Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0200/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа Шүүгдэгч Э.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт Харагчин овогт Элдэв-Очирын Батаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000500 тоот дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1970 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, арьс ширний боловсруулагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсгийн 3-54 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харагчин овогт Элдэв-Очирын Батаа РД:ТИ70011291 Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Батаа нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр Хабитат явах замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/а/-д заасан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчин согтуугаар Соната-6 маркийн 26- 40 ДАР улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөнөөс И.Чулуунбатын жолоодон явсан Соната-6 маркийн 92-45 ДАХ улсын дугаартай автомашиныг мөргөж “Хос капитал” ХХК-ийн эзэмшлийн Соната-6 маркийн 92-45 ДАХ улсын дугаартай автомашинд нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан байх ба ослын дараа Замын хөдөлгөөний дүрмийн 2.5/а/-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх үүрэг хүлээнэ” гэснийг, 2.5/б/-д заасан “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх үүрэг хүлээнэ” гэснийг, 2.5/в/-д заасан “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ” гэснийг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Э.Батаагийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн үед би ажил руугаа явах гээд гэрээсээ гарсан. Гэтэл миний машины гэрэл муудсан байсан болохоор би Ганзориг гээд найзындаа очсон. Ганзориг гэдэг найзынхаа гэрт очоод Ганзориг, түүний эхнэр Отгонтой бид гурав 0.75 литрийн Улаанбаатар нэртэй 1 шил архи хувааж уусан. Тэгээд би гэр рүүгээ харих гээд явж байсан чинь улаан худгийн харалдаа 4 хүн зогсож байхаар нь би тэр хүмүүсийг аваад “Олон улсын худалдааны төв” хүргэж өгөөд эргээд явж байсан чинь зам дээр нэг эмэгтэй байхаар нь аваад цаашаа явж байсан. Гэтэл зам дээр явж байсан Чулуунбатын машиныг мөргөсөн. Тэгээд айсандаа сандраад цаашаа явсан. Тэнд 300 метрийн цаана автобусны буудал байдаг. Тэнд очоод зогссон. Тэгээд удалгүй цагдаа нар миний араас ирээд намайг буцаагаад ослын газар авчраад хэмжилт хийж үзлэг хийсэн. Тэгээд намайг эрүүлжүүлэхэд хийгээд миний машиныг журмын хашаанд хийсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна. Би дахиж ийм алдаа гаргахгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хэргийн 68-69, 71 дүгээр хуудас/ Хохирогч И.Чулуунбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед би өөрийн эзэмшлийн 92-45 ДАХ улсын дугаартай Соната-6 маркийн автомашинаар Хабитатын улаан худгийн автобусны зогсоол дээрээс нэг эмэгтэй хүүхэд машиндаа суулгаад Олон улсын худалдааны төв орох чиглэлд шороон замаар явж байтал миний урдаас 26-40 ДАР улсын дугаартай саарал өнгийн Соната-6 маркийн машин ирж байсан. Би зөрөх байх гэж бодож байтал миний жолооч талаас буюу зүүн талаас мөргөчихөөд зогсохгүй чигээрээ Хабитатын тийшээ яваад өгсөн. Би тэр дороо машинаа зогсоогоод цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд мөргөсөн машин чинь хаашаа явсан бэ гэж асуусан. Тэгэхээр нь би Хабитат тийшээ явсан гэж явсан зүг рүү нь зааж өгсөн. Тэгээд цагдаа нар яваад Батааг машинтай нь авчирсан. Батааг Хабитатын улаан худгийн тэнд зогсож байхад авчирсан гэж ярьж байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Батаа миний машиныг 815.000 төгрөгөөр янзлуулж, засварлуулж өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/ Иргэний нэхэмжлэгч Э.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед Олон улсын худалдааны төв орчихоод гэртээ харих гээд Хабитат явдаг таксинд суугаад би ганцаараа суусан өөр хүн байгаагүй. Тэгээд Хабитат руу шороон замаар явж байтал урдаас нэг саарал машин ирж байсан. Тэгтэл миний сууж явсан машины жолооч нөгөө урдаас ирж байсан машинтай зөрөх шиг болсон чинь мөргөчихсөн, Тэгээд чигээрээ яваад Хабитатын улаан худагны тэнд очоод зогссон. Би машинаас буугаад хүүхэд маань доошоо өвдөөд байх шиг байна гэсэн чинь жолооч Батаа намайг өөр машинд суугаад эмнэлэг явчих гэсэн. Тэгээд би өөр таксинд суугаад Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тухайн үед миний толгой өвдөж, дотор муухайрч байсан. Хэвлий дэх ургаа эход харуулахад гайгүй байна, жаахан доошилсон байна гэж хэлсэн. Надад Батаа 200.000 төгрөг өгсөн. Тэрүүгээр нь энд эход харуулаад бас Улаанбаатар хот орж эмнэлэгт үзүүлээд ирсэн. гэх мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/ Иргэний нэхэмжлэгч Ж.Мэнд-Амарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед би гэрээсээ гараад Хабитатын улаан худгийн автобусны буудлаас Олон улсын худалдааны төв орохоор таксинд суугаад хөдлөөд явсан. Тэр машинд таксины жолооч ах, би арын суудал дээр нь сууж явсан. Тэгээд Хабитатаас хөдлөөд Олон улсын худалдааны төв орох шороон замаар явж байтал жолооч энэ чинь одоо яагаад байнаа тоглоод байгаа юмуу хаашаа юм гэтэл нэг саарал машин хүчтэй ирээд жолоочийн талын урд талаас мөргөчихөөд хажуугаар гараад чигээрээ зөрөөд явчихсан. Тэгээд миний сууж явсан таксины жолооч ах машинаа тэр дор нь зогсоогоод машинаасаа буугаад нөгөө машины араас дуудсан, нөгөө машин нь зогсоогүй чигээрээ яваад өгсөн. Тэр осолд орсны дараа толгой өвдөж, зүүн гарын булчин хэсгээр өвдөж байсан. Би Батаагийн эхнэрээс толгой бариулах 25.000 төгрөг авч 3 хоног толгойгоо бариулсан. Боловч дахиад 2 хоног бариулах хэрэгтэй байгаа. Бас наашаа цаашаа явах гээд оюутан хүнд хэцүү байгаа учраас дахиад 20.000 төгрөг нэхэмжилж байсан боловч хохирлоо авсан” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/ Иргэний нэхэмжлэгч Г.Энхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн: “92-45 ДАХ улсын дугаартай машин нь манай Хос капитал санхүүгийн байгууллагад 2016 оны 2 сарын 8-ны өдөр барьцаанд тавьж 1.200.000 төгрөг зээлсэн учраас манай байгууллагын нэр дээр байгаа юм. ...Манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ машин барьцаанд байгаа. Машины бүрэн бүтэн байдлыг манай байгууллага хариуцахгүй. Эзэн нь өөрөө хариуцна. Манайд зээлийн төлөлтөө хэвийн хийж байгаа учраас манай байгууллагаас гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/ Гэрч Э.Отгонтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Батаа манай нөхөр Ганзоригийн хамт 750 граммын 1 шил архи хувааж уучихаад өдөр 12 цагийн үед гараад явсан. Батаа манайхаас гарахдаа өөрийнхөө машиныг унаад эхнэртээ өгнө гээд гарсан. Батаагийн гэр нь манай гэрээс 3 гудамжны цаана байдаг болохоор гэр лүүгээ явж байна гэж ойлгосон гэх мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/, Шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 36 тоот “Жолооч Элдэв-Очир овогтой Батаа Х.Соната маркийн 26-40 ДАР улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.7/а/-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хзрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 8 дугаар бүлэг 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасан ба ослын дараа жолооч нь мөн дүрмийн 2 дугаар бүлэг 2.5 /а/-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмййн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх үүрэг хүлээнэ; 2.5 /б/-д заасан “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх үүрэг хүлээнэ; 2.5 /в/-д заасан "зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Жолооч И.Чулуунбат нь Соната маркийн 92-45 ДАХ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болно. Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Сүхбаатарын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн уг осолтой холбогдуулан гаргасан ослын тухай тэмдэглэл үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 25 дугаар хуудас/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 1009 тоот “Ж.Мэнд-Амарын биед тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ж.Мэнд-Амарын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 29 дүгээр хуудас/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 1040 тоот “Э.Пүрэвсүрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 60 дугаар хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-4 дүгээр хуудас/, Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хэргийн 6 дугаар хуудас/, Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 34-36, 41-44 дүгээр хуудас/, Х.Соната-6 маркийн 92-45 ДАХ улсын дугаартай автомашины эвдрэлийн үнэлгээ /хэргийн 53-54 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 73 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Харагчин овогт Элдэв-Очирын Батаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Хабитат явах замд 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 26-40 ДАР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн И.Чулуунбатын эзэмшлийн 92-45 ДАХ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан “Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Батаа /хэргийн 68-69, 71 дүгээр хуудас/, хохирогч И.Чулуунбат /хэргийн 23 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ж.Мэнд-Амар /хэргийн 12 дугаар хуудас/, Э.Пүрэвсүрэн /хэргийн 14 дүгээр хуудас/ нарын мэдүүлэг, Шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 36 тоот дүгнэлт /хэргийн 25 дугаар хуудас/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 1009 тоот дүгнэлт /хэргийн 29 дүгээр хуудас/ болон бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Иймд шүүгдэгч Э.Батааг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Хохирогч И.Чулуунбатын “Батаа миний машиныг 815.000 төгрөгөөр янзлуулж, засварлуулж өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Хос капитал санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшингийн “...Манай байгууллагаас гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, Э.Пүрэвсүрэнгийн “...Надад Батаа 200.000 төгрөг өгсөн... ” гэх мэдүүлэг. Мөн Э.Пүрэвсүрэнгийн 100.000 төгрөг хүлээн авсан, одоо гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт /хэргийн 106 дугаар хуудас/, Ж.Мэнд-Амарын мэдүүлэгт Э.Батаагийн эхнэрээс 25.000 төгрөг авч 3 хоног толгойгоо бариулсан. Одоо дахиад 20.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч Э.Батаа нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ж.Мэнд-Амарт 20.000 төгрөг хүлээлгэн тухай баримтыг нотариатаар гэрчлүүлэн авч ирсэн байх тул шүүгдэгч Э.Батааг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Э.Батаа нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдох боловч түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.