Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 04

 

                                                                                   

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: “М” ББН-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох,

        Гуравдагч этгээд: Б.Ц

“     Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 09 сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “М” ББН-ийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн П.С-ыг тус нөхөрлөлийн даргаар томилохыг даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М”ББН-ийн дарга П.С, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч “М”ББН-ийн дарга П.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““М”ББН нь 2002 онд анх гурван гишүүнтэйгээр байгуулагдсан. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд нөхөрлөлийн гишүүд нэмэгдэж одоо долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Манай нөхөрлөлийн хувьд бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл бөгөөд Нөхөрлөлийн тухай хууль, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 тоот Эрүүл мэндийн сайдын тушаалаар "Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм"-ийг баталсан бөгөөд тус дүрмийн дагуу аливаа асуудлаа нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар олонхын саналаар шийдвэрлэх ёстой байдаг.

      Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь гэрээний үндсэн дээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг гүйцэтгэх чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн байгууллага. Тийм ч учраас манай нөхөрлөлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс хэн нэгэн этгээд оролцох, нөлөөлөхийг хориглодог.

       Нөхөрлөлийн тухай хууль, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 тоот Эрүүл мэндийн сайдын тушаалаар "Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм"-ийн дагуу тус нөхөрлөлийн даргыг нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар, олонхын саналаар томилдог. Гэтэл бид нөхөрлөлийн хурлаа хийж хурлаас гарсан шийдвэрээ Улаангом суманд явуулсан байхад Улаангом сумын Засаг дарга Ц.П нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/15 тоот захирамж гаргаж манай нөхөрлөлийн гишүүн биш, урьд өмнө нь манай нөхөрлөлд ажиллаж байгаагүй хүнийг нөхөрлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Хууль болон дээрх дүрмийн дагуу өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь нөхөрлөлийн дарга байх ёстой бөгөөд нөхөрлөлийн даргыг томилсон захирамж гарахаас гадна улсын бүртгэлийн байгууллагад даргаар бүртгүүлэх ёстой байдаг. Б.Ц гэдэг хүнийг манай өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, харин улсын бүртгэлд П.С миний бие албан ёсны бүртгэлтэй байдаг бөгөөд би нөхөрлөлөө итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болно. Иймд миний бие Улаангом сумын Засаг дарга Ц.П-ын хууль зөрчиж манай нөхөрлөлийн дотоод асуудалд хууль бусаар хөндлөнгөөс оролцож, нөхөрлөлийн болон нийт гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай нөхөрлөл анх байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл хугацаанд нөхөрлөлийн гишүүдийн олонхын саналаар асуудлаа шийдэж ирсэн болно. Манай нөхөрлөлийн талаар мэдэхгүй, нөхөрлөлийн гишүүн биш, нөхөрлөлийн дүрэмд заасан шаардлага хангахгүй хүнээр бид удирдуулахыг хүсэхгүй байна.

     Манай нөхөрлөлийн бүх гишүүд энэ асуудлаар аймгийн Засаг даргад хандсан боловч шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн тул тус хариуг аваад шүүхэд хандаж байгаа болно.

        Иймд Улаангом сумын Засаг дарга Ц.П-ын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгож, “М” ББН гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн П.С-ыг тус нөхөрлөлийн даргаар томилохыг даалгаж өгнө үү.

     Жич: манай нөхөрлөлийн даргаар П.С миний бие улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг бөгөөд нөхөрлөлийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх этгээд нь миний бие байгаа юм. Гэтэл сумын Засаг даргын захирамжийн дагуу даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Ц гэгч нь нөхөрлөлийн тамга тэмдэг бүх зүйлийг авчхаад өгөхгүй байгаа учир тус нэхэмжлэл дээр нөхөрлөлийн тэмдгийг дарах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул тэмдэг дарахгүйгээр нэхэмжлэлээ гаргаж байгаа болно” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Ц.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““М”ӨЭМТөв нь 2019 онд 2 хуваагдаж үйл ажиллагаа явуулсантай холбогдуулан 6, 10-р багийн иргэдээс удаа дараа санал гомдол ирж 2020 оны 3 дугаар сард ажлын хэсэг томилогдон ажиллаж олон нийтийн 2 телевизээр мэдээллийг ард иргэдэд өгсөн. Иймд ажлын хэсэг ажиллаад тодорхой өөрчлөлт ороогүй учир Эрүүл мэндийн газрын удирдлагуудтай холбогдож ажил сайжруулах шаардлагатай учир Б.Ц-г тавьж ажиллуулж байгаа. Мөн өрхийн эрүүл мэндийн төв нь хувийн компанийн адилаар 1 хүний захиалга даалгавраар эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг цаашид таслан зогсоомоор байна. Тэтгэвэрт гараад 2 жил болсон П.С эмч дахин орж ажиллах гэж ийм юм зохион байгуулж байна” гэжээ.

     Гуравдагч этгээд Б.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “М”ББН-ын дарга, М ӨЭМТ-ийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан П.С нь Улаангом сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад гуравдагч этгээдийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.

     Миний бие Б.Ц нь 2018 онд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС-ийг хүний Их эмч мэргэжлээр суралцаж төгссөн. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 сар хүртэл Улаангом сумын 8 дугаар багийн хүний их эмчээр түр хугацаанд томилогдон ажилласан. Улмаар 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Улаангом сумын Засаг даргын тамгын газарт "Эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн"-ээр тус тус ажиллаж байсан ба ажиллах хугацаандаа аливаа сахилгын шийтгэл авч байгаагүй, эрхэлсэн ажилдаа чинь сэтгэлээсээ ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 2019 оны 11 сард зохион байгуулагдсан төрийн албаны шалгалтад орж тэнцсэн.

     М ӨЭМТ-ийн даргаар ажиллаж байсан Д.Оюунтөгс нь Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэхээр суралцах болж ӨЭМТ-ийн даргын ажлыг хүлээлгэн өгсөн тул миний бие 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс “М" Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

     Өрхийн эрүүл мэндийн төв нь хот суурин газрын хүн амд төрөөс эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага билээ. Энэ нь тухайн эмнэлэг нь П.Сийн хувийн эмнэлэг бус харин улсын төсвийн хөрөнгөөр /нэг иргэнээр ногдох норматив зардал/ цалинжиж төрийн өмчөөр гэрээгээр /ЭМС-ийн 2017 оны А/05 тоот тушаал/ гүйцэтгэж үйл ажиллагаа нь явагддаг хувийн хэвшил юм.

     Миний хувьд ямар нэгэн хууль зөрчиж томилогдсон гэж бодохгүй байна. Яагаад гэвэл:

     Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3. эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц: зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой байршуулах, материаллаг бааз, хүний болон санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах; 11.1.9 тухайн шатны нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөх; 12 дугаар зүйл аймаг, нийслэлийн  эрүүл мэндийн газрын бүрэн эрх 12.2. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө гэсэн энэхүү заалтуудын дагуу өөрийгөө томилогдсон гэж ойлгож байна.

      Өрхийн эрүүл мэндийн дүрэмд нөхөрлөлийг гишүүдийн хурлаар тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилж чөлөөлнө гэсэн байдаг ба ӨЭМТ-ийн даргыг томилох эсэх асуудал нь мэргэжил арга зүйгээр хангах ЭМГ болон тухайн шатны Засаг даргын эрхийн асуудал /Эрүүл мэндийн тухай хууль/ П.С эмч нь нөхөрлөлийн хуулиараа түрүү барин Засаг захиргаа, удирдах байгууллагын бодлого шийдвэрийг үл тооно бидний дотоод асуудалд хэн ч оролцох эрхгүй хэмээн хэлж байгаа нь нөхөрлөлийн хуулиас дээр хууль байхгүй мэтээр ойлгогдож байна.

      Миний бие нь Аймгийн эрүүл мэндийн газрын дарга болон Улаангом сумын Засаг дарга нарын зөвшилцсөний үндсэн дээр /ЭМГ-ын даргын саналыг хавсаргав/ “М”ӨЭМТ-ийн ажил сайжруулах зорилгоор/ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай холбоотой иргэдээс гомдол ирж байсны улмаас/ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажпыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 8500 гаруй хүний эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд чирэгдэл доголдолгүйгээр үзүүлэх зорилгоор ӨЭМТ-ийг удирдан ажиллаж байна.

      2020 оны 08 дугаар сарын 28 өдрийн “М”ББН-ийн ӨЭМТ-ийн даргыг сонгох гишүүдийн хурлын тэмдэглэлд албан бичгийн стандартын хөтлөлт байхгүй шаардлага хангаагүй хурлын тэмдэглэл байсан мөн их эмч П.С нь өөрөө ӨЭМТ-ийн даргаас татгалзсан байхад дэмжсэн гишүүн 2 хүн байхад 100%-ийн саналаар сонгосон гэсэн хурлын тэмдэглэл байна. /Хурлын тэмдэглэл хавсаргав./

      Мөн Өрхийн эмч сонгон ажиллуулахад П.С эмч нь 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн Б/14 тоот захирамжаар ажпаасаа чөлөөлөгдөн өндөр насны тэтгэвэр тогтоолгоод дахин Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах гэсэн нь Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот зөвлөмжийн 8 дахь заалт болох Төрийн албанаас чөлөөлсний дараа: Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн хүнийг төрийн албаны сонгогддогоос бусад үндсэн ажилд томилон ажиллуулж болохгүй гэсэн зөвлөмжийг зөрчиж байна. Мөн П.С эмч нь над дээр Их эмч Б.Бадамтуулын оронд өрхийн эмчийн тушаал гаргачих тэгээд хоёулаа хамтарч ажиллая би чамд зааж зөвлөнө гэж ирсэн, бас өрхийн эмч П.Бүжиймаа нь жирэмсний амралт авахад мөн л ирж чи Бүжиймаагийн оронд ажил бас НЭМА хавсарч хий би 10-р багийн өрхийн эмчээр ажиллана тэгээд чи зөвшөөрвөл шүүхэд өгсөн нэхэмжлэлээ буцааж авна гэх мэтээр 2 удаа эмчээр ажиллах хүсэлтэй надад илэрхийлж байсан. Миний хувьд тэрхүү хүсэлтийг хүлээн авах боломжгүйг зөвөөр ойлгуулан тайлбарлаж байсан. П.С эмч 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн Б/14 тоот захирамжаар ажлаасаа чөлөөлөгдөн өндөр насны тэтгэврээ тогтоолгож тэтгэмжээ авч ажлаа хүлээлгэн өгч байсан ба би Д.Оюунтөгсөөс энэхүү ажил албан тушаалыг хүлээн авсан. Хуульд заасан тэтгэврийн насанд хүрч ажил үүргээ өгсөн байтлаа яагаад буцаж орох гээд байгааг би үнэхээр ойлгохгүй байна.

     Миний бие нь даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч тул Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй этгээд гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлд сумын Засаг даргын захирамжаар томилогдсон Б.Ц гэгч нөхөрлөлийн тамга тэмдэг бүх зүйлийг авчхаад өгөхгүй байгаа гэж бичсэн байна миний бие нь ӨЭМТ-ийн төвийн даргын түр орлон гүйцэтгэгчийн ажлыг гүйцэтгэж өдөр тутмын үйл ажиллагаанд тамга тэмдэг ашиглаж байгаагаас өөр бусдаар тэр тамга тэмдгийг өөр зүйлд ашиглаагүй ба улсын ажил хийж байгаа ашиг сонирхлын зөрчилгүй жирийн л эмч хүн, харин П.С нь албан өрөөнд орж ирэн цалин оруулах гэх нэрийдлээр тамга булаан авч 2 ширхэг хоосон цаасан дээр тамга дарж авчхаад дараа нь М ББН дарга П.С /М ӨЭМТ ББН-ын дарга П.С/ гэсэн бичигтэй банкны хуурамч гарын үсгийн баталгааг үйлдсэн байсан. /Баримтыг хавсаргав./

      Мөн эмч П.С нь 9 сараас хойш 3 сарын хугацаанд намайг элдэв бусаар дайрч доромжлон чам шиг юманд эмнэлгээ өгөхгүй /өөрийн хувийн эмнэлэг мэт аашилж/ би заавал эмчээр ажиллан гэх мэтээр олон удаа доромжилсон ба эмч хүнд баймааргүй ёс зүйн доголдол гаргасан мөн намайг сэтгэл зүйн асар их дарамтад байлгаж ажил төрлөө гүйцэтгэхэд саад учруулж байна.

        К.О нь яагаад тэтгэврээ тогтоолгож тэтгэмжээ авчхаад 2 жил гаран хугацаа өнгөрөөд байхад одоо заавал М ӨЭМТ-д 10-р багийн эмчээр ажиллан гэж гүйгээд байгааг мөн шинэ залуу боловсон хүчин ажиллах, аливаа юманд цаг хугацааны хэмжүүр гэж байх ёстой зэргийг алдагдуулж байна” гэжээ.

   Нэхэмжлэгч “М”ББН-ийн дарга П.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 09 сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар Увс аймгийн Улаангом сумын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Б.Цг “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилсон. Ингэхдээ “М”ББН-ийн гишүүдийн хурлын тэмдэглэлд ач холбогдол өгөөгүй ба “М”ББН-тэй зөвшилцөхгүйгээр өрхийн эрүүл мэндийн төвийн ажлыг сайжруулах зорилгоор томилсон гэж хариу өгсөн. “М”ББН-ийн хурлаас гарсан шийдвэрийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад албан тоотоор хүргүүлсэн боловч ажил хүлээлцэх комисс томилон Б.Ц-д ажил хүлээлцүүлсэн. Ажилтай байгаа хүнийг “М”өрхийн эрүүл мэндийн төвд ажил сайжруулахаар явуулж байгаа нь үндэслэлгүй байна. “М”ББН-ийн дүрэм журмыг зөрчиж томилгоо хийж байгаа нь учир дутагдалтай байна. Энэ тухай албан тоотоор Увс аймгийн Засаг даргад хандахад шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу албан тоот ирсэн учир шүүхэд хандсан. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна” гэж хуульчилж өгсөн байхад нөхөрлөлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож “М”ББН-ийн шийдвэр тогтоолд ач холбогдол өгөөгүй. Б.Ц-гийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хуулбарлаж авах гэсэн боловч надад өгөөгүй.

      Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын захирамжаар “М”өрхийн эрүүл мэндийн дарга Б.Цг томилсон гэтэл “М”ББН-ийн хурлаар өөр нэг хүнийг даргаар томилсон учир байгууллагын цалингийн гүйлгээ хийх боломжгүй болж “М”өрхийн эмнэлгийн ажилчид 2 сар цалингаа аваагүй. “М”ББН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ миний нэр дээр байдаг учир ажилчдын цалин буулгахын тулд банканд материалыг бүрдүүлж өгсөн.

        “М”өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Оюунтөгс ээлжийн амралтаа авч дуусаад үргэлжлүүлээд ажлаа хүлээлгэн өгч суралцахаар болсон учир одоохондоо “М”ББН-ийн хурлаар С.Солонгобаярыг томилсон хурлын тэмдэглэл, тогтоолыг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад хүргүүлж амжаагүй байсан. “М”ББН-ийн албан тоот бланкыг шинээр томилогдсон өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Цд олгосон учир бид хуралдаж шийдвэр гаргах боломжгүй байсан.

    Увс аймгийн Улаангом сумын Засаг даргатай “М”ББН-ийн гишүүд очиж уулзтал “М”ББН-өөс С.Солонгобаяр эмчээс өөр хүнийг томилох санал ирүүлбэл зөвшөөрнө. Харин та бүхэн Б.Цг “М”өрхийн эрүүл мэндийн төвийн эмчээр томилох бичиг авч ирэхийг шаардсан. Гурвалсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол нөхөрлөл татан буугдах ёстой байдаг тул Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын шаардлагуудыг хүлээн аваагүй. Ажилчин албан хаагч нарыг цалингүй 2 сар ажиллуулаад байсан тул аргаа барсан даа миний бие “М”ББН-ийн удирдлагаар ажиллаж байгаагийн хувьд Б.Ц-тэй уулзаж “М”өрхийн эрүүл мэндийн төвд эмчээр ажиллах санал тавьсан боловч саналыг хүлээн аваагүй.

      Гуравдагч этгээд Б.Ц нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “М”өрхийн эрүүл мэндийн төвийн тамга тэмдэг булаан авсан мэтээр бичсэн байсан. Тийм зүйл огт болоогүй. Миний бие Увс аймгийн Улаангом сумын Засаг даргатай дахин очиж уулзтал Б.Ц танай байгууллагад ажиллах явцдаа ямар ажлыг үр бүтээлтэй хийж хэрэгжүүлсэн болохыг удирдлагын зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлж хариу өгнө гэж хэлсэн боловч хариу өгөөгүй. Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргачхаад дараа нь нэхэмжлэлээсээ татгалзаж болох байх гэж бодоод Б.Цтэй уулзаж өрхийн эрүүл мэндийн төвд эмчээр ажиллах саналыг дахин тавьтал “таныг хэзээ хүртэл “М”ББН-ийн даргын ажлаас буухыг хүлээх ёстой гэж өөр ажил хиймээр байна” гэсэн тайлбар гаргасан. Хаан банкны албан тоот ирсний дараа “М”ББН-ийн данс дахин хаагдах болсныг Б.Ц-д мэдэгдсэн байсан. Б.Ц нь манайг дуудаж өөрийн хүсэлтээр 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаагаа хэлж ажлаа хүлээлгэн өгсөн. Б.Ц-г “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргын түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын захирамж надад албан ёсоор ирээгүй /нягтлан дээр ирсэн байгааг хальт харсан/ тул Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 09 сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

     Хөдөлмөрийн хуулийн дагуу дахин ажилчдын цалин хөлсийг 1 сараар хойшлуулах эрх бидэнд байхгүй учир цалин олгосон. Цалин олгохдоо Засгийн газрын 472 тогтоолоор батлагдсан цалингийн жишгийн дагуу дүйцүүлэн цалин олгогдсон.

      Мөн гуравдагч этгээд Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт дурдсанаар  “Б.Бадамтуул эмчийн оронд намайг оруулчих би 6 дугаар багийн эмч болох хүсэлтэй байна. Чамтай хамтран ажиллана” гэж хэлж байсан удаа байхгүй. Анх “М”ББН-ийн хурлаар хамт олны саналаар Д.Оюунтөгс эмчийг өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилж миний бие итгэмжлэл гаргаж өгч байсан. Тухайн үед Д.Оюунтөгс 1 жил ажиллаад Улаанбаатар хот руу мэдрэлийн чиглэлээр суралцах тул “М”ББН-ийн хурал хийж ахлагчаа томилоорой гэсэн тул нөхөрлөлийн хурлаар ахлагчаа томилсон. Засгийн газрын 199 дүгээр тогтоолын хүрээнд 2002 оны 2 дугаар сард 3 их эмчийн бүрэлдэхүүнтэйгээр “М”ББН байгуулж байсан. 2017 онд Эрүүл мэндийн сайдын А/74 тоот тушаал гарч “М”ББН-д их эмч болон бага эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр нөхөрлөл өөрчлөгдөн байгуулагдсан. Анагаах төгсөөд ирж байгаа эмч нар нь дахин суралцах шаардлагатай учир 1-2 жил ажилладаг ба гаргасан алдааг нь нөхөрлөлийн ахлагч өөрөө хүлээдэг байсан тул 2017-2018 онд тушаал гарсны дараа “М”ББН өөрчлөөгүй. “М”ББН-ийн ахлагчаар тогтвор суурьшилтай ажиллах хүмүүсээр ахлагчийн ажилд томилдог байсан. Өмнө нь “М”ББН-ийн үйл ажиллагааны тушаал шийдвэрийг үл хүндэтгэсэн томилгоо хийгдэж байгаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэжээ.

      Хариуцагч Улаангом сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ““М”өрхийн эрүүл мэндийн төвийн барилга 2019 онд шинээр баригдсантай холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын 6, 10 дугаар багийн иргэдийн өрхийн эрүүл мэндийн төв нэртэйгээр хоёр хуваагдсан байдаг. “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар Д.Оюунтөгс ажиллаж байгаад суралцах шаардлагатай гэж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас Б.Ц-г томилсон байдаг. “М”өрхийн эрүүл мэндийн дарга Б.Ц-г томилогдохын өмнө “М”ББН-ийн хурлын шийдвэрээр П.С-ыг томилох шаардлагатай гэж үзсэн хурлын тэмдэглэлийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад ирсэн боловч ямар нэгэн тамга тэмдэггүй албан бичгийн шаардлага хангаагүй материал ирүүлсэн мөн П.С эмч өөрөө “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Мөн “М”өрхийн эрүүл мэндийн төвтэй холбоотойгоор тухайн эмнэлгээр үйлчлүүлдэг ард иргэдийн дундаас гомдол санал ирж байсан учир Эрүүл мэндийн төвийн дарга Мянганбаяртай зөвшилцсөний үндсэн дээр Увс аймгийн Улаангом сумын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Б.Цг “М”өрхийн эрүүл мэндийн төвийн ажлыг сайжруулах зорилгоор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 09 сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд түр томилсон байдаг.

       Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4 дэх хэсэгт сумын Засаг даргын бүрэн эрхэд “харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай боловсон хүчин, материаллаг бааз, санхүүгийн хувьд бэхжүүлнэ” гэж заасан байдаг. Хэдийгээр нөхөрлөлийн дүрэм журмаар энэхүү байгууллага зохицуулагддаг боловч төрийн оролцоотой гурвалсан гэрээгээр явагддаг. “М”өрхийн эрүүл мэндийн төв нь төрөөс хамааралтайгаар төрийн өмчийн байр, унаа тоног төхөөрөмжөөр хангагддаг учир дан ганц нөхөрлөлийн гишүүдийн өмч хөрөнгөөр үйл ажиллагааг явуулж байгаа гэж үзэх боломжгүй. Увс аймгийн Улаангом сумын 6, 10 дугаар багийн 8500 гаруй ард иргэдэд эрүүл мэндийн үйл ажиллагаа үзүүлж байгаа байгууллага учир дээд шатны байгууллагаас томилох эрх байгаа гэж хариуцагч талаас үзэж байна.

      П.С эмч 2018 оны 8 дугаар сард Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт зааснаар өндөр настны тэтгэвэрт гарч чөлөөлөгдсөн байдаг. Хэдийгээр П.С эмч нь 2017 оны Эрүүл мэндийн сайдын Б/04 тушаалаар “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хийж байгаа боловч 2018 онд хөдөлмөрийн харилцаа нь дууссан байхад “М”ББН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж дараагийн хүнийг нөхөрлөлийн даргаар томилоогүй явж байгаа нь учир дутагдалтай байна. Харин “М”ББН-ийн гишүүнээр ажиллах эсэх нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал гэж үзэж байна.

       Одоог хүртэл П.С эмч “М”ББН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь дээр “М”ББН-ийн дарга гэж явж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Б.Ц нь ажил хүлээн авсан өдрөөс хойш маш их дарамт шахалтад орж байгаа гэдгээ манай байгууллагад удаа дараа танилцуулж ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан учир 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Б/01 дугаартай захирамжаар “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргын түр албан тушаалаас чөлөөлсөн. Хуульд тохируулан журам гарсан байхад П.С эмч журмыг баримтлан ажил хийхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч П.С шүүхэд гаргасан тайлбартаа Б.Цг ажлаас чөлөөлсөн тушаалыг өгөөгүй талаар дурдаж байна. Уг тушаал 3 хувь гараад байгууллагын архивд 1 хувь үлдэж, Б.Цд 1 хувь үлдэж, тухайн байгууллагын нягтланд 1 хувь өгдөг учир П.Ст дахин 1 хувь өгөх боломж байхгүй. П.С эмч Б.Цгээс 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр тэмдэглэл үйлдэж ажлын хүлээн аваад одоо “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байна. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газарт “М”ББН-ийн зүгээс өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар хэн нэгнийг томилуулах талаар ямар нэгэн албан бичиг, хурлын тэмдэглэл ирээгүй учир одоог хүртэл албан ёсоор “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилоогүй байгаа. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын зүгээс захирамж гаргаж, Б.Цг ажлаас чөлөөлж байгаатай адил “М”ББН-ийн албан бичиг хурлын тэмдэглэлийг харгалзан үзээд хэн нэгнийг томилох захирамж гаргах ёстой байдаг. Гэтэл ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр өнөөдрийн байдлаар П.С өрхийн эрүүл мэндийн төвийн дарга гэж гарын үсэг зурж 5 хоногийн цалин бодуулаад авчихсан байгаа. Мөн бусад эмч ажилчдын цалинг олгосон байгаа нь буруу тогтолцоо юм. Ямар нэгэн албан ёсны шийдвэргүйгээр гарын үсэг зурж цалин олгож байгаа нь хууль зөрчиж байна. “М”өрхийн эрүүл мэндийн төвийн барилга болон тоног төхөөрөмж нь төрийн хөрөнгөөс бүрдсэн. Зөвхөн “М”ББН-ийн гишүүдийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулах хөрөнгө босгох боломжгүй учир төрийн өмчийн оролцоотой байгууллага юм. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүс цаашид төрийн албан ажиллана гэж байгаа нь шинэ боловсон хүчинд ажиллах сурч мэдэх боломжоор хангахгүй саад учруулж байна гэж үзэж байна” гэжээ.

        Гуравдагч этгээд Б.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие Говь-Алтай аймгийн АШУИС-ийг 2018 оны 6 дугаар сард хүний их эмчээр төгссөн. Увс аймгийн Улаангом сумын 8-р багт жирэмсний амралттай эмчийн оронд түр ажиллаж байгаад Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газарт эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 09 сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдсон. Миний бие “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалыг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэхдээ тухайн өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлдэг 2321 мянган өрхийн 9000 гаруй хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх төрийн ажлыг сайн хийж гүйцэтгэж гэж үзэж байгаа. “М”ББН-ийн гишүүдийн хурлаар даргаа сонсох хүртэл түр хугацаагаар “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажиллаж байсан. “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллахаас өмнө П.С эмчийг хувь хүнийхээ хувьд маш их хүндэлж, сурч мэдэх олон зүйл байгааг олж харж хүндэлж явдаг байсан. Албан ажил хүлээн авсан өдрөөс хойш ажлаа хүлээлгэн өгөх 4 сарын хугацаанд П.С эмчээс маш их хэмжээний дарамт шахалтыг авч байсан. П.С эмч надад хандаж “М”өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Бадамтуулын оронд миний тушаал гаргаад өг гэж надад хэлж шаардаж байсан. Мөн Пүрэвжавын надад гаргасан бүх сөрөг хандлагыг чамд гаргах болно гэдэг зүйлийг надад хэлж сэтгэл санааны дарамтад оруулж ёс зүйгүй хандлага гаргаж байсан. П.С эмч “М”ББН-ийг үүсгэн байгуулж ажилласан байж болно. Би үгүйсгэхгүй боловч “М”өрхийн эрүүл мэндийн төвөө чам шиг юманд өгөхгүй гэж намайг удаа дараа дарамталж ажил хийлгэхгүй байсанд гомдолтой байна. Ажил хийх нөхцөл боломжгүй дарамталж байсан учир нэг өдрийн өмнө ч гэсэн ажлаа өгөх хүсэлтээ Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газарт гаргаж байсан. “М”өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилчдын цалин өгөх боломжгүй байдалд орсондоо харамсаж байсан. Миний ажлаас халагдах тушаалыг үзэж 1 хувь илүү авахыг П.С эмч хүссэн боловч миний хувийн бичиг баримт учир би өгөөгүй. Миний бие “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалыг П.С эмчээс хүлээн аваагүй гэдгээ дахин хэлмээр байна. П.С эмч тэтгэвэрт гарсны дараа хувийн хэвшлийн эрүүл мэндийн төвд ажиллаж байсан байдаг. П.С эмч тайлбартаа “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг “М”ББН-ийн хурлын шийдвэрээр томилох ёстой байдаг талаар тайлбар гаргасан. Тэгвэл 2019 онд Д.Оюунтөгс эмчийг томилоход нөхөрлөлийн хурал хийж томилогдоогүй байсан. Мөн П.С эмч 2018 онд өндөр настны тэтгэвэрт гарсан байтлаа “М”ББН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж дараагийн хүнийг нөхөрлөлийн даргаар томилоогүй явж байгаа нь учир дутагдалтай байна. Харин “М”ББН-ийн гишүүнээр ажиллах эсэх нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч “М”ББН-ийн дарга П.С нь  Улаангом сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 09 сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “М”ББН гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн П.Сыг тус нөхөрлөлийн даргаар томилохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн.

      Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр  нэхэмжлэлийн нэг дэх шаардлагаа дэмжиж, 2 дахь шаардлагаа ““М”ББН-ийн бүх гишүүдийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн П.Сийг “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилохыг даалуулах” гэж өөрчилсөн.

       Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Нөхөрлөлийн гишүүн биш, урьд өмнө нь нөхөрлөлд ажиллаж байгаагүй хүнийг нөхөрлөлийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Хувийн хэвшлийн байгууллага болох  нөхөрлөлийн  дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, нөхөрлөлийн болон нийт гишүүдийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн” гэж  тодорхойлжээ.  

       Хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг “Тус өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн өмчийн оролцоотой байгууллага гэтэл хувийн компанийн адилаар 1 хүний захиалга даалгавраар эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэрт гараад 2 жил болж байгаа хүн цаашид ажиллана гэж байгаа нь шинэ боловсон хүчинд ажиллах сурч мэдэх боломжоор хангахгүй саад учруулсан гэх үндэслэлээр эс зөвшөөрч тайлбараа ирүүлсэн.  

       Гуравдагч этгээд Б.Ц нь “П.С нь яагаад тэтгэврээ тогтоолгож тэтгэмжээ авчхаад 2 жил гаран хугацаа өнгөрөөд байхад “М”ӨЭМТ-д 10-р багийн эмчээр ажиллана гэж гүйгээд байгаа нь хууль бус, аливаа юманд цаг хугацааны хэмжүүр  байх ёстой”  гэж үзжээ.

       Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Улаангом сумын Засаг дарга 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/15 тоот захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтыг үндэслэн  Б.Цг “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр  томилжээ.

       Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2,16.7 дахь, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгүүдэд зааснаар хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх нийгмийн болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй, чирэгдэлгүй үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэгтэй ба “М”, “Дун цагаан”, “Батүржихүй”, “Элбэг өгөөж” гэсэн дөрвөн өрхийн эрүүл мэндийн төв Увс аймгийн Улаангом суманд зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулж байна.

     П.С нь “М”өрхийн эрүүл мэндийн төвд олон жил дарга болон эмчээр ажилласан байх бөгөөд түүнийг Улаангом сумын Засаг дарга 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/03 тоот захирамжаар “өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэдэг үндэслэлээр тус төвийн  даргын ажлаас нь чөлөөлжээ.

      Дараа нь тус төвийн даргаар Д.Оюунтөгсийг томилж, 2020 онд гүйцэтгэлийн гурвалсан гэрээ байгуулан ажилласан байна. Д.Оюунтөгс нь аймгийн нэгдсэн эмнэлгийн захиалгаар мэргэшлийн резентурын сургалтад суралцахаар явах болсонтой холбогдуулан ажлаас нь чөлөөлж, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус төвийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр Б.Цг томилсон байна.

      Улаангом сумын Засаг дарга ийнхүү өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилохдоо Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг үндэслэн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын /ТҮЭМ-6/ зэрэглэлээр цалинжуулсан ба харин бусад эмч,  сувилагч нар нь төвийн даргатайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан энэхүү Засгийн газрын тогтоолд заасан зэрэглэлээр цалинждаг  ажээ.

       Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь сумын Засаг дарга болон аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай гүйцэтгэлийн гэрээ байгуулан ажилладаг учраас түүнийг төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг гүйцэтгэгч гэж үздэг.

     Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.39 дүгээр зүйлд зааснаар “төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг гүйцэтгэгч” гэдгийг “төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг, гэрээний дагуу гүйцэтгэж, тухайн ажил үйлчилгээний чанар, тоо хэмжээ, хүрэх үр дүнгийн талаарх хариуцлагыг бие даан хүлээдэг этгээд” гэж ойлгодог.

       “М”ББНөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол зэрэг  баримтуудаас үзэхэд “М”өрхийн эрүүл мэндийн төв нь  анх 2002 онд 3 гишүүнтэй нөхөрлөл хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба 2020 оны 08 дугаар сарын 27-ний өдөр тус хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт орж, 7 гишүүнтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

       2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “М”ББН-ийн бүх гишүүд хуралдаж, өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар П.С эмчийг томилох, мөн өрхийн эмчээр П.С эмчийг ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байх ба  2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дахин хуралдаж, тус төвийн /ББН/-ийн даргаар П.С эмчийг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж улмаар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр  тогтоол гарган П.Сийг төвийн даргаар томилж, Г.Цээнэйг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

         Уг шийдвэр, тогтоолыг үндэслэн Г.Цээнэйг Улаангом сумын Засаг дарга 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, П.Сийг тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилохоос татгалзжээ.

     Нэхэмжлэгч Засаг даргын татгалзал /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоолгож, төвийн даргын ажилд томилохыг түүнд даалгаж өгөхийг хүссэн байна. 

      Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Монгол Улсын иргэний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг төр хариуцна” гэж заасан ба уг тусламж үйлчилгээний зардлыг  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай  хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д улсын төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулжээ. 

       Улсын төсвөөс эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг санхүүжүүлэх зорилгоор орон нутгийн төсөвт хөрөнгө шилжүүлдэг ажээ. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-д “тусгай зориулалтын шилжүүлэг” гэж энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг санхүүжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон зориулалт, нөхцөл, шаардлагын дагуу аймаг, нийслэлийн төсөвт улсын болон эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс олгох хөрөнгө гэдэг утгаар ойлгохоор тусгажээ.

    “М”өрхийн эрүүл мэндийн төв нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг болох нь   гэрч “М”, “Дун цагаан”, “Батүржихүй”, “Элбэг өгөөж” өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нягтлан бодогч Д. Баттөгс, Увс аймгийн ОНӨГ-ын ахлах мэргэжилтэн ажилтай Г.Тунгалаг нарын “Өрхийн эрүүл мэндийн төв нь орон нутгийн тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилтээр нэг иргэнд ногдох норматив зардал  байдаг түүгээр санхүүждэг. Миний бие эхлээд төсөвт байгууллагын тайлан гаргахдаа 4 өрхийн эмнэлгээ тус тусад нь гаргадаг. Дараа нь 4 өрхийн эмнэлгийн төсөвт байгууллагын тайлангаа нэгтгэж Улаангом суманд өгдөг. Аж ахуйн нэгжийн тайланг шивэхдээ тус тусад нь шивдэг”,

      мөн  “Өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн хөрөнгө 100 хувь орон нутгийн өмчид бүртгэлтэй байдаг. М өрхийн эрүүл мэндийн төв нь төсөвт байгууллага биш, аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн байгууллага биш, 100 хувь төрийн өмчит нөхөрлөл гэдгээр тайлагнаж явдаг” гэх мэдүүлгүүд болон “М”эмнэлгийн төсөвт байгууллагын 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

     “М”ББН-ийн үүсгэн байгуулах гэрээнд  П.С 40000 төгрөг,  Ц.Жавзан-Орлом, Я.Буян-Орших нар тус тус 30000 төгрөгийн хөрөнгө оруулахаар тусгасан байгаа боловч тус хөрөнгө нь тухайн хуулийн этгээдийн тайлан балансад тусгагдаагүй талаар  өрхийн эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч мэдүүлсэн байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д зааснаар аж ахуйн нэгж байгууллагын бүртгэл, тайлан “үнэн зөв” байх зарчимд үндэслэгддэг.     Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.7-д зааснаар үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч,эрх бүхий байгууллагын шийдвэр, хурлын тэмдэглэл болон хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайланг  үндэслэж бүртгэхээр зохицуулжээ. 

       “М”ББНөхөрлөлийн гишүүдийн болон хувь хөрөнгийн мэдээлэлд  2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрчлөлт орсон байх ба тус нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр “2 гишүүн хасагдаж, 6 гишүүн нэмэгдсэн, эцсийн өмчлөгч 1 хүн” гэж  тэмдэглэжээ. Энэхүү өөрчлөлтийг бүртгэхдээ “Нөхөрлөл өөрчлөн байгуулах” тухай гэрээг үндэслэн хийсэн байх ба уг гэрээнд гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээг  “П.С 200000 төгрөг, бусад гишүүд нь  100000 төгрөг” гэж тогтоон “үндсэн хөрөнгө 1000000 төгрөг бэлэн хөрөнгө 260000 төгрөг” гэж тусгасан байгаа боловч үүнийг баталгаажуулсан санхүүгийн тайлан нь байхгүй  байна.

      Нөхөрлөлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д ““гишүүн” гэж нөхөрлөлд хөрөнгө оруулсан этгээдийг хэлнэ. Хувь хүн, нөхөрлөл, төрийн эрх бүхий байгууллага гишүүн байж болно” гэж заажээ.

     Дээр дурдсан хуулийн зохицуулалт, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг үйл баримтуудаас үзэхэд ““М”эмнэлэгийн төсөвт байгууллагын  жилийн эцсийн санхүүгийн тайлан” гэдэг нь “М”ББНөхөрлөлийн санхүүгийн  тайлан гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл М өрхийн эрүүл мэндийн төв нь анх хувийн хуулийн этгээдийн хэлбэрээр үүсгэн байгуулагдсан байх боловч бодит байдал дээр орон нутгийн  өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр үйл ажиллагаа нь  явагддаг гэж ойлгохоор байна.

       Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 –д “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна” гэж заасан боловч энэхүү хуулийн зохицуулалт  дээрх нөхцөл байдал, нотлох баримтуудаас үзэхэд бодит утгаараа  хэрэгжээгүй байна.

      Сумын засаг дарга нь  харьяалах нутаг дэвсгэртээ хүн амын нийгэм-соёлын үйлчилгээ, нийгэм хамгааллын талаар /тухайлбал эрүүл мэндийн асуудлаар/  хуульд заасан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилладаг.

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан ба мөн хуулийн 29.1.5 “а”-д  харьяалах нутаг дэвсгэртээ боловсрол, соёл , эрүүл мэнд, биеийн тамир, спортын талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-д харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай боловсон хүчин, материаллаг бааз, санхүүгийн хувьд бэхжүүлэх мөн хуулийн  11 дүгээр зүйлийн 11.3-д Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлөх  эрхтэй” гэж тус тус заажээ.

        Мөн түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  78 дугаар зүйлд орон нутгийн өмчийн талаарх Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон ба мөн хуулийн 78.1-д “орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох, орон нутгийн өмчийн төлөөлөгчийг томилох өөрчлөх саналаа Хурлын Тэргүүлэгчдэд оруулах эрхтэй” гэж заасан байна. 

     Улаангом сумын Засаг дарга  аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж, “М”өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр Г.Ц-г томилж, чөлөөлсөн нь дээр дурдагдсан хуулиудтай харшлах зүйл байхгүй ба энэхүү томилгоо нь тус нөхөрлөлийн гишүүдийн эрх, хуль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

       Өөрөөр хэлбэл Улаангом сумын Засаг даргыг “хувийн хэвшлийн хуулийн этгээдийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон” гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

      2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Улаангом сумын Засаг даргын “Хөдөлмөрийн гэрээ цуцлах” тухай захирамжийн дагуу П.С нь өндөр насны тэтгэврээ тогтоолгон, тэтгэмжээ авсан ба хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасан үндэслэлээр дуусгавар болсон, мөн нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд орон нутгийн өмчийн төлөөллийг оролцуулаагүй, уг хурлын шийдвэр хууль бус байх тул сумын Засаг даргын  татгалзлыг  үндэслэлтэй гэж үзлээ.

       Харин Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн А/04 тоот тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн  дүрмийн 2.3.4-д “Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийн даргыг томилж, чөлөөлнө” гэсэн заалт нь Эрүүл мэндийн тухай тухай, Төсвийн тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

       Иймээс нэхэмжлэгчийн “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 09 сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “М”ББН-ийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн П.С-ийг өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулаад нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.14 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.5 “а” дахь, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь, 24 дүгээр зүйлийн 24.6 дахь, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай  хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх, Нөхөрлөлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6 дахь, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “М”ББН-ийн дарга П.С-ийн “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 09 сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “М”ББН-ийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн П.С-ийг өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар  зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ОЮУНГЭРЭЛ