Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уранчимэг,

  Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгчХ овгийн Б-н Б д холбогдох эрүүгийн 2234001130155 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х овгийн Б-н Б , 1990 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Зуунмод сум, 5 дугаар баг В-4-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ............ регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулсан МД зоогийн газрын караокены эд зүйлийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ устгаж гэмтээсний улмаас Э.Т т 1 673 750 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234001130155 дугаартай хэрэгт авагдсан 

           

           Хохирогч Э.Т ийн өгсөн: "2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 19 цагийн үед манай бэлтгэгч А  миний утасруу залгаад зоогийн газарт асуудал гарчихлаа та хүрээд ир гэж хэлсэн тэгээд яваад очиход 07 номерын өрөөнд байсан ширээ 100 гр шот, Пивоны стакон, микрофон эвдэрчихсэн Б гээд согтуу залуу орилоод хүн хүн рүү муудаад нэг залууг боож унагаагаад байсан. Тэгээд бас нэг ширээ авч шидэх гэж байхад нь би зургийг нь дараад болиулсан. Тухайн үеийн зурагнуудыг утсан дээрээ дарж авсан. Тэгээд цагдаад дуудлага өгнөөд цагдаа нар ирээд тухайн залууг авч гарах гэхэд өөдөөс нь эсэргүүцэл үзүүлээд надтай зууралдаж байгаад миний барьж байсан гар утсыг шалан дээр унагаагаад дэлгэцийг нь хагалчихсан. Тэгээд би утсаа асчих байх гэж бодоод өмнө өгсөн мэдүүлэг дээрээ болон үнэлгээнд утсаа оруулаагүй байсан юм. Би 2021 оны 03 дугаар сард 1 сая орчим төгрөгөөр худалдаж авч байсан одоо үнийг нь мартчихсан байна. Одоо дэлгэц нь хагарчихсан. Намайг бичлэг хийгээд байж байтал өмнөөс дайраад унагаачихсан юм. Би гомдолтой байна хохирлоо барагдуулж авмаар байна мөн ажиллагаагүй болсон утсаа үнэлгээний байгууллагаар үнэлүүлж хохирлыг нэхэмжлэх хүсэлтэй байна ...Б 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1.483.780 төгрөгийг хүлээлгэн өгсөн байгаа надад одоо гомдол санал алга байна” гэх мэдүүлэг /хх 13, 14/,

            Гэрч Б.Г ийн өгсөн: “Би МД караокед орой 17 цагийн орчим найз Бат-Энхийн хамт ороод том зааланд сууж байтал Бат-Энхтэй нэг залуу уулзсан. Тэгээд намайг гараад тамхи татчихаад ороод ирэхэд Бат-Энх нь надад хандан Б гээд дүү караокед хоёуланг нь дуудаад байна гэж хэлсэн тэгээд тухайн өрөө лүү орохоор болоход дотор нь тухайн залуу нэг эмэгтэй хүнтэй цуг байсан тэгээд дуулж хуурч сууж байтал тухайн залуу гэв гэнэт л тухайн эмэгтэйтэйгээ хэсэг муудаад тэгээд Б бид хоёр гар барилдахаар болоод хэсэг гар барилдсан тэгээд Б гээд залуу нь овлигогүй зан гаргаад байхаар нь би түрүүлээд гараад ирчихсэн юм.” гэх мэдүүлэг /хх 18/,

            Гэрч Г.А ын өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажил дээр хоол хийх гээд байж байгаад 17 цагийн үед нэг үл таних хүн бусад өрөөний хаалга татаад байхаар нь шагайгаад байж болохгүй гэтэл за уучлаарай гээд өөрийнхөө өрөө рүү орсон. Тэгээд би буцаад гал тогоондоо очоод хоолоо хийж байгаад Манай зөөгч охи анай болохоо байлаа 7-р өрөөнд орсон хүмүүс зодолдоод уналаа гэхээр нь би очоод та яагаад байгаа юм бэ өрөөндөө ороод зүгээр суугаачээ гэтэл чи дуугүй бай тэр цагдаануудаа дууд манай ах Төв аймагт том хүн наад цагдаанууд чинь надад үйлчлэхгүй гэж хэлээд над руу салаавч гаргасан. Тэгээд орилж чарлаад намайг зодох гээд дайрч байтал хажуу өрөөнд үйлчлүүлж байсан нэг өндөр залуу гарч ирээд намагай хамгаалтал нөгөө залуу та нар яг яах гээд байгаа юм. Намайг дээрлэхгүй шүү гэж орилоод ширээ аваад хөмөртөл ширээ хагарч дээр нь байсан хамар аяга таваг хагалсан. Тэгээд намайг зодох гээд гараа зангидаад дайраад байхаар нь би айгаад тэндээс холдоод Анука руу залгаад ээжийгээ дуудаарай энд бүр болохоо байлаа гэтэл Туяа орж ирээд чи чинь одоо өрөөндөө аятайхан суухгүй яагаад ингэж хамар юм эвдэж байгаа юм гээд дайраад давшлаад байхаар нь би зайгаа бариад холдоод байж байтал цагдаа орж ирээд аваад гарсан. Гарахдаа цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй гар хуруугаа татаж чангааж явахгүй гэж чарлаж байхдаа гадаах хаалганы шил хагалаад өгсөн.” гэх мэдүүлэг /хх 15/,

            Гэрч Т.Анужины өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 10 цаг өнгөрч байх үед би ганцаараа гэртээ уйдаад байхаар нь ээжийн ажил дээр очиж жоохон сууж хоол идэх санаатай сууж байсан. Тэгээд ээжийн ажлыг хараад тогооч эгчээр янз янзын хоол хийлгээд байж байтал нэг үл таних хүн 7 дугаар өрөөнд ороод суусан. Тэгэхээр нь би нээх тоолгүй ээж дээр байж байгаад гадуур гарч чипс аваад найз Номинтой уулзаж байгаад буцаад ээжийн ажил дээр 16 цагийн үед очоод текний ард сууж байтал нөгөө 7 дугаар өрөөнд орсон ах нилээд согтуу өрөө өрөөгөөр хэсээд явж байсан. Тэгэхээр нь би ээж байхгүй байхаар нь тогооч эгч Оюунгэрэлд нэг хүн өрөө өрөө хэсээд хүн уурлуулаад байх шиг байна та очиж уулздаа гэтэл эгч очоод уулзчаад буцаад ирсэн. Тэгээд би ээжийг хүлээнгээ Оюунгэрэл эгчтэй юм яриад сууж байтал эгч хоол хийх гэж буцаад ортол 7-р өрөөний тэндээс хүний чанга дуу гарахаар нь дахиад эгчийг дуудтал эгч бөөн хэрүүл болж нөгөө танихгүй ах маш чанга дуу гаргаж орилхоор нь ээж цагдаа дуудсан. Тэгээд нээх удалгүй цагдаа орж ирээд нөгөө ахыг аваад гарах гэтэл нөгөө ах цагдаа нар луу орилж би явахгүй яахаар явдаг юм гэж орилж цагдаагийн хувцаснаас зуураад татаж чангааж байгаад гарахдаа үүний хаалганы шилийг хагалсан.” гэх мэдүүлэг /хх 20/,

            Гэрч Б.Соёлмандахын өгсөн: “Тухайн өдөр манай ангийн найз болох Б намайг МД гэх зоогийн газар байна хүрээд ирээч гээд дуудаад байхаар нь ажлаа амжуулаад өдөр 15 цагийн үед очсон чинь нэлээн халамцуу 3-4 шил пиво ганцаараа уусан байсан. Тэгээд би хоол идээд сууж байсан чинь гаднаас Бат-Энх нэг үл таних ахын хамт орж ирээд хэсэг юм ярьж сууж байгаад хоорондоо маргалдах гээд байх шиг байхаар нь би тэд нарыг орхиод гараад явсан. Би тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 79/,

           Шүүгдэгч Б.Б-н  өгсөн: "Би 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд хотоос ажлаа тараад 11 цагийн үед ирсэн. Тэгээд би Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр баг МД хоолны газарт хоол идэх гээд 12 цагийн үед хөдөө явахаасаа өмнө орсон тэгээд 06 номерын караокед орж хоол захиалж идэнгээ шилтэй гурав, дөрвөн пиво ганцаараа уусан. Тэгээд ангийн хүүхэд Соёлмандахын дуудаад ганцаараа 13 цагийн орчим ирээд хамтдаа хоол ундаа уугаад суусан. Тэгээд би захиалга өгөх гээд өрөөнөөс гарахад манай ахын найз Бат-Энх, Г  гээд залуучууд зааланд нь виски уугаад сууж байсан. Тэгээд намайг дуудаад ойрд уулзаагүй таараагүй юм байна чамайг дайлмаар байна гэж хэлсэн тэгэхээр би хүнтэй явж байна гээд татгалзаад 06 номерийн өрөөндөө ороод Соёлмандахтай цуг байж байтал гаднаас Бат-Энх, Г  хоёр виски барьчихсан орж ирсэн. Тэгээд өрөөндөө хамтдаа суугаад хэсэг байж байгаад Бат-Энх ах намайг Г  ахтай гар барилдуулсан тэгж байгаад би ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд цааш нь юу болсон талаар ерөөсөө мэдэхгүй байгаа юм бид толгойны эм уудаг архи уухаараа татаад уначихдаг юм. Тэгээд нэг мэдсэн цагдаагийн газар дээр ирчихсэн байсан. Би өөрийнхөө үйлдлийг сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн цагдаагийн газар дээр ирчихсэн. Эхлээд хаалганы шил 150 000 төгрөг өгөөд дараа нь 1 483 000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хх 22, 88-89/,  

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “Монгол улсын иргэн Э.Т ийн өмчлөлийн 5 төрлийн хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 1 483 750 /нэг сая дөрвөн зуун наян гурван мянга долоон зуун тавь/ төгрөг болно” гэх дүгнэлт /хх 27-36/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-н 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “Монгол улсын иргэн Э.Т ийн өмчлөлийн Самсунг-А51 маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 190000/нэг зуун ерэн мянга/ төгрөг болно” гэх дүгнэлт /хх 47-54/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 8-10, 71-75/  зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч Б.Б-г  гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг  бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

   Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б.Бд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 600 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

 Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Хохирогч Э.Т  нь хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн 2234001130155 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овгийн Б-н Бийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 2234001130155 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ