Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2018/00851

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, .. овогт З.Д /Регистрийн дугаар:./-ний нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ..... тоотод оршин суух, ...овогт Г.З /Регистрийн дугаар:/,

Хариуцагч: .....тоотод байрлах “М” ХХК /Регистрийн дугаар:./,

Хариуцагч: .... тоотод байрлах ТБ /Регистрийн дугаар:./ нарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Орхон, хариуцагч Г.З, хариуцагч ТБны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Х.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1 “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө” гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байхаар хуульчилж өгсөн байна. Г.Згийнх 4 ам бүлтэй. Гэтэл хариуцагч Г.З Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, бага тойруу, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаартай барилга нь ашиглалтанд орсоны Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахдаа ганц өөрийнхөө нэр дээр бүртгүүлж гэрчилгээ авсан байна. Мөн ТБнаас зээл авахдаа хамтран өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаартай барилгыг Зээлийн гэрээний үүргийг хангах хэлбэр болгож 2015 оны 0 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 23/15-21 дугаар барьцааны гэрээг “ТБ” ХХК-тай байгуулсан нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж заасныг зөрчсөн. Барьцааны гэрээг байгуулахдаа хамтран өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй хууль зөрчсөн. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж З.Д намайг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаартай барилгын хамтран өмчлөгчөөр тогтоож, ТБ ХХК болон иргэн Г.З, “М” ХХК нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 23/15-21 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв. 

Хариуцагч ТБнаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “М” ХХК нь 2008 онд “Зоос банк" ХХК-иас, 2011, 2015 онд “ТБ” XXK-иас тyc тус зээл авч өөрсдийн хэрэгжүүлж буй төслөө санхүүжүүлж байсан. 3ээлийг олгоход зээлийн судалгаа хийх, зээлийн зарцуулалтад хяналт тавих хүрээнд банк тодорхой хэмжээгээр зээлдэгчийн хөрөнгө, санхүүгийн байдалтай танилцах шаардлагатай болдог. 2008 онд Зоос банкнаас олгосон зээлийн судалгаанд ирүүлсэн зээлдэгч “М" ХХК-ийн санхүүгийн тайлан болон хөрөнгийн жагсаалтад дуусаагүй барилга нэрээр нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүсч буй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Ерөнхий сайд, Амарын гудамж, 22 дугаартай барилга бүртгэгдсэн байсан. Тухайлбал 2007 оны санхүүгийн тайланд 963.891.766,56 төгрөгөөр үнэлэгдэж “дуусаагүй барилга-М ХХК-ийн оффисын барилга” гэдэг нэрээр, 2008 оны санхүүгийн тайланд 963.891.766,56 төгрөгөөр үнэлэгдэж “М” ХХК-ийн оффисын барилга, дуусаагүй барилга нэрээр, 2009 оны санхүүгийн тайланд 1.995.293.841 төгрөгөөр үнэлэгдэж дуусаагүй барилга нэрээр тус тус бүртгэгдсэн байдаг. Үүнээс үзвэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш бөгөөд нэхэмжлэгч З.Д нь тухайн хөрөнгийг бий болгоход оролцсон, хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө” гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж заасан бөгөөд “гэр бүлийн гишүүн” гэдгийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг” хэлнэ гэж заасан. Нэхэмжлэгч З.Д нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө бий болоход хариуцагч Г.Зтой хамт амьдарч байгаагүй тул хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй байхаар заасан гэр бүлийн гишүүнд хамаарахгүй гэж үзэж байна. Мөн З.Дийг шүүхийн шийдвэрээр хамтран өмчлөгчөөр тогтоосон нь өмнө хийгдсэн хүчин төгөлдөр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үр дагаварт хүргэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч З.Дий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч ТБны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Г.Згийн төрсөн хүү тул уг барилгын хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад маргахгүй. Хэрэв хүсэлтээ өгвөл банкны зүгээс барьцаа хөрөнгөд өмчлөгч нэмж бүртгүүлэхэд татгалзахгүй. Зээл олгох үед хөрөнгө нэг хүний өмчлөлд бүртгэлтэй байсан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар бүртгэл үнэн зөвд тооцогдох тул барьцааны гэрээг байгуулах үед нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах шаардлага үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Г.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэв.

Хариуцагч “М” ХХК шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч З.Д нь ТБ, Г.З, “М” ХХК нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч Г.З нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч ТБ үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч “М” ХХК-д шүүх нэхэмжлэлийн хувийг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гардуулсан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаа болох нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Мөн өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Түүнчлэн 2018 оны 3 дугаар сарын 21-нд, 4 дүгээр сарын 04-нд товлон зарлагдсан шүүх хуралдаанд мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “шүүх хуралдаанд оролцох”, “хэргийн материалтай танилцах” эрхийг шүүхийн зүгээс хязгаарлаагүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

            Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болсон эрхийн улсын бүртгэлийн Ү-220309076 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Ерөнхий сайд амарын гудамж 22 дугаарт байрлах 5676,7 мкв талбай бүхий орон сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Гомбын Зориглонг бүртгэж 000233434 дугаарын  гэрчилгээг 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр олгожээ. /хх 9/

            Мөн нэг талаас ТБ, нөгөө талаас “М” ХХК, иргэн Г.З нар 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр харилцан тохиролцож, Банк, “М” ХХК-ийн нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг дээрх маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахаар харилцан тохиролцож, 23/15-21 тоот барьцааны гэрээг байгуулжээ. Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн гэрээ байна. /хх 10-11/

            Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна гэж, дундын өмчид гэр бүлийн гишүүний бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан бий болсон хөрөнгө дундын өмч байхаар мөн зүйлийн 126.2, 126.2.4-т заажээ.

            Нэхэмжлэгч З.Дий төрсөн эцэг нь хариуцагч Гомбын Зориглон мөн болох нь хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын  27-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд зохигчид маргааны зүйл болсон хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч З.Дийг тогтооход татгалзахгүй гэж тайлбарлаж байх тул Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Ерөнхий сайд амарын гудамж 22 дугаарт байрлах 5676,7 мкв талбай үл хөдлөх эд хөрөнгө нь эцэг Г.З, хүү З.Д нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.

            Нэхэмжлэгч Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар “гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийг захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргасан зөвшөөрлийг авна” гэсэн заалтыг зөрчиж Г.З, ТБтай барьцааны гэрээг байгуулсан үндэслэлээр дээрх барьцааны гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан “хууль зөрчсөн”, “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” гэж хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардаж байна.

 Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэх бөгөөд мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зохицуулжээ.

Хариуцагч ТБ нь маргааны зүйл болох дээрх хөрөнгөд олгосон 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 000233434 дугаар гэрчилгээг үндэслэж 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн барьцааны гэрээг байгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлд тухайн хөрөнгийг барьцаалжээ. Иймд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой барьцааны эрхийг олж авч буй хариуцагч ТБ нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдтэй барьцааны гэрээ байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

 Энэ агуулгаар үзвэл хариуцагч ТБны хувьд 2013 оны 01 дүгээр сард эрх бүхий байгууллагад “дан ганц хууль ёсны өмчлөгч”-өөр бүртгүүлсэн Г.Зтой барьцааны гэрээг байгуулах эрхтэй тул нэхэмжлэгчийн шаардлагаар уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан гэр бүлийн бусад гишүүдээс зөвшөөрөл авах тухай зохицуулалт нь улсын бүртгэл үнэн зөв байх хуулийн дээрх заалтыг үгүйсгэхгүй.

Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй. 

Шүүх хуралдааны явцад хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч ТБны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж байх боловч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүсэлт хянан шийдвэрлэсэн явдал шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.1, 92.2-т заасан зохицуулалт нь шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хөндлөнгийн байр сууринаас оролцох этгээдэд өөрийг нь үүрэгжүүлсэн зохицуулалт, зохигчдод шүүх хуралдааны аль ч үе шатанд шүүгчийг татгалзан гаргах эрх олгосон зохицуулалт биш тул уг хүсэлтийг хүсэлтийн хэмжээнд үзээгүй, хэргийг шийдвэрлэсэн болно.

Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2017/16508 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих дутуу 21.766.410 төгрөгийг хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэх хүртэлх хугацаагаар хойшлуулсан боловч нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжийн үлдэх хэсгийг төлөөгүй байх тул нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн Ү-220309076 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Ерөнхий сайд амарын гудамж 22 дугаар 5676,7 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Цагаан овогт Зориглонгийн Дөлгөөнийг /РД:ЧР88040470/ тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас ТБ, “М” ХХК, иргэн Г.З нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 23/15-21 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.000.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч нараас 70.200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 21.766.410 /хорин нэгэн сая долоон зуун жаран зургаан мянга дөрвөн зуун арван/ төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

                       

 

                                    ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ