдэн бусдын төлбөрийг төлсөн тул “Тайгам Алтай” ХХК-д төлсөн 27.000.000 төгрөг нэхэмжлэгч байгууллагад хамааралгүй гэж тайлбарлав.

Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны гэрээний 4.2-т “Гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай бүх тоног төхөөрөмж, ажиллах хүчээр хангах”-аар тохиролцсон байх ба гэрээний дагуу ажлыг гүйцэтгэхэд ашигласан краны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч хариуцан төлөх үүрэг хүлээхээс гадна нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс түүний нэрийн өмнөөс бусдад төлөх 27.000.000 төгрөгний өрийг төлсөн гэсэн хариуцагчийн хариу тайлбарыг шүүх буруутгах боломжгүй. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцох”-оор заасан тул хариуцагчийн төлбөл зохих ажлын хөлсөөс дээрх 27.000.000 төгрөгийг хасч тооцов.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч 2015 оны 7 дугаар сарын 24-нд, 2016 оны 4 дүгээр сарын 16, 28-нд тус тус 3 удаагийн гүйлгээгээр тус бүр 1.000.000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 21-нд 2.200.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байх ба дээрх төлбөрийг нэхэмжлэгч хүлээн авсанд маргаагүй. Нэхэмжлэгч дээрх төлбөрөөс 2.000.000 төгрөгийг хүлээн авсан тооцоонд тусгаж, үлдэх хэсгийг хамруулаагүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд ажлын хөлсөд төлсөн үлдэх 3.200.000 төгрөгийг хариуцагчийн төлбөл зохих хөлснөөс хасч тооцох нь зүйтэй. /хх 15, 63, 81-84/

Нэхэмжлэгч дээрх төлбөрийг гуравдагч этгээдэд өгөх төлбөр нэхэмжлэгчийн дансаар орсон гэж тайлбарлаж байх боловч мөн дээрх тайлбараа баримтаар нотлоогүй.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол ажлын хөлс төлөх арга, журам, хугацааг талууд өөрсдөө тогтоохоор заажээ.

Зохигчид 2015 оны гэрээгээр төлбөл зохих ажлын хөлсний 85 хувийг бэлэн бус хэлбэрээр, 15 хувийг бэлэн хэлбэрээр төлөхөөр тохиролцсон гэдэгт маргаагүй. Дээрх аргаар 2015 оны гэрээний дагуу зохигчдын хоорондох төлсөн ажлын хөлс 1.638.700.000 төгрөгийг тооцон үзвэл бэлэн хэлбэрээр 8.8 хувийг, үлдэх хэсгийг бэлэн бус хэлбэрээр төлсөн гэж үзэхээр байна.

Мөн зохигчдын хоорондох 2016 оны гэрээний 4.2, 4.3-т нийт ажлын хөлснөөс 110.000.000 төгрөгийг бэлнээр, 306.520.000 төгрөгийг бэлэн бус хэлбэрээр гүйцэтгэхээр, угсралтын ажил бүрэн дуусах үед ажлын хөлсөд олгогдох байрыг Гүйцэтгэгч талд захиалагч шилжүүлсэн байхаар тус тус тохиролцжээ.

Хариуцагч угсралтын ажил дуусах үе гэдэгт “Астра Вилла” хотхоны А,В,С блок барилгын ажил бүхэлдээ хамаарна, С блок барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан талуудын хоорондох 2015 оны гэрээгээр зохигчид “Астра Вилла” хотхоны зөвхөн А, В блок барилгын цутгалтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон, 2016 оны гэрээгээр Баянзүрх дүүрэгт байрлах оффисын барилгын арагт бүтээцийн ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар эрх зүйн харилцаанд оролцогч талууд хэн алин нь гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргийг хүлээх бөгөөд хариуцагч Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан 12 давхар оффисын барилгын арагт бүтээцийн ажлыг нэхэмжлэгч дуусган хүлээлгэн өгөх үед бэлэн бус хэлбэрээр ажлын хөлсийг бүрэн төлөх үүрэгтэй боловч дээрх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд хөлс төлөх арга журмыг тогтоосон гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч ажлын хөлсийг мөнгөөр тооцон нэхэмжилснийг шүүх буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан 11 давхар оффисын барилгын арагт бүтээцийн ажлыг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаарх баримтыг хэн алин нь баримтаар ирүүлээгүй ч нэхэмжлэгч нэг жил хоёр сарын өмнө уг ажлыг хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч нэг жилийн өмнө хүлээн авсан, улсын комисс барилгыг хүлээн аваад 4 сар болж байгаа гэж тус тус шүүх хуралдаанд тайлбарласан тул шүүх хариуцагчийг 2016 оны гэрээгээр тохиролцсон хөлс төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн болно.

Дээрхийг нэгтгээд “ОК” ХХК-иас 2015 оны гэрээний дагуу 41.972.000 төгрөг /1.707.672.000-1.638.700.000-27.000.000/, 2016 оны гэрээний дагуу 213.320.000 төгрөг /416.520.000-200.000.000-3.200.000/, нийт 255.292.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А-А” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид 1.585.410 төгрөг төлөхөөс 1.743.370 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 157.960 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов. Мөн хариуцагчаас хангагдсан хэмжээнд тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан “ОК” ХХК-иас 255.292.000 /хоёр зуун тавин таван сая хоёр зуун ерэн хоёр мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А-А” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 30.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.743.370 төгрөгнөөс илүү төлсөн 157.960 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1.434.410 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ