Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/315

 

 

 

 

 

 

 

 

 

       2022            7              22                                                2022/ШЦТ/315

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Билгүүн,

Шүүгдэгч Т.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Т-н М д холбогдох эрүүгийн 2234000000089 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Т.М  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Т.М  нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 1 дүгээр багийн нутаг “Зуун хорин дөрвийн даваа” гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр иргэн Н.А-тэй архидан согтуурч үл ялих зүйлээр шалтаглан эрх чөлөөнд нь нүүр, толгой хэсэг рүү нь гараараа цохин халдаж эрүүл мэндэд нь баруун зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, баруун ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

Энэ нь эрүүгийн 2234000000089 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Н.А-ийн өгсөн “2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манайд машинтай хоёр залуу ирээд архи гаргаж өгөөд би тэр архинаас жижиг аягаар хоёр уусан. Ц согтоод тэр хоёр залуутай явъя гээд машинд суугаад сумын төвд айлд ирээд дахиад хоёр шил архи уусан. Тэгтэл бүдүүн тарган залуу дээр гараад хоолой боогоод ална шүү гээд нүүр, толгой хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Тэгтэл М ын ээж Тунгалаг хүү Мөнхбаярын хамт машинтай ирээд бид хэдийг авч явах гээд машиндаа суулгаад хөдөлтөл М  машины урдуур орж машин зогсоогоод миний сууж явсан талын хаалгыг онгойлгоод намайг машинаас чирч буулгаад дээрээс дэвсээд өшиглөөд зодож байтал хүмүүс наадах чинь настай хүн байна гээд салгасан. Тэгээд Тунгалаг бид хэдийг гэрт хүргэж өгсөн. Би төрөлхийн хэл ярианы хөгжил муу, хөгжлийн бэрхшээлтэй 80 %-ийн группэд байдаг. Гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэх мэдүүлэг /хх 7-8/,

Гэрч Ц.Цгийн өгсөн: "2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн үед саахалт айлын залуу М , дүү Мөнхболдын хамт Мөнхбаярын эзэмшлийн цагаан өнгийн жижиг тэрэгтэй манайд ирсэн. 0,75 шил архийг А-, М , Мөнхболд нарын хамт хувааж уучхаад одоод харьж амар гэтэл дөрвүүлээ айл очоод ирье гэхээр А-ийн хамт машинд суугаад Борнуур сумын төв орж М  0,75 граммтай 1 шил архи аваад Түвшин гэх айлд очоод нөгөө архиа тавуулаа хувааж уусан. Тэгтэл М  гэнэт А-ийг сандал дээрээс татаж унагаад дээр нь гарч байгаад нүүр, толгой хэсэг рүү нь гараараа цохиод мөн нуруу хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд М  гайгүй тайвшраад бид дөрөв буцаад гэр лүүгээ явах гээд машиндаа суутал А- урд талын суудал дээр сууж байсан М ын араас цохитол М  машинаас бууж ирээд А-ийг буулгаж хаячаад яваад өгсөн. Удалгүй Тунгалаг хүү Мөнхбаяртай ирээд бид хэдийг авч гэрт хүргэж өгсөн. М  А-ийг дээр гарч байгаад нүүр, толгой хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохисон. Мөн гадаа гаргаж байгаад цээж, нуруу хэсэг рүү нь хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн." гэх мэдүүлэг /хх 11-12/,   

Шүүгдэгч Т.М ын өгсөн: "2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Ц гэдэг айлд 0,75 литрийн архи аваад очсон. Архийг Ц, А- бид нар хувааж уусан. Төв аймгийн Борнуур сумын төв орж дахин 0,75 литрийн архи авч Түвшээ гэдэг айлд бид хэд хувааж уусан. Ц, А- бид хэд архиа уугаад сууж байтал Ц нэг залуутай үнсэлцээд байхаар нь би боль гэж маргалдсан. Тэгтэл А- Цг өмөөрөөд миний дээр гарч суугаад нүүр, ам маажаад байхаар нь би нүүр лүү нь хоёр удаа алагдсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн нэхэмжилсэн 542 614 төгрөгийн хохирлоос 150 000 төгрөгийг төлсөн. Үлдэх хохирлын төлж барагдуулна. Би өөрөө уушги муутай, 90 %-ийн группэд байдаг." гэх мэдүүлэг,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 01-ны  өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Н.А-ийн биед нүүр, толгой хэсэг рүү нь гараараа цохин халдаж эрүүл мэндэд нь баруун зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, баруун ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад  нөлөөлөхгүй.” гэжээ /хх 24/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

           

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,

эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Т.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.А-ийн эрх чөлөөнд халдаж гараараа болон хөлөөрөө түүний толгой нүүр, бие хэсэгт цохиж өшиглөсний улмаас хохирогч Н.А-ийн эрүүл мэндэд "баруун зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, баруун ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт" хохирол учирсан. Энэ нь Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ны  өдрийн 74 дугаартай дүгнэлтэд "дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл." гэж дүгнэсээр тогтоогдсон.

 

Шүүгдэгч Т.М ын дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүний буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул,  

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,  хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж зааснаар,

 шүүгдэгч Т.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Т.М д улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал оруулж, 

            Шүүгдэгч улсын яллагчийн ялын саналтай холбогдуулан санал хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.М  нь урьд Төв аймгийн шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж байсан талаарх ял шийтгэлийн тэмдэглэл /хх 39/ болон таслан шийдвэрлэх тогтоолын хуулга /хх 41-43/ авагдсан. Үүнээс хойш ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй байна.

 

Шүүгдэгч ам бүл ганцаараа амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хавтаст хэрэгт ирүүлсэн 542 614 төгрөгийн хохирлоос 150 000 төгрөгийн төлж үлдэх хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч хэрхэн төлөх нь тодорхойгүй, хавтаст хэрэгт баримт ирүүлээгүй боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас 90 %-ийн группид байдаг группийн мөнгө сар болгон авдаг талаар мэдүүлсэн.

 

Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын санкцуудаас торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах боломжгүй гэж үзэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах  нь зүйтэй гэж үзэв. Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 сарын хугацаагаар оногдуулахаар шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

 

            Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд,  хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж зааснаар,

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч үүний улмаас эмнэлгээр явж шинжилгээ өгсөн болон унааны зардалд нотлох баримтаар /хх 56/ 542 614 төгрөгийн хохирол учирсан байна. Хохирогчийн дээрх гэм хорын хохирлын шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.  Энэ хохирлоос шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 150 000 төгрөгийг төлж үлдэх 392 614 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 2234000000089 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Т-н М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М д оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Шүүгдэгч Т.М д оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М аас 392 614 /гурван зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 10-р хороо 8-325 тоотод оршин суух Боржигон Намсрайн А- /РД:НГ61080860/-т олгосугай.   

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.БАТЖАРГАЛ