| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0125/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 55
Д.Д-д холбогдох,
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2019/0125/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор А.Оргилбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ
Хохирогч Ц.Л-
Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг
Иргэний нэхэмжлэгч Б.Э-
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолтой, Д-гийн Д-д холбогдох, 1918000000113 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ц.Л-, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 01 дүгээр 25-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Т380121573 регистрийн дугаартай Б- овогт Д-гийн Д-.
Шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 19.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “МБМ” зочид буудлын урд талын төв засмал зам дээр “Тоёота приус-20” маркийн 55-65 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1.т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч Ц.Л-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Б- овогт Д-гийн Д-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Д.Д-д 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 7 /долоон/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүгдэгч Д.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.т зааснаар шүүгдэгч Д.Д-аас эмчилгээний зардалд 302.189 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1.600.000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 150.000 төгрөг, нийт 2.052.189 төгрөгийг гаргуулж хохирогч Ц-гийн Л-д /РД:**********/, ажилгүй байсан хугацааны цалин 765.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б-ын Э-д /РД:**********/ тус тус олгож, эмчилгээний зардалтай холбогдолгүй 488.274 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7.т зааснаар хэрэгт баримтгүйгээр нэхэмжилсэн эмчилгээний зардал 769.850 төгрөг, ирээдүйд хамрын амьсгал чөлөөлөх мэс засал хийлгэх төлбөр 4.800.000 төгрөг, орон сууцны зээлийн төлбөр болон бусад төлбөрөө төлөх зорилгоор компаниасаа авсан зээл 865.000 төгрөг, нийт 6.434.850 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.Л- нь хэлэлцэхгүй орхисон болон тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч Д.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Ц.Л-, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нар давж заалдах гомдолдоо:
...Шүүгдэгч Д.Д- нь эрхэлсэн ажилгүй, орлогогүй, хохирлыг бүрэн төлж дуусаагүй байхад анхан шатны шүүх түүнд 700.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь тохироогүй гэж үзэж байна. Хохирогч Ц.Л- нь ослын улмаас хамраараа амьсгалж чадахгүй, амаараа амьсгалдаг болсон бөгөөд яаралтай хамрын амьсгал чөлөөлөх мэс засалд орох шаардлагатай, мөн орон сууцны зээлийн төлбөр болох 865.000 төгрөгийг бусдаас зээлсэн зэрэг хор уршиг учруулсан тул анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон 6.434.850 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулах хүсэлттэй байна ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ц.Л- тайлбартаа:
Хохирлыг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ц.Л-гийн өмгөөлөгч Д.Оюунчимэг тайлбартаа:
Анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон 6.434.850 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Б.Э- тайлбартаа:
Байхгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ тайлбартаа:
Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтдээ:
Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогч Ц.Л-, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан бүхэлд нь хянаж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Д-ыг 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 19.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “МБМ” зочид буудлын урд талын төв засмал зам дээр “Тоёота приус-20” маркийн 55-65 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1.т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч Ц.Л-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Д.Д-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 7 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Д.Д-аас эмчилгээний зардалд 302.189 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1.600.000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 150.000 төгрөг, нийт 2.052.189 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Л-д, ажилгүй байсан хугацааны цалин 765.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Э-д тус тус олгох, эмчилгээний зардалтай холбогдолгүй 488.274 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт баримтгүйгээр нэхэмжилсэн эмчилгээний зардал 769.850 төгрөг, ирээдүйд хамрын амьсгал чөлөөлөх мэс засал хийлгэх төлбөр 4.800.000 төгрөг, орон сууцны зээлийн төлбөр болон бусад төлбөрөө төлөх зорилгоор компаниасаа авсан зээл 865.000 төгрөг, нийт 6.434.850 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.Л- нь хэлэлцэхгүй орхисон болон тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д-ын гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Ослын дүгнэлт, ослын улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тодорхойлсон Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.02.28-ны өдрийн 202 дугаар дүгнэлт, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан авто техникийн шинжээчийн 2019.02.27-ны өдрийн 011 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн өөрийнх нь болон хохирогч Ц.Л-, иргэний нэхэмжлэгч Б.Э- нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх энэ гэмт хэргийн улмаас хохирогч болон иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн үндэслэлтэй, зөв тооцоо дүгнэлтийг хийж, хохирлыг тооцсон, хохирогч нь энэ ослын улмаас эрүүл мэнд, эмчилгээтэй холбогдон гарсан, цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо зааж шийдвэрлэсэн, шүүхээс шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан байх тул хохирогч Ц.Л-, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын ...Шүүгдэгч Д.Д-д торгох ял оногдуулсан нь тохироогүй, хохирогч нь ослын улмаас хамраараа амьсгалж чадахгүй, амаараа амьсгалдаг болсон бөгөөд яаралтай хамрын амьсгал чөлөөлөх мэс засалд орох шаардлагатай, орон сууцны зээлийн төлбөр болох 865.000 төгрөгийг бусдаас зээлсэн зэрэг хор уршиг учруулсан тул анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон 6.434.850 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулах хүсэлтэй... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтууд, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг бүгдийг бичсэн атлаа дахин гэм буруугийн талаар гээд бүгдийг дахин давтан хуулж хэт нуршуу бичих шаардлагагүй бөгөөд хэрэгт авагдсан аль нотлох баримт, хэний мэдүүлгийн аль хэсэг нь шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүйтэй хэрхэн холбогдоод байгааг, хэргийн талаар нотлогдсон эсэх, ямар нотлох баримтаар үгүйсгэгдсэн эсэх, мөн хэрэгт авагдсан нотлох баримт нь хуулийн шаардлага хангасан эсэх, нотлох баримтууд зөрүүтэй эсэх, аль нотлох баримтыг үнэлж, эсхүл үнэлэхгүй байгаа үндэслэлээ тодорхой зааж хууль зүйн дүгнэлт өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэмт үйлдэл болон нотлох баримтын талаар харилцан уялдаатай, хэн ч уншсан ойлгомжтой, эргэлзээгүй дүгнэлт хийж, тогтоол, захирамжийг хэлбэр, агуулгын хувьд хуульд нийцүүлэн боловсруулахад анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 11-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Л-, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
Ц.АМАРЖАРГАЛ