Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2024/0041

 

К.Б-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.М

Гуравдагч этгээд С.Х

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, К.Б-ыг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 62 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Б

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н

Гуравдагч этгээд С.Х, өмгөөлөгч А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 110/2023/0045/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч К.Б-аас Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд тус тус холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, К.Б-ыг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 62 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.18-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Б-ны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр “Төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “К.Б-ыг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Аймгийн Засаг даргаас ирүүлсэн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сул орон тооны мэдээлэл, сонгон шалгаруулалтын захиалгыг журмын дагуу хуулийн хугацаанд Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, улмаар сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, тусгай шалгалтын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сул орон тоог олон нийтэд мэдээлэх, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд Зөвлөлийн цахим хуудас, Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системээр мэдээлнэ” гэж мөн Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно” гэж тус тус заасан.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан бүх салбар зөвлөлөөс томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн сул орон тооны захиалгыг эхний 5 хоногийн хугацаанд “Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар” гэсэн нэршлээр Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч нарын дунд зарладаг.

Зарын дагуу ирүүлсэн төрийн жинхэнэ албан хаагчдын материалыг Салбар зөвлөлөөс томилох эрх бүхий албан тушаалтанд уламжилдаг ба энэ нь салбар зөвлөлөөс нэр дэвшүүлж, санал болгож байгаа асуудал биш юм.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж заасан. Энэ нь зөвхөн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолоор нэр дэвшүүлж, санал болгох тухай юм.

Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар дээр “Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагын хороонд тэдгээрийн удирдлага, төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр томилох эрх бүхий албан тушаалтан тусгай шалгалтгүйгээр шууд томилж болно гэж заасан бөгөөд төрийн захиргааны удирдах албан тушаалын зарыг төрийн жинхэнэ албан хаагчдын дунд зарлаж байна” гэж тодорхой мэдээлсэн байдаг ба энэ нь томилох эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийн асуудал юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд шилжүүлэн томилогдох асуудал яригдаж байхад шүүгч сонгон шалгаруулалтын зүйл, заалтаар тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нь Төрийн албаны салбар зөвлөлөөс ажлын 10 хоногийн хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сул орон тооны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, зохион байгуулах тэр явцад салбар зөвлөлд хандаж, ямар нэгэн өргөдөл гомдол гаргаагүй, сонгон шалгаруулалт нь хүчин төгөлдөр хэвээр байхад шүүхээс төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 41 дүгээр тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд С.Х-ыг нэр дэвшүүлсэн тухай тогтоолыг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэдэг зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Иймд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хууль, “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлсэн, мөн сонгон шалгаруулалтыг хууль, журамд заасны дагуу зохион байгуулсан ба дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, тухайн албан тушаалд нэр дэвшүүлэх тухай шийдвэр гаргаж, томилох эрх бүхий албан тушаалтан буюу аймгийн Засаг даргад санал болгосон ба анхан шатны шүүхийн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгохыг даалгасан тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 62 дугаар шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Шүүгч шийдвэр гаргахдаа Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын сул орон тоонд аймгийн Засаг дарга К.Б-ыг томилохоос татгалзсан нь хуулийн үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно” гэж заасан боловч К.Б-ыг томилохыг Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс ямар нэгэн тогтоол гаргаж аймгийн Засаг даргад албан ёсоор санал болгоогүй байсан. Шүүгч үүнийг үнэлээгүй.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “...томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж заасан. Аймгийн Засаг дарга К.Б-ыг томилохоос татгалзсан нь дараах хэд хэдэн шалтгаантай байсан.

Боловсрол, шинжлэх ухааны газрын даргыг томилохдоо боловсролын салбарын нарийвчилсан хуулийн холбогдох заалтыг мөрдөх ёстой боловч шүүгч үүнийг үл авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын даргын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрснөөр томилох, чөлөөлөх” гэж тодорхой заасан. Аймгийн Засаг дарга үүнийг үндэслэн нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, хамгийн өндөр оноогоор шалгарсан хүнийг томилохоор шийдвэрлэсэн.

2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар аймгийн Засаг даргад А.К-ын нэрийг дэвшүүлж Ерөнхий сайдад санал хүргүүлсэн. Энэ үеэр Засаг даргын үүргийг орлогч дарга Х.А хариуцаж байсан завсрын үе байлаа. Тэрбээр Х.А дарга 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулж өгөх талаар 2-01/222 дугаартай албан бичиг хүргүүлсэн байна. Мөн өдөр өөрийнхөө нэг омгийн хамаатан ах болох К.Б нь цахимаар шилжүүлэн томилохыг хүссэн өргөдөл гаргасан. Энэ нь эхнээсээ зохион байгуулалттай хийгдэж, иргэдийн дунд К.Б-ыг шилжүүлэн томилохоор болсон байна гэсэн мэдээлэл тараасан тул өөр албан хаагч бүртгэгдээгүй байсан. Ингээд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газарт К.Б-ыг Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар 2-01/251 дугаартай албан тоот явуулсан. Үүний хариу нь ирээгүй байхад мөн өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Э-д 2-01/252 дугаартай албан тоотоор зөвшилцөх санал явуулсан. Энэ асуудал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авилгын эсрэг хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгч үүнийг мөн үнэлээгүй.

Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө шилжүүлэн томилохыг даалгах тухай байсан ба Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.

Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” гэж тус тус заасан.

Гэвч шилжүүлэн томилогдох хүсэлт гаргасан аймгийн Соёл, урлагийн газрын даргын К.Б-ыг шууд харьяалан удирдах дээд байгууллага нь болох Соёлын сайд болон аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын харьяалан удирдах албан тушаалтан болох аймгийн Засаг дарга нарын хооронд ямар нэгэн харилцан тохиролцсон зүйл байгаагүй. Албан бичгээр хандаж албан ёсны харилцан тохироогүй.

Түүнчлэн К.Б нь 2016 оноос 2021 он хүртэл аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажилласан. Энэ хугацаанд Боловсрол, эрүүл мэндийн салбарын бодлогыг барьж удирдаж байсан. Гэтэл сүүлийн 20-иод жил улсын хэмжээнд хамгийн сүүлийн байранд шалгарч байсан Боловсролын салбарын ажлаас ямар нэгэн ахиц, дэвшил гаргаж чадаагүй ба К.Б нь өөрөө энэ салбарыг орхиж аймгийн Соёлын хэлтсийн даргаар өөрийн хүсэлтээр 2021 онд шилжин томилогдсон байсан.

Нэгэнт Боловсролын салбар хамгийн сүүлийн байранд байгаа гэж нийгмийн анхаарлыг татаж, одоо тус салбарт нутаг, ус, хамаатан садан, жалга довын үзлээр биш жинхэнэ нээлттэй сонгон шалгаруулалтаар дарга томилогдоосой гэсэн нийгмийн хүлээлт бий болсон. Ингэж аймгийн Засаг даргаар 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр А.К дарга томилогдсоны дараа маш олон хүн аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж өгөхийг шаардан санал гомдол гаргаж цахим орчинд ч шуугиан тарьж байлаа.

Иймд аймгийн Засаг дарга энэ бүгдэд дүгнэлт хийж К.Б-ыг шилжүүлэн томилохоос татгалзаж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан байсан.

Иймд Төрийн албаны зөвлөлийн Төрийн албаны өвлөлөөс зарласан Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын сул орон тооны тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноогоор тэнцсэн намайг оноогоор тэнцсэн намайг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангав.

2.1. Нэхэмжлэгч К.Б-аас “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, К.Б-ыг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

2.2. Нэхэмжлэгч К.Б-ны хувьд Монгол Улсын Соёлын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сул орон тоонд шилжин ажиллах төрийн жинхэнэ албан хаагчдыг холбогдох материалаа ирүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч шилжин ажиллах хүсэлт гаргасан, салбар зөвлөлөөс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын тусгай шаардлага хангасан гэж үзэж, холбогдох баримтыг хүргүүлсэн байна.

2.3. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэжээ.

2.4. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахдаа хоёр байгууллагын удирдлага харилцан тохиолцсон, албан ажлын зайлшгүй шаардлага бий болсон, төрийн жинхэнэ албан хаагчтай өөртэй нь тохиролцсон тохиолдолд шилжүүлэн ажиллуулж болохоор хуульчилсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч К.Б-ыг шилжүүлэн ажиллуулах талаар Монгол Улсын Соёлын сайдтай харилцан тохиролцсон зүйл огт байхгүй, мөн ажлын зайлшгүй шаардлага бий болсон гэх үндэслэл тогтоогдохгүй, энэ талаар баримт үгүй байна.

2.5. Мөн анхан шатны шүүх “... Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байгаа К.Б-ыг шилжүүлэн ажиллуулахаар өөртэй нь тохиролцсон, улмаар түүнийг төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулахаар аймгийн Соёл, урлагийн газрын даргыг томилох эрх бүхий этгээд болох Соёлын сайдад хүсэлт гаргасан, сайдаас тухайн төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зайлшгүй шаардлага, албан тушаалын талаар дурдаж зөвшөөрөл өгсөн буюу харилцан тохиролцсон үйл баримтууд болоогүй нь тогтоогдсон” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийсэн атлаа “...хариуцагч аймгийн Засаг даргаас төрийн албаны салбар зөвлөлөөс санал болгосон, тухайн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа нэхэмжлэгч К.Б-ыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар шилжүүлэн томилох эсэх нь томилох эрх бүхий этгээдийн эрх хэмжээнд хамаарна” гэсэн үндэслэлээр томилохоос татгалзсан нь хууль бус, хуульд заасан ямар шаардлага, нөхцөлийг хангаагүй гэж үзэж томилохоос татгалзсан нь тодорхой биш” гэх ойлгомжгүй дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох нь “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

2.6. Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сул орон тоог олон нийтэд мэдээлэх, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд Зөвлөлийн цахим хуудас, Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системээр мэдээлнэ. Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно” гэж заасан зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан бүхий л нөхцөл, шаардлага хангагдсан тохиолдолд хэрэгжихээс биш тухайн албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг хангасан албан хаагч бүрийн шилжин ажиллах хүсэлтийг хангаж шийдвэрлэхийг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон зохицуулалт биш болохыг шүүх анхаараагүй байна.

2.7. Түүнчлэн Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/106 дугаар тушаалаар гуравдагч этгээд С.Х-ыг Баян-Өлгий аймаг дахь Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд томилсон, энэ талаар нэхэмжлэгч тал эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж, маргаагүй энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид бодитоор сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдсонгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 62 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Б-ны “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, К.Б-ыг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл болон гуравдагч этгээд С.Х нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН